Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овогт С-ын Б, Б ургийн овогт Д-гийн А нарт холбогдох эрүүгийн 2035001360184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С ургийн овогт С-ын Б, 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .............

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-гийн А, 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн ангийн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженер ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 7 дугаар сард Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газраас зөвшөөрөлгүйгээр 30.649 метр куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 6’055’261 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.А нь албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж С.Б-гийн өөрийн хууль бусаар бэлтгэсэн модноос Малчин сумын төвд иргэн Б.Б-ийн хашаанд буулгасан байсан 14 ширхэг модыг хууль ёсны болгох буюу түүний хууль бус эх үүсвэрийг далдлах зорилгоор иргэн Б.Б-ийн нэр дээр 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос мод бэлтгэх 094813 дугаартай эрхийн бичиг олгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр талууд эрүүгийн 2035001360184 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 10-13 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 14-30, 31-39 дүгээр хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 40-46 дугаар хуудас/, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарыг /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/, 094707 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбарыг /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/, мотоцикл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 60-62 дугаар хуудас/, модон хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 63-67 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /1 дүгээр хх-ийн 68-70 дугаар хуудас/, 14 ширхэг модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 81, 82-83 дугаар хуудас/, яллагдагч С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан малын хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг /1 дүгээр хх-ийн 89-90 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас, Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгийг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.А-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг /1 дүгээр хх-ийн 110-111, 112-113, 114-115 дугаар хуудас/,  гэрч Ч.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг /1-р хх-ийн 116-117, 118-119, 120-121 дүгээр хуудас/, гэрч Б.Г-оос мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг /1 дүгээр хх-ийн 122-123, 124-125 дугаар хуудас/, гэрч С.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаар шинжээчийн дүгнэлт, хавсралтыг /1 дүгээр хх-ийн 153-155 дугаар хуудас/, шинжээч М.Д-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 324 дугаар шинжээчийн дүгнэлтийг /1 дүгээр хх-ийн 167 дугаар хуудас/, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж С.Б-г яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг /1 дүгээр хх-ийн 176-179 дүгээр хуудас/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол, уг прокурорын тогтоолын дагуу гарсан 2020 оны 12 дугаар сарын 30 өдрийн шинжээчийн дүгнэлтийг /1 дүгээр хх-ийн 222-223, 224-227 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 140-143 дугаар хуудас/, гэрч Б.Г-оос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 144-145 дугаар хуудас/, Н.Б-аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 150-151 дүгээр хуудас/, гэрч Д.Ц-гоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 152-155 дугаар хуудас/, Ч.Б-ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 158-161 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 165-168 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А-гаас дахин гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 173-174 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж С.Б-г яллагдагчаар татсан прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг /2 дугаар хх-ийн 230-231 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Б-гаас яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 234 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж Д.А-г яллагдагчаар татсан тогтоолыг /2 дугаар хх-ийн 237-239 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.А-гаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч: Гэрч Б.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 140-141 дүгээр хуудас/, гэрч С.С-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /1 дүгээр хх-ийн 142-143 дугаар хуудас/, С.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолтыг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/, Малчин сумын Засаг даргын тодорхойлолтыг /1 дүгээр хх-ийн 209 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Б-гийн гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг /1 дүгээр хх-ийн 211-213 дугаар хуудас/, шүүгдэгч С.Б-гийн 2019 оны мал тооллогын А маягт /1 дүгээр хх-ийн 214-218 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгч С.Б-гийн хохирол төлсөн баримт зэргийг,

Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч: шүүгдэгч Д.А-г Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженерийн ажилд томилсон тушаалын хуулбарыг /2 дугаар хх-ийн 197 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А-гийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбарыг /2 дугаар хх-ийн 198-202 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А-гийн бакалаврын дипломын хуулбарыг /2 дугаар хх-ийн 206 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагааг /2 дугаар хх-ийн 248 дугаар хуудас/, Увс аймгийн автотээврийн төвийн албан бичгийг /3 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.А-г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг /3 дугаар хх-ийн 6 дугаар хуудас/, Увс аймгийн Малчин сумын Цалгар багийн Засаг даргын тодорхойлолтыг /3 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.А-гийн охины төрсний гэрчилгээний хуулбарыг /3 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А-гийн гэрлэлтийн баталгааны хуулбарыг /3 дугаар хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Х-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 225 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судалсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Б-гийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ганбаярын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би Малчин сумын “Цалгар” /2 дугаар/ багийн иргэн Б.Б гэх айл нэлээн урт тайрсан мод хашаандаа буулгасан байхаар нь тухайн үед би хяналт шалгалт хийж ороод модны гоожин байгаа талаар асуухад Б.Б байхгүй. Манай сумын хурлаар ороод надад мод бэлтгэх эрх олгогдсон байгаа би модоо түрүүлээд авсан бичгээ хийлгэж амжаагүй байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[1],

- Шүүгдэгч Д.Агийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “...2020 онд манай сумын Засаг дарга Б.Сайжрах, Байгаль орчны байцаагч У.Г, манай ойн ангийн дарга Ч.Б гурав сууж байгаад хэрэгцээний мод олгох айлуудын нэрсийг гаргасан. Тухайн үед би байгаагүй хөдөө ажлаар явсан байсан. ...Б.Б гэх хүнд мод бэлтгэх эрх олгогдсон. Гэхдээ тэр хүн эрхийн бичгээ авалгүй модоо бэлтгэж хашаандаа буулгасан байсан. Тухайн үед над руу бичиг авмаар байна гэхээр би хөдөө ажлаар явж байсан болохоор сүүлд 2020 оны 8 дугаар сарын 18-ны хэрэгцээний модны эрхийн бичгийг хийж өгсөн...” гэх мэдүүлэг[2],

- 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн “...2020 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд тус аймгийн Малчин сумын нутгаас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахаар хүмүүс өргөдлөө өгсөн. ...Тухайн цаасанд баг тус бүрээр мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл олгох хүмүүсийн нэрсийг бичсэн байх ба зөвшөөрөл олгох иргэдийн нэрсэнд Б.Б, С.Б буюу Бундгар нарын нэрс байгаа. С.Б гэгч нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр надаас 6 метр куб хэрэгцээний мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авсан бөгөөд модоо мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацаанд бэлтгэсэн байсан. ...Харин Б.Б нь надаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6 метр куб хэрэгцээний мод авах эрхийн бичиг авсан. Б.Б нь модоо хэзээ хэрхэн бэлтгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Би наад асуудлыг чинь асууж байна гэхэд Ч.Б-тэй уулзчихсан бичүүлээд авчих гэж хэлсэн гэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 07, 08-ны үед байх мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөр тушаасан өдрөөр нь мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Гэхдээ миний бичсэн мод бэлтгэх эрхийн бичгийг аваад Б.Б гэгч нь модонд яваагүй. Харин С.Б-гийн бэлтгэсэн модноос 14 ширхэг модыг ачаад хашаандаа авч ирээд буулгачихсан байсан. Өөрийнхөө мод гэж хэлчхээд тэрний бичиг баримт бүрдүүлэхээр авсан юм шиг байна лээ. Тийм учраас дараалал зөрж харагдаж байгаа юм аа... ” гэх мэдүүлэг[3],

- Гэрч Ч.Б-ийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Хэрэглээний мод авах тохиолдолд хэдэн метр куб мод авах талаар эрхийн бичигт бичиж, тайлбарлаж өгдөг. 6 метр орчим аль болох өөрийн боломжоор хэрэглээний мод авах талаар хэлдэг. Бид нар 8 метр куб мод нэг зил-130 загварын машин мод болдог талаар тайлбарлаж өгдөг. С.Б нь 6 метр куб мод бэлтгэх эрхийн бичгээр 30 метр куб мод бэлтгэж болохгүй. ...Хэрэглээний хуурай модыг цэвэрлэгээний огтлолоор ойгоос мод тайрч бэлтгэж болно. Гэхдээ талбайн тусгаарлалт хийсэн газраас мод бэлтгэх ёстой. Байгаль хамгаалагч Д.А унанги, цэвэрлэгээний ажил гэж бичсэн бол ойгоос босоо мод тайрсан нь эрхийн бичгийн заалттай тохирохгүй байна...” гэх мэдүүлэг[4],

- Гэрч Б.Г-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 03-04-ны үеэр цаг хугацааг тодорхой санахгүй байна Б /С.Б/ гэгч нь над руу яриад бэлтгэсэн мод ачаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хадам аав Б-ийн Бийн 93-28 УВХ улсын дугаартай цагаан өнгийн автомашинаар тус аймгийн Малчин сумын төвөөс М гэх хүний хамтаар яваад Сонгинотын хөндий гэх нэртэй газар явж байхад Бундгар гэгч нь хажуудаа нэг танихгүй залуутай тосч авсан. Бид нар Б-ын мод бэлтгэсэн гэх газарт очоод ойролцоогоор жар орчим зургаан метрийн урттай модыг нэг удаа ачаад Малчин сумын нэгдүгээр багийн төвд буулгасан. Бундгар гэгч нь жар гаруй модноос банз зүсүүлнэ гэж хэлээд арав гаруй модыг машинд ачиж өгч явуулсан бөгөөд би тухайн модыг н.М-ын хамт машиндаа ачаад сумын төв рүү оруулж ирээд хадам аав Б.Б-ийн хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг[5],

- Гэрч С.Б-ын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын эхээр цаг хугацааг тодорхой санахгүй байна. Манай төрсөн ах С.Б над руу гар утсаар яриад “мод ачиж, хашаа баримаар байна” гэж хэлсэн. Би ямар учиртай мод хэзээ бэлтгэсэн талаар асуухад төрсөн ах С.Б Малчин сумын иргэн Б.Б ахтай хамт хоёр машин модны гоожин авсан. Тэгээд мод бэлтгэсэн гэж хэлсэн. ...Бид нарыг намаржааны газарт буугаад хэд хоноод аймгаас хүмүүс ирээд мод шалгана гээд гар утсаар ярихаар 2020 оны 8 дугаар сарын 17, 18-ны үеэр С.Б ах бэлтгэсэн модоороо Малчин сумын 1 дүгээр багийн нутаг “Ган найтаг” гэх газарт өвөлжөөн дээрээ малын хашаа барьсан. Тухайн хашааг барихад нийтдээ дөч орчим зургаан метрийн урттай мод орсон. Тухайн модноос өөр ямар нэг мод үлдээгүй...” гэх мэдүүлэг[6],

- Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Уг дүгнэлтэд нэг шоо метр хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо нойтон шинэс модны үнэлгээгээр буюу 369’436 төгрөгөөр тооцож үнэлгээг гаргасан нь үндэслэлгүй байна. Бүх төрлийн хуурай нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ хоёрдугаар мужид 109’760 төгрөг байна. ...Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 65 ширхэг мод нь шинэс төрлийн мод байна. Мод нийтдээ 30.649 метр куб болж байна. Уг мод нь хуурай хэрэглээний мод байна. ... 30.649 метр куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 6’055’261 /зургаан сая тавин таван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг болж байна” гэх дүгнэлт[7],

- Гэрч Н.Б-ын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-ны үед буюу Улсын баяр наадмын дараа С.Б надтай уулзаад “та цахилгаан хөрөөтэй болохоор надад мод бэлтгээд өгөөч” гэж гуйсан. Би “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу?” гэж асуухад “мод бэлтгэх эрхийн бичиг байгаа” гэж хэлсэн. Би түүнд “хөлсөнд 40’000 төгрөг өгчих” гэхэд тэр зөвшөөрсөн тул би араас нь мотоциклоор Хар хөтөл гэх газарт очиж мод бэлтгэсэн. Хар хөтөл гэх газар С.Б бид хоёр нэг өдрийн дотор жар гаруй мод бэлтгэсэн. Би модыг тайрч унагаад дундуур нь 5-6 метрийн урттай хувааж өгсөн. ...Бид хоёр дандаа хуурай мод тайрч бэлтгэсэн...” гэх мэдүүлэг[8],

- Гэрч Ж.Э-гийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...С.Б нь 2020 оны 7 дугаар сард ойн нөөц ашигласны төлбөр хураамж төлсөн дүн нь хуулгаар харагдахгүй байна. Тэгэхээр С.Б нь мөнгө тушаагаагүй байна. ...С.Б 2020 оны 7 дугаар сард тушаагаагүй учраас 2020 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны сангийн яамны дансны хуулгыг харахад мөнгө тушаасан нь харагдахгүй байна...” гэх мэдүүлэг[9],

Шүүгдэгч С.Б-гийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Малчин сумын баяр наадмын дараа би мод бэлтгэх эрхийн зөвшөөрлийг 2020 оны 7 дугаар сарын 12-оос 14-ний хооронд байх сайн санахгүй байна тус сумын ойн ангийн инженер Д.А гэх залуугаас авсан... 2020 оны 7 дугаар сард би Д.А-гаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад маргааш нь тус сумын цахилгаан хөрөөтэй Энхээ /Н.Б/ гэх ахыг дуудаад Малчин сумын нэгдүгээр багийн нутаг Хар хөтөл гэх газраас хэрэглээний хуурай мод бэлтгэсэн. Энхээ ах хөрөөгөөр тайрч бэлтгэчхээд явчихсан. Би Энхээд мод бэлтгэсэн гэж 40’000 төгрөг өгсөн. Маргааш нь би Энхээгийн тайрсан модыг Хар хөтөл газрын уулнаас ганцаараа өөрийнхөө 10 настай халтар морийг ашиглан /хар өнгийн төмөр эмээлтэй байсан/ олсоор модыг чирч уулын бэлд машин ирэх газарт хураасан...” гэх мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 7 дугаар сард Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос шүүгдэгч С.Б зөвшөөрөлгүйгээр 30.649 метр куб хуурай шинэс мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 6’055’261 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

- Шүүгдэгч С.Б-гийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 30.649 метр куб шинэс мод нь хуурай мод болох нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[11], 2020 оны 10 дугаар сарын 10-нд модонд дахин үзлэг хийсэн “Уг мод нь 6 метр урттай, холтостой, зарим хэсэгтээ холтосгүй, хуурай, өмхгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хашаанд үзлэг хийсэн “...Нийт 51 ширхэг хуурай шинэс модонд үзлэг хийв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр[13] тус тус тогтоогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо метр бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээг 109’760 төгрөгөөр тогтоосон байна. Гэтэл шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт нойтон шинэс модны үнэлгээгээр буюу нэг шоо метр модыг 369’436 төгрөгөөр тооцож үнэлгээг гаргасан байх тул уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж зааснаар тус тус ойлгоно.

Шүүгдэгч С.Б-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 30.649 м3 хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 6’055’261 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.

Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /6’055’261₮х3/=18’165’783 /арван найман сая нэг зуун жаран таван мянга долоон зуун наян гурав/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /18’165’783₮ (хохирол, хор уршиг) - 6’055’261₮ (хохирол) =/ 12’110’522 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4’860’172 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1’195’089 төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар[14] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Б-гаас 12’110’522 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гаргуулах нь зүйтэй.

Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 78 дугаартай “Иргэн С.Б-гийн сумын ЗДТГ-ын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасагт ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг судлан үзэж хууль шүүхийн байгууллагаар тогтоогдсон төлбөрийг 2021, 2022 онд хэсэгчлэн төлж барагдуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг уламжилж байна” гэх албан бичгийг хэрэгт ирүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөх хугацааны талаар шүүгдэгч, хохирогч нар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.Б-гаас гаргуулах 12’110’522 төгрөгийн хор уршгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.А-гийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Г-ын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...Б.Б-ийн хашаанд 14 ширхэг мод байсныг очиж үзээд би Б.Б-ийн хүргэн Б.Г-оос “танай хашаанд байгаа 14 ширхэг мод ямар учиртай, хэн хаанаас бэлтгэсэн юм” гэж асуухад “С.Б ахын мод” гэж хэлсэн. Б.Г-той уулзчихаад Б.Б-тэй уулзаж 14 ширхэг модыг хэн хаанаас бэлтгэсэн талаар асуухад “миний мод, Хар хөтөлөөс бэлтгэсэн” гэж хэлэхээр нь би түүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад Б.Б “байхгүй, одоо ороод Малчин сумын ойн ангийн инженерээр бичүүлээд ирье” гэж хэлээд явсан. Удалгүй надтай ирж уулзаад “ойн ангид хүн байхгүй байна. Би мөнгийг нь банканд тушаачихлаа” гэж хэрэглээний модны 70’200 төгрөгийг тушаачихсан ирсэн. ...Сүүлд ойн ангийн инженер Д.А-гаар мод бэлтгэх эрхийн бичгийг нөхөж бичүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг[15],

- Гэрч Ч.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Д.А нь Б.Бэд Малчин сумын нэгдүгээр багийн нутаг Хар хөтөлөөс зургаан метр куб мод бэлтгэх зөвшөөрлийг 14 ширхэг модон дээр нөхөж бичиж өгсөн. Түүнээс биш Б.Б нь Малчин сумын нэгдүгээр багийн нутаг Хар хөтөлөөс зургаан метр куб мод бэлтгэх зөвшөөрлөөр мод бэлтгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[16],

- Гэрч Б.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...С.Б миний дүүг авсан хүргэн болох залуу учраас, мөн миний мал маллаж байгаа учраас зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү мод бэлтгэсэн асуудал яригдахаар нь өөрөө мод бэлтгэхгүйгээр эрхийн бичиг аваад өгье гэж бодож Д.А-гаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан” гэх мэдүүлэг[17],

- Шүүгдэгч Д.А-гийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Хяргас суманд ажилтай явж байтал Б.Б над руу залгаад “мод бэлтгэх эрхийн бичиг авна” гэж ярьсан. Би суманд очоод 2020 оны 9 дүгээр сарын эхээр бичиж өгсөн. Мөнгө тушаасан баримт нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэсэн огноо дугаартай байсан тул 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б-гийн 2020 оны 7 дугаар сард Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газраас зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн хуурай шинэс модноос гэрч Б.Б-д банз болгон зүсүүлж авахаар өгсөн 14 ширхэг буюу 1.57 м3 модыг хууль ёсны болгох зорилгоор гэрч Б.Б-д Увс аймгийн Малчин сумын нутаг Хар хөтөл гэх газрын ойгоос мод бэлтгэх 094813 дугаартай эрхийн бичиг 2020 оны 9 дүгээр сарын эхээр бичиж өгсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженерээр ажиллаж байхдаа шүүгдэгч С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн 14 ширхэг буюу 1.57 м3 модыг хууль ёсны болгох зорилгоор гэрч Б.Б-д мод бэлтгэх 094813 дугаартай эрхийн бичгийг 2020 оны 9 дүгээр сарын эхээр бичиж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон ...орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан” гэх шинжийг хангаж байна.

Албан тушаалтан гэж нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага болон Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны зэрэг байгууллагын албан хаагчийг ойлгоно. Малчин сум дахь сум дундын ойн анги нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд шүүгдэгч Д.А тухайн байгууллагад Ерөнхий инженерийн албан тушаалтай, төрийн үйлчилгээний албан хаагч болох нь Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженерийн ажилд томилсон тушаалын хуулбар[18], хөдөлмөрийн гэрээний хуулбар[19] зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлсон.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Ойгоос мод бэлтгэх журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүсэх бөгөөд хууль бусаар бэлтгэсэн модыг хууль ёсны болгох зорилгоор мод бэлтгэх эрхийн бичиг олгох үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Д.А-г хийх ёсгүй үйлдэл хийж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал шүүгдэгч Д.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “энэ гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч “шүүгдэгч С.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч “шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, залуу хүн алдах ёсгүйгээр алдсан гэдгээ ойлгож, маш их харамсаж байгаа, дөнгөж гэр бүлтэй болсон, дөнгөж нэг ойтой нялх хүүхэдтэй зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч С.Б-гийн хувийн байдлын талаар гэрч С.Сарантуяагийн “...Миний төрсөн ах С.Б нь төлөв даруухан зантай, эелдэг, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, тусархуу, өөрийн хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүн юм” гэх мэдүүлэг[20], Малчин сумын Засаг даргын тодорхойлолт[21], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[23] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч С.Б нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А-гийн хувийн байдлын талаар гэрч Б.Х-гийн “...Миний найз Д.А нь зан байдлын хувьд илүү дутуу зангүй, цовоо сэргэлэн зантай, эелдэг боловсон харилцаатай, ажилсаг, тусархуу, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, илэн далангүй нээлттэй, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, өөр ямар нэгэн муу зуршилгүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг[24], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[25], Малчин сумын Цалгар багийн Засаг даргын тодорхойлолт[26] зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн инженер ажилтай, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан ба энэхүү гэмт хэрэг үйлдсэн хүнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр ялаас чөлөөлөх боломжтой байна.

Шүүгдэгч С.Б-г мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус тогтоох үндэслэлтэй байна.

Улсын яллагч “хэрэгт С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн 14 ширхэг мод, 1 тооны морь, 93-28 УВХ улсын дугаартай автомашин зэрэг битүүмжлэгдсэн бөгөөд автомашины үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хурааж, улсын төсөвт шилжүүлэх. Түүнчлэн С.Б-гийн хууль бусаар бэлтгэж, хашаа барьсан 48 ширхэг шинэс модыг хураан авч битүүмжилсэн ба хавтаст хэрэгт модны үнийг тооцож гаргасан бөгөөд энэхүү үнэлгээгээр нь тооцож С.Б-гаас гаргуулж, улсын орлого болгох” гэх албадлагын арга хэмжээний саналыг гаргасан байна.

Прокуророос шүүгдэгч С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэх гэмт хэргийн шинжээр зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөн шинжээр буюу зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаас С.Б-г сонсгосон ялын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хууль бусаар мод бэлтгэсний дараа буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг тээвэрлэсэн үйлдэлд нь холбогдуулан албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл прокуророос ял сонсгоогүй, шүүхээс гэм буруутайд тооцоогүй үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчимд нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан арван настай морийг, төмөр бүүрэгтэй, модон хавтастай эмээл нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох арван дөрвөн ширхэг модыг, малын хашаа барьсан тавин нэгэн ширхэг модны үнэ болох 1’320’000 төгрөгийг шүүгдэгч С.Б-гаас тус тус хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 12’110’512 төгрөгийг нөхөн төлөхөд тэргүүн ээлжинд зарцуулах үндэслэлтэй байна.

93-28 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шүүгдэгч С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан малын хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох арван дөрвөн ширхэг модыг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан арван настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр бүүрэгтэй, модон хавтастай эмээл нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.А-гаас гаргуулах хохирол, хор уршиггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогт С-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б ургийн овогт Д-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн шүүгдэгч С.Б-г Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус тогтоосугай.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.А-д хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.А нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч С.Б, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох арван дөрвөн ширхэг модыг, малын хашаа барьсан тавин нэгэн ширхэг модны үнэ болох 1’320’000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан арван настай морийг, төмөр бүүрэгтэй, модон хавтастай эмээл нэг ширхгийг шүүгдэгч С.Б-гаас тус тус албадан гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

9. Шүүгдэгч Д.А-гаас гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 12’110’512 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

10. 93-28 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шүүгдэгч С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан малын хашааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох арван дөрвөн ширхэг модыг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан арван настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр бүүрэгтэй, модон хавтастай эмээл нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА

 

[1] 1 дүгээр хх-ийн 100-101 дугаар хуудас

[2] 1 дүгээр хх-ийн 110-111 дүгээр хуудас

[3] 1 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас

[4] 1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас

[6] 1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас

[7] 1 дүгээр хх-ийн 224-227 дугаар хуудас

[8] 2 дугаар хх-ийн 150-151 дүгээр хуудас

[9] 2 дугаар хх-ийн 171-172 дугаар хуудас

[10] 1 дүгээр хх-ийн 181-184 дүгээр хуудас

[11] 1 дүгээр хх-ийн 14-30 дугаар хуудас

[12] 1 дүгээр хх-ийн 31-39 дүгээр хуудас

[13] 1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас

[14] 1 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас

[15] 2 дугаар хх-ийн 140-141 дүгээр хуудас

[16] 2 дугаар хх-ийн 160-161 дугаар хуудас

[17] 2 дугаар хх-ийн 167-168 дугаар хуудас

[18] 2 дугаар хх-ийн 197 дугаар хуудас

[19] 2 дугаар хх-ийн 198-199 дүгээр хуудас

[20] 1 дүгээр хх-ийн 142-143 дугаар хуудас

[21] 1 дүгээр хх-ийн 209 дүгээр хуудас

[22] 1 дүгээр хх-ийн 199 дугаар хуудас

[23] 1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас

[24] 2 дугаар хх-ийн 225 дугаар хуудас

[25] 3 дугаар хх-ийн 6 дугаар хуудас

[26] 3 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас