Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01847

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01847

                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: И-д холбогдох, 

           

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.907.500 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У  нь П.И д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.907.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Б.У  нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Зайсан аппартмент орон сууцны барилгын 2 дугаар давхрын 208 тоот 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг П.И д 78.207.500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, орон сууцны үнийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд графикийн дагуу төлөхөөр тохирсон. Орон сууцны төлбөрт П.И  нь 72.300.000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 5.907.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн маргаж байгаа зүйлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.И д холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Иймээс Б.У т төлбөрийн үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.У ын дансанд 72.300.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, үлдэгдэл төлбөрт НӨАТ-ын маргаан үүсгэхгүй гэж тохирсон гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ”, уг гэрээний хавсралт, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 058 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудыг, хариуцагчаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дүгээр магадлал,”Эвт үүд” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “ҮХХ-ийн гэрчилгээ гаргуулах хүсэлт” гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У ын худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.907.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.У  нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Зайсан аппартмент орон сууцны барилгын 2 дугаар давхрын 208 тоот 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг П.И д 78.207.500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, орон сууцны үнийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд графикийн дагуу төлөхөөр тохирсон. Орон сууцны төлбөрт П.И  нь 72.300.000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 5.907.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн маргаж байгаа зүйлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.И д холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Иймээс Б.У т төлбөрийн үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.У ын дансанд 72.300.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, үлдэгдэл төлбөрт НӨАТ-ын маргаан үүсгэхгүй гэж тохирсон гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ”, уг гэрээний хавсралт, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 058 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудыг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дүгээр магадлал,”Эвт үүд” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “ҮХХ-ийн гэрчилгээ гаргуулах хүсэлт” гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дүгээр магадлалаар “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.И д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөрт 5.907.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар П.И д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.907.500 төгрөг гаргуулах тухай Б.У ын нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм.

 

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...харин Б.У  нь П.И ээс гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж заажээ.

 

Б.У , П.И  нар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу Б.У  нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ZA-025/208/2018 дугаар “Орон сууцны барилгын захиалгын гэрээ”-ний захиалагчийн эрх, үүргийг П.И д шилжүүлэн өгөх, П.И  нь орон сууцны үнэд 78.207.500 төгрөгийг Б.У т төлөхөөр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу П.И  нь гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Зайсан аппартмент орон сууцны барилгын 2 дугаар давхрын 208 тоот 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, харин 78.207.500 төгрөг төлөхөөс 72.300.000 төгрөгийг Б.У т шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

 

6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууцны үлдэгдэл төлбөр болох 5.907.500 төгрөгийг хариуцагч П.И ээс гаргуулан нэхэмжлэгч Б.У т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 109.470 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.И ээс улсын тэмдэгтийн хураамжид 109.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.И ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.907.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У т олгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 109.470 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.И ээс улсын тэмдэгтийн хураамжид 109.470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД