Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/02453

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагч С.Э-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Б.Б- би С.Э-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 1 сар 5 хоногийн хугацаатай 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Э- нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Э- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Б.Б-гаас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 03 дугаар сарын 12-ны өдөр 6,500,000 төгрөгийг нийт  4 удаагийн үйлдлээр 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Б.Б-д миний бие 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 3,060,000 төгрөгийг, АНУ-аас миний  хууль ёсны нөхөр *******аас монеграм-аар Б.Б-гийн дансаар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 2,290 ам доллар буюу Монгол банкны хаш 2,848 төгрөгт  тооцон 6,521,920 төгрөгийг нийт 9,581,920 төгрөгийг төлсөн.Үлдэгдэл мөнгийг миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш би урд авсан зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийн зээл бүрэн төлж дуусгасан.

Б.Б- 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  буюу урд зээлээс 7,500,000 төгрөг  дутуу байх үед манай гэрт ирээд намайг дагуулан 13 дугаар хорооллын Натур худалдааны төвийн ойролцоох ******* банкны ******* тооцооны 5069 тоот төв дээр очиж 14:38 цагт АТМ-ээр миний дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн тэр даруй буюу 14:47 цагт тухайн салбарын 4 дүгээр теллерт хамт хандаж миний данснаас 15,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан буцаан авсан. Түүний дараа чамд зээлдүүлсэн мөнгөний дутуу 7,500,000 төгрөгийг чи надаа төлөхөд болно.Би харин ахад 15,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх баримт үзүүлэх гэсэн юм гэж намайг хуурч  мэхлэн цаасан дээр хугацаа болон бичих үгийг нэг бүрчлэн зааж бичүүлсэн. Би өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Иргэн Б.Б- хуурамч бичиг баримт бүрдүүлэн намайг үндэслэлгүйгээр гүтгэн миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд:2022/01/27-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл(хх-ийн 4), зээлийн гэрээ(хх-ийн 5),Монгол шуудангийн баримт(хх-ийн 5-8) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд: ******* банкны хуулга (хх-ийн 22-40) баримтыг бүрдүүлж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр ******* банкны ******* тооцооны төвийн дэргэдэх АТМ, заалны болон 4 дүгээр теллерийн камерын бичлэг (сиди-1ш)-ийг хуулбарлан бүрдүүлж үзлэг (хх-ийн 56-58) хийж баримтжуулан бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч С.Э-д зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн.Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 7,500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  Б.Б- өөрийнхөө данснаас миний дансанд 15,000,000  төгрөгийг шилжүүлж, тэр даруй заалны 4 дүгээр теллерээс бэлнээр буцаан гаргуулан авсан.Зээлийн гэрээг ахдаа үзүүлэх хэрэгтэй гэж нэг бүрчлэн үг зааж өгч бичүүлсэн. Би  тухайн өдөр мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, дансны хуулга, сиди бичлэгт хийсэн үзлэг зэрэг баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Хариуцагч С.Э-гийн  ******* банкны  *******     дансанд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 38 минутад /Э-д зээл өгөв/ утгатай 15,000,000 төгрөгийн орлого орж, тухайн өдрийн 14 цаг 47 минутад тухайн данснаас 15,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчээ.(хх-ийн 40 дүгээр тал)

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар ******* банкны ******* тооцооны төвийн 4 дүгээр теллерийн болон гүйлгээний заалны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14:50 цагаас 15:10 цаг хүртэлх, тус төвийн дэргэд байрлалтай АТМ-ын заалны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14:30 цагаас 14:50 цаг хүртэлх хугацааны камерын бичлэгийг CD-д хуулбарлан бүрдүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д ”Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна.” гэж зааснаар сиди бичлэгт зохигчид хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан үзлэг хийж баримтжуулсан болно. (хх-ийн 56-58)

Уг сиди бичлэгт хийсэн үзлэгт дүрслэгдсэн хүмүүсийг нэхэмжлэгч болон хариуцагч нар гэдэгт талууд маргаагүй болно.

Зээлийн гэрээний  гол шинж зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө болон мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С.Э-гийн ******* банкны дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлж, тэр даруй хариуцагчийн данснаас бэлнээр авсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ******* банкны депозит хуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмаар  баримтжуулан сидид хийсэн үзэг  зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ....хоёр эмэгтэй хүн орой бүрий болсон байсан, хариуцагч цүнхгүй тул банкнаас гараад хариуцагчийн гэрт очиж бэлнээр мөнгийг өгсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2., 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ