Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2022/00313

 

2022           07            8                                       103/ШШ2022/00313
 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Төв аймгийн Алтанбулаг сум, ...... дүгээр баг, Сумт ...... тоотод оршин суух, Бугат овгийн Ш.Т-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Багануур дүүргийн ....... дүгээр хороо, ...... дугаар байрны .... тоотод оршин суух, Шарайд овгийн Д-ийн Д-д холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсан үр дагаварыг шийдүүлэх, Т М ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ж.Э-д  нар оролцов.        

     

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзах,  гэрээнээс татгалзсан үр дагаварыг шийдүүлэх, ТМ-с ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

          Нэхэмжлэгч Ш.Т-р миний бие нь хариуцагч Д.Д-тэй 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 9011299034, регистрийн 3855554 дугаартай “Төв М” ХХК-ний нийт хувьцаанаас өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаа буюу нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2480 ширхэг хувьцааг 160.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Талуудын дунд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний 2.4, 2.6 дахь хэсгүүдэд зааснаар хувьцаа худалдан авагч Д.Д-ээ нь компаний 80 хувийн буюу 2480 ширхэг хувьцааны үнэ 160.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгавар болгох үүрэг хүлээсэн боловч тус үүргээ бүрэн биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгч Ш.Т-р миний бие хариуцагч Д.Д-с гэрээний үнэд нийт 118.000.000 төгрөгийг дараах байдлаар хүлээн авсан болно. Үүнд: 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 25.000.000 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 14-ны өдөр 30.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус хүлээн авч 42.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөлгүй 4 жилийн хугацаа өнгөрч байгаа нь хариуцагч Д.Д-н зүгээс талуудын дунд байгуулсан гэрээний 2.6 дахь хэсэг болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ”... Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авна...” гэх гэрээ болон хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчил болно.

           Хариуцагч Д.Д-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байхаас гадна төлбөр төлөхгүй байх шууд санаатай, илт хууль бус үйлдлүүдийг 2018 оны 11 дүгээр сараас хойш удаа дараа гаргаж гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Ш.Т-р миний хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөөр ирлээ. Тодруулбал:

        НЭГ: Хариуцагч Д.Д-ээ нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт “...Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Т М” ХХК-ний газар дээр 2011 оны 04 дүгээр сард Д.Д, Ш.Т, Б.А нар нь хамтран 500.000.000 гаран сая төгрөгөөр махны үйлдвэр барихаар харилцан тохирч Д.Д нь үйлдвэрийн өртөгийн 60 хувь болох 316.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч Д.Д нь бусдад залилуулж их хэмжээний хохирол учирсан...” гэх гомдол гаргаж гомдлын дагуу нэхэмжпэгч Ш.Т-р надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 181002782 дугаартай хэрэг үүсгэж 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Ш.Т миний бие нь гомдол гаргагч Д.Д-г залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүй болох нь Улсын Ерөнхий Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/12 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн.

        ХОЁР: Мөн хариуцагч Д.Д-ийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Т надад холбогдуулан “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Ш.Т-өөс гэм хорын хохиролд 144.162.660 төгрөг гаргуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 57.271.000 төгрөг гаргуулах...” болгон өөрчилж шаардлагын дагуу шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 183/ШШ2021/01594 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00381 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон.

          ГУРАВ: Хариуцагч Д.Д-ийн зүгээс “Т М” ХХК-ний охин компани болох “Л хг” ХХК-ний  хуулийн этгээдийн мэдээлэл буюу тус компаний дүрэмд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулахдаа тус компаний 30 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Т надад мэдэгдэлгүй хууль бус шийдвэр гаргаж, өөрчлөлт оруулсан гэх хууль бус дүрэмд хувьцаа эзэмшигч Ш.Т миний гарын үсгийг хуурамчаар зурж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийлгэсэн хууль хууль бус үйлдэл гаргасан.

Дээрх хууль бус үйлдлийн талаар нэхэмжпэгч Ш.Т миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Д-ийн нэхэмжлэлтэй явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас анх олж мэдээд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хандаж гомдол гаргасаны дагуу Улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дугаар дүгнэлтээр Д.Д-ийн дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож "... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 5960029 дугаартай “Л Хг” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох...” шийдвэр гаргасан болно.

           Дээрх байдлуудаар хариуцагч Д.Д нь талуудын дунд  2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Компаний хувьцаа худалдан, худалдан авах тухай гэрээ”-нд заасан үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийж гэрээний нэг тал болсон нэхэмжлэгч Ш.Т-р миний хуулиар олгосон  эрх, эрх чөлөөг 2016 оны 05 дугаар сараас хойш удаа дараа ноцтой зөрчиж хууль бус үйлдлүүд гаргаж байгаа тул нэхэмжлэгийн зүгээс Д.Д-тэй цаашид гэрээний талууд болж эдийн засгийн болон гэрээний эрх зүйн харилцаа үүсгэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсээд байна

Иймд талуудын дунд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-нээс нэхэмжлэгч   Ш.Т-р миний бие Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн  249.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М-ж шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Т-н зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж талуудын дунд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан. Тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүгчийн 618 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гарах хууль зүйн үр дагавартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаагаа тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлагаа товч тодруулбал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4 дэх хэсэгт зааснаар талуудын дунд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.7, 2.8 дахь хэсгүүдэд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч Ш.Тийн зүгээс тус компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу “Төв магис” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоолгох гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гарах хууль зүйн үр дагавартай холбогдуулан нэхэмжлэлийг нэмэгдүүлж байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол талуудын дунд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, татгалзсаны үр дагаварыг шийдүүлэх  шаардлага гаргасан байгаа.

Хариуцагч талаас гэрээтэй холбоотой шаардлагаа өмнө нь гаргаж байгаагүй хэрнээ 6 жилийн дараа гэнэт гаргаж ирлээ гэж байна. Энэ маргаан бүхий асуудал бол 2018 оны 11 дүгээр сараас эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол Д-жээ гэдэг хүн Т-р гэдэг хүнтэй байгуулсан гэрээнээс хойш хувьцаа эзэмшигч А, Тр, Д-жээ нарын хамтын ажиллагаа 2018 оныг хүртэл явсан. 2018 онд Д-жээ нь Т-ийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж гомдол гаргасан. Энэ асуудлаас үүдэлтэйгээр өнөөдрийг хүртэл уг маргаан бүхий асуудал шат шатны байгууллагаар явсан. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгч өөрийнхөө эрх ашигтай холбоотой шаардлагыг гаргахгүй удааширсан асуудал нь үүнтэй холбоотой. Д-ийн гаргасан маргаантай асуудлаас болоод компанийн үндсэн гэрээгээ ч дүгнэж чаддаггүй, гэрээнээс үүдэлтэйгээр талуудын дунд үүссэн хууль зүйн болон бусад нөхцөл байдлуудаа шийдвэрлэх ч боломжгүй байдал үүссэн. 2018 оны 11 дүгээр сард ТЧ-т 160,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, одоо би хөрөнгө оруулсан мөнгөө авч чадахгүй залилуулаад хохирчихлоо гэсэн байдлаар гомдол гаргаж шалгуулсан. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолууд нь хэрэгт нотлох баримтаар байгаа. Өөрөөр хэлбэл би өнөөдөр энэ компанийг худалдаад авчихсан, гэрээ хүчин төгөлдөр гэж 2018 онд цагдаад хандаагүй юм. Би анх худалдах, худалдан авах гэрээ хууль ёсны дагуу болсон гэдэг дээр эргэлзэх үндэслэл байгаа шүү гэдгийг хэлж байсан. Хувьцаа эзэмшигч А, Д-ээ нарын зүгээс иргэний, эрүүгийн, захиргааны процессуудад удаа дараа гаргаж өгч байсан тайлбар мэдүүлэг зэрэг нөхцөл байдлаас тодруулж харж болно. Үүний жишээ бол эрүүгийн хэрэгт шалгуулахдаа Д-ээ нь би хөрөнгө оруулалт хийгээд, буцаагаад хөрөнгө оруулалтаа авч чадахаа больчихлоо гэсэн байдлаар гомдол гаргаад ТЧ-ийг шалгуулсан байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед би энэ компанийг худалдаад авчихсан гэсэн байсан бол энэ хүн надад юм зарчихлаа гэж гомдол гаргах боломжгүй шүү дээ. Тэгэхэд анх өөрийнх нь хэлж байгаа зүйл бол би залилуулчихсан, мөнгөө олж авмаар байна гээд энэ компаний хувьцаатай хамааралгүй байдлаар гомдол гаргаад эхэлсэн байдаг юм. Эрүүгийн хэрэг шалгагдаж явж байгаад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эцэслэн шийдвэрлэгддэг. Ингээд 2020 оны 5 дугаар сард дахиад Д-ийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгээр дахиад гэм хорын хохирол нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг 2021 оны 10 дугаар сар хүртэл 1 жил гарны хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад бүхэлдээ хэрэгсэхгүй болсон. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэрэгт авагдсан нотлох баримтууд дотроос дахиад нэг ноцтой баримт илэрдэг. “Төв магис” ХХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг Л-х ХХК-тай холбосон байдаг. Л-х ХХК-ийн хувьцаагаар Д-ээ гэдэг хүн хуурамчаар гарын үсэг зураад компанийн дүрмийн санд хууль бусаар өөрчлөлт оруулсан ноцтой баримтууд тогтоогддог. Ямар ч гарын үсэггүй хоосон, тэгсэн хэрнээ улсын бүртгэлийн тамга дарчихсан, Тийн гарын үсэггүй дүрмийг А гэх хүн Т дээр авч ирсэн байдаг юм. Авч ирээд Д-ээ ах чамайг энд гарын үсэг зураад өг гэж хэлсэн гэж хэлэхэд нь Т би наад дээр чинь гарын үсэг зурахгүй, хурлаа хийж байж зурах ёстой гээд буцаахад зурагдаагүй дүрмэн дээр Т гарын үсэг зурсан болоод Улсын бүртгэл дээр бүртгэгдээд компанийн дүрмийн санд өөрчлөлт оруулсан байсан. Д-ийн зүгээс эрүүгийн, иргэний, захиргааны журмаар аль алинаар нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тухайн асуудлыг шийдвэрлүүлэхгүй байх, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл боломжийг өөртөө бүрдүүлж хууль хяналтын байгууллагаар шалгагдсан нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлаас Т гэдэг хүн гэрээний эрх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал үргэлжилж байсан шүү гэдгийг тодруулж хэлмээр байна. Мөн Д-ийн зүгээс гэрээний эрх үүрэгтэй холбоотойгоор ямар хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан болохыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр би тайлбарлаж байна. Гэрээний үнийн дүнгийн асуудлаар ярьж байгаа. Гэрээний нийт үнийн дүн 160,000,000 төгрөг байгаа. Энэ үнийн дүнтэй “Голомт банк”-ны зээлийн үлдэгдэл, П.О-а гэдэг хүний данс руу шилжүүлсэн мөнгийг холбож тайлбарладаг. Хэрвээ гэрээ өөрөө 160,000,000 төгрөг болон “Голомт банк”-ны зээлийн үлдэгдэл гэж явж байгаа бол гэрээний нийт үнийн дүн тухайн гэрээн дээр тавигдах ёстой. Гэтэл тавигдаагүй, гэрээн дээрээ тус тусдаа заалт болоод тодорхой дурдагдсан байгаа. Хувьцаа шилжүүлж байгаа буюу худалдаж байгаа талдаа 160,000,000 төгрөгийг төлбөрийг бүхэлд нь төлөөд үлдэгдэл эрх үүргүүдийг Д-ээд шилжүүлэх гэж тусгасан байгаа. Энэ Д-ээд шилжүүлсэн эрх үүрэг дотор “Голомт банк”-ны зээлийн үлдэгдэл байгаа шүү гэдэг асуудлыг гэрээгээр тодорхойлж өгсөн болохоос хариуцагчийн татгалзал дээр дурдаад байгаа шиг 170,000,000 төгрөгийг төлчихсөн байна гэж асуудал яригддаг. Гэтэл яг бодит байдал дээр гэрээнээс харахад тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр “Голомт банк”-ны зээлийн материал дээр “Т-Мс” ХХК бизнесийн зорилгоор авсан зээл болохоос Т гэдэг хүн хувьдаа авсан зээлээ Д-ээгээр төлүүлэх гээд гэрээний үүрэг болгоод заачихсан заалт биш юм. Тэр чинь өөрөө тухайн компанийн эдийн засаг, орлого, зарлагатай холбоотой ЖДҮ-ийн зээл байсан учраас энэ өөрөө компанийн хувьцаа эзэмшигчид шууд хамааралтай гэдэг байдлаар Д-ээд шилжсэн. Үүнийг төлсөн төлбөрөө гэрээний нийт үнийн дүнд хамааруулна гэж ойлгох нь өрөөсгөл зүйл байгаа юм. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйл болон гэрээний 2.7 дахь заалтыг ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 118,000,000 төгрөгийн төлбөр авсан гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан, үүний цаана дахиад 42,000,000 төгрөгийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа. Жишээлбэл дийлэнх хувь буюу ихэнх хувь гэж алийг ойлгох юм бэ гэдэг ойлголтын талаар ярих юм бол энэ өөрөө маргаантай асуудал юм. Өнөөдрийн 42,000,000 төгрөг нь зах зээлийн бодит хэмжүүрээр их мөнгө үү, бага мөнгө үү гэдэг асуудал яригдана. Дээрээс нь гэрээний үлдэгдэл төлбөр 42,000,000 төгрөгтэй холбоотойгоор биш тухайн гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлээд компанийн эрх ашиг, Тийн эрх ашиг 2016, 2018 оноос хойш бүтэн 5 жилийн хугацаанд нөгөө хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгтэй холбоотой асуудлаар зөрчигдсөн асуудал байна. Энэ зөрчигдсөн эрхийг хариуцагч тал юу гэж үгүйсгэх юм гэх мэтчилэн асуудал байна. Иймд бид нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Д.Д-ээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд ирүүлсэн  тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Ш.Тийн нэхэмжлэлтэй Д.Д-ээд холбогдох “2016.04.06-ний өдрийн Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах  тухай’’’ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Учир нь тус гэрээгээр худалдагч нь “Төв магис” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаа буюу 2480 ширхэг хувьцааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээний хариу төлбөр болох 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үүнээс Ш.ТЧ-т нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,000,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Мөн гэрээний 2.5 дахь хэсэгт худалдан авагч Голомт банкны Зээлийн гэрээний үлдэгдэл өр төлбөрт 41,500,000 төгрөгийг төлөхөөр тусгайлан тохирсон. Тус зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 59,176,360 төгрөг буюу тохирсон 41,500,000 төгрөгөөс 17,176,360 төгрөг илүү байсныг миний зүгээс бүхэлд нь төлж барагдуулсан. Мөн эхнэр П.Отгонтуяа нь 2015.12.30-нд 20,000,000 төгрөг зээлсэн ч өнөө хир буцааж төлөөгүй байгаа. Миний зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн төдийгүй харин ч нэхэмжлэгч Ш.Төөс авлагатай байна.

          Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-м шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр худалдах, худалдан авах гэрээгээр талууд нэг талдаа эрх шилжүүлж, нөгөө тал нь төлбөр төлөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч талаас эрх шилжүүлсэн, хариуцагч талаас төлбөр төлөгдсөн учраас худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй байна гэж үзэж байна. Худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал ямар үүрэгтэй вэ гэхээр эрх шилжүүлэх гэж байгаа зүйл нь ямар нэгэн байдлаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, бусдад төлөх төлбөргүй байгаа тохиолдолд эрхийг шилжүүлж, худалдан авагч түүнд тохирсон үнийг төлөх үүргийг хүлээдэг. Худалдах, худалдан авах гэрэний 2.4 дэх хэсэгт гэрээний нийт үнийн дүн 160,000,000 төгрөг гэж талууд тохиролцсон байна. Худалдан авагч талаас гэрээний 2.5 дахь хэсэгт заасан “Голомт банк”-ны зээлийн үлдэгдэл 41,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулж өгсөн. Энэ мөнгийг төлсөн талаарх баримт буюу дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр худалдан авагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал огт байхгүй байна гэж үзэж байна. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээгээ чөлөөтэй байгуулах бүрэн эрхтэй. Мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр талууд гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн гэж үзэж байна. Эрх шилжүүлэх гэрээниий 2.3 дахь хэсэгт зааснаар компани худалдах, худалдан авах гэрээгээр бид юу олж авч байгаа юм бэ, бид энэ гэрээгээр компанийг тусгай зөвшөөрлийн хамт 160,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээний 2.4 дэх хэсэгт  гэрээний үнэ  160,000,000 төгрөг байна, 2.6 дахь хэсэгт “Голомт банк”-ны өр төлбөр 41,500,000 төгрөгийг төлсөн байна гэж байгаа юм. Тэгэхээр бид гэрээний үнийн дүнд энэ Голомт банкинд төлөх  өр төлбөр орж байна уу гэдэг дээр маргаж байгаа. Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасан байгаа. Бид нар эрх шилжүүлэх гэрээгээр хөрөнгө, тусгай зөвшөөрөл авсан болохоос өр төлбөр аваагүй юм. Өрийг бол тухайн авсан хүн нь гүйцэтгэх ёстой. Тэгэхээр бид нар гэрээ ёсоор мөнгөө төлөөд Ш.Т тухайн үүргийг цааш нь гүйцэтгэх, бид өөрт нь өгөх төлбөрөөс өрийг гүйцэтгээд үлдсэн төлбөрийг нь өгөх хоёрт ямар ч ялгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид өр төлбөрийг хүлээж авч байгаа гэрээ байхгүй, бид нар гэрээний үнийн дүн болох 160,000,000 төгрөгөөс 41,500,000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулаад үлдсэнийг нь өөрт шилжүүлсэн байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа бидэнд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учраас энэ гэрээнээс татгалзъя гэсэн байгаа. Гэтэл тийм зүйл байхгүй. Бид нар хөрөнгө болон тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, өр төлбөрийн хувьд өөрт нь өгөөд төлж барагдуулах, бид барагдуулаад гэрээний үнийн дүнгээс хасах хоёрт чанарын ялгаа байхгүй байсан гэж бодож байна. Тийм учраас бид тодорхой хэсгийг нь “Голомт банк”-ны өр төлбөрт төлсөн. Худалдах, худалдан авах гэрээг хийж байсан хүмүүс маань тухайн үед юун дээр анхаарч  байсан гэхээр тухайн гэрээний үндсэн үнийн дүн дээр анхаарч байсан ч “Голомт банк”-ны өр төлбөр дээр харилцан ойлголцож байсан. Харилцан ойлголцож байгаа нь юугаар харагдаж байна гэхээр 6 жилийн хугацаанд 42,000,000 төгрөгийг дутуу төлсөн шүү дээ гэсэн нэг ч нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгч чаддаггүй. Нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй. Биднээс нэхэж байгаагүй. Хэрвээ худалдах, худалдан авах гэрээгээр компаниа зарчихаад мөнгөө дутуу авчихсан байсан бол үлдэгдэл мөнгөө авъя гээд ямар нэгэн байдлаар бид нараас нэхэмжилсэн байх ёстой. Гэтэл ийм нэхэмжилсэн байдал огт байдаггүй байдал нь энэ худалдах, худалдан авах гэрээний дүнд “Голомт банк”-ны өр төлбөр орж байсан гэдэг нь харагдаж байна гэж бодож байна. Энэ компани бол 31,000,000 төгрөгийн дүрмийн сантай байсан бөгөөд бид үүнийг 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Хэрвээ бид нар энэ өр төлбөрийг тусгай гэж үзэж байсан бол худалдах, худалдан авах гэрээн дээр өөр  үнийн дүнгээ бичих ёстой байсан. Тийм учраас бид гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Гэрээний үнийн дүн болох 160,000,000 төгрөгөөс гадна худалдан авагч тал нь 177,176,360 төгрөг буюу нөгөө “Голомт банк”-ны зээлийн өр төлбөр 41,500,000 төгрөг байсан гэсэн боловч бодит байдал дээрээ 59,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Түүнийг бидний зүгээс маргахгүйгээр төлөөд дуусгасан байна. Энэ бол бидний үүрэг гүйцэтгэсэн асуудал юм. 2 дугаар асуудал бол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах боломж байгаа юм уу гэдэг дээр асуудал яригдана. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасан байгаа. Эндээс харах юм бол бид нар гэрээнийхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй болох, гэрээний 66.6 хувь буюу түүнээс дээш хувийг төлөөгүй байх, нөгөө талаас эрхээ шилжүүлээгүй байхад энэ татгалзлын асуудлыг ярина. Манай тал энэ хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд манай талаас гэрээний үүргээ гүйцэтгэчихсэн, нөгөө талаас эрхээ шилжүүлчихсэн байгаа юм. Тийм учраас 249.1 дэх хэсгээр татгалзах боломжгүй байна гэж харж байна. Уг гэрээнээс өөр ямар үндэслэлээр татгалздаг юм бэ гэхээр гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн бол, ямар нэгэн байдлаар хуурч мэхэлж хүч хэрэглэж хийсэн гэрээ байх юм бол, гэрээний зүйлийн доголдолтой байх юм бол гэрээнээс татгалзах боломжтой ч бидний нөхцөлд ямар нэгэн гэрээнээс татгалзах нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Юуны тулд эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг давхар хийгээд байгаа юм бэ гэхээр эрх худалдан авагч этгээдэд эрхтэй холбоотой өмчлөх туйлын эрх үүснэ, тэр эрх бол Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний захиран зарцуулах эрх юм. Гэтэл бидний энэ туйлын эрхэд бүтэн 6 жилийн дараа ийм бүдүүлгээр хандаж би буцааж авъя гэж байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна. Үүнээс харахад эрх шилжүүлэхээсээ өмнө татгалзаж болох байсан. Эрх шилжүүлсний дараа худалдагч тал нь нөгөө талаасаа зөвхөн хохирол шаардах эрх л байгаа. Тэгэхээр ийм байдал нь ийм хохирол учруулчихлаа гэдгээ нотлоод ийм мөнгө нэхэмжилж байна гэдэг асуудлыг тавих ёстой байсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсгээр шаардаж  гэж бичсэн байсан. Энэ бол ямарваа нэгэн байдлаар болзол тавьж ирээдүйд болох нөхцөл байдлыг тусгасан тохиолдолд гэрээнээс татгалзана гэж байгаа юм. Тэгэхээр бид ямар нэгэн байдлаар болзолтойгоор хийсэн хэлцэл байхгүй, ийм тохиолдол огт байхгүй учраас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг ашиглаж гэрээнээс татгалзах боломжгүй байна. Иргэний эрх зүй бол тусгайгаас ерөнхий гэсэн зарчмаар явдаг. Тэгэхээр эхлээд тусгайд нийцэж байгаа асуудал дээрээ 249 дүгээр зүйлийг хангаж байна уу, үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Мөн 204 дүгээр зүйлийн хувьд энэ зүйлээр зохицуулах асуудал харагдахгүй байна гэж харж байна.

           Хэрвээ гэрээний өр төлбөртэй холбоотой шаардлага гаргах бол хамгийн сүүлд бид гэрээний өр төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр барагдуулснаас хойш 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хохирол шаардах эрхтэй байсан байна. Ингээд бүхлээр нь харах юм бол энэ нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж харж байна. Одоо гэрээнээс татгалзах болсон цаад шалтгаан нь бид 6 жилийн өмнө худалдаж авсан компанидаа өргөтгөл бариад, тоног төхөөрөмж авч тавиад, тусгай зөвшөөрлийг нь нэмээд, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь сайжруулсан байгааг хараад энэ бизнес ашигтай байсан юм байна, буцаагаад компаниа авчихъя гэсэн шуналын сэтгэлгээ байна. Гэтэл бид нар энд 6 жилийн хөдөлмөр, хөрөнгөө зарцуулаад үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулчихаад байна шүү дээ. Бидний зүгээс оруулсан тэр их хөрөнгийг яах юм бэ, одоо анхны байдалдаа буцах боломжгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэв.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний 0360 дугаартай итгэмжлэл, 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Хаан банкны 5029079813 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15/20 дугаартай Төв магис ХХК-ийн үүсгэн байгуулагчдын шийдвэр, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Төв магис ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын “охин компанийн хувьцааг бусдад шилжүүлэх тухай” тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Төв магис ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын “компанийн хувьцаа эзэмшигч нэмж, хасах тухай” тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнүүд, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2499 дугаартай “гомдолд хариу өгөх тухай” 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/220 дугаартай хүсэлтийн хариу, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 586 дугаартай “хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1/536 дугаартай гомдлын хариу,  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/12 дугаартай “гомдлыг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” 2021 оны 1 дүгээр сарын 15-ны 183/ШШ2021/00085 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 547 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021 оны 7 дугаар сарын 23-ны 183/ШШ2021/01594 тоот Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дугаартай “хуулийн этгээдийн бүртгэл хүчингүй болгох тухай” 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 8/2742 дугаартай Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын “хариу өгөх тухай” албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.29-ний өдрийн 14824 дугаартай шүүгчийн захирамж, 2022.03.11-ний өдрийн 3857 дугаартай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07-ны өдрийн 1959 дугаартай шүүхийн шийдвэр зэргийг,  

 /хх-ийн 6-48 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс: 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0203 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, Голомт банкны 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мемориалын баримтууд, Голомт банкны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн мемориалын баримт, Голомт банкны 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мемориалын баримт, Голомт банкны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мемориалын баримт, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн мемориалын баримт, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мемориалын баримт, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн мемориалын баримт, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мемориалын баримт, Хаан банкны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орлогын баримтууд, Төв магис ХХК-ийн дүрэм, гэрчилгээ,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.  

/хх-ийн 50-59 дүгээр хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Д.Д-ээд холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнээс  татгалзах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнээс  татгалзах, гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдүүлэх, Төв Магис ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.ТЧ-ийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулан нэмэгдүүлсэн байна.

    Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх 160,000,000 төгрөгнөөс 42,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бол хариуцагч талаас гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн бөгөөд хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.Т нь  нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 2480 ширхэг хувьцааг 160,000,000 төгрөгөөр хариуцагч Д.Д-ээд худалдсан, гэрээний үнийн дүнд 118,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд  маргаагүй болно.

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дагалдаж 2016.04.06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдэж Төв магис ХХК-ний 80 хувийг нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Д.Д-ээд шилжүүлсэн байна.

/хх-ийн 7-8, 16 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийн үлдэгдэл 42,000,000 төгрөгийг төлөөгүйгүй учраас гэрээнээс татгалзаж байгаа хэмээн тайлбарлаж байгаа бол хариуцагч талаас гэрээний 2.5-д заасан Голомт банкны 41,500,000  төгрөгийг 59,176,360 төгрөг болгож нэмэгдүүлэн төлсөн, нэхэмжлэгчийн эхнэр П.О-гийн зээлсэн 20,000,000 төгрөгийг тооцож гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн бөгөөд өнгөрсөн 6 жилийн хугацаанд энэ гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэг ч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, биднээс шаардаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд дараах маргаан өрнөж хуулийн дагуу шийдвэрлэгдсэн байна.

 

Хариуцагч Д.Д-ээ нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёр дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт “...Ш.ТЧ-т залилуулж их хэмжээний хохирол учирсан...” гэх гомдол гаргаж гомдлын дагуу нэхэмжлэгч Ш.ТЧ-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 181002782 дугаартай хэрэг үүсгэж 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 586 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж,  Улсын Ерөнхий Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/12 дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

/ ХХ-ийн 23-29 дүгээр хуудас /

         Хариуцагч Д.Д-ээ нь нэхэмжлэгч Ш.ТЧ-т холбогдуулан  2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гэм хорын хохиролд 144.162.660 төгрөг гаргуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 57.271.000 төгрөг гаргуулах...” болгон өөрчилж шаардлагын дагуу шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 183/ШШ2021/01594 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            /хх-ийн 42 дугаар хуудас/

            Нэхэмжлэгч Ш.Тийн хүсэлтээр “Төв Магис” ХХК-ний охин компани болох Л-х ХХК-ний  дүрэмд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр оруулсан өөрчлөлт  нь  Ш.Тийн гарын үсгийг хуурамчаар зурсан үндэслэлээр Улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дугаар дүгнэлтээр Д.Д-ийн дээрхи үйлдлийг хууль бус болохыг тогтоож "... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 5960029 дугаартай Л-х ХХК-ний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох...” шийдвэр гаргажээ.

            /хх-ийн 43-48 дугаар хуудас/

Нэхэмжлэгч тал дээрх бүх маргааныг эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой  гэрээнээс татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд  өгсөн.  

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “ гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “ хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дуусссан үеэс үүснэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний үүрэгтэй холбоотой  төлбөрийг хамгийн сүүлд 2018.05.09-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн байна.

            Энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  ‘Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэг удаа ч  гаргаж байгаагүй, дээрх эрүү, иргэн, болон бусад төрийн байгууллагаар хариуцагч эхлээд  гомдол гаргаж шийдүүлсэн маргаан бүхий асуудлуудыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийн талаар маргасан гэж үзэх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг 2018.05.10-ны өдрөөс эхлэн тоолоход 3 жилийн хугацаа өнгөрсөн  байх тул хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдоогүй  гэж дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Тийн улсын тэмдэгтийн хураамжинд нийт төлсөн 1,240,200  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

    1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-ээд холбогдох   2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан  Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнээс  татгалзах, гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдүүлэх, Т-М ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.ТЧ-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,240,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ТУЯА