Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01799

 

 

 

 

 

 

 

 

2022 09 23 210/МА2022/01799

 

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02021 дугаар шийдвэртэй

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б ХХК-д холбогдох

2017 оны 00 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот орон сууц өмчлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , П.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: О ХХК нь Б ХХК-тай 2017 оны 00 дүгээр сарын 09-ний өдөр 17/15 тоот Орон сууц өмчлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр О ХХК нь 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг хүлээж, Б ХХК нь хариу төлбөр төлөх үүрэггүй байхаар заасан.

О ХХК нь Б ХХК-д эд хөрөнгө бэлэглэх харилцаатай биш бөгөөд О ХХК нь тухайн эд хөрөнгийг өөр гэрээний дагуу шилжүүлсэн

Иргэний хуульд эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх, мөн тухайн гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн тохиолдолд хэрэгжсэн гэж үзэхээр заасан. Иргэний хуульд хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийг заасан боловч талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь энэ хэлцэлд хамаарч байгаа эсэхийг эрх бүхий этгээд тогтоогоогүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр хэлцлийн адил эрх зүйн үр дагаврыг үүсгэсээр байдаг.

Иймд 2017 оны 00 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот Орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хэлцлийн шинжийг агуулж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжны нутаг дэвсгэрт байрлалтай, 2011/83 дугаар гэрчилгээтэй газарт баригдах О.О гийн барилгын төсөлд В ХХК нь хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх ажлыг санхүүжүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

В ХХК нь дангаараа барилгын ажил явуулах боломжгүй болсон тул О ХХК, Г.Ж , Ж.Д нарыг төсөлд оруулж ирэх хүсэлтийг зөвшөөрч 2017 оны 00 дүгээр сарын 03-ны өдөр хамтран ажиллах 990 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 1-6 дугаар блок барилгуудын төслийг үргэлжлүүлэхээр болж таван талт гэрээг харилцан тохиролцож байгуулсан.

Уг хамтран ажиллах гэрээнд О.О нь барилга барих газраар хангаж, барилга барих зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагуудаас авах, нөгөө талаас барилгын ажил гүйцэтгэх, хүлээлгэн өгөх үйл ажиллагаатай холбогдох зардлыг санхүүжүүлэхээр тус тус тохиролцсон.

Тухайн барилга баригдах үед О ХХК-аас гэрээгээр тохиролцсон орон сууцыг өгөхөө илэрхийлсээр ирсэн. 2017 оны 00 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот орон сууц өмчлүүлэх гэрээг О.О гээс Б ХХК-ийн захирал Л.Б д итгэмжлэл олгосны дагуу хийсэн. Уг гэрээний 1.4-д Энэхүү гэрээ нь 2017 оны 00 дүгээр сарын 03-ны өдрийн 990 дугаартай хамтран ажиллах нэмэлт гэрээ, өмнө байгуулагдсан хамтран ажиллах гэрээнүүдийн салшгүй хэсэг болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц өмчлүүлэх гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,638,966 төгрөгийг нөхөн гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоолгох, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар татгалзсанд тооцож, мөн хуулийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг хязгаарласан.

4.2. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Г.Б т гардуулж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбар гаргасан. Г.Б нь тайлбар гаргахдаа Б ХХК-аас олгосон гэх итгэмжлэлийг хавсаргаж ирүүлсэн боловч уг баримт нотариатчаар гэрчлүүлээгүй эх хувь биш баримт байдаг. Гэтэл төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулан, тайлбар авах ажиллагааг хийсэн нь алдаа болсон.

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд Г.Б ээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн огноотой итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талыг уг баримттай танилцах, тайлбар гаргах, уг баримттай холбогдуулан тайлбар гаргах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Бүрэн эрх олгогдоогүй этгээдийн бичмэл тайлбарыг үндэслэл болгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй. Г.Б т 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Б ХХК-ийг төлөөлөх итгэмжлэл олгогдсон тул түүнээс өмнөх ажиллагааг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

4.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй.

4.4. Шүүх Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 109.1, 109.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн бодитойгоор хэрэгжээгүй гэрээ байхад хуульд нийцсэн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. Хариуцагчийн тайлбарын дагуу үйл баримтыг дүгнэсэн ч төлөөлөгчийн хийсэн хэлцлийн эрх зүйн үр дагавар төлөөлүүлэгчид үүсдэг. Иймээс бусдыг төлөөлөн эд хөрөнгө шилжүүлж авахыг Иргэний хуулиар хориглосон. Шүүх хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Г.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа итгэмжлэлийг эх хувиар нь гаргаж өгсөн боловч шүүгчийн туслахаас итгэмжлэлд хуулийн зүйл заалтыг бичээгүй байна гээд буцаан өгөхдөө хуулбарлан хэрэгт хавсаргасан. Шүүх хуралдаанд оролцохдоо хуулийн зүйл заалт бүхий итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн. Итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар нотлох баримттай танилцах гэсэн эрх олгогдсон. Уг итгэмжлэлийн хүрээнд Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул түүнийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан нотлох баримтуудыг заавал шүүхийн журмаар гаргуулах шаардлагагүй бөгөөд 990 тоот гэрээ нэхэмжлэгчид байдаг. Гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Шүүх шийдвэртээ талуудын гаргасан гэрээний хэсгээс оруулсан нь үндэслэл бүхий болсон. Гэрээний дагуу 13 ширхэг эд хөрөнгөөс 9 ширхэг үл хөдлөх хөрөнгө шилжсэн буюу гэрээ хэрэгжсэн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2017 оны 00 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот орон сууц өмчлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж, үүнтэй холбоотойгоор шүүхэд талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/15 тоот Орон сууц өмчлүүлэх гэрээ нэртэй гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 15-16 дахь тал/

 

3. Дээрх гэрээний 1.4-т Энэхүү гэрээ нь 2017 оны 00 дүгээр сарын 03-ны өдрийн 990 дугаартай хамтран ажиллах нэмэлт гэрээ өмнө байгуулагдсан хамтран ажиллах гэрээнүүдийн салшгүй хэсэг болно гэж бичсэнээс үзвэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн 17/15 тоот Орон сууц өмчлүүлэх гэрээ нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 990 тоот Хамтран ажиллах гэрээ-ний салшгүй хэсэг гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, 2017 оны 00 дүгээр сарын 03-ны өдрийн 990 тоот Хамтран ажиллах гэрээ болон өмнө байгуулагдсан хамтран ажиллах гэрээнүүд нь зохигчдын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ, харин 17/15 тоот Орон сууц өмчлүүлэх гэрээ нь уг үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан шинжтэй байна.

 

4. Үндсэн гэрээ болох Хамтран ажиллах гэрээ-нүүд хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, тэдгээрийн хүлээсэн эрх, үүрэг зэрэгт бүрэн дүгнэлт өгч, талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрлэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Давж заалдах шатны шүүх энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/11174 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Уг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. /хх 43 дахь тал/

 

6. Харин нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хариуцагч байгууллагаас төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэлийг гардаж авсан, тайлбар гаргасан гэх гомдол гаргаагүй буюу эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж төлөөлөх эрхийн талаар маргаагүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар гомдол гаргасныг хангах боломжгүй.

 

Хариуцагч байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид хожим олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

7. Дээр дурдсан үндсэлэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02021 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,638,966 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ