Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01804

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01804

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01557 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.З, Б.О нарт холбогдох

24,790,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, 210,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.З-гийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн бичгээр үйлдсэн тохиролцооны дагуу үлдэгдэл мөнгө буюу хамтын бизнест оруулсан хөрөнгө оруулалтаас 24 790 000 төгрөгийг хариуцагч Б.З, Б.О нараас гаргуулна.

Б.Г нь Б.О-ийн хамтаар 2014 оны 6 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансар хороолол, Баянцээл үйлчилгээний төвд байрлах гараашийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг түрээслэн орчин үеийн тохижилт, тоног төхөөрөмжтэй, чанартай үйлчилгээ бүхий авто угаалгын газар болгон тохижуулж 50 хувийн эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн. Бид 2 сарын турш тохижилт засварын ажил хийж өндөр зэрэглэлийн үйлчилгээ бүхий авто угаалгын газрыг тус бүр 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 10 гаруй ажилтан авч, амжилттайгаар ажиллуулж эхэлсэн.

Би 2015 оны 3 дугаар сард Б.О-ийн нөхөр болох Б.З-той тохиролцсоны дагуу 50 хувийн эрхээ шилжүүлж тухайн бизнесээс гарсан. Бидний тохиролцоонд авто угаалгын бизнесийг Б.З, Б.О-ийн хамтаар цаашид авч явах бөгөөд тухайн бизнест зориулж гаргасан мөнгөнөөс 25,000,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Тохиролцоогоо баримтжуулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр баримт үйлдэж баримтжуулсан. Уг тохиролцооны дагуу 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 210,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн мөнгийг удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тохиролцооны дагуу үлдэгдэл мөнгө болох 24,790,000 төгрөгийг хариуцагч Б.З, Б.О нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.О-ийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Гтой хамтран 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансар хороолол Баянцээл үйлчилгээний төвийн байранд 400 м.кв талбайг 5 жилийн хугацаатай түрээслэсэн. Уг өдрөөс хойш 2 сарын турш засвар хийж, авто угаалгын тоног төхөөрөмжөөр тоноглосон. Б авто угаалгын газрын ашиг орлого нь анх нээгдэхэд сайн байснаа 2 сарын дараа муудаж эхэлсэн тул С.Д-д 2015 оны 3 сарын 14-ний өдрөөс эхлэн түрээслэсэн.

Гэтэл Б.Г надтай хамтран амьдарч байсан Б.З-той 2015 оны 4 сарын 02-ны өдөр Б авто угаалгын газрын эрхийн 50 хувийг 25,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тэр 2 хэлцэл хийсэн байсан. Тухайн үед миний санал, зөвшөөрлийг аваагүй мөн түрээсийн гэрээний нэг тал болох Г.Э-аас ч зөвшөөрөл аваагүй.

Авто угаалгын газар оруулсан мөнгөө Г.Эаас авч чадахгүйг мэдмэгцээ угаалгын газар оруулсан мөнгөө Б.З бид хоёроос нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Би ч гэсэн тэр авто угаалгын газар оруулсан мөнгөө Г.Э-аас өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Би Б.Зтой одоо хамааралгүй бөгөөд бид гэрлэлтээ батлуулаагүй. Харин бидний дундаас нэг хүүхэд төрсөн.

 

3. Хариуцагч Б.З-гийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

4. Хариуцагч Б.З-гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.Г бид хоёр Б угаалгын газрын 50 хувийн эрхийг өгч авалцахаар тохиролцон 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тохиролцоо нэртэй хэлцэл хийсэн. Гэтэл уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх нөхцлийг хангахгүй дараах байдлууд бий болсон байсан. Тодруулбал, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гараашийн эзэн Г.Э-тай байгуулсан Түрээсийн гэрээ-ний нэг тал болох түрээслэгч Б.Г, Б.О нар намайг гэрээний нэг тал болгоогүй.

Хэлцэл хийхээс өмнө 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр угаалгын газрыг С.Д-д давхар түрээслэсэн байсан. Энэхүү хэлцлийг хийснээс хойш би авто угаалгын газраас орлого, ашиг аваагүй.

Иймд түрээслүүлэгч болон хамтран ажиллах гэрээний нэг талаасаа зөвшөөрөл авалгүй хийсэн, бодит байдал дээр биелэх боломжгүй 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн талуудын хооронд хийсэн Тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тоггоож, мөн дээрх хэлцлийн үндсэн дээр 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 210,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: С.Дтэй байгуулсан түрээсийн гэрээг Б.З-гийн эхнэр Б.О байгуулсан байдаг. Б.О гэрээ байгуулаад түрээсийн төлбөрт 33,000,000 төгрөг авсан, дараа нь Г.Г-д дахин давхар түрээслэж 18,900,000 төгрөгийг авахад бас л нөхөр Б.З нь мэдээгүй байх боломжгүй. 2 удаагийн давхар түрээслэсэн үйл ажиллагаанд нийт 51,900,000 төгрөгийг түрээсийн төлбөрт авахад хариуцагч өөрийн биеэр оролцсон нь нотлох баримтаар нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гийн нэхэмжлэлтэй, Б.З, Б.От нарт холбогдох 24,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Б.Гоос 210,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Зд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Гийн төлсөн 281,900 төгрөгийг, хариуцагч Б.Згийн төлсөн 282,950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан хариуцагч Б.Зд олгож шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Б.Г, Б.О нар нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс тус бүр 30,000,000 төгрөг гарган бусдын байрыг түрээслэн, авто угаалгын газар ажиллуулж, олсон орлого ашгаа 50, 50 хувиар хуваахаар хамтран ажиллах гэрээг аман хэлцлээр байгуулсан. Б.Г, Б.О нарын дундаа өмчлөх хөрөнгийн үр шим авто угаалгын газрыг тэд хамтран ажиллуулж орлого олж, түрээсээ төлөн, ашгаа хуваан авч байгаад 2014 оны эцсээр Б.О нь өөрийн хамтран амьдрагч Б.Зг татан оролцуулж, улмаар 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.З, Б.О нар нь Б.Гт ногдох хувийг 25,000,000 төгрөг төлж авахаар санаачилга гарган, Б.Г хамтран ажиллах гэрээнээс гарах, хамтын үйл ажиллагааг Б.О, Б.З нар үргэлжлүүлэхээр амаар тохиролцсны дараагаас Б.Г дахин авто угаалгын үйл ажиллагаанд оролцоогүй. Тэд төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулахаар тохиролцсон. Амаар хийсэн тохиролцоог хожим 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г, Б.З нар бичгээр баталгаажуулсан. Б.О, Б.З нар төлбөрийг өгнө гэж худал хэлсээр 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.О 210,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Иймд төлбөрийн үлдэгдэл 24,790,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх нотлох баримтуудыг үнэлээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.О болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчтэй амаар хэлцэл байгуулаагүй. Хамтарч автомашинаа ломбардад тавьж, обьектод иж бүрэн засвар хийж, авто угаалгын газар болгон тохижуулж үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч мөнгөний хэрэг гарсан тул зээл авах шаардлагатай байна гэж худал хэлж, баримтад гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч авто угаалгын газарт 15,000,000-17,000,000 төгрөг өгсөн. Тус мөнгөөр барилгын материал авч, засвар хийсэн. 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан боловч 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан байсан. Авто угаалгын газарт орлого орохгүй, түрээсийн төлбөр, ажилчдын цалинг өгөх боломжгүй болж, цахилгаан, усыг тасалсан. Би тус угаалгын газарт нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтаас 2 дахин их хөрөнгө оруулт буюу 78,000,000 төгрөгийг өгсөн. Мөн 44,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал 13,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Нэхэмжлэгч намайг өрөнд оруулчихаад хаяад явсан. Г.Э нь 5 жилийн гэрээний хугацааг дуусаагүй байхад түрээсийн газрыг хаасан. Миний бие 100,000,000 гаруй төгрөгөөр хохирсон.

Иргэний хуулийн аль зүйл заалтыг үндэслэж Б.О-г хамтран хариуцагчаар татаж, мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Гэрээг дүгнэх, гэрээнээс гарах, хамтран ажилласнаараа хэдэн төгрөгийн өр авлага үүссэн, хэдэн төгрөгийн ашиг орлого олсон талаар талууд тооцоо нийлсэн баримт үйлдээгүй. Хариуцагч Б.З нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн эзэмшиж байсан хувийг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч тухайн хугацаанаас 4 сарын дараа Б.О-тэй хамтран ажиллах гэрээнд оруулсан хөрөнгө 25,000,000 төгрөг гэх агуулгатай тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн. Хамтран ажиллах гэрээнээс татгалзсан эсэх талаар мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч болон хариуцагч Б.З нарын хооронд байгуулагдсан гэрээ, баримт бичгийн талаар Б.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Хамтран ажиллах гэрээнд 2 хамтрагч байвал нэг нь гэрээнээс татгалзахад гэрээ дуусгавар болох зохицуулалттай. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.6 дахь хэсэгт зааснаар давуу эрхээр хангах ёстой. Мөн бичгээр гэрээ байгуулахад хариуцагч Б.О байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Б.З, Б.О нарт холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн бичгээр үйлдсэн тохиролцооны дагуу үлдэгдэл мөнгө буюу хамтын бизнест оруулсан хөрөнгө оруулалтаас 24,790,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч тус тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцуулах, шилжүүлсэн 210,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Хэрэгт Г.Э болон Б.Г, Б.О нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр Түрээсийн гэрээ авагдсан./1хх 4-5/

 

2.б. Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо гэх гэрээ авагдсан. /1хх 6/

 

2.в. Б.Г, Б.О болон Г.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч Г.Э нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Баянцээл ХХК-ийн байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Б.Г, Б.О нар түрээсийн төлбөрт нэг сарын 3,500,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

2.г. Б.Г, Б.З нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо гэх гэрээгээр Б.Г нь авто угаалгын бизнесийн 50 хувийн эрхээ Б.Зд шилжүүлэх, Б.З нь 25,000,000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

 

2.д. Уг хэлцлийн дагуу Б.З нь 210,000 төгрөгийг Б.Гт шилжүүлсэн, үлдэх 24,790,000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь тогтоогджээ.

 

2.е. Б.Г, Б.О нар нь авто угаалгын бизнест хамтарч хөрөнгө оруулсан, хамтран ажиллаж байсан үйл баримтад талууд маргаагүй.

 

2.ё. Б.Г, Б.О нар нь Г.Этай байгуулсан түрээсийн гэрээгээ дүгнэж байсан үйл баримт хэрэгт авагджээ./1хх 235-236/

 

2.и. Б.О-ийн данснаас Б.Г-т 210,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Б.Г өөрт ногдох хувиа Б.Зд шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэх, 24,790,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэхэд зохигч маргаж байна.

 

3.а. Анхан шатны шүүхээс гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Баянцээл ХХК-ийн байранд байрлах 400 м.кв талбай бүхий гараашийг Б.Г, Б.О нар засварлаж, тохижуулан, авто угаалгын газрын зориулалтаар ажиллуулж, ашиг олж, хамтран ажиллахаар 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Гийн автоугаалгын бизнест 25,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэх тайлбарыг хариуцагч Б.О баримтаар няцаагаагүй.

 

Анхан шатны шүүх Б.Г, Б.З нар нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо-ны гэрээг байгуулахдаа хариуцагч Б.От мэдэгдэж, түүнээс зөвшөөрөл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж буруу дүгнэжээ.

 

Хэрэгт авагдсан 210,000 төгрөгийг Б.Гт Б.О-ийнданснаас шилжүүлсэн баримт, утсаар ярилцсан дуу бичлэгт үзлэг хийсэн баримт, Б.О-ийнхамтран амьдрагч Б.Згийн хамтаар сонинд зар өгч байсан баримтуудаас үзэхэд Б.Гийн өөрт ногдох 50 хувийг Б.Зд шилжүүлснийг Б.О мэдсэн, үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байжээ.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5, 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэж заасан ч Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэх юм.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.5 дахь хэсэгт талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болох талаар заасан.

 

Хариуцагч Б.О нь Б.Г, Б.З нарын хэлцлийг хүлээн зөвшөөрснөөс гадна түүний ашиггүй ажилласан гэх тайлбар нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо-ны гэрээнээс хойш болсон үйл баримт байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн бусдаас 51,900,000 төгрөгийг давхар түрээсийн төлбөрт Б.О авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, баримт гаргаагүй байна.

 

3.б. Хариуцагч Б.З нь нэхэмжлэгч Б.Г-т холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо-ны гэрээг Б.О-ийнзөвшөөрөлгүй хийгдсэн, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Учир нь дээр дурдсан нотлох баримтууд, уг баримтуудын харьцуулсан үнэлгээгээр Б.З, Б.Г нарын тохиролцоог Б.О мэдсэн, дэмжин зөвшөөрсөн байх тул сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.

 

4.Иймд гэрээний тал болох Б.З-гоос 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тохиролцоо-ны гэрээний үүрэгт 24,790,000 төгрөг гаргуулж Б.Г-т олгож, Б.О-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01557 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.З-гоос 24,790,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож, хариуцагч Б.О-т холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Гт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 210,000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагч Б.З-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...нэхэмжлэгч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан хариуцагч Б.Зд олгосугай гэснийг хариуцагч Б.Згоос 281,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД