Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2022/01841

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06        15                                                    182/ШШ2022/01841

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 24 Б байр, 33 тоот хаягт байрлах, “Сайхан төмөр” ХХК /ХЭРД:5459699/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ялалт плаза 1206 тоот хаягт байрлах,“Тэзү Констракшн” ХХК /ХЭРД:5942888/-д холбогдох,

 

“Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  73,388,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Давагням,

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Т.Отгонпүрэв,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

                                                                                                       

  ТОДОРХОЙЛОХ нь :

 

  1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

Манай компани нь *******-тай 2016 оны 05 сарын 25-ны өдөр 8 амины орон сууцны  цонх, хаалгыг металл болон хуванцар хийцээр үйлдвэрлэж, суулган өгөхөөр тохиролцож 42 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Цонх үйлдвэрлэх явцад нэмэлт 20 215 500 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга үйлдвэрлэх захиалга өгч нийт 62 215 500 төгрөгийн ажил хийхээр тохиролцсон. Энэ хугацаанд хариуцагч тал 2 160 000 төгрөгийн үнэ бүхий хашааны төмөр худалдан авсан байдаг. 

*******-ийн 8 блок хаус барилга нь Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслангийн Баянголын ам гэх газар баригдаж байсан.

Манай компани гэрээнд зааснаар цонх, хаалгыг чанартай гүйцэтгэж  *******-ийн 8 блок хаус барилгад суурилуулж  2016 оны 08 дугаар сар гэхэд бүрэн дуусгасан.

Ажил үүргээ гүйцэтгэж дуусгаад *******-иас төлбөрөө нэхэмжлээд эхэлтэл  энэ компани нь санхүүжилт байхгүй, эрх бүхий этгээдүүдийн утас холбогдохгүй, хариуцах эзэнгүй болж, улмаар 8 блок барилгын үйл ажиллагаа нь зогсож харуул хамгаалалтгүй, манаачгүй хаясан байдаг. Бид энэ хугацаанд компаний эрх бүхий этгүүдтэй цагдаа сэргийлэх гээд 2 жил гаран хөөцөлдсөөр ирсэн. 

Гэтэл 2018 онд *******-иас н.Ганбат гэдэг хүн утсаар яриад “эхэлсэн ажлаа дуусгаад өгөөч” гэхээр барилга дээр очиж хийсэн ажлаа үзтэл...манай 2016 оны 8 дугаар сард хийж дуусгасан цонх, хаалганууд нь маш ихээр тоногдож, эвдэгдсэн, зарим эд анги нь устсан байдалтай байсан. Барилгыг хариуцан бариулж байгаа н.Ганбаттай хаусны цонхыг шинээр дахин засварлахаар тохиролцож, уг ажлыг 18 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бид энэ ажлыг шинээр хийсэн учир нь дахин засварлахад урьд ашиглаж байсан цонхны сэлбэг хэрэгсийг  үйлдвэрлэхээ больсон, сэлбэг олдохгүй байсан тул амины орон сууцны цонх хаалгыг сольж шинээр хийж гүйцэтгэсэн юм.  Манай компани нь 8 блок барилгад нийт 74 ширхэг цонх, хаалга хийж гүйцэтгэсэн болох нь шинжээчийн 2 дүгнэлтээр тогтоогдож байгаа.

Ажил үүргээ дуусгасны дараа хүлээлгэж өгөх гэтэл хариуцагч компаниас ямар ч хүн хүлээж аваагүй, үүний улмаас устаж үрэгдсэн асуудлыг захиалагч өөрөө хариуцах үүрэгтэй.

2018 онд гүйцэтгэсэн ажил нь шинээр хийсэн ажил тул үндсэн гэрээний үнээс хасаж тооцно гэж байгааг зөвшөөрөхгүй, учир нь энэ ажлыг бид шинээр хийсэн. Давтан  шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд өөрийн биеэр оролцсон, энэ ажиллагаагаар 4 блок барилгын цонхыг өөр компаниар сольсон байгааг харсан, эдгээр цонхны үнэ нь гэрээний үнэ дээр бичигдсэн байгаа болно.

Хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүйгээс учирсан эрсдлийг захиалагч өөрөө  хариуцах үүрэгтэй тул түүний төлсөн 18 000 000 төгрөгийг хасаж тооцохгүй энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг хүлээн авахгүй.

2016 оны гэрээ байгуулах үед 2 160 000 төгрөгийн үнэ бүхий хашааны төмөр авсан хэдий ч төлбөрийг төлөөгүй тул үнийг нэхэмжилнэ. Хариуцагч  талд төмөр хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байгаа.

Гэрээний 6.3-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.01 хувиар алданги тооцно гэж заасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хугацаанд алданги тооцож бодоход 9 012 000 төгрөгийг гаргуулна.

Иймд  *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 42 000 000 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын үнэ 20 215 500 төгрөг, хашааны төмрийн үнэ 2 160 000 төгрөг, алданги 9 012 500 төгрөг, нийт 73 388 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Миний бие нь *******-ийн гүйцэтгэх захирлаар  2020 оны 04 дүгээр сараас эхлэн ажиллаж байна. *******-тай 2016 оны 6 сард бичгээр гэрээ байгуулж 8 блок барилгад 42 000 000  төгрөгийн цонх, хаалгыг хуванцар, металаар хийхээр тохирсон гэдгийг зөвшөөрч байгаа. Харин нэмэлтээр 20 215 500 төгрөгийн цонх, хаалга хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй хагас дутуу орхиод явсан, хийж гүйцэтгэсэн гэх ямар ажлыг хэзээ хэнд хүлээлгэн өгсөн талаар акт бичиг баримт үйлдээгүй байдаг. Ингээд 2018 онд эргэж холбогдоод дутуу үлдээсэн ажлыг нь гүйцэтгүүлээд 42 сая төгрөгийн гэрээний үнийн дүнгээс 18 сая төгрөгийг төлсөн. 2 талын гэрээнд заасан зүйл хэсэг болон Барилгын тухай хуулиар ажил гүйцэтгэгч нь 3 жилийн баталгаат хугацаанд доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй өөрөөр хэлбэл энэ хугацаанд засвар үйлчилгээ өөрийн зардлаар  хийх үүрэгтэй.

*******-ийг цонх үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй гэдгийг хэргийн явцад мэдсэн бөгөөд ажил гүйцэтгэгчийн чанар стандартын шаардлага хангаагүй хийж гүйцэтгэсэн зарим ажлыг өөр компаниар хийлгэж, цонхнуудыг солисон байдаг. Иймд 42 сая төгрөгийн гэрээний үнийн дүнгээс 18 сая төгрөгийг төлсөн. Чанаргүй ажил гүйцэтгэсэн тул үлдэгдэл үнийн дүнгийн тавин хувиар тооцож төлөхийг зөвшөөрнө.

Хашааны төмрийн үнэ нэхэмжилсэн байдаг, энэ төмрийн хэзээ хэнд хүлээлгэн өгсөн талаар баримтгүй тул зөвшөөрөхгүй мөн гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт:Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,компанийн дүрэм, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16/030 дугаарт “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Мон-Сэнд” үйлдвэр цонхны материалын тооцоо, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “Зарлагын баримт” /хх3-12/

 

4.Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Я063 дугаарт “Түрээсийн гэрээ”-ний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,  2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн орлогын мэдүүлэг, “Тэзү констракшн” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Кассын зарлагын ордер”, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Шилжүүлгийн мэдээлэл”, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Шилжүүлгийн мэдүүлэг”, 5063229328 тоот дансны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүртэлх “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”,  2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн “Орлогын мэдүүлэг”,  Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2330 дугаарт “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Зарлагын баримт” /хх22-25, 36-40,60-66/

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 190504357 дугаарт хэргээс гэрчийн мэдүүлэг, Барилгын Хөгжлийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”, Барилгын Хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт” /хх99-122, 183-191/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 42 000 000 төгрөг, нэмэлт гэрээний 20 215 500 төгрөг, алданги 9 012 500 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үнэ 2 160 000 төгрөг, нийт 73 388 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлохдоо... *******-тай ажил гүйцэтгэх гэрээ бичгээр болон нэмэлтээр байгуулж нийт 62 251 500 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга үйлдвэрлэж суулгасан...мөн 2 160 000 төгрөгийн хашааны төмөр худалдсан.

Захиалагч гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй тул түүнээс учирсан хохирлыг өөрөө хариуцах үүрэгтэй...2018 оны 06 сард уг барилгад цонх хаалгыг шинээр хийж гүйцэтгэсэн тул энэ ажлын хөлс 18 000 000 төгрөгийг үндсэн гэрээний үнийн дүнгээс хасаж тооцохгүй...бичгээр байгуулсан гэрээний үнэ 42 000 000 төгрөг, нэмэлтээр хийсэн 20 215 500 төгрөг, ажлын хөлс хугацаанд төлөөгүй алданги 9 012 500 төгрөг, хашааны төмрийн үнэ 2 сая төгрөг, нийт  73 388 000 төгрөг гаргуулна,

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...42 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж үүнээс 18 000 000 төгрөгийг төлсөн...ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй,  2018 оны 06 сард дутуу ажлаа хийж гүйцэтгэсэн, шинэ ажил гүйцэтгүүлээгүй...чанарын шаардлага хангаагүй ажлыг нь өөр компаниар гүйцэтгүүлсэн тул үлдэх төлбөрийг 50 хувиар бууруулна...гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул алданги шаардах эрхгүй,  хашааны төмөр хүлээн авсан баримтгүй тул төлөхгүй гэжээ.

 

3. ******* ажил гүйцэтгэгч талыг, ******* захиалагч талыг төлөөлөн захиалагчийн эзэмшлийн шинээр баригдаж буй Найрамдал вилла хотхоны 8 тооны орон сууцны барилгад 1500х1600=24ширхэг, 3000х1600=8 ширхэг, 2200х900=8 ширхэг цонх хаалгыг хуванцар материалаар, 4200х2300=8 ширхэг цонхыг металл материалаар 42 000 000 төгрөгөөр үйлдвэрлэж, суулгаж өгөхөөр 2016 оны 05 сарын 25-ны өдөр бичгээр гэрээ байгуулжээ. 

Мөн уг гэрээнд нэмэлтээр 230х400=4 ширхэг, 155х100=4 ширхэг порчик,цонхыг металаар,   150х160=8 ширхэг, 80х160=8 ширхэг, 90х220=3 ширхэг порчик, цонх, хаалгыг хуванцар материалаар 20 215 500 төгрөгөөр үйлдвэрлэж суулгахаар тохирсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр талуудын хооронд бичгээр байгуулсан болон нэмэлтээр хийсэн ажлын гүйцэтгэлийн хэмжээг тогтоох зорилгоор Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь   2022 оны 04 сарын 11-ний өдрийн дүгнэлтэд

...Найрамдал вилла хотхоны амины орон сууцны барилгад метал рамтай болон хуванцар рамтай цонх, хаалга хийсэн хэмжилтийн үр дүнд 1-4 блокны нийт 48 цонхыг бүрэн угсарч, нэмэлтээр 7 дугаар блокны 8 цонх, 2 хаалга, 8 дугаар блокны 4 цонх, 1 хаалга, нийт 63 цонх хаалгыг угсарч суурилуулсан байна.

...Захиалагч байгууллага нь 1,2,7 дугаар блок барилгын 2 дугаар давхрын нийт 8 цонх, 7 дугаар блокын 1 давхрын 1 цонх, 2 дугаар давхрын 1 цонх, 1 хаалга, нийт 11 цонх, хаалгыг  гуравдагч байгууллагаар сольж угсарсан байна гэжээ.

 

4. Дээрх нотлох баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

5. Зохигч талууд хэргийн үйл баримт болон гэрээний зүйлийн тоо хэмжээ үнэ, төлбөр төлсөн эсэх,  ажлын үр дүн хүлээлгэн өгсөн хүлээн авсан эсэх талаар, гүйцэтгэсэн ажлын чанар байдал зэргээр бүхэлд нь маргаж байх хэдий ч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Нэхэмжлэгч *******  хариуцагч *******-ийн 8 блок амины орон сууцанд нийт 74 тооны цонх, хаалга хийж гүйцэтгэсэн болох нь  Барилгын хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн  2022 оны 04 сарын 11-ний өдрийн дүгнэлт  болон талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд заасан 48 хаалга цонх, нэмэлтээр байгуулсан гэрээний хавсралтад заасан 27 хаалга цонх, нийт 75 тооны хаалга цонхны тоо хэмжээтэй тохирч байгаагаар мөн нэхэмжлэгч талын  тайлбар, хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлсэн С.Сарантуяагийн мэдүүлэг болох бичмэл баримтаар тус тус нотлогдож байх тул талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь  74 тооны хаалга, цонх буюу гэрээний нийт үнийн дүн  62 215 500 төгрөг гэж дүгнэлээ.

 

5.2.  Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, ажил гүйцэтгэгчтэй хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байдаг бөгөөд эхний ээлжинд ажлын үр дүн бий болж үр дүнг захиалагч хүлээн авсаны дараа хөлс төлөх үүрэгтэй байна.

 

5.2.1. Талуудын байгуулсан гэрээний 5.2-д “гэрээнд гарын үсэг зурсан үеэс эхлэн гүйцэтгэгч тал хуванцар цонх, хаалганы ажлыг эхлэх ба захиалагч ажлыг хүлээн авч актанд гарын үсэг зурснаар 2016 оны 07 сард гэрээний төлбөрийг бүрэн барагдуулж дуусгахаар тохиролцсон” гэжээ.

 

5.2.2. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 350.1.8-д “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй”... “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдахад зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж, тээврийн хөлс г.м/ хариуцана” гэж, 351 дүгээр зүйлийн 351.1.2-д “ захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” гэж ...351.2 “ захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлыг үр дүнг хүлээн авсан гэж тооцно” гэж   тус тус заажээ.

 

5.2.3. Зохигч талууд ажлын үр дүнг хэн алины буруутай ажиллагааны улмаас хүлээлгэн өгөөгүй, хүлээн аваагүй гэж маргаж байх хэдий ч шүүх хуралдаанаар хэлэлцсэн  бичмэл нотлох баримт болох

 

- Г.Мягмаржамцын... Г.Нандинцог, Ш.Алтангэрэл нарын хамтаар *******-ийн байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд 1 га газар дээр 8 блок 16 айлын барилгын ажил эхлүүлсэн...2016.05.25-нд *******-тай барилгын цонх хийлгэхээр 42 000 000 төгрөгийн гэрээ байгуулж цонх хаалга хийхээр тохирсон...******* цонхны ажлаа дутуу хийсэн...манай барилгын ажил санхүүгийн хүнд байдлын улмаас хугацаандаа дуусаагүй... бид 42 000 000 төгрөг өгөөгүй...2018 онд дутуу ажлаа гүйцээж хийсэн... гэх,

-Г.Ганбатын ...2018 оны хавар *******-ийн захирал Тогмидтой уулзаад барилгаа үргэлжлүүлэн барих гэж байгаа...үлдсэн цонхны дутуу ажлаа гүйцээгээд өгөөч гэхэд зөвшөөрч, хүмүүсээ явуулсан ...гэх,

-Ш.Алтангэрэлийн...Г.Мягмаржамц, Г.Нандинцог нарын хамт *******-ийн байгуулж, захиралаар ажиллаж байсан. Манай компани Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын аманд 1 га газар дээр 8 блок 16 айлын барилгын ажил эхлүүлсэн... 2016.05.25-нд *******-ийн захирал Тогмидтой уулзаж 8 хаусны цонхыг 42 000 000 төгрөгөөр хийхээр тохирсон төлбөрөө төлөөгүй байгаа...уг ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан акт байхгүй...2018 онд цонхыг дахиж хийлгэсэн байсан...2020 оны 04 сард компанийг Ганзоригт шилжүүлж өгөхдөө цонхны өр төлөх талаар хэлсэн...гэх,

-С.Сарантуяагийн...Миний бие *******-д борлуулалтын менежир хийдэг байсан...2016 оны 05 сард Найрамдал зуслангийн орчимд барьж байгаа хаусны цонх хийлгэхээр захирал Тогмидтой уулзаад 20 215 500 төгрөгийн цонхны тооцоо дахин бодуулж авсан. Монд сэнд үйлдвэр нь манай компаний сэндэвчний үйлдвэр гэх,

-Ш.Ууганбаярын ...Миний бие 2016 оны 05 сард *******-ийн вакуум цонх дээр ажиллаж байсан...Найрамдал зуслангийн наана баригдсан 8 хауснд нийт 72 ширхэг цонхны хоосон рам суулгасан...2018 оны 06 сард захирал Тогмид 8 барилгад дахин засварлах хэрэгтэй байна гэхээр нь ажилласан ...энэ үед бидний өмнө нь хийсэн байсан метал болон хуванцар цонхнууд шилгүй, сэнсэрч эвдэрсэн, нугаснууд салсан зэргээр маш их эвдрэлтэй байсан...хуванцар цонхыг бүрэн засварласан, металл цонхны загвар хуучирсан тул материалууд олдохгүй байсан... өөр компани хийж байгаад дутуу орхисон 2 байшингийн 12 цонхыг бүрэн хийсэн гэсэн...гэх мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох нийт 74 тооны цонх хаалга үйлдвэрлэж суулгасан гэх ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэг болон нөгөө талаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн хүлээн авах үүргээ гэрээ болон хуульд зааснаар тус тус биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

5.2.4. Харин талуудын гэрээнээс үзэхэд ажлын үр дүн нь ажил гүйцэтгэгчийн материалаар гүйцэтгэсэн байх тул ажлын үр дүн захиалагчид очих хүртэл хугацаанд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар ажил гүйцэтгэгчийн өмчлөлд байх бөгөөд гэрээний үр дүн бий болоогүй байхад устсан гэмтсэн эрсдэл болон доголдолтой гүйцэтгэсэн ажлыг  гүйцэтгэгч хариуцах үүрэгтэй байна. 

 

5.2.5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар  “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

 

5.2.6. Иймд гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сард тухайн барилгад хийж гүйцэтгэсэн ажил нь түүний 2016 оны 06 дугаар сард гүйцэтгэсэн ажлын устсан гэмтсэн, үр дүнгийн доголдлыг арилгах ажиллагаа байх тул уг ажиллагааны зардлыг ажил гүйцэтгэгч өөрөө хариуцахаар байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс тухайн ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

 

5.2.7. Гэрээний талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар акт бичиг баримт үйлдээгүй хэдий ч гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сард ажлыг гүйцэд хийж, урд хийсэн доголдлыг арилгаснаар захиалагч хөлс хөлс төлөх үүрэг үүссэн бөгөөд захиалагч нь энэхүү үүргээс 2018.05.17, 2018.09.19-ний өдөр 18 000 000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна.

 

5.2.8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний төлбөр 62 215 500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 18 000 000 төгрөгийг хасаж 44 215 500 төгрөгийг шаардах эрхтэй байна. 

 

6. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ.

 

6.1. Гэрээний 2.2-т “техникийн шаардлага хангасан” байдлаар хийхээр заасан хэдий ч шинжээчийн дүгнэлтэд “цонх хаалганы техникийн үзүүлэлтийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлсон баримтгүй” гэж дурдсан мөн  “1,2,7 дугаар блок барилгын 2 дугаар давхрын нийт 8 цонх, 7 дугаар блокын 1 давхрын 1 цонх, 2 дугаар давхрын 1 цонх, 1 хаалга, нийт 11 цонх, хаалгыг  гуравдагч байгууллагаар сольсон” нь гэсэн дүгнэлтээс үзэхэд уг 11 тооны цонх хаалга нь чанарын шаардлага хангаагүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

6.2. Иймд ажил гүйцэтгэгч дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул уг 11 тооны цонх хаалганы үнийг нэхэмжлэх эрхгүй байх бөгөөд эдгээр эд зүйлийг үнийг дараах байдлаар тодорхойлох нь зүйтэй байна.

 

6.3. Шинжээчийн дүгнэлтэд чанаргүй гүйцэтгэсэн хаалга, цонхны хэмжээг тусгайлан тэмдэглэсэн, энэ хэмжээ нь талуудын нэмэлт гэрээнд тусгасан хэмжээтэй тохирч байгаа мөн гэрээнд эд зүйлийн үнийг тодорхой тусгасан байх тул 11 тооны хаалга цонхны үнийг гэрээнд зааснаар  4200х2300 харьцаатай хуванцар цонхыг нэг бүрийн үнэ  285000 төгрөг 8 ширхэг 2280000 төгрөг, 2200х900 харьцаатай хуванцар хаалга нэг бүрийн үнэ 225000 төгрөг, 1500х1600 харьцаатай цонх нэг бүрийн үнэ 225000 төгрөг 2 ширхэг 450000 төгрөг, нийт 2 955 000 төгрөгийг хариуцагчийн төлөх 44 215 500 төгрөгийн үүргээс хасаж тооцох үндэстэй гэж үзлээ. 

 

7. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үнийг бүрэн төлөөгүй учраас гэрээний 6.3-д  “гүйцэтгэгч нь захиалгаа гэрээгээр баталгаажсан хугацаанд дуусаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар алданги төлнө” гэж заасныг үндэслэн 9 012 000 төгрөгийн алданги шаардсан.

 

7.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заажээ. 

7.2. Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөртэй хэлцэл тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардахын тулд ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр шаардах эрх үүснэ. Харин гүйцэтгэгч ******* нь гэрээнд заасан хугацаанд үр дүн хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

8.1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-ид 2016 оны 06 сарын 06 өдөр 2160 000 төгрөгийн үнэ бүхий хашааны төмрийг хүлээлгэн өгсөн болох нь зарлагын баримтаар тогтоогдож байх тул хариуцагч худалдан авсан эд хөрөнгийг үнийг төлөх үүрэгтэй байна.  Хариуцагч тал худалдсан төмрийг хүлээн аваагүй гэх тайлбар гаргаж байгаа боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

9. Шүүхийн зардал: Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2020.09.18-ны өдрийн 182/ШЗ2020/09363 тоот захирамжаар Барилгын хөгжлийн төвийг  шинжээчээр томилсон. Шинжээч нь 2021 оны 02 сарын 04-ний өдрийн дүгнэлт гаргаж, ажиллагааны  зардалд 62 000 төгрөгийн нэхэмжлэлийг ирүүлсэн байдаг.  /хх109/

9.1. 2021.06.15-ны өдрийн шүүх хуралдаанаар шинжээч дүгнэлт гаргах ажиллагаанд хариуцагч талыг оролцуулаагүй тул дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Барилгын хөгжлийн төвийн шинжээч М.Батчимэг, Ц.Цэрэнбадам нар нь 5 хоногийн хугацаанд ажилласан ажиллагааны зардалд 3 090 000 төгрөгийн нэхэмжлэлийг ирүүлсэн байна. /хх190/  Иймд шинжээчийн 2022.04.11-ний өдрийн зардал үндэслэлтэй байх тул хуульд зааснаар зохигч талуудад хуваан хариуцуулах нь зүйтэй.

 

9.2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ: Тус шүүхийн шүүгчийн 2020.09.18-ны өдрийн 182/ШЗ2020/09362 тоот захирамжаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ нь хуульд зааснаар хэвээр үргэлжилнэ.  Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 350.1.8, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******-иас 43 420 500 төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29 967 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал *******-иас 1 545 000 төгрөг, *******-иас 1 545 000 төгрөг тус тус гаргуулж Барилгын хөгжлийн төвд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 524 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 375 052 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.18-ны өдрийн 182/ШЗ2020/09362 тоот захирамжийн арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОН