Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01557

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

         Дугаар 183/ШШ2022/01557

                     Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Г-ийн нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: З-д холбогдох,

            Хариуцагч: О-д холбогдох

           

Нэхэмжлэлийн шаардлага: 24.790.000 төгрөг гаргуулах тухай.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 210.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н.

Хариуцагч Б.О

Хариуцагч Б.О өмгөөлөгч Г.Б.

Хариуцагч Б.З

Хариуцагч Б.З өмгөөлөгч Г.С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

  

1. Б.Г нь Б.З, Б.О нарт холбогдуулан 24.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Би Б.О найзын хамтаар 2014 оны 06-р сараас эхлэн БЗ **-р хороо, сансар хороолол, Баянцээл үйлчилгээний төвд байрлах, гаражийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг түрээслэн орчин үеийн тохижилт, тоног төхөөрөмжтэй, өндөр зэрэглэл бүхий авто угаалгын газар болгон тохижуулж 50 хувийн эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн. Тухайн үед зах зээлд нэлээн өндөр зэрэглэлийн авто угаалгын газрыг бий болгож чадсан. 2014 оны 11 дүгээр сараас Б.О найз Б.З харагдах болсон. Б.З нь тухайн авто угаалгын газарт камер суулгаж өгснөөр бидний ажилд тус болсон. Гэхдээ 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд Б.О ярилцах хэрэг байна гэж машиндаа дуудаж суулгаад бид ажлынхаа талаар ярилцаж байтал “...хаврын цагт авто угаалга уналтад ордог, өвөл, цагаан сарын өмнөх үеүдэд ашигтай байдаг тул өөр хүнд давхар түрээслэх талаар боломжтой юм шиг санагдаж байна...” гэж Б.О хэлж 2-3 сар түрээслээд ашгаа 3 хувааж авъя гэсэн саналыг тавихад нь хоёулаа эхэлсэн ажлыг яагаад 3 хувааж байгаа юм чадахгүй гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед Б.З  хамт байсан. Гэтэл Б.О  нь Б.З  бидний ажилд ингэж их тус болж байхад яагаад гурав хувааж болохгүй гэж, авто угаалгын газрыг босгоход бид хоёр маш их ажилласан гэхэд нь би сар, сараар нь ажиллуулъя гэсэн санал тавьсан. Иймэрхүү байдлаас болж бидний яриа Б.З таалагдаагүй юм шиг байгаа юм тэгээд намайг хэдэн төгрөг зарцуулсан юм чамд наадам гэхэд 25.000.000 төгрөг гаргаад өгье, үүнээс хойших асуудлыг бид өөрсдөө авч явна гэх зүйлийг яриад салсан. Анх Б.З, Б.О нарыг найзууд гэж байсан боловч үерхэж, хосууд болсон байсан учир би өөрөө явчихъя гэж бодоод тэр цагаас хойш оролцоогүй. Энэ яриа болсноос хойш 2 сарын дараа машинаа угаалгах гээд очиход угаалгын газрыг Н.Д гэдэг хүнд түрээсэлсэн байсан. Тохиролцооны дагуу Б.З мөнгөө өгөөгүй тул 8 дугаар сарын эхээр угаалгын газарт очиход Н.Г гэх хүнд түрээсэлсэн байсан. Энэ үед нь угаалгын газрыг хүнд түрээсэлж мөнгөтэй болоод байна тохирсон мөнгөө өгөөч гэж шаардахад болоогүй хүлээж бай гээд 8 дугаар сарын 01-ний өдөр 210.000 төгрөгийг Б.З шилжүүлсэн. Бидний хооронд болсон үйл явдлыг анхнаас нь мэдэж байсан хүн нь Б.О байгаа. 2015 оны 02 дугаар сараас эхлэн угаалгын газрыг өөр хүмүүст түрээсэлж мөнгийг нь авч байсан. Бид тухайн үед гэрээг дүгнэж байсан. Бидэнд түрээсийн төлбөрийн асуудал бол байсан. Б.Г Б.О нар хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон адил тэнцүү хөрөнгө оруулсан. 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулснаа 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулсан. Б.Г  хамтран ажиллах гэрээнээс гарсан үндэслэл нь оруулсан хөрөнгө 25.000.000 төгрөгийг Б.З 2015 оны наадмаар өгнө гэсэн учраас, Б.З, Б.О  нар хамтын амьдралтай болж үр хүүхэд нь гарсан учраас нэг тал болсон. Тиймээс ч гуравдагч этгээдэд шилжүүлэх хөрөнгийг тэргүүн ээлжид авах давуу эрхээ давхар эдэлсэн. Тиймээс Б.З Б.О хоёр нь Б.Г  50 хувийг шилжүүлж, гэрээнээс гарч байгаа тал мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар зөвшөөрсөн. Иймээс 25.000.000 төгрөгөөс төлсөн 210.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 24.790.000 төгрөгийг хариуцагч Б.З, Б.О нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.О гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г  бид хоёр авто угаалгын газар нээж, 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрөөс хамтран ажиллахаар тохирсон. Авто угаалгын газарт засварын ажил хийж, үйл ажиллагаагаа 2014 оны 07 дугаар сараас эхэлсэн. Б.Г  30.000.000 төгрөг гаргасан гэж байна. Гэтэл би 92.000.000 төгрөг гаргасан. Бидний хамтын ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болж, Б.Г нь гараад явсан. Гэрээг дүгнэж нэг ч удаа гарын үсэг  зуруулж байгаагүй. Б.Г  нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бизнесийн зээл авах гээд материал цуглуулж байна гээд нэг баримтад гарын үсэг зуруулсан. Үнэндээ бол 2015 оны 3 дугаар сарын дундуур намайг орхиод явсан бөгөөд би 154.308.000 төгрөгийн өрөнд орсон байдаг. Үүнийг хувааж төлөх ёстой байтал надаас мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Б.Г бид хамтран ажиллах явцдаа гэрээний талаар огт дүгнэж, ярилцаж байгаагүй. Одоо санахад “зээл авч аавтайгаа барилга барьж байгаа, байраа барьцаанд тавьж байгаа бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна, туслаач” гэж баахан бичиг баримт бүрдүүлээд ирэхэд нь уншихгүйгээр гарын үсэг зурсан тохиолдол надад бий. Бид хамтран ажиллаж байсан учир алдагдлаа хуваамаар байна. Би Б.Г  нэг дахин илүү хөрөнгө оруулсан. Энэ хүн оруулсан хөрөнгөө надаас нэхэх үндэслэлгүй. Яагаад гэвэл бид гэрээний нэг тал. Харин бидний хөрөнгө оруулсан объектын эзэн Г.Э гэж хүн байгаа. Энэ хүнээс хөрөнгө оруулалтаа шаардах эрхтэй байх. Бид тухайн объектод 2 сар 14 хоног засвар хийж, түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн тохижуулалт, тог усны зардал гээд нийт 154.308.000 төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байдаг. Одоо надаас мөнгө нэхээд байгаа нь хувийн өс хонзонгийн сэдэлтэй гэж дүгнэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Б.З гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны автомашинаа угаалгаж байгаад Б.О, Б.Г нартай танилцаж байсан. Түүнээс хойш найз нөхдийн холбоотой болсон. Миний хувьд Б.О  хайртай болсон учраас түүнтэй дотносох гээд тусалж байсан. 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Г, Б.О нарын Н.Э байгуулсан түрээсийн гэрээнд би гэрээний тал биш, Б.Г  нь Б.З тохиролцоо хийх байсан бол гэрээний тал болох Б.О зөвшөөрөл авах ёстой байсан. Мөн гэрээнээс гарч байгаа талын хувийг хамтран ажиллаж байгаа буюу Б.О  давуу эрхээр авах эрхтэй боловч энэ талаарх баримт байхгүй. Түрээсийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цуцалж, дуусгавар болгосон. Түрээсийн гэрээг цуцалсан байхад Н.Д, Н.Г нартай давхар түрээслэх гэрээ байгуулсан гэж маргаан үүсгэж зарим нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Хариуцагч Б.З сөрөг нэхэмжлэлдээ. Б.Г Бриллиант авто угаалгын газрын 50 хувийн эрхийг өгч, авалцахаар тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Тохиролцоо нэртэй хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний нэг тал болох Б.Г , Б.О  нар намайг түрээсийн гэрээний нэг тал болгоогүй, хэлцэл хийхээс өмнө 2015 оны 3 дугаар сарын 14-ний тухайн авто угаалгын газрыг С.Д  гэгчид түрээсэлсэн байсан тул Б.Г бичгээр хэлцэл хийснээс хойш авто угаалгын газраас нэг ч төгрөгийн ашиг аваагүй тул түрээслэгч, хамтран ажиллах гэрээний нэг талаас зөвшөөрөл аваагүй, бодит байдал дээр биелэх боломжгүй хийсэн, тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 210.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Түрээсийн гэрээ байгуулахдаа хамтран ажиллах гэрээтэйгээр гурвуулаа байгуулаад, гэрээг дүгнэхдээ гурвуулаа дүгнээд байдаг хэрнэ ашиг орлого, алдагдлаа яагаад тооцож болдоггүй юм. Хэрвээ гэрээнээс гарч байгаа бол Г.Э, Б.О нартай хийсэн хэлцэлд намайг нэмэлтээр оруулах байсан. Найз нөхдийн харилцаатай байсан учир бичиг цаас үйлдэх хэрэггүй байсан гэх тайлбар үндэслэлгүй. Иймээс талуудын хооронд байгуулсан Б.Г, Б.З нарын хоорон байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.Г шилжүүлсэн 210.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.З  бид хоёр 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулж, тохиролцсон зүйлээ 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бичин хэлбэрт оруулсан. Б.З тохирсны дагуу 25.000.000 төгрөг төлөхөөс 210.000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчээс Г.Э болон Б.Г , Б.О  нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр “Түрээсийн гэрээ”, Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо”, иргэний үнэмлэхийн хуулбар, Шуурхай зар центрийн тодорхойлолт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3398 дугаар Прокурорын тогтоол, фото зураг гэсэн баримтуудыг, хариуцагчаас Г.Г, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, гэрлэлийн гэрчилгээний хуулбар,  гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4031 дүгээр шийдвэртэй иргэний хэргээс 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ, Хаан банкны Зарлагын баримт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/04031 дүгээр захирамж, хариуцагчийн хүсэлтээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7/9248 дугаар лавлагаа гэсэн баримт, хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201625010673 дугаар Прокурорын тогтоол, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Г.Э байцаасан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4314 дүгээр Шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлтээр Т.Г, У.Ч, Г.Г, С.Д  нараас гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3398 дугаар Прокурорын тогтоол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.О  өгсөн мэдүүлэг, Ж.Ч өгсөн мэдүүлэг, Б.Г  Б.О нарын хооронд утсаар ярилцсан дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г  24.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.З хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 210.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.О Б.Г бид хоёр авто угаалгын газар хамтран ажиллуулахаар тохирч, Б.Г нь 25.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Б.З нь Б.О хамтран ажиллана, намайг уг хамтран ажиллах гэрээнээс гарвал 25.000.000 төгрөгийг надад төлөх санал гаргасанд би зөвшөөрсөн. Ингээд уг 25.000.000 төгрөгөөс 210.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 24.790.000 төгрөгийг Б.З, Б.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.О  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Г бид хоёр 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрөөс авто угаалгын газар хамтран ажиллуулахаар тохирсон. Ингээд авто угаалгын газарт засвар хийж, түрээсийн төлбөрт их хөрөнгө, мөнгө зарцуулсан. Б.Г нь 25.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэх боловч Б.О би 92.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Б.Г нь авто угаалгын газарт орлого бага ороод, өр төлбөртэй болох цагаас ирэхээ больсон бөгөөд намайг орхиод явсан. Би түүнийг хамтран ажиллах гэрээнээс гарч, Б.З 25.000.000 төгрөг авах талаар тохирсон талаар мэдээгүй. Б.Г  бид хоёрын хөрөнгө оруулсан мөнгө, засвар нь уг авто угаалгын газарт үлдсэн тул Б.Г  нь надаас бус авто угаалгын газар түрээслүүлэгчээс шаардах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Б.З  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний хувьд Б.О  хайртай болсон учраас түүнтэй дотносох гээд тусалж байсан. Б.Г , Б.О нар авто угаалгын газар хамтран ажиллуулдаг байсан бөгөөд Б.Г, бид хоёрын байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо нэртэй хэлцэл нь хүчин төгөлдөр бус. Учир нь хамтран ажиллах гэрээнээс Б.Г нь гарахдаа Б.О  зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр надад ашиг олохгүй байсан, мөн түрээсийн гэрээ дуусаж байсан хамтран ажиллах гэрээний 50 хувийг 25.000.000 төгрөгөөр шилжүүлнэ гэсэн нь үндэслэлгүй юм гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.Энхбат болон Б.Г, Б.О  нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр “Түрээсийн гэрээ”, Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо”, иргэний үнэмлэхийн хуулбар, Шуурхай зар центрийн тодорхойлолт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3398 дугаар Прокурорын тогтоол, фото зураг, Г.Г , “Наян шаргын хийморь” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, гэрлэлийн гэрчилгээний хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4031 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ, Хаан банкны Зарлагын баримт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2015/04031 дүгээр захирамж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7/9248 дугаар лавлагаа, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201625010673 дугаар Прокурорын тогтоол, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Г.Э байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4314 дүгээр Шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Г, У.Ч, Г., С.Д нарын мэдүүлэг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3398 дугаар Прокурорын тогтоол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.О өгсөн мэдүүлэг, Ж.Ч өгсөн мэдүүлэг, Б.Г, Б.О нарын хооронд утсаар ярилцсан дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Б.Г, Б.О болон Г.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч Г.Э нь БД, **дугаар хороо, 15 дугаар хороолол, Баянцээл ХХК-ийн байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Б.Г, Б.О нар түрээсийн төлбөрт нэг сарын 3.500.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

7. Уг гэрээний зүйл болох БЗД **дугаар хороо, ** дугаар хороолол, Баянцээл ХХК-ийн байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг Б.Г, Б.О  нар засварлаж, тохижуулан, авто угаалгын газрын зориулалтаар ажиллуулж, ашиг олж, хамтран ажиллахаар тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулсан талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

 

8. Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо”-оор “...Б.Г нь авто угаалгын бизнесийн 50 хувийн эрхийг Б.З д шилжүүлэхээр тохиров. Б.Г ийн тухайн бизнест оруулсан хөрөнгө оруулалт 25.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлж барагдуулна. Авто угаалгын үйл ажиллагаа болон ашиг орлогын асуудалд Б.Г цаашид оролцохгүй” гэж тохиролцсон талаар хариуцагч Б.О мэдэгдэж, түүнээс зөвшөөрөл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

9. Уг хэлцлийн дагуу Б.З нь 210.000 төгрөгийг Б.Г  шилжүүлсэн, 24.790.000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь тогтоогджээ.

 

10. Авто угаалгын газар ажиллуулах Б.Г, Б.О нарын хамтын үйл ажиллагаанаас Б.Г нь гарч, өөрт ногдох хувиа Б.О  зөвшөөрөлгүйгээр Б.З шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5, 478 дугаар зүйлийн 478.1-д “талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно...” гэж заасныг зөрчсөн болох нь нотлогдсон тул Б.Г Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо” гэсэн хэлцэл нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэхээр байна.

 

11. Иймд нэхэмжлэгч Б.Г нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үүргийг шаардах эрхгүй тул түүний хариуцагч Б.З, Б.О нараас 24.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

12. Харин хариуцагч Б.З сөрөг нэхэмжлэлийг хангаж, Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу Б.З  шилжүүлсэн 210.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г  гаргуулах нь зүйтэй болно.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр Б.Г нэхэмжлэлтэй, Б.З, Б.О нарт холбогдох 24.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Г 210.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.З олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Г төлсөн 281.900 төгрөгийг, хариуцагч Б.З төлсөн 282.950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг гаргуулан хариуцагч Б.З олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.5-д заасныг баримтлан Б.Г ийн нэхэмжлэлтэй, Б.З, Б.О  нарт холбогдох 24.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Г, Б.З  нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Тохиролцоо”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Г  210.000 төгрөг гаргуулан хариуцагч Б.З олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Г төлсөн 281.900 төгрөгийг, хариуцагч Б.З төлсөн 282.950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг гаргуулан хариуцагч Б.З д олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД