Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01760

 

 

 

 

 

 

 

 

 

С-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/01841 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 73,388,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: С-ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Т- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслангийн Баянголын ам гэх газар баригдаж буй 8 амины орон сууцны цонх, хаалгыг металл болон хуванцар хийцээр үйлдвэрлэж, суулгах ажлыг 42,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Цонх үйлдвэрлэх явцад нэмэлтээр 20,215,500 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга үйлдвэрлэх захиалга өгч нийт 62,215,500 төгрөгийн ажил хийсэн. Бид 2016 оны 08 дугаар сар гэхэд гэрээнд зааснаар цонх, хаалгыг чанартай гүйцэтгэж, суурилуулж бүрэн дуусгасан боловч хариуцагч компаниас ажлыг хүлээж аваагүй, үүний улмаас устаж үрэгдсэн асуудлыг захиалагч өөрөө хариуцах үүрэгтэй. 2018 онд Т- ХХК-аас э.Г-гэдэг хүн утсаар яриад эхэлсэн ажлаа дуусгаад өгөөч гэхээр нь барилга дээр очсон. Гэтэл манай хийж дуусгасан цонх, хаалганууд нь маш ихээр тоногдож, эвдэрсэн, зарим эд анги нь устсан байдалтай байсан. Ингээд н.Г-ын хүсэлтээр дахин 18,000,000 төгрөгийн ажлыг шинээр хийж гүйцэтгэсэн. Бид 8 блок барилгад нийт 74 ширхэг цонх, хаалга хийж гүйцэтгэсэн нь шинжээчийн 2 дүгнэлтээр тогтоогдсон.Давтан шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд өөрийн биеэр оролцсон, энэ ажиллагаагаар 4 блок барилгын цонхыг өөр компаниар сольсон байгааг харсан, эдгээр цонхны үнэ нь гэрээний үнэ дээр бичигдсэн болно. Гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүйгээс учирсан эрсдлийг захиалагч өөрөө хариуцах үүрэгтэй тул түүний төлсөн 18,000,000 төгрөгийг хасаж тооцохгүй. Талуудын байгуулсан гэрээний 6.3-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.01 хувиар алданги тооцно гэж заасан. Хариуцагч тал манайхаас 2,160,000 төгрөгийн үнэ бүхий хашааны төмөр худалдан авсан.

Иймд Т- ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 42,000,000 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын үнэ 20,215,500 төгрөг, хашааны төмрийн үнэ 2,160,000 төгрөг, алданги 9,012,500 төгрөг, нийт 73,388,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга: С- ХХК-тай 2016 оны 06 дугаар сард бичгээр гэрээ байгуулж, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалгыг хуванцар, металлаар хийлгүүлэхээр тохирсон гэдгийг зөвшөөрнө. Харин нэмэлтээр 20,215,500 төгрөгийн цонх, хаалга хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй хагас дутуу орхиод явсан, хийж гүйцэтгэсэн гэх ямар ажлыг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдээгүй байдаг. Ингээд 2018 онд эргэж холбогдоод дутуу үлдээсэн ажлыг нь гүйцэтгүүлээд гэрээний үнийн дүнгээс 18,000,000 төгрөгийг төлсөн. 2 талын гэрээнд болон Барилгын тухай хуулиар ажил гүйцэтгэгч нь 3 жилийн баталгаат хугацаанд доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй. С-ХХК нь цонх үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн бөгөөд ажил гүйцэтгэгчийн чанар стандартын шаардлага хангаагүй хийж гүйцэтгэсэн зарим ажлыг өөр компаниар хийлгэж, цонхнуудыг сольсон. Иймд 42,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүнгээс 18,000,000 төгрөгийг төлсөн. Чанаргүй ажил гүйцэтгэсэн тул үлдэгдэл үнийн дүнгийн тавин хувиар тооцож төлөхийг зөвшөөрнө.

Хашааны төмрийг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн талаар баримтгүй тул зөвшөөрөхгүй, мөн гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7, 350.1.8, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т- ХХК-аас 43,420,500 төгрөг гаргуулж С-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,967,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал Т- ХХК-аас 1,545,000 төгрөг, С-ХХК-аас 1,545,000 төгрөг тус тус гаргуулж Барилгын хөгжлийн төвд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 524,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 375,052 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зарчмын хувьд зөв шийдвэр гаргасан боловч чанаргүй хийж гүйцэтгэсэн цонхны үнийг манай байгууллагад төлөх үнийн дүнгээс хасахдаа 1 м.кв үнэ, цонхны үнийг андуурч, үнийг буруу тооцоолж хэргийг шийдвэрлэсэн тул гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт цонхыг үүргээс хасаж тооцох нь үндэслэлтэй гэж тусгасан. 4200x2300 хэмжээтэй хуванцар цонхны 1 м.кв-ын үнэ нь 285,000 төгрөг, нийт 22,024,800 төгрөг. 2200х900 харьцаатай хуванцар хаалганы 1 м.кв-ын үнэ 225,000 төгрөг, нийт үнэ 445,500 төгрөг. 1500х1600 харьцаатай цонхны 1 м.кв-ийн үнэ нь 225,000 төгрөг, нийт үнэ 1,080,000 төгрөг буюу нийт 23,550,300 төгрөгийг манай компанид төлөх 44,215,000 төгрөгөөс хасч тооцохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 43,420,500 төгрөг гэснийг 22,825,200 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас цонхны м.кв үнэтэй холбоотой асуудлаар маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч С-ХХК нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 62,215,500 төгрөг, алданги 9,012,500 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, нийт 73,388,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 016/030 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2330 дугаартай тогтоол, шинжээч Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Найрамдал вилла хотхонд С-ХХК-ийн хийсэн ажил гүйцэтгэл, ажлын доголдлын талаарх дүгнэлт, Баянгол дүүргийн прокурорын газраас гаргуулсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн захиалагч Т- ХХК, гүйцэтгэгч С-ХХК нарын хооронд 62,215,500 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн заасантай нийцсэн байна. Энэ үйл баримтад талууд маргаангүй.

4.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүргийг ажил гүйцэтгэгч хүлээхээр заажээ. Талууд гэрээний 5.2-т захиалагч тал ажлыг хүлээн авч актад гарын үсэг зурснаар гэрээний төлбөрийг бүрэн барагдуулж дуусгахаар тохирсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

С-ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сард ажлаа гүйцэтгэсэн, Т- ХХК хүлээж аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хэрэгт авагдсан ХААН банк ХХ-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзээд С-ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ 2018 оны 8 дугаар сард хүлээлгэж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ хугацаанаас ажлын хөлсөө төлөхийг шаардах эрх үүссэн гэж зөв дүгнэсэн. Хариуцагч Т- ХХК ажлын хөлсөнд 18,000,000 төлж, үлдэх ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байх тул /хх37-40, 111-122/ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүрэг болох 44,215,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5.Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд захиалагч байгууллагын зүгээс гуравдагч этгээдээр солиулж шинэчилсэн хуванцар рамтай цонх хаалганы хэмжилтийн үр дүнг хүснэгтээр харуулж, тайлбар хэсэгт 1, 2, 7, 8 дугаар блок барилгын 2 давхрын нийт 8 ширхэг цонх, 7 дугаар блокын 1 давхрын 1 ширхэг цонх, 2 давхрын 1 ширхэг цонх, 1 ширхэг тагтны хаалга нийт 11 ширхэг цонх хаалгыг дахин сольж угсарсан гэж тэмдэглэсэн байна. Уг хэмжилтийг нэхэмжлэгч, хариуцагч талын төлөөлөгч нар зөвшөөрч, гарын үсэг зуржээ. /хх-186/ Шүүх дээрх дүгнэлтийг үндэслэн хариуцагч Т- ХХК-ийн доголдол арилгасан зардлыг нэхэмжлэгчийн төлөх төлбөрөөс хасч тооцсон нь зөв боловч тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Талууд гэрээгээр 4200 х 2300 харьцаатай хуванцар цонхны 1 м.кв-ийн үнийг 285,000 төгрөгөөр, 1500 х 1600 харьцаатай хуванцар цонхны 1 м.кв-ийн үнийг 225,000 төгрөгрөөр, 2200 х 900 харьцах хуванцар хаалганы 1 м.кв-ийг 225,000 төгрөгөөр тус тус тооцохоор харилцан тохиролцсон, энэ талаар маргаангүй.

Үүний дагуу доголдол арилгасан зардлыг тооцвол 4200 х 2300= 9.2 м.кв х 285,000 төгрөг=2,622,000 х 8 ширхэг= 20,976,000 төгрөг, 1500х 1600 харьцаатай хуванцар 2 цонхны үнэ 1,080,000 /2.4 м.кв х 225,000 х 2/ төгрөг, 2200 х 900 харьцаатай хуванцар хаалганы үнэ 445,500 төгрөг /1,98 м.кв х 225,000 төгрөг/ нийт 22,501,500 төгрөг байна. Уг үнийг хариуцагч Т- ХХК-ийн төлөх төлбөрөөс хасч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,874,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С-ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.

6.Анхан шатны шүүх алдангийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо буруу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай гэж үзлээ.

Гэрээний 6.3-т гүйцэтгэгч нь гэрээгээр баталгаажсан хугацаанд дуусаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги төлнө гэсэн талуудын тохиролцоо нь С-ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд хамааралтай байна. Иймээс нэхэмжлэгч нь уг заалтыг үндэслэн алданги тооцон хариуцагчаас шаардах эрхгүй.

7.Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,160,000 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор зарлагын баримтыг шүүхэд гарган өгсөн байна. /хх-12/ Хариуцагч тал төмрийг хэнд, хэзээ хүлээлгэж өгсн талаар баримтгүй гэж тайлбарлан, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийг татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн дээрх шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээнэ.

Харин Улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн зардлыг хуваарилан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв баримтлаагүй алдааг залруулна.

Давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/01841 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т- ХХК-аас 23,874,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С-ХХК-д олгож, үлдэх 49,514,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар шинжээчийн зардал 3,090,000 төгрөгийн 1,545,000 төгрөгийг Т- ХХК-аас, 1,545,000 төгрөгийг С-ХХК-аас тус тус гаргуулж Барилгын хөгжлийн төв-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 524,890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т- ХХК-аас 277,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С-ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т- ХХК-аас төлсөн 375,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД