Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 16

 

 

 

       Д.Гт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Гт холбогдох, 2035000000188 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Ц нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ....-ийн хамт Увс аймгийн .... сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х ургийн овогтой Д-гийн Г, /регистрийн дугаар: ........../,

Шүүгдэгч Д.Г нь Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Модон овоо гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Бын малаас иргэн Ц.Аийн  3 тооны, иргэн С.Бын 20 тооны хонь, нийт 23 тооны буюу олон тооны бог малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж, нийт 2’345’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Х ургийн овогт Д-гийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Гийг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Жгийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 400’000 төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулж улсын төсөвт оруулах,

Иргэн Б.Жгийн эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “  Намайг Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Модон овоо гэх нэртэй газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Бын малаас иргэн А-ийн 3 тооны хонь, С.Бын 20 тооны хонь,  нийт 23 тооны хонийг мотоцикл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл:

Би мөрдөн байцаалтын шатанд тэр айлын хонь тасарсан байсныг авсан гэж мэдүүлсэн нь учир дутагдалтай байгаагаа ойлгож гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаа. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Манайх ам бүл 4, 0-3 насны хоёр нялх хүүхэдтэй, залуу гэр бүл байгаа. Манайх хувьдаа 400 гаруй тооны малтай, би малын наймаа, худалдаа хийдэг байсан. Эхнэр маань бага ангийн багш ажилтай байгаа юм. Иймд залуу хүний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа бөгөөд хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас хасаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан.

Миний үйлчлүүлэгч Д.Г нь ял хүндэдсэн гэж үзэж гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын явцад Д.Г “хотондоо ойролцоо тасарсан байсан малыг авсан” гэдэг. Энэ нь эзэнгүй байсан гэдэг ойлголтыг төрүүлээд байгаа. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд “ойролцоо байсан малыг авсан, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурьтай оролцож байсан.

Яллах дүгнэлтэд прокурор яллагдагч Д.Гийн “би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгийг дурдсан байдаг. Иймд өмгөөлөгчийн зүгээс Д.Г нь үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс Д.Гт оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байх бөгөөд шүүхээс Д.Г нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэсгэх зорилгоор мотоцикл ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнэсэн. Мөн 23 тооны бог мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлсан хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь хохирлоо хуульд заасны дагуу төлж барагдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Иймд хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас хасаж хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Г нь “өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна, ийм учраас надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан байна

Шүүгдэгч анхан шатны шүүх дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэж мэдүүлсэн боловч гэмт хэрэг үйлдсэн аргаа хүлээн зөвшөөрдөггүй. Гэмт хэрэг үйлдсэн талаараа ярихдаа малаас тасраад үлдсэн байсан малыг авч явсан гэж хэлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн өөр зүйлчлэлээр зүйлчлэгдэхээр болдог.

Прокурорын зүгээс шүүгдэгч анхан шатны шүүхэд болон давж заалдах шатны шүүх дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа нөхцөл байдлыг нэр төдий гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг байдлаар хорих ялаа багасгуулах хүсэлт гаргаж байгаа хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, өөрийн гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд прокурорын санал болгосон хорих ялаас доошоо буюу 3 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах, ял хөнгөрүүлэх  үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2035000000188 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г  нь 2020 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн “Модон овоо” гэх газраас  С.Бын малын хотноос Ц.Аийн өмчлөлийн 3 тооны бог мал, хохирогч С.Бын өмчлөлийн 20 тооны бог мал, нийт 23 тооны бог мал буюу олон тооны малыг машин механизм /мотоцикл/ ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д  заасан гэмт хэргийн шинжид түүний үйлдэл хамаарч буйг тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Г нь “Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гийг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар түүнд гурван жил зургаан сар  хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.  

Давж заалдах шатны шүүхээс Д.Гт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид оногдуулсан  хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г нь бусдын мал хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хулгайлсан 23 тооны хонины 21 тооны хонийг зүсээр нь буцаан өгч, үлдэх 2 тооны / ачих явцад үхсэн гэх/ хонь болон эрлийн  зардалд нийт 1 сая 800 мянган төгрөгийг хохирогчид төлж, гэм хорыг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан гурван  жил зургаан сар хорих ялыг хоёр жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь шударга ёсны зарчимд харшлахгүй гэж үзэв.

Харин түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “Д.Гт оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй буюу  шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Гийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл Д.Гийн цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...Д.Гийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “... Д.Гийг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дугаар заалтын “...3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “... 2 жил  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Гийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ