Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01844

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01844

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: А-д холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 354.200.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д.Э  нь Л.А д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 354.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Д.Э  миний бие Л.А тай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 37/1 тоот хаягт байршилтай, амины орон сууцыг 450.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 3.2, 3.5-д төлбөрийг хэсэгчлэн төлөх, алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохиролцсон. Үүнд: 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөг “Хаан банк”-ны Д.Э ын 5022137988 тоот харилцах дансанд шилжүүлэх. 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор 120.000.000 төгрөгийн бартерт орон сууц оролцуулан худалдагч талд шилжүүлэх. 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор 60.000.000 төгрөгийг худалдагч талын дээрх дансанд шилжүүлэх. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор 170.000.000 төгрөгийг шилжүүлэх. Худалдан авагч тал гэрээ байгуулсан өдөр 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд амины орон сууцыг мөн өдөр худалдан авагч талд хүлээлгэж өгсөн болно. Л.А  нь 100.000.000 төгрөгийг шилжүүлснээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлөх ёстой төлбөрөө 82 хоног хэтрүүлэн, алданги 73.800.000 төгрөг болсон тул 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн. Худалдан авагч талаас цар тахал гарсантай холбоотойгоор төлбөр төлөх хуваарийг хойшлуулах талаар харилцан зөвшилцөх санал гаргасныг миний бие хүлээн авч 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-д нэмэлт оруулан “Нэмэлт гэрээ” байгуулсан. Уг нэмэлт гэрээний 3.2-д төлбөр төлөх хуваарийг доор дурдсанаар тохиролцсон. Үүнд: 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 120.000.000 төгрөгийн үнийн дүнд орон сууцны зах зээлийн үнэ ханшид үндэслэн, харилцан зөвшилцсөний үндсэн дээр бартераар орон сууц тооцож болно. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 50.000.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 80.000.000 төгрөгийг,  2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор 100.000.000 төгрөгийг, нийт 350.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр бүрэн шилжүүлж дуусгавар болно гэж тохирсон. Гэвч худалдан авагч тал дахин нэмэлт гэрээгээр тохирсны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 250.000.000 төгрөг, алданги 104.200.000 төгрөг, нийт 354.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.Э аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамжинд байрлах  37/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан. Худалдан авагч Л.А  нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, эхний төлбөр болох 100.000.000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр бүрэн шилжүүлсэн. Гэвч удалгүй Монгол Улсад Корона вирус гарч, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс даяар хатуу хөл хорио тогтоосон. Иймээс гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулахаар тохиролцож, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт оруулсан. Түүнчлэн худалдан авагч миний бие 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуваарьт төлбөрийг төлөх хүсэл зоригоо илэрхийлж, уг хугацаанаас өмнө бартерын эд хөрөнгийг удаа дараа санал болгож байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сард талууд 2 удаа уулзалт хийж, нийт 350.000.000 төгрөгийн төлбөрт чанарын шаардлага хангасан барилгын материал тооцон авахаар тохиролцсон байдаг. Гэвч 2021 оны 01 дүгээр сард тус бартерын эд хөрөнгийг шилжүүлэх гэтэл худалдагч тал нь шийдвэрээсээ буцаж бэлэн мөнгө авах хүсэлтэй болсноо илэрхийлсэн. Хэдийгээр уг хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тэг зогсолтод шилжсэн хэвээр байсан, улс даяар зарласан бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдаагүй, импорт, экспорт бүрэн хязгаарлагдсан, төлбөрийг бартерын эд хөрөнгөөр төлөхөөр гэрээнд заасан зэрэг байдалтай байсан ч миний бие хүлээцтэй хандан, бэлнээр төлөх тохиолдолд 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлж болохоор талууд тохиролцсон болно. Иймд худалдан авагч тал нь Америкийн Нэгдсэн Улсаас орж ирсэн 184.000.000 төгрөгийн үнэ бүхий RX 450 маркийн автомашиныг 150.000.000 төгрөгөөр борлуулж, төлбөрийг төлөх гэтэл төлбөрийг хүлээн авахаас татгалзсан. Иймд нэхэмжлэгч нь төлбөрийг хүлээн авахаас татгалзаж, зориуд урт хугацааны алданги тооцон, нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэх зорилготой байсан нь илэрхий байна. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр 250.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин алдангийн хэмжээг зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, эсхүл багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, Хаан банкны депозит дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай, Хариу хүргүүлэх тухай, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02349 дүгээр шийдвэрийг, хариуцагчаас Хаан банкны Орлогын мэдүүлэг, Монгол Улсын Засгийн газрын тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э ын худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 354.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Э  миний бие Л.А тай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 37/1 тоот хаягт байршилтай, амины орон сууцыг 450.000.000 төгрөгөөр худалдсан. Л.А  нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 250.000.000 төгрөгийг төлөөгүй тул алданги 104.200.000 төгрөг, нийт 354.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.Э аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамжинд байрлах 37/1 тоот хаягт байрлах амины орон сууцыг худалдан авахаар тохирсон. Уг гэрээний дагуу 250.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн. Монгол Улсад Корона вирус гарч, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс даяар хатуу хөл хорио тогтоосны улмаас санхүүгийн хямралд орж, төлбөрийн чадвар буурч, төлбөр төлөх хуваарьт 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээнд нэмэлт оруулсан. Мөн худалдан авагч талаас төлбөр төлөх санаачилга гаргасан хэдий боловч худалдагч тал төлбөр хүлээн авахаас татгалзаж, зориуд урт хугацааны алданги шаардаж байна. Иймээс алдангийг хэрэгсэхгүй болгох, эсхүл алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, Хаан банкны депозит дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай, Хариу хүргүүлэх тухай, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02349 дүгээр шийдвэр, Хаан банкны Орлогын мэдүүлэг, Монгол Улсын Засгийн газрын тогтоол гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Д.Э , Л.А  нарын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ээр худалдагч Д.Э  нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 37/1 тоот хаягт байршилтай, 167.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Л.А ы өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 450.000.000 төгрөгийн 100.000.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлөх, 120.000.000 төгрөгт орон сууц тооцон 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх, 50.000.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх, 80.000.000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлөх, 100.000.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Уг гэрээний дагуу худалдагч Д.Э  нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 37/1 тоот хаягт байршилтай, 167.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагч Л.А д шилжүүлсэн, худалдан авагч Л.А  нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 100.000.000 төгрөгийг төлж, харин 120.000.000 төгрөгт орон сууц тооцон 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх, 50.000.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх, 80.000.000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогджээ.

 

6. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн /120.000.000 төгрөгт орон сууц тооцон 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх, 50.000.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх, 80.000.000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлөх/ нийт 250.000.000 төгрөгийг хариуцагч Л.А аас гаргуулан нэхэмжлэгч Д.Э ад олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна. 

 

7. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний 3.5-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу гэрээний хугацаа хэтрүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 250.000.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 104.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э  шаардах эрхтэй хэдий боловч Коронавируст халдвар (Ковид-19) цар тахалтай тэмцэх, эрсдэл бууруулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ирэн, аж ахуй нэгж байгууллагын төлбөрийн чадварт муугаар нөлөөлсөнтэй холбогдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан “...104.200.000 төгрөг гаргуулах” тухай алдангийн хэмжээг 50.000.000 төгрөг болгон багасгаж шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.А аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөх хугацаа хэтэрсэн 250.000.000 төгрөг, алданги 50.000.000 төгрөг, нийт 300.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1.384.200 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 646.700 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 104.550 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.А аас улсын тэмдэгтийн хураамжид 1.657.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.А аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1.384.200 төгрөгийг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 646.700 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 104.550 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.А аас улсын тэмдэгтийн хураамжид 1.657.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД