Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/03802

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/03802

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин байгаа Ж ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт ..р гудамж, ..-р байр, ... тоот хаягт оршин суух Ш...овогт Б М... /РД: .../-т холбогдох,  

 

Бусдын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байрны ...тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж ХХК нь 2012 онд Нийслэлийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ... дугаар байрыг өөрийн хөрөнгөөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл захиалагч, хөрөнгө оруулагч юм. ... дугаар байрны ... тоотод байршилтай 48.04 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж ХХК бөгөөд улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй ... тоот гэрчилгээтэй болно. Одоо уг орон сууцыг Б.М гэх хүн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа, компанийн зүгээс 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч Б.Мийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэн Шеруши хурман овогт Аын Б нь 2011 оны 12 дугаар сард Ө.МХХК-ийн захирал ...тэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн дагуу Баянгол дүүргийн ... дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ... дугаар байрны ...од байрлах 48.04 м2 талбай бүхий орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан билээ. Энэхүү орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа төлбөр 20,050,000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Ө.МХХК-ийн дансанд шилжүүлэн төлсөн ба үлдсэн 40,000,000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдаж Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 403590 тоот гэрээ байгуулан төлсөн болно. Миний бие иргэн Шеруши хурман Б М нь эцэг болох Аын Б хуулийн дагуу олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж Ө.МХХК, Орон сууцны санхүүжилтийн корпорацитай гэрээ байгуулсан ба өнөөдрийг хүртэл уг гэрээний дагуу зээлийн төлбөр төлж байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байрны ...тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.М ... Миний эцэг М.Б нь дээрх орон сууцыг Ө.МХХК-ийн захирал ...т урьдчилгаа 20,050,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорациас зээлж худалдаж авсан, одоог хүртэл би зээлийг төлж байгаа гэх тайлбарыг гарган эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, хариуцагч Б.М нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж Ө.МХХК болон А.Б нарын хооронд 2011 оны 12 дугаар сард байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, байрны урьдчилгаа төлсөн тухай санхүүгийн анхан шатны баримт, орон сууцны санхүүжилтийн корпораци болон А.Б, Б.М нарын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, мөн маргаан бүхий орон сууцныг ... нь Ж ХХК-ийн өмчлөл гэдгийг мэдсээр байж Б.Мт өөрийн өмч гэж итгүүлэн худалдаж залилсан гэх эрүүгийн хэргийг сэргээх тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 9 дүгээр тогтоол зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, тэдгээрийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар хуульчилжээ.

 

Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ... дугаар байр, ..., 48.04 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь 5392513 регистрийн дугаартай Ж ХХК болох нь ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 2205061439 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны дагуу өмчлөгчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй юм.

 

Хариуцагч Б.М нь маргаан бүхий орон сууцыг одоо эзэмшиж байгаа ба орон сууцны төлбөрийн урьдчилгааг өгсөн, үлдэгдлийг орон сууцны зээлээр төлж байгаа гэж маргаж байх боловч ийнхүү төлбөр төлж байгаа үйл баримт нь өмчлөгч мөн гэж үзэх үндэслэлгүй, мөн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ... дугаар байр, ..., 48.04 м2 талбай бүхий орон сууцныг захиалгаар бариулах гэрээг 2011 оны 12 дугаар сард А.Б нь Ө.МХХК-тай байгуулсан, гэрээнд А.Бг төлөөлж Б.М гарын үсэг зурсан нь түүнийг дээрх орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэхээр хуульчилжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ө.МХХК болон А.Б нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар үүсдэг ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг зохицуулалт нь нэхэмжлэгч Ж ХХК нь улсын бүртгэлийн үнэн зөвийн талаар маргаагүй л бол гуравдагч этгээдийн хувьд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан Ж ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, ... дугаар байр, ..., 48.04 м2 талбай бүхий орон сууцыг Б.Мийн эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    М.МӨНХТӨР