Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01550

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01550

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/02453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч С.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулна. Би С.Э-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 1 сар 5 хоногийн хугацаатай 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Э- нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,950 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие Б.Б-гаас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,500,000 төгрөг, 03 дугаар сарын 12-ны өдөр 6,500,000 төгрөгийг нийт 4 удаагийн үйлдлээр 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Б.Б-д миний бие 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 3,060,000 төгрөгийг, АНУ-аас миний хууль ёсны нөхөр Энхбаатараас монеграмаар Б.Б-гийн дансаар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 2,290 ам доллар буюу Монгол банкны хаш 2,848 төгрөгт тооцон 6,521,920 төгрөгийг нийт 9,581,920 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг миний бие 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш би урд авсан зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийн зээл бүрэн төлж дуусгасан. Б.Б- 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу урд зээлээс 7,500,000 төгрөг дутуу байх үед манай гэрт ирээд намайг дагуулан 13 дугаар хорооллын Натур худалдааны төвийн ойролцоох Хаан банкны Сэлбэ тооцооны 5069 тоот төв дээр очиж 14:38 цагт АТМ-ээр миний дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн тэр даруй буюу 14:47 цагт тухайн салбарын 4 дүгээр теллерт хамт хандаж миний данснаас 15,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан буцаан авсан. Түүний дараа чамд зээлдүүлсэн мөнгөний дутуу 7,500,000 төгрөгийг чи надаа төлөхөд болно. Би харин ахад 15,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх баримт үзүүлэх гэсэн юм гэж намайг хуурч мэхлэн цаасан дээр хугацаа болон бичих үгийг нэг бүрчлэн зааж бичүүлсэн. Би өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Б.Б- хуурамч бичиг баримт бүрдүүлэн намайг үндэслэлгүйгээр гүтгэн миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш овгийн С-ын Э (рд:ШБ74092101)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт Г овгийн Б-ын Б (рд:ШБ75030808)-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг С.Э- Б.Б-гаас зээлсэн баримт үйлдэж данснаас нь мөнгө аваад гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардахад буцаан дансаар 7,500,000 төгрөг эргэн төлсөн баримт хэрэгт байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хоёр удаа албан бичгээр шуудангаар захидал илгээн шаардахад хариу өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг иргэн С.Э- тэр дороо зээлсэн мөнгийг төлсөн юм бол хоёр шуудангаар илгээсэн захидалд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн талаар яагаад хариу эс өгснийг тодруулсангүй. 15,000,000 төгрөг банкнаас өгсөн гялгар уутанд хийгээд хоёр эмэгтэй хүн гудамжаар алхахгүй ойлгомжтой аль нэг цүнхтэй хүнийхээ цүнхэнд хийснийг буцаан өгсөн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүх С.Э- шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буцаан төлсөн 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч тал батлан нэхэмжлэлийн шаардлагаа 7,500,000 төгрөгөөр багасгасныг шүүх анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч гаргасан тайлбарын агуулга:

Би нотлох баримтуудыг хэрэгт хавсаргахаар өгсөн, нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдоно. 15,000,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч намайг болон хуулийн байгууллагад нотлох баримтыг хуурамчаар гаргаж өгсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, камерын бичлэгийг гаргаж өгсөн. 15 минутын дараа нэхэмжлэгч бэлэн мөнгө авсан байдаг.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч С.Э-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг мөн оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр зээлдүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 7,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 7,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь надад 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэсэн баримт хэрэгтэй байна гээд зээлийн баримт үйлдүүлж, миний данс руу мөнгийг шилжүүлсэн боловч, тэр даруй банкны теллер дээрээс надаар буцаан гаргуулаад, уг мөнгийг нэхэмжлэгч өөрөө авч явсан, надад уг мөнгийг өгөөгүй, харин би өмнө нь зээлийн үлдэгдэлтэй байсан 7,500,000 төгрөгөө шилжүүлж өгсөн тул түүний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Б-гийн хэрэгт нотлох баримтаар өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тус банкинд нэхэмжлэгч нь 502988873, хариуцагч С.Э- нь 5085098943 тоот данс эзэмшдэг байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

3. Хариуцагч С.Э-гийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-гаас зээлдэж аваагүй, ахдаа 15,000,000 төгрөг зээлдүүлсэн гэсэн баримт үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь мөнгө зээлсэн тухай баримт үйлдэж өгсөн ба, банкинд над руу шилжүүлсэн мөнгийг нь тэр даруй гаргаж өөрт нь өгсөн гэсэн хариу тайлбар нь хэрэгт авагдсан Хаан банкны Сэлбэ тооцооны төвийн 4 дүгээр теллерийн болон гүйлгээний заалны бичлэг, АТМ заалны бичлэгт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл-ээр тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх56-59/

 

4. Нэхэмжлэгч Б.Б-, хариуцагч С.Э-г банкнаас гаргуулж авсан 15,000,000 төгрөгийг хийх цүнхгүй байсан тул, миний цүнхэнд хийж банкнаас авч гарсан, дараа нь уг мөнгийг би түүнд өгсөн гэсэн тайлбараа мөн нотлоогүй байна.

 

4.а. Хариуцагч С.Э- нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг банкны теллерээс гаргуулж аваад, нэхэмжлэгч Б.Б-д буцаан өгсөн үйлдэл нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар уг зээлийн гэрээг байгуулагдаагүй байна гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч С.Э-гийн Хаан банкны депозит дансны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б-гийн 502988873 тоот данснаас:

-2020 оны 01 дүгээр сарын 20-нд 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг,

-2020 оны 01 дүгээр сарын 30-нд 4,500,000 төгрөг,

-2020 оны 03 дугаар сарын 12-нд 6,500,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг хариуцагч С.Э-гийн 5085098943 тоот дансанд шилжиж орлогоор тус тус бүртгэгдсэн байна. /хх38-39/

 

6. Хариуцагч С.Э-гийн дээр дурдсан нэхэмжлэгч Б.Б-гаас нийтдээ 15,000,000 төгрөгийг зээлдэж авсан, энэ мөнгөө цувуулан төлж байсан ба үлдэгдэл 7,500,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн гэж тайлбарласан нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараар тогтоогдсон./хх61-62/

 

7. Хариуцагч С.Э-гийн 2020 онд авсан 15,000,000 төгрөгийн зээл 7,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэхэмжлэгч Б.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн баримтыг үйлдүүлж, мөнгийг миний данс руу шилжүүлсэн боловч, уг мөнгийг би тэр даруй өөрт нь гаргаж авч өгсөн, би түүнээс өөр мөнгө аваагүй, 2020 оны зээлийн үлдэгдэл 7,500,000 төгрөгөө шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Б.Б- үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/02453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ