Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 493

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-т холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байрны 8 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2012 онд Нийслэлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 дугаар байрыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл захиалагч, хөрөнгө оруулагч юм. 37 дугаар байрны 8 тоотод байршилтай 48.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Ж” ХХК бөгөөд улсын бүртгэлийн Ү-2205061439 дугаарт бүртгэлтэй 000470946 тоот гэрчилгээтэй болно. Одоо уг орон сууцыг Б.М  гэх хүн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа, компанийн зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Шеруши хурман овогт Ахметын Батай нь 2011 оны 12 дугаар сард “Өгөөмөр мандал” ХХК-ийн захирал А.Эрдэнэтөгстэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 8 тоотод байрлах 48.04 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа төлбөр 20 050 000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Өгөөмөр мандал” ХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн ба үлдсэн 40 000 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 403590 тоот гэрээ байгуулан төлсөн болно. Миний бие иргэн Шеруши хурман Б.М нь эцэг болох Ахметын Батайн хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж “Өгөөмөр мандал” ХХК, Орон сууцны санхүүжилтийн корпорацитай гэрээ байгуулсан ба өнөөдрийг хүртэл уг гэрээний дагуу зээлийн төлбөр төлж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Ж ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 37 дугаар байр, 8 тоот, 48.04 м.кв талбай бүхий орон сууцыг Б.М-ийн эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М-с тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлогдож хуралдааныг нээсэн болно. Ингээд хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан "Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 8 тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох" шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан агуулга, шаардлага, нөхцөлд нь тулгуурлан гаргасан. Гэтэл шүүх болон шүүгч "Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй холбогдолгүй, хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй байна" хэмээн захирамж гарган сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон. Энэ үед миний бие шүүгчид хандан "Шүүх шударга бус байна, үзэмжээр асуудалд хандаж, хэт нэг талыг барьж байна. Тийм учраас таныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу татгалзан гаргах хүсэлт гаргаж байна" гэж хэлэхэд "...Би энэ тухай өмнө нь асуусан...суу, дэгийнхээ дагуу явъя... одоо татгалзал хүлээж авахгүй... тийм юм байхгүй" гэж хэлсэн. Ингээд миний бие "болдоггүй юм байх" гэж бодоод суусан ба шүүх хуралдааны нэхэмжлэл хэлэлцэж эхэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ярьж дууссаны дараа дахин энэ тухай хэлэхэд "...тийм юм байхгүй... битгий дэг зөрчөөд бай...дэгийнхээ дагуу явъя суу, суу гэж байна шүү" хэмээн удаа дараа өөдөөс зандарч, загнасан үйлдэл гаргаж хэт нэг талыг барьсан үйлдэл гаргаж, зөвхөн нэхэмжлэгч тал руу харж суун "за нэхэмжлэлээ ярь" гээд суучихсан. Бүр сүүлдээ миний бие өмгөөлөгч Б.Даваажаваараа дамжуулан хүсэлтээ тавиулж улмаар өмгөөлөгч Б.Даваажав нь босоод "...шүүгчээ таныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу бид шүүх хуралдааны явцад энэ тухай хүсэлтээ гаргаж, үүнийг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж байна” хэмээн хэлэхэд мөн л шүүгч Б.Мөнхтөр нь "...Би энэ тухай өмнө нь асуусан, битгий шүүх хуралдаан үймүүлээд бай, дэгийнхээ дагуу явъя... сануулна шүү... за санууллаа шүү..." хэмээн хэлж шүүх хуралдааныг хууль бусаар үргэлжлүүлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тоггоомжуудад бэхжүүлэн тусгаж зааж өгсөн "...иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй...", "...шүүгч нь хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим, үнэт зүйл..." зэрэг болон шүүх эрх мэдлийн талаарх үндсэн хуулийн болон бусад хуулийн хэм хэмжээнүүдийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж байна.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд шүүгч нь илт хууль бусаар нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтой зөрчиж, иргэн миний үндсэн эрхийг зөрчсөнд харамсаж байна. Хэргийн зохигчийн хувьд эдлэх эрхээ эдэлж чадаагүйн зэрэгцээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны дэгийг шүүгч өөрөө ноцтой зөрчиж татгалзан гаргах хүсэлтийн талаарх тайлбарыг сонсолгүй эрх мэдлийн сүрдүүлэлт хийсэнд гүнээ харамсаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжуудад бэхжүүлэн зааж өгсөнчлөн "...шүүх болон шүүгч нь хүний эрхийг хангах, хамгаалах хамгийн том баталгаа мөн..." хэмээн эрхэмлэн зааж өгсөн хэм хэмжээнүүд нь зөвхөн тунхагийн шинжтэй хэмээн даанч бодсонгүй. Ийм ёс зүйтэй, хууль зүйн мэдлэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа мэддэггүй шүүгч байгаа гэдгийг миний бие өөрийн биеэр харлаа. Шүүгч Б.Мөнхтөрийн илт хууль бус үйлдэл нь хариуцагч миний эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг шүүгч өөрөө зөрчиж байгаад харамсаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92, 93 дугаар зүйлүүдийн бичвэрүүдээс харвал шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хоёр үр дагавар бүхий нөхцлөөр зааж тусгаж өгсөн байна. Шүүх хуралдааны эхлэхээс өмнө эсвэл шүүх хуралдааны явцад шүүх хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа нөхцөл байдал тогтоогдсон бол энэ тухай шүүгчид хэлж, улмаар шүүгч оролцогчийн хүсэлтээр тайлбарыг сонсдог эсвэл сонсолгүйгээр шүүх хуралдааныг хааж шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах асуудлыг тухайн шатны ерөнхий шүүгч шийдвэрлэдэг ба ер нь бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны аль үед шүүгчийг татгалзан гаргах хүсэлт тавих үндэслэл, журам байсаар байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны дэгийг өөрөө зөрчиж, хэт хууль бусаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанд харамсаж байна.

Хэрэв талуудаас татгалзан гаргах хүсэлт гарсан тохиолдолд шүүгч хуралдааныг үргэлжлүүлэн даргалах эрхгүй хууль зүйн зохицуулалттай. Учир хүсэлт гаргаж байгаа бол түүнээс хойш хуралдааныг даргалах эрхгүй, зөвхөн хуралдааныг завсарлах, хаах эрхтэй байх талаар хуульд заасан байна. Өөрөөр хэлбэл тухайн татгалзан гаргах эсэх асуудлыг ерөнхий шүүгч шийдвэрлэдэг байхаар хуульд зааж өгсөн байна. Дээрх байдлаар шүүх хуралдааны үед холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус шүүх хуралдаанд манай талаас үргэлжлүүлэн оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж хурлын тэмдэглэлд тусгуулах хүсэлтээ илэрхийлээд танхимаас гарсны дараа шүүгч М.Мөнхтөр нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулж шийдвэр гаргасан нь илт хууль бус шийдвэр юм.

Мөн маргаан бүхий орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөл гэдгийг мэдсээр байж А.Эрдэнэтөгс Б.М-т "өөрийн өмч" гэж итгүүлэн худалдаж залилсан гэх эрүүгийн хэргийг сэргээх тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор уг хэрэг маргаан нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа нь хангалттай нотлогдож байхад иргэний журмаар маргааныг шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэлийг бүхэлд нь авч үзвэл илт хууль бус, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх бөгөөд хавтаст хэргийн материалд уг хэрэг маргаан нь эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа баримт байсаар байтал иргэний журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Б.М-т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байрны 8 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Өгөөмөр мандал” ХХК нь “Фу Жиан Лян Хө” ХХК-тай 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “Өгөөмөр мандал” ХХК өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 9 тоотод хаягт байршилтай 1 406 м.кв талбай бүхий газраар, харин “Фу Жиан Лян Хө” ХХК орон сууцны барилга барих зориулалтаар 100 хувийн хөрөнгө оруулалт тус тус хийж, баригдах барилгаас “Өгөөмөр мандал” ХХК 630.183 м.кв орон сууц, үйлчилгээний талбайг өмчлөх, “Фу Жиан Лян Хө” ХХК барилгын ажлыг гүйцэтгэх, борлуулалт хийхээр талууд тохирчээ.      /хх-163-165 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу барилга баригдах явцад “Фу Жиан Лян Хө” ХХК хөрөнгөгүй болсны улмаас “Ж” ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж дутуу гүйцэтгэлтэй барилгыг шилжүүлсэн ба уг барилгад тус компани хөрөнгө оруулалт хийж, 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилгыг улсын комиссын актаар ашиглалтад оруулсан, “Өгөөмөр мандал” ХХК-д орон сууцны барилгын 10 хувь болох 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болжээ.   /хх-185-190, 214-221 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан баримтаар “Ж” ХХК нь 630 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний талбайд тооцож маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/ Жалханц хутагт дамдинбазар гудамж 37 дугаар байр, 8 тоот 48.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг “Өгөөмөр мандал” ХХК-д хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр “Өгөөмөр мандал” ХХК-д үүссэн болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүнийг эзэмшигч буюу өмчлөгч гэж үзэхгүй.

 

Хэргийн 13-14 дүгээр талд үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ авагдсан байх ба уг гэрээг 2011 оны 12 дугаар сард “Өгөөмөр мандал” ХХК, Шеруши хурман Ахмет Батай нарын хооронд байгуулсан боловч гэрээнд А.Батайг төлөөлж Б.М  гарын үсэг зурсан бөгөөд дээрх гэрээг байгуулсан өдөр болон орон сууцны тоотын дугаар тодорхойгүй байна.

 

Мөн хариуцагч нь маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж  Орон сууцны санхүүжилтийн корпорациас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлсэн гэх боловч уг гэрээнд хэнээс, хаана байгаа ямар орон сууц худалдан авч буй нь тодорхойгүй, улмаар орон сууц авах зориулалтаар зээлсэн гэх 40 000 000 төгрөгийг маргааны зүйл болж байгаа орон сууцыг худалдаж авахад зориулсан гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн, “Өгөөмөр мандал” ХХК-ийн захирал А.Эрдэнэтөгстэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.

 

Харин маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/ Жалханц хутагт дамдинбазар гудамж 37 дугаар байр, 8 тоот 48.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Ж” ХХК болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 6 дахь талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

            “Ж” ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/ Жалханц хутагт дамдинбазар гудамж 37 дугаар байр, 8 тоот 48.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

            Хариуцагч Б.М  нь дээрх орон сууцыг одоо эзэмшиж байгаа, үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээлд хамрагдан төлж байгаа гэж маргаж байгаа боловч түүнийг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ж” ХХК хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалттай нийцжээ.

 

Хариуцагчийн “шүүгчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авалгүй, хууль зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн” гэх давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. Учир нь шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан дэг дарааллын дагуу явуулж, хэргийн оролцогчдод шүүгчийг татгалзан гаргах эрхийг тайлбарласан байх ба хариуцагч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.

 

Мөн хариуцагч эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж байгаа баримт байхад иргэний журмаар шийдвэрлэсэн буруу гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар А.Эрдэнэтөгс нь Б.М-г залилан маргааны зүйл болох орон сууцыг худалдсан “Ж” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл болохгүй гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нь “Өгөөмөр мандал” ХХК-ийн захирал А.Эрдэнэтөгстэй хууль бус, хуульд нийцээгүй хэлцэл байгуулснаас учирсан хохирлоо шаардахад энэ магадлал саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ