Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  “Р” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00526 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Р” ХК-ийн хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 37 920 000 төгрөг, алданги 18 960 000 төгрөг, хариуцагч компанийн захирлыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 56 950 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-н илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНГ-05/02-09 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, манай компаниас 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бетон зуурмаг худалдан авсан. Бид бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн. Харин “Э” ХХК бүтээгдэхүүний төлбөрөөс 37 920 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөрт 37 920 000 төгрөг, алдангид 14 599 200 төгрөг, нийт 52 519 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл тооцоог 37 920 000 төгрөг гэж нийлсэн, уг актад “Э” ХХК-ийн тамга дарагдсан. Иймд үед компанийн нягтлан бодогч хэн байхаас үл шалтгаалаад хуулийн этгээдийн тамгыг төлөөлөх эрхтэй этгээд нь дарсан тул хүчинтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед тухайн хаягтаа байхгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж “Э “ХХК-ний захирал Л.Г-ийг эрэн сурвалжлуулах шийдвэр 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 56 950 200 төгрөг гэж нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 20-ны дотор уг төлбөрийг бүрэн төлж барагдуулж өмчлөлдөө авсан. Тооцоо нийлсэн актад 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэж байгаа боловч нотариат дээрээ 6 дугаар сарын 20 гэсэн байгаа тул хуурамч баримт юм. Энэ баримт дээр байгаа тоо 6-ийн тоо шиг харагдаж байна. Төлбөрөө бүрэн төлж байж бүтээгдэхүүнийг авна гэсэн тул төлбөрийг бүгдийг төлсөн. Тооцоо нийлсэн актад н.Солонго гэж гарын үсэг зурсан байдаг, н.С-ийн  тушаал байдаггүй. Тооцоо нийлсэн акт хаанаас гаргасныг мэдэхгүй байна. Гэрээний дагуу эхэлж 40 500 000 төгрөг, дараа нь 20 000 000 төгрөгийг тус тус төлсөн тул гэрээ нь дуусгавар болсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 56 880 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан зардал 70 200 төгрөг, нийт 56 950 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 442 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 442 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч компани өнөөдрийг хүртэл гэрээнд заасан хаягтаа үйл ажиллагаа явуулж байсан тул Л.Г-ийг эрэн сурвалжилсан зардалд 70 200 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 37 920 000 төгрөг, алдангид 14 599 200 төгрөг нийт 52 519 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаа, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр алданги 4 360 800 төгрөг, “Э” ХХК-ийн захирлыг эрэн сурвалжлуулах зардалд төлсөн 70 200 төгрөг, 4 431 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 59 950 200 төгрөгийг шаарджээ.

            Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг хугацаандаа төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй.

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

            “Р” ХК нь “Э” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр үйлдвэрлэлийн шаардлага хангасан бетон зуурмагийг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд нийлүүлсэн, хариуцагч уг бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 37 920 000 төгрөгийг төлөөгүйг нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч тал нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Шүүх төлбөрийг гаргуулсан нь зөв.

            Мөн гэрээнд заасны дагуу алданги тооцож гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан нэхэмжилснийг шүүх хангасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

            Түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч /хх18/, “Э” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Х.Г гэж бүртгэгдсэн талаарх Улсын бүртгэлийн лавлагаа ирснээр /хх34/ хариуцагчийг албадан ирүүлэх тухай 14251 дүгээр шүүгчийн захирамж гарчээ.

            Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Л.Г-ийг эрэн сурвалжлах тухай Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02020 дугаартай шийдвэр гарч, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна. Иймд хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхтэй холбоотой бодитоор гарсан зардлыг буруутай тал төлөх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцэх тул давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 4 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.З

                                    ШҮҮГЧИД                                           Д.Ц

                                                                                                А.О