Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2019/00682

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох,

газар ашигласны нөхөн төлбөр 18.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн малчин *******ын ******* би тус сумын Жугамын амны тохой гэх газарт гэр бүлийн хамтын хэрэгцээнд хаваржааны газар болох 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан. Уг газар Байдрагийн голын захад байдаг тул бид ногоо чацарганы мод тариалах гэж байсан. Ингээд энэхүү газартаа хаваржиж намаржиж амьдарч байтал 2017 оны хавар ******* ******* ******* ******* ХХК ажилчидтайгаа ирэн гэрээ барин кемпээ байгуулан машин тэргээ байрлуулж эхэлсэн. Энэ үед би эхнэр Гантуяагийн хамт очиж энэ газар миний эзэмшлийн газар, мал сүргийн бэлчээр, бид амьдарч аж төрч байдаг газар, энд үйл ажиллагаа явуулахгүй тэрэг техникээ тат гэж хэлсэн. Гэтэл ******* ******* ******* ******* ХХКомпанийн захирал ******* 25.000.000 төгрөг танай газрыг ашиглаж байгаагийн төлбөрт өгнө, харин та нар манай үйл ажиллагаанд саад болж болохгүй, бид бас энэ газрыг нөхөн сэргээж өгнө гэж хэлсэн. Ингээд ******* ******* ******* ******* ХХКомпанийн захирал ******* анх бидэнтэй 25.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж байхдаа энэ газрыг эзэмшдэг гэдэг бичиг баримт кадастрын зургаа аваад ир, аваад ирвэл 200.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн үүний дагуу би бичиг баримтаа үзүүлсэн.

Тохирсон ёсоор бид 2017 оны хавраас өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн газартаа хаваржаагүй уурхайд газраа тавьж өгөн үйл ажиллагаанд нь саад учруулаагүй.

Ингээд гэрээний дагуу ******* ******* ******* ******* ХХК миний эхнэр Гантуяагийн дансруу нийт 5.200.000 төгрөг шилжүүлсэн, мөн бэлнээр 1.000.000 төгрөг нийт 6.200.000 төгрөг өгөөд үлдэгдэл 18.800.000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй болно.

Мөнгөө нэхээд удаа дараа очиход тэгэж байгаад өгнө, хэд хоноод ир, надад бодсон юм байгаа гэж хэлдэг, энэ хавар уулзах гэтэл зугтаагаад уулзаагүй. Малчин миний хувьд энэ газар олон жил хаваржиж, намаржиж мал сүргээ хариулан ирсэн, гэтэл энэ компани хэдэн жил ашиглаж хүн амьдрах аргагүй, мал бэлчих бэлчээргүй миний эзэмшлийн 700 м/кв газрыг зүгээр л сул шороо болгон үлдээж байна.

Иймд ******* ******* ******* ******* ХХК-иас 700 м/кв газрыг ашигласан, бэлчээр ашигласны нөхөн төлбөр болох 18.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани нь ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмал олборлох А4323 тоот тусгай зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багт байрлах Жугамын ам гэх газарт үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулсан. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж байхад тус сумын иргэн Т.******* гэгч нь удаа дараа ирж агсам согтуу тавьж, мөнгө нэхэж ажил удаашруулж байсан тул цувуулан мөнгө өгч ажлаа үргэлжлүүлж байсан. Сүүлд их хэмжээний мөнгө нэхэхээр нь өгөөгүй, өгөх үндэслэлгүй гэдгийг тайлбарласан. Үйл ажиллагаа явуулсан газарт Т.******* амьдардаггүй бөгөөд Гантулга гэдэг айл байсан. Уг айл одоо ч гэсэн байгаа.

Миний бие Т.******* болон бусад хүнтэй газар ашигласны төлбөрт 25.000.000 төлөх талаар амаар болон бичгээр гэрээ байгуулсан, ярилцаж тохирсон асуудал байхгүй. Манай компани үйл ажиллагаа явуулахдаа улс, аймаг, орон нутагт төлвөл зохих бүх татвар, хураамжийг зохих журмын дагуу төлж ажилласан. Нөгөө талаар эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу олгосон газар үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг газар нь иргэний эзэмшлийн газартай давхацсан тохиолдолд миний бие хариуцах үндэслэлгүй байна. Иймд Т.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлтдээ:

Шүүх хуралдаанд Т.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь Жугамын ам гэх газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүний эзэмшлийн газарт тус компани үйл ажиллагаагаа анх явуулахдаа 25.000.000 төгрөг өгөөд энэ газрыг анх байсан хэвийн байдалд оруулж өгнө гэж харилцан тохиролцсон байдаг. Одоогоор 6.200.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 18.800.000 төгрөгийг өгнө гэсээр өдийг хүрч байгаа. Нэхэмжлэгч тал эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Хуулийн этгээд болон иргэдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 195-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Т.*******ын эхнэрийн данс руу тус компани мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. ******* энд ******* ******* ХХКомпани нэхэмжлэгчийн болон түүний эхнэрийн данс руу мөнгө шилжүүлсэн тул зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэж байна, иймд 18.800.000 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулах үндэслэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* нь газар ашигласны нөхөн төлбөр 18.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх ба хариуцагч ******* энд ******* юникс ХХКомпанийн төлөөлөгч С.******* нь Миний бие Т.******* болон бусад хүнтэй газар ашигласны төлбөрт 25.000.000 төлөх талаар амаар болон бичгээр гэрээ байгуулсан, ярилцаж тохирсон асуудал байхгүй. Манай компани үйл ажиллагаа явуулахдаа улс, аймаг, орон нутагт төлвөл зохих бүх татвар, хураамжийг зохих журмын дагуу төлж ажилласан. Нөгөө талаар эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу олгосон газар үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг газар нь иргэний эзэмшлийн газартай давхацсан тохиолдолд миний бие хариуцах үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 3-р баг, Жугамын амны тохой гэх газарт 700 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь Бөмбөгөр сумын газрын даамлаас Т.*******т олгосон 0304253 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Бөмбөгөр сумын Засаг даргын тамгын газраас иргэн Т.*******тай 2019 оны 08 сарын 28-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ******* энд ******* ******* ХХКомпани нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Жугамын ам нэртэй газарт орших 129 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 30 жилийн хугацаатай авсан, тус газарт ашигт малтмал ашиглах эрхтэй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 4323А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-ийн хуулбар, хавсралт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.******* нь ******* ******* ******* ******* ХХКомпанийн захирал ******* нь 25.000.000 төгрөг танай газрыг ашиглаж байгаагийн төлбөрт өгнө гэж хэлсэн, бид ингэж тохирч гэрээ байгуулсан гэсэн тайлбар гаргаж байх боловч энэ тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар ******* ******* ******* ******* ХХКомпани нь Бөмбөгөр сумын 3-р багийн нутаг Жугамын ам нэртэй газарт ашиглах тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 сарын 29-ны өдөр авсан, харин иргэн Т.******* нь дээрх Жугамын амны тохой гэх газарт 700 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 10 сарын 04-ний өдөр авсан байна.

Тодруулбал ******* ******* ******* ******* ХХКомпанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй газарт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын тамгын газраас иргэн Т.*******т давхардуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 4323А дугаартай Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл-ийн хуулбар, Бөмбөгөр сумын газрын даамлаас Т.*******т олгосон 0304253 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсон газарт иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаа төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлаас учирсан хохирлыг ******* энд ******* ******* ХХКомпани хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч ******* энд ******* ******* ХХКомпани нь үйл ажиллагаа явуулсан Жугамын амны тохой гэх газарт техникийн нөхөн сэргээлтийг хийсэн, биологийн нөхөн сэргээлтийг 2019 оны 10 сараас 2020 оны 06 сарын хооронд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн хуулийн 187-р зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсээгүй гэж үзэж, нэхэмжлэгч Т.*******ын ******* ******* ******* ******* ХХК-иас 18.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1, 187-р зүйлийн 187.1-д тус тус заасныг баримтлан ******* ******* ******* ******* ХХК-иас газар ашигласны төлбөр 18.800.000 төгрөг гаргуулах тухай Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол гомдол гаргах хугацааг хуульд заасны дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОТГОНЧУЛУУН