Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01767

 

 

 

 

 

 

 

 

 

Б.У-ын нэхэмжпэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01847 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлтэй,

ХариуцагчП.И-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,907,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.У- нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар авсан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Зайсан аппартмент орон сууцны барилгын 0 тоот 44.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг П.И-д 78,207,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, орон сууцны үнийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд графикийн дагуу төлөхөөр тохирсон. Орон сууцны төлбөрт П.И- нь 72,300,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 5,907,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчдын маргааны зүйлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дугаар магадлалаар Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй,П.И-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Иймээс Б.У-т төлбөрийн үлдэгдэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.У-ын дансанд 72,300,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, үлдэгдэл төлбөрт НӨАТ-ын маргаан үүсгэхгүй гэж тохирсон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1- д заасныгбаримтлан хариуцагч П.И-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,907,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 109,470 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.И-ээс улсын тэмдэгтийн хураамжид 109,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Э- ХХК нь Тотал интел ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 058 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүний хөлсөнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах, 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл Б.У- нь Э- ХХК-ийн өмч буюу ажлын хөлс болох 2 өрөө орон сууцыг П.И-тэй тохиролцон 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулснаар худалдсан. Б.У- орон сууцны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх талаарх Э- ХХК болон Б.У- нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх Б.У- нэхэмжлэх эрхтэй гэжП.И-ээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Э- ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Т-ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү.П.И- болон манай компанийн хооронд төлбөр тооцоогүй талаар албан бичгийг гаргаж өгсөн. Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна гэх дүгнэлт хийсэн болохоос Б.У- нэхэмжлэл гаргах эрхтэй тухай агуулгаар тодорхойлолт тайлбарыг хийгээгүй. Э- ХХК нь нэхэмжлэх эрхгүй байна гэж шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Б.У-,П.И- нарын хооронд үүссэн үйл баримт нь өөр, Э- ХХК болон П.И- нарын хооронд үүссэн асуудал нь өөр үйл баримт биш нэг нэхэмжлэлийн зүйлд маргалдаж байна. Гэтэл манай байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар тус үйл баримтыг өмнө нь шийдсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул татгалзах ёстой байсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч П.И-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,907,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчдын маргааны зүйлийг өмнө шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн, Б.У-т төлөх төлбөргүй гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

3. Б.У-,П.И- нар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ZA-025/208/2018 дугаартай Орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Б.У- нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ZA-025/208/2018 дугаартай Орон сууцны барилгын захиалгын гэрээ-ний захиалагчийн эрх, үүргийг П.И-д шилжүүлэн өгөх, гэрээний хавсралтаар П.И- нь орон сууцны үнийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хэсэгчилэн төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу П.И- нь 72,300,000 төгрөгийг Б.У-т төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаартай шийдвэрээр Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.И-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5,907,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 00571 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2А-025/208/2018 дугаартай орон сууцны барилгын захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээнд эрх шилжүүлэгч Б.У-, эрх хүлээн авагчП.И- нар харилцан тохиролцон гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байх тул Э- ХХК-ийн захирал Б.У-ыг иргэнийхээ хувиар хариуцагчП.И-тэй уг гэрээг байгуулсан гэж дүгнэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Б.У-,П.И- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээнд заасан үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

ХариуцагчП.И- Б.У-т төлбөрийн үлдэгдэлгүй, үлдэгдэл төлбөрт НӨАТ-ын маргаан үүсгэхгүй гэж тохирсон гэх тайлбар, татгалзлалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчП.И- нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/00127 дугаартай шийдвэрээр Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй,П.И-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тул Б.У-ын нэхэмжлэлтэйП.И-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой үйл баримтыг өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П.И-ээс урьдчилан төлсөн 109,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД