Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 464

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Х-д  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 571 721 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х нь тус банктай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3000-2016//113 тоот зээл, барьцааны гэрээ тус тус байгуулан 46 700 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, зээлийн жилийн 25,2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд иргэн Г.Х-ийн өмчлөлийн Ү-2203033669 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Майхан толгой /14150/, 4 дүгээр хэсгийн гудамж, 452/1 тоот хаягт орших, 144 м.кв талбайтай хувийн сууц, иргэн Г.Х-ийн өмчлөлийн Ү-2203033670 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой /14150/, 4 дүгээр хэсгийн гудамж, 144 м.кв талбайтай хувийн сууц, иргэн Г.Х-ийн өмчлөлийн 18640330815323 тоот нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, 400 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг тус тус зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Г.Х нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй 314 хоногийн зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Г.Х-д  гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана гэж заасан байна. Капитрон банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болно. Иймд зээлдэгч Г.Х-тэй байгуулсан 3000-2016/113 тоот гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох дор дурдсан төлбөрийг Г.Х-с гаргуулж өгнө үү. Үндсэн зээл 32 997 364.9 төгрөг, зээлийн хүү 3 759 710.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238 450.8 төгрөг, нийт 36 995 526.4 төгрөгийг нэхэмжилсэн манай банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд тооцогдох 1 576 194.6 төгрөгийг нэмсэн. Хариуцагч Г.Х хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 13-нд 1 000 000 төгрөг, нийт 34 391 298 төгрөг төлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгсөн боловч төлөхгүй байсан тул бид гэрээг цуцлаад төлбөрөө нэхэмжилж 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандсан. Гэрээ болон хуульд зааснаар зээлийн гэрээгээ цуцлах үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж, үндсэн зээлд 32 997 365 төгрөг, хүүд 5 194 961 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 379 396 төгрөг, нийт 38 571 721 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х нь К ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 46 700 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн. Сая хэлсэн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг холбогдох журмын дагуу барьцаалсан. Зээлийн төлбөр 2018 оны 4 дүгээр сард эцсийн байдлаар 1 000 000 төгрөг төлсөн. Улмаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой хэмжээний хэдэн сарын төлөлтөө хийж чадаагүй. Тухайн үүрэг гүйцэтгэгч өөрөө нэмэлт хугацаа тогтоосон бол тодорхой үр дүнд хүрээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзах эрхээ нэхэмжлэлийн үндэслэхэд тодорхой заасан. Иргэний хуулийн 204.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан. Энэ татгалзах хугацаанд дахин санал гаргавал гэрээнээс татгалзах санал гаргасан этгээд нь гэрээнээс татгалзах эрхээ алддаг. Гэрээний 10-д заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Энэ зөрчил нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг 1 сар буюу түүнээс дээш хугацаагаар хуваарийг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэдэг. Гэтэл Иргэний хуульд үүргийн ялимгүй зөрчлөөр зээлийн гэрээг цуцалж болохгүй гэдгийг заасан. Гэрээг заавал цуцлах шаардлага байхгүй. Нэмэлт хугацаа тогтоосон гэх үйл баримт зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. Иймд хууль бусаар зээлийн гэрээг цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах хууль зүйн үндэслэл нь бүрдэхгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 576 195 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнээс татгалзах цуцлах тухай зөвлөмжид гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалбал цуцлах хүртэлх өдрийн хугацааны хүү яригдана. Цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэл байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь бүхэлдээ хууль зөрчсөн байна. Зээлийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлээ үргэлжлүүлэн төлөх саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х-с 32 628 463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 943 258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Х үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Х-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203033669 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой_сб /14150/ 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2203033670 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой_сб /14150/ 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууц, Г.Х-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 32 628 463 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 497 төгрөгөөс илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Нэхэмжлэгч К ХХК-д олгож, үлдэх 453 297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-с 391 292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Капитрон банкны зүгээс хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээлд 32 997 364 төгрөг, үндсэн хүүд 3 759 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 238 450 төгрөг, нийт 36 995 526 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 576 194 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 38 571 721 төгрөгийг нэхэмжилсэн. Ийнхүү нэхэмжлэхдээ хариуцагчаас зээлд төлсөн төлбөрийг хасч тооцож, үлдэх хэсгийг нэхэмжилсэн байхад шүүх үндэслэлгүйгээр давхардуулан хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх" гэж зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байна" гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь банк нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа өрийн үлдэгдэлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Банкны зээлийн үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг. Мөн талуудын байгуулсан 3000-2016/113 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-д "нэмэгдүүлсэн хүү гэж төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хүүг" гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцон авах эрхтэй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч тал 2018 оны 9 сард зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан байгаа тул 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хуваариас хойш үндсэн зээлийн үлдэгдэл 18 200 000 төгрөгийг ашигласан гэж үзэхгүй, уг хугацаанаас хойш зээлийн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна." гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар "зээлдэгчийн дансанд шилжүүлсэнээр олгосон тооцно", мөн зээл авсан, зориулалтын дагуу ашигласан тухай хариуцагчийн тайлбар хангалттай байхад анхан шатны шүүх ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 5 943 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 38 571 721 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Г.Х-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 995 526.4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 38 571 721 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Г.Х-д  46 700 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.Х өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, мөн эзэмшлийнхээ Сүхбаатар 19 дүгээр хороо, Майхан толгой дахь 400 м.кв зуслангийн зориулалттай газрыг нэхэмжлэгчид барьцаанд бариулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 34 391 298 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Талууд зээлийн гэрээний 2.1.10-д “зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол ноцтой зөрчил” гэж тооцохоор тохиролцжээ.

 

Гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч Г.Х зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш удаа дараа зөрчсөн, нэхэмжлэгч К ХХК зээлээ төлөхийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд гэрээгээр ноцтой зөрчлийн талаар тохиролцсон, хариуцагч уг зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээл болон цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар шүүх буруу дүгнэснийг залруулах боломжтой.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээний 3-3-т нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон, хариуцагч энэ талаар маргахгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Х-с үндсэн зээл 32 997 65 төгрөг, зээлийн хүүд 5 194 961 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 379 396 төгрөг, нийт 38 571 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хариуцагч Г.Х үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Х-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203033669 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой_сб /14150/ 4 дүгээр хэсэг гудамж, 452/1 тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2203033670 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой_сб /14150/ 4 дүгээр хэсэг гудамж, 452/2 тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууц, Г.Х-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, нэгж талбарын 18640330815323 дугаарт бүртгэлтэй 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х-с 38 571 721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтын “...үнийн дүнгээс 32 628 463 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохыг” гэснийг “...үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “391 292” гэснийг “350 808” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К банк ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 042 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ