Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/00260

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2019/00260

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-4, Капитрон банкны төв байранд байрлах Капитронбанк ХХК /РД: 2677377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д холбогдох

38,571,721 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Энхтайван нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Халиунсүрэн нь тус банктай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3000-2016//113 тоот зээл, барьцааны гэрээ тус тус байгуулан 46,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, зээлийн жилийн 25,2%-ийн хүүтэйгээр авсан билээ. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд: иргэн Х гийн өмчлөлийн Ү-1  тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороо, Майхан толгой /14150/, 4 дүгээр хэсгийн гудамж, 452/1 тоот хаягт орших, 144 м/кв талбайтай хувийн сууц, иргэн Х гийн өмчлөлийн 1 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой /14150/, 4 дүгээр хэсгийн гудамж, 144 м/кв талбайтай хувийн сууц, иргэн Х гийн өмчлөлийн 4  тоот нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой, 400 м/кв талбайтай зуслангийн зориулалттай газрыг тус тус зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Улсын Бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Х  нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй 314 хоногийн зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Х д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу Банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой анхаарах асуудлын талаар авч үзсэн байх ба тухайн зөвлөмжийн 2-т Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана гэж заасан байна. Капитрон банкны хувьд шүүхэд цуцлах шаардлагыг гаргаж байгаа тул шүүхээс цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болно. Иймд зээлдэгч Х тэй байгуулсан 3000-2016/113 тоот гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох дор дурдсан төлбөрийг Х гээс гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 32,997,364.9 төгрөг, зээлийн хүү 3,759,710.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238,450.8 төгрөг, нийт 36,995,526.4 төгрөгийг нэхэмжилсэн манай банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 2018.09.19-ний өдрөөс 2018.11.22-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд тооцогдох 1,576,194.6 төгрөгийг нэмсэн. Хариуцагч Х  хамгийн сүүлд 2018 оны 4 сарын 13-нд 1,000,000 төгрөг, нийт 34,391,298 төгрөг төлсөн. 2018.04.13-наас хойш зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2018.09.03-нд мэдэгдэл өгсөн боловч төлөхгүй байсан тул бид гэрээг цуцлаад төлбөрөө нэхэмжилж 2018.09.20-ны өдөр шүүхэд хандсан. Гэрээ болон хуульд зааснаар зээлийн гэрээгээ цуцлах үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж, үндсэн зээлд 32,997,365 төгрөг, хүүд 5,194,961 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 379,396 төгрөг, нийт 38,571,721 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Х  нь Капитрон банк ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 46,700,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн. Сая хэлсэн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг холбогдох журмын дагуу барьцаалсан. Зээлийн төлбөр 2018 оны 4 дүгээр сард эцсийн байдлаар 1,000,000 төгрөг төлсөн. Улмаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тодорхой хэмжээний хэдэн сарын төлөлтөө хийж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаад байгаа Иргэний хуулийн 219, 225.1 дэх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үүрэг гүйцэтгэгч өөрөө нэмэлт хугацаа тогтоосон бол тодорхой үр дүнд хүрээгүй бол Иргэний хуулийн 225.1-т заасны дагуу татгалзах эрхээ нэхэмжлэлийн үндэслэхэд тодорхой заасан. Иргэний хуулийн 204.2-д 204.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан. Энэ татгалзах хугацаанд дахин санал гаргавал гэрээнээс татгалзах санал гаргасан этгээд нь гэрээнээс татгалзах эрхээ алддаг. Гэрээний 10-д заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Энэ зөрчил нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг 1 сар буюу түүнээс дээш хугацаагаар хуваарийг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэдэг. Гэтэл өнөөдөр Иргэний хуульд үүргийн ялимгүй зөрчлөөр зээлийн гэрээг цуцалж болохгүй гэдгийг заасан. Гэрээг заавал цуцлах шаардлага байхгүй. Нэмэлт хугацаа тогтоосон гэх үйл баримт зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна. Иймд хууль бусаар зээлийн гэрээг цуцалснаас үүсэх үр дагаврыг шаардах хууль зүйн үндэслэл нь бүрдэхгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 1,576,195 төгрөгөөр нэмэгдүүлсэн. УДШ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн гэрээнээс татгалзах цуцлах тухай зөвлөмжид гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалбал цуцлах хүртэлх өдрийн хугацааны хүү яригдана. Цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэл байхгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь бүхэлдээ хууль зөрчсөн байна. Зээлийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлээ үргэлжлүүлэн төлөх саналтай байна ... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК хариуцагч Х д холбогдуулан үндсэн зээлд 32,997,364.9 төгрөг, зээлийн хүүд 3,759,710.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 238,450.8 төгрөг, нийт 36,995,526.4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүүд 1,435,250.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 140,944.4 төгрөг, нийт 1,576,194.6 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлд 32,997,365 төгрөг, зээлийн хүүд 5,194,961 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 379,396 төгрөг, нийт 38,571,721 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

Хариуцагч тал гэрээ цуцлах үндэслэл нэхэмжлэгчид үүсээгүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 46,700,000 төгрөгийг хариуцагч Х д 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэйгээр зээлж, Х гийн өмчлөлийн улсын бүртгэлийн .........дугаартай, 2 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн 1 дугаартай, 3 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, Х гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой нэгж талбарын 4  дугаарт бүртгэлтэй 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг тус тус үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшил газрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдүүлэгч Капитрон банк ХХК зээлдэгч Х тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу Х д 46,700,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал маргаагүй.

Зээлдэгч Х  нийт 34,391,298 төгрөг төлж, 2018 оны 04 сарын 13-наас хойш үндсэн зээл, хүүд төлбөр төлөөгүй, гэрээний үүрэг 2018 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл 5 удаагийн төлөлт зөрчигдсөнөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь зохигчдын тайлбар, Капитрон банкны хүү тооцооллын хүснэгт, Капитрон банкнаас Х д гардуулж өгсөн 2018 оны 9 сарын 3-ны өдрийн 2018.09.07-ны өдрийн дотор зээлээ төлөх талаарх мэдэгдэл зэргээр нотлогдож байна.

Х  гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдож байх тул Капитрон банк гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг буруутгах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэж байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч болох Х  зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй боловч тэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хуваарийн дагуу төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү, тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх тул Х г гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа тогтоож өгөөгүй, зээлээ хуваарийн дагуу төлөх хүсэлттэй ... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хугацааг тооцож, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар тооцох нь зүйтэй.

Х  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс 2018 оны 9 сарын 8-ны өдрийг хүртэл нийт 27 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 28,500,000 төгрөг, зээлийн хүүд 20,319,761 төгрөг, нийт 48,819,761 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан байна. /хх-14/

Дээрх хугацаанд зээлдэгч буюу хариуцагч 34,391,298 төгрөг төлснийг хасвал 14,428,463 төгрөг төлөхөөр байх ба үүн дээр 2018 оны 9 сарын 8-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 18,200,000 төгрөгийг нэмбэл 32,628,463 төгрөгийг Х гээс гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх гэж зааснаар хэтрүүлсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал 2018 оны 9 сард зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан байгаа тул 2018 оны 9 сарын 8-ны өдрийн хуваариас хойш үндсэн зээлийн үлдэгдэл 18,200,000 төгрөгийг ашигласан гэж үзэхгүй, уг хугацаанаас хойш зээлийн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Х гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 32,628,463 /гучин хоёр сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,943,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1  дугаартай, 2 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн 1 дугаартай, 3 тоот хаягт байршилтай, 144 м.кв хувийн сууц, Х гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой нэгж талбарын 4  дугаарт бүртгэлтэй 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 32,628,463 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлье гэсэн тул өмгөөлөгч А.Отгонжаргалыг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч 36,995,526.40 төгрөг гаргуулах шаардлагадаа 342,928 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагадаа 70,200 төгрөг, нийт 413,128 төгрөг төлөхөөс 483,328 төгрөг төлж, 70,200 төгрөг илүү төлсөн байх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х гээс 32,628,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,943,258 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Х  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ........ дугаартай, 2 тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн 1 дугаартай, 3 тоот хаягт байршилтай 144 м.кв хувийн сууц, Х гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгой, нэгж талбарын 4  дугаарт бүртгэлтэй 400 м.кв зуслангийн зориулалттай эзэмшил газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 32,628,463 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,497 төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, үлдэх 453,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х гээс 391,292 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.БАТЦЭЦЭГ