Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01835

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01835

 

 

 

 

 

 

 

2022 09 30 210/МА2022/01835

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Э-

Хариуцагч: Л.А-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 354,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Л.А-тай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 111111 хаягт байршилтай, амины орон сууцыг 450,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 3.2, 3.5 дахь хэсэгт төлбөрийг хэсэгчлэн төлөх, алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар заасан. Худалдан авагч тал гэрээ байгуулсан өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд амины орон сууцыг мөн өдөр худалдан авагч талд хүлээлгэж өгсөн.

Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлөх ёстой төлбөрөө 82 хоног хэтрүүлэн, алданги 73,800,000 төгрөг болсон тул 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Худалдан авагч талаас цар тахал гарсантай холбоотойгоор төлбөр төлөх хуваарийг хойшлуулах талаар харилцан зөвшилцөх санал гаргасныг хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр төлөх хуваарийг өөрчилсөн нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч худалдан авагч тал дахин нэмэлт гэрээгээр тохирсон төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөг, алданги 104,200,000 төгрөг, нийт 354,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуваарьт төлбөрийг төлөх хүсэл зоригоо илэрхийлж, уг хугацаанаас өмнө бартерын эд хөрөнгийг удаа дараа санал болгож байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сард талууд 2 удаа уулзалт хийж, нийт 350,000,000 төгрөгийн төлбөрт чанарын шаардлага хангасан барилгын материал тооцон авахаар тохиролцсон. Гэвч худалдагч тал нь шийдвэрээсээ буцаж бэлэн мөнгө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бэлнээр төлөх тохиолдолд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлж болохоор тохиролцсон.Тохиролцооны дагуу АНУ-аас орж ирсэн 184,000,000 төгрөгийн үнэ бүхий RX450 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгөөр борлуулж, төлбөрийг төлөх гэтэл төлбөрийг хүлээн авахаас татгалзсан.

Нэхэмжлэгч нь төлбөрийг хүлээн авахаас татгалзаж, зориуд урт хугацааны алданги тооцон, нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлэх зорилготой байсан нь илэрхий. Гэрээний үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин алдангийн хэмжээг зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, эсхүл багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1,384,200 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 646,700 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 104,550 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Гэрээгээр тохирсон алдангийн хэмжээг шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн бодит байдалд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр, дур мэдэн 50,000,000 төгрөг болгон багасган шийдвэрлэн нэхэмжлэгч талд хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

4.б. Шүүхээс короновирусын халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэл бууруулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлбөрийн чадварт муугаар нөлөөлсөнтэй холбогдуулж алдангийг багасгаж байгаа гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчид олон зүйл санал болгосон. 150,000,000 төгрөгийн баримт байгаа. Нэхэмжлэгчийн хаан банкны данс руу мөнгийг шилжүүлэх гэтэл тус данс руу хийж болохгүй, данснаас мөнгийг зээл төлбөрт татчихна гэж хэлж байсан учраас орон сууц санал болгосон. 2 өрөө орон сууцыг авахгүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу 104,100,000 төгрөгийн алдангийн хэмжээг 50 хувь бууруулж 50,000,000 төгрөг болгож дүгнэсэн нь үндэслэлтэй. Миний үйчлүүлэгч гэрээний үүргийн харилцаатай холбоотой баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашиг, сонирхлыг зөрчиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Л.А-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөг, алданги 104,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаснаас хариуцагч алданги 54,200,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Д.Э- нь өөрийн өмчлөлийн 111111 тоот хаягт байршилтай, 167.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Л.А-ы өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 450,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Улмаар талууд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр төлөх хуваарийг өөрчилсөн нэмэлт гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Худалдагч Д.Э- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.А-д шилжүүлсэн, худалдан авагч Л.А- нь 200,000,000 төгрөгийг Д.Э-ад төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөг байгаа талаар талууд маргаагүй.

 

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг хариуцагч Л.А-аас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар Л.А-ы гэрээний үүргийн гүйцэтгэл, Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 54,200,000 төгрөгөөр багасгасныг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээг багасгах хуулийн зохицуулалт нь хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг багасгах эрхийг шүүхэд олгосон бөгөөд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийн үзэл баримтлал, зорилго, зохицуулалтад хамааралгүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/01844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР