Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 131/шш2019/00655

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 14-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863.345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Э.******* намайг бага ангийн багшаар томилсон.

Гэтэл ажил үүргээ гүйцэтгээд явж байтал Баянхонгор аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 37.1.3, 37.1.1 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 20.1.1, 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Иймд ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 14-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863.345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сургууль нь бага боловсролын 3 багшийн сонгон шалгаруулалтыг явуулж өгөх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сард аймгийн БСУГ-т хүргүүлсний дагуу Ц.Отгончимэг, ******* нар орж тэнцсэн. Бага боловсролын 1 багш дутагдалтай байсан тул дахин хүсэлт хүргүүлж сонгон шалгаруулалтыг явуулсан. Тус шалгаруулалтад Э.******* оролцсон боловч шалгалтандаа тэнцээгүй байдаг. БСУГ-аас "Өөр оролцогч байхгүй тул дараагийн сонгон шалгаруулалт хүртэл түр томилон ажиллуулж болох юм гэсэн саналыг ирүүлсэн. Үүний дагуу сургалтын менежер болон Э.*******тэй ярилцаж хөдөлмөрийн гэрээг хичээлийн жилийг дуустал хугацаагаар байгуулан ажиллуулсан.

Бага, дунд багш нарын 2018-2019 оны хичээлийн жилийн ээлжийн амралтыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Э.*******ийг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан. Уг тушаалд ажлаас чөлөөлөх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс гэж заасан нь ажил хулээлцэх хугацааг оруулж тооцсон болно.

Э.******* нь тус сургуульд нийт 9 сар тасралтгүй ажилласан бөгөөд тухайн хугацаанд харгалзах ээлжийн амралтыг гүйцэт тооцож, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хүлээлцэх хугацаа, тэр хугацааны цалин хөлсийг хуульд зааснаар бодож олгосон болно.

Ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэрийг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, түүнд Э.******* өөрийн биеэр оролцож хүлээн зөвшөөрсөн тул шүүхэд гаргасан Э.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн багш Э.*******ийн ур чадвар, заах арга, мэдлэг, туршлага хангалтгүй, хүүхдүүдэд зохих суурь мэдлэгийг олгож чадахгүй байгаа талаар сурагчдын эцэг эхчүүдээс гомдол, санал ирсэн тул энэ бүх байдлыг харгалзан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын цалин, амралтын мөнгө дутуу бодогдсон гэж байна. Гэтэл дутуу биш бүр 2 өдрийн цалинг Э.*******т илүү бодож өгсөн. Энэ хичээлийн жилийн бүтэцтэй холбоотой бүх хүмүүсийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөр жил дуусгавар болж байгаа. Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан ээлжийн амралтын олговор олгох журмыг баримталж бүх хүмүүстээ ээлжийн амралтын мөнгийг олгодог. Энэ дүрэм журмын дагуу л ээлжийн амралтын мөнгө олгогдсон. Дутуу олгогдсон зүйл байхгүй. Э.*******тэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Ажилласан сард нь ногдуулж 36 хоногийн ээлжийн амралт бодож олгосон гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг бага ангийн багшаар түр томилон ажиллуулсан байдаг. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажилд авсан байдаг. Харин ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.1 дэх заалт буюу харилцан тохиролцож гэсэн заалтыг барьсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээнд 4 гол нөхцлийг тусгаж өгөх ёстой. Энэ гол нөхцлүүдийн аль нэгийг тусгаагүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Гэтэл Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүргийн талаар огт тусгаагүй байдаг. Мөн хичээлийн жил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Хуульд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаар хуульчилсан. Эдгээр хуулийн заалтууд нь Э.*******ийг ажлаас чөлөөлсөн байдлыг үгүйсгэж байгаа учраас Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын мөнгөний зөрүүг нэхэмжлэхдээ хамт ажиллаж байсан, зэрэг ажилд томилогдсон хүний авсан мөнгийг харж харьцуулж байгаад 863.345 төгрөг дутуу олгогдсон гэж үзэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ шинэ боловсон хүчин учраас ямар нэгэн байдлаар өө шалтаг хайж ажлаас халахаар оролдож байсан гэдэг. Ийм байдал ч харагддаг. Хариуцагч нь өөрийн ээж болох Д.Нарантуяаг ажилд авахын тулд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байж болох нөхцөл байдал харагддаг. Ээлжийн амралтын мөнгийг 48 хоногоор тооцох ёстой гэж үзэж байна. Иймд миний тооцоогоор амралтын мөнгөний зөрүү 498.000 орчим төгрөг болох юм бол уу гэж тооцож байна. Энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 14-ны өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863.345 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд сонсох ажиллагааг зохион байгуулж, түүнд Э.******* өөрийн биеэр оролцож хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаартай тушаалаар тус сургуулийн бага ангийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 сарын 14-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тушаалуудын хуулбараар тогтоогдож байна.

 

Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал болон Э.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Э.******* нь байнгын ажлын байранд, эрх бүхий байгууллагаас батлагдсан орон тоонд, байгууллагын үндсэн ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д .. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, мөн хуулийн 23-р зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж тус тус заасан байх ба хуулийн 23-р зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан ч энэ нь ажил олгогч, ажилтны тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тухай зохицуулалт юм.

 

Гэтэл Э.*******ийг бага ангийн багшаар томилон ажиллуулахад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ямар үндэслэл, шаардлага үүссэн нь тодорхойгүй, шинээр ажилд орж байгаа ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.3-т заасны дагуу хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар ажиллуулах зохицуулалтыг баримтлаагүй байна. Мөн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журамд энэ талаар тусгаж зохицуулсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч байгууллагын төлөөлөгч нь байгууллагын дотоод журмыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч байгууллагаас Э.*******тэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах зайлшгүй шаардлага байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын 2018 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн Б/76 тоот тушаалд Э.*******ийг бага ангийн багшаар түр томилон ажиллуулахаар заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.3-т: ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөн Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1: талууд харилцан тохирсон гэсэн үндэслэлийг зааж Э.*******ийг багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар талууд харилцан тохиролцоогүй байна.

Нэхэмжлэгч Э.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохироогүй зэргээр уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, уг хуульд нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын мөнгөний зөрүү 863.345 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч ээлжийн амралтын дутуу тооцогдсон 12 хоногийн амралтын мөнгө 498.542 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 364.803 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5-д заасныг баримтлан, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн гаргасан тооцооллыг иш болгон, нэхэмжлэгч Э.*******ийн нэг өдрийн дундаж цалин нь 41.545.21 төгрөг гэж тооцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т тус тус зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас ээлжийн амралтын дутуу тооцогдсон мөнгө 498.542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 364.803 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.270 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 15.606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120-р зүйлийн 120.2-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Д.ОТГОНЧУЛУУН