Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/02021

 

 

 

                

 

 

 

   2022 оны 06 сарын 22 өдөр

           Дугаар 183/ШШ2022/02021

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “Б ” ХХК-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О ” ХХК нь “Б ” ХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “О ” ХХК нь “Б ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр “О ” ХХК нь 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн байдаг боловч “Б ” ХХК нь ямар нэгэн хариу төлбөр төлөх үүрэггүй байхаар заасан байдаг. Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийвэл “О ” ХХК нь “Б ” ХХК-д эд хөрөнгө бэлэглэхүйц харилцаатай хуулийн этгээдүүд биш юм. Нөгөөтэйгүүр “О ” ХХК нь тус гэрээнд дурдсан эд хөрөнгийг шилжүүлэхдээ өөр гэрээний дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл уг гэрээ нь нэр төдий хийгдсэн гэрээ юм. Иргэний хуульд эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх, мөн тухайн гэрээний дагуу өмчлөх эрх шилжигдсэн тохиолдолд хэрэгжсэн гэж үзэхээр заасан. Иргэний хуульд хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа эсэхийг эрх бүхий этгээд тогтоогоогүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр хэлцлийн адил эрх зүйн үр дагаврыг үүсгэсээр байдаг. Иймээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот “Орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн О.О гийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжны нутаг дэвсгэрт байрлалтай, 2011/83 дугаар бүхий гэрчилгээтэй газарт баригдах барилгын төсөлд “В ” ХХК нь хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Улмаар “В ” ХХК нь ганцаараа барилгын ажил явуулах боломжгүй болсон талаар хэлж, “О ” ХХК болон “В ” ХХК, иргэн Г.Ж , Ж.Д  нарыг төсөлд оруулж ирэхийг гуйсан тул зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран ажиллах 990 дүгээр гэрээг байгуулж, 1-6 дугаар блок барилгуудын төслийг үргэлжлүүлэхээр болж таван талт гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Дээрх Хамтран ажиллах гэрээнд иргэн О.О гийн зүгээс барилга барих газраар хангаж, барилга барих зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагуудаас авахаар, харин нөгөө талаас барилгын ажил гүйцэтгэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагаатай холбогдох зардлыг санхүүжүүлэхээр тус тус тохиролцон гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан гэрээг байгуулсан. Ингээд тухайн барилга баригдаж байх үед “О ” ХХК-иас ямар нэгэн асуудалгүй, гэрээгээр тохирсон байр орон сууцаа өгөхөө илэрхийлсээр ирсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 дугаар орон сууц өмчлүүлэх гэрээг иргэн О.О гээс “Б ” ХХК”-ийн захирал Л.Баяндалайд итгэмжлэл олгосны дагуу хийсэн байдаг. Уг гэрээг байгуулахдаа гэрээний 1.4-д “Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 990 дүгээр хамтран ажиллах нэмэлт гэрээ нь өмнө байгуулагдсан хамтран ажиллах гэрээнүүдийн салшгүй хэсэг болно” гэж заасан бөгөөд уг гэрээ нь хамтран ажиллах гэрээнүүдийн дагуу хийгдсэн. Уг гэрээг нэр төдий хийгдсэн гэрээ гэж үзэхгүй. Тухайн үедээ талууд харилцан тохиролцож ямар нэгэн маргаангүйгээр уг гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц өмчлүүлэх гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    

            3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ”, гэрээний хавсралт-1, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, зээлийн тооцоо үлдэгдэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “О ” ХХК-ийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “О ” ХХК, “Б ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ” нь ямар нэгэн хариу төлбөр төлөх үүрэггүй байх бөгөөд “О ” ХХК нь “Б ” ХХК-д эд хөрөнгө бэлэглэхүйц харилцаатай хуулийн этгээд биш бөгөөд уг гэрээ нь нэр төдий хийгдсэн гэрээ юм. Мөн нотариатаар гэрчлүүлээгүй байна. Иймээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот “Орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: О.О гийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжны нутаг дэвсгэрт байрлалтай, 2011/83 дугаар бүхий гэрчилгээтэй газарт баригдах барилгын төсөлд “В ” ХХК нь хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Улмаар “В ” ХХК нь ганцаараа барилгын ажил явуулах боломжгүй болсон талаар хэлж, “О ” ХХК болон “В ” ХХК, иргэн Г.Ж , Ж.Д  нарыг төсөлд оруулж ирэхийг гуйсан тул зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран ажиллах 990 дүгээр гэрээг байгуулж, 1-6 дугаар блок барилгуудын төслийг үргэлжлүүлэхээр болж таван талт гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Дээрх Хамтран ажиллах гэрээнд иргэн О.О гийн зүгээс барилга барих газраар хангаж, барилга барих зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагуудаас авахаар, харин нөгөө талаас барилгын ажил гүйцэтгэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагаатай холбогдох зардлыг санхүүжүүлэхээр тус тус тохиролцон гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтлан гэрээг байгуулсан. Ингээд тухайн барилга баригдаж байх үед “О ” ХХК-иас ямар нэгэн асуудалгүй, гэрээгээр тохирсон байр орон сууцаа өгөхөө илэрхийлсээр ирсэн байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 дугаар орон сууц өмчлүүлэх гэрээг иргэн О.О гээс “Б ” ХХК”-ийн захирал Л.Баяндалайд итгэмжлэл олгосны дагуу хийсэн байдаг. Уг гэрээг байгуулахдаа гэрээний 1.4-д “Энэхүү гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 990 дүгээр хамтран ажиллах нэмэлт гэрээ нь өмнө байгуулагдсан хамтран ажиллах гэрээнүүдийн салшгүй хэсэг болно” гэж заасан. Уг гэрээг нэр төдий хийгдсэн гэж үзэхгүй, тухайн үед талууд харилцан тохиролцож ямар нэгэн маргаангүйгээр уг гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц өмчлүүлэх гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ”, гэрээний хавсралт-1, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, зээлийн тооцоо үлдэгдэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“О ” ХХК, “Б ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-ээр энэхүү гэрээ нь өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээнүүдийн салшгүй хэсэг бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамжны нутаг дэвсгэрт оршин 2014/31 дүгээр бүхий гэрчилгээтэй иргэн О.О гийн эзэмшлийн газарт байрлах “О ” ХХК-ийн хөрөнгө оруулан барьсан “Peace village” орон сууцны 2018 оны 01 дүгээр улирал буюу цаад хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орох 4 блок буюу 206/2, 5 блок буюу 206/1 тоот барилгаас нийт 940 м.кв талбай авах ёстойгоос 164.5 м.кв талбайг 296.203.326 төгрөгийн зуурмагны тооцоонд хасаж, үлдэх 775 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн нэр дээр үл маргах журмаар шилжүүлнэ гэжээ.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “О ” ХХК, “Б ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ” нь нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох нь, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох нь тус тус тогтоогдохгүй байна.

 

6. Иймд “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б ” ХХК-д холбогдох, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17/15 дугаар “Орон сууц өмчлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 1.638.966 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан тул нэхэмжлэгч “О ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.638.966 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан “О ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б ” ХХК-д холбогдох, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.638.966 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.СЭМЖИД