Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01758

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01758

 

 

Ш.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 103/ШШ2022/00313 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Тийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Д-д холбогдох,

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдүүлэх, Т ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ш.Т нь Д.Д-тэй 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-ийн нийт хувьцаанаас өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаа буюу нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2,480 ширхэг хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.4, 2.6-т зааснаар хувьцаа худалдан авагч Д.Д нь компаний 80 хувийн буюу 2,480 ширхэг хувьцааны үнэ 160,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгавар болгох үүрэг хүлээсэн боловч тус үүргээ бүрэн биелүүлээгүй. Д.Д-гээс гэрээний үнэд 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 118,000,000 төгрөгийг авч, 42,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөлгүй 4 жилийн хугацаа өнгөрч байна. Д.Д-с Ш.Т-т Хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 57,271,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00381 дугаартай магадлалаар хүчин төгөлдөр болсон.

Д.Д нь Т ХХК-ийн охин компани болох Л ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэл буюу тус компаний дүрэмд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулахдаа Ш.Т-т мэдэгдэлгүй, дүрэмд хувьцаа эзэмшигч Ш.Т-ийн гарын үсгийг хуурамчаар зурж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийлгэсэн. Дээрх хууль бус үйлдлийн талаар Ш.Т нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Д-гийн нэхэмжлэлтэй явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас анх олж мэдээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасны дагуу Улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дугаар дүгнэлтээр Д.Д-гийн дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож "...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Л ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлүүлж, Т ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус гэрээгээр худалдагч нь Т ХХК-ийн өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаа буюу 2,480 ширхэг хувьцааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээний хариу төлбөр болох 160,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Үүнээс Ш.Т-т нийт 5 удаагийн гүйлгээгээр 118,000,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Мөн гэрээний 2.5-д худалдан авагч Голомт банкны зээлийн гэрээний үлдэгдэл өр төлбөрт 41,500,000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Тус зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 59,176,360 төгрөг буюу тохирсон 41,500,000 төгрөгөөс 17,176,360 төгрөг илүү байсныг Д.Д төлж барагдуулсан. Мөн түүний эхнэр П.Отгонтуяа нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг зээлсэн ч буцааж төлөөгүй. Худалдах, худалдан авах гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн ба Ш.Төөс авлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-д холбогдох 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Компаний хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдүүлэх, Т ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,240,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлан хууль зүйн дүгнэлт хийж байгаа тохиолдолд мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох болон тасалдах хууль зүйн үр дагаварууд үүссэн эсэхэд бүхэлд нь дүгнэсэн шаардлагатай. Гэтэл шүүх Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд үүссэн эсэхэд дүгнээгүй. Шүүх талуудын дунд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдсан болохыг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд дүгнэж шийдвэртээ дурьдсан атлаа тухайн үйл баримтуудаас үүсэх хууль зүйн үр дагаварт хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Талуудын дунд 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг анхан шатны шүүх дурьдсан байгаа ч тухайн эрх зүйн маргаануудын чухам аль хэсгээс хэдий үеийг хүртэл гэрээний үүрэгтэй холбогдох хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгааг нарийвчлан тооцож, тогтоож чадаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил болно.

Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид удаа дараа үйлдлээр гэрээний үүрэг болгон төлбөр төлж байгаа үйлдэлтэй холбогдуулан Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хууль зүйн үр дагавар үүссэн байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагууд тэдгээр үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх хамгийн чухал ач холбогдолтой ажиллагаа бол маргаан бүхий тухай харилцааг эхлэхээс авахуулаад өнөөдрийг хүртлэх бүхий л харилцаанд хамтран оролцсон хувьцаа эзэмшигч Б.А байсан. Компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж маргаан бүхий үйл баримтын талаар мэдүүлэг авч өгөхийг хүссэн хүсэлтээ нэхэмжлэч 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүх илтэд үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Зүй нь компаний 20 хувийн хувьцаа эзэмшигч Б.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн тохиолдолд нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо дурьдаад буй Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдлууд үүссэн эсэхэд тодорхой мэдүүлэг өгч тайлбар гаргах боломжтой байсан бөгөөд дээрхи нөхцөл байдлыг бүрэн бодитой дүгнэж чадалгүй илтэд үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэрэгч чухал ач холбогдолтой мэдүүлэг өгөх боломжтой гэрч Б.А шүүх хуралдаанд оролцуулж тодорхой мэдүүлэг авч чадаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарахад нөлөөсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргийг биелүүлсэнтэй холбоотой тайлбар болон нотлох баримтуудыг хариуцагч шүүхэд ирүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар тусдаа маргасан. Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаанд Т ХХК-д холбогдох асуудлаар талууд маргаж байгаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл байдал байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нэхэмжлэгчээс компанийн 80 хувийн хувьцааг, Б.А-аас 20 хувийн хувьцааг худалдаж аван 100 хувийн өмчлөгч болсон, гэрээгээр тохирсон үнэ болох 160,000,000 төгрөгийн 118,000,000 төгрөгийг бэлнээр, 45,100,000 төгрөгийг Голомт банк ХХК-ийн өр зээлд төлж барагдуулсан. 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал ямар нэгэн мөнгө, төлбөр нэхэмжилж байгаагүй атлаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн газрыг худалдаж аваад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Ш.Т нь Д.Д-д холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдүүлэх буюу Т ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-ийг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хувьцааны үнийг бүрэн төлсөн, харин ч авлагатай гэж маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Зохигч 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг худалдах, худалдан гэрээ байгуулсан.

 

2.б. Уг гэрээгээр худалдан авагч Д.Д нь компаний 80 хувийн буюу 2,480 ширхэг хувьцааны үнэ 160,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгавар болгох үүрэг хүлээсэн./хх 7/

 

2.в. Т ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг гэрээгээр бүрэн шилжүүлсэн эсэхэд маргаан гараагүй.

 

2.г. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үнэд 118,000,000 төгрөг авсан талаар хүлээн зөвшөөрсөн.

 

3. Зохигч 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Т ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг худалдах, худалдан гэрээнээс татгалзах үндэслэлтэй эсэх, хариуцагч үнийг бүрэн төлсөн эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

4. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаархи дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

4.а. Т ХХК-ийн охин компани болох Л ХХК-д махны үйлдвэр бариулахаар хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулалтыг залилсан асуудлаар Ш.Тийг Д.Д нь цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан ба 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/12 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх 29/

 

Мөн Д.Д нь Ш.Т-т холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 57,271,000 төгрөг гаргуулах, мөн хохиролд 78,243,990 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан байх бөгөөд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00085 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01594 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 547 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дүгээр дүгнэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Л ХХК-ин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд орсон өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 43-47/

 

Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талууд хувьцааны асуудал болон хоорондоо холбоо бүхий компанийн хувьцаа, өглөг авлагын асуудлаар маргаантай байсан үйл баримт тогтоогдсон.

 

4.б. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4-т ...Т ХХК-ийн 2016 оны 4 сарын 06-ны өдрийн ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ын 01 шийдвэрийг үндэслэн худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг компанийн нийт хувьцааны 80 хувь болох 10,000 төгрөгийн үнэ бүхий 2,480 ширхэг хувьцааг 160,000,000 худалдаж байна гэж, 2.5-т Хувьцаа худалдан авагч тал нь Голомт банкны 41,500,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгана гэж тус тус тохиролцсон.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлавал хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдан авч, мөн Голомт банкинд төлөх 41,500,000 төгрөгийн өрийг хамт авсан гэж үзнэ. Иймд 41,500,000 төгрөгийг өр нь 160,000,000 төгрөгт багтсан гэх агуулгаар тайлбарлаж буй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 118,000,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан байх бөгөөд нийт 160,000,000 төгрөгийн үүргийн 75 хувийг биелүүлсэн байжээ. Иймд хариуцагч гэрээний дийлэнх хэсгийг биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар гэрээний ялимгүй зөрчил үүссэн тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй. Иймд гэрээнээс татгалзах, үр дагаврыг буцаах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

5. Харин талууд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Т ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийг худалдах, худалдан гэрээний үүргийн үлдэгдэл, биелэлттэй холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 103/ШШ2022/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 75 дугаар зүйлийн 75.2.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,240,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД