Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02686

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       06           09   

           101/ШШ2022/02686

 

 

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.П-гийн гаргасан,

 

Хариуцагч: Г.О-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, өмгөөлөгч И.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Миний бие Л.Нтэй 2011 онд танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болон хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас 2013 онд охин П.М төрсөн. Бид анх Л.Нийн эцэг, эхийн хашаанд тусдаа гэр барьж амьдарч байгаад хоорондоо ярилцаж тохироод амьдралаа сайжруулах зорилгоор эхнэрийг Япон улс руу явуулахаар болсон, миний бие тэр үед “П” ХХК-нд тэсэлгээчнээр ажиллаж байсан болохоор охиноо асарч, халамжлахаар үлдсэн.

 

Ийнхүү эхнэр бид хоёр зүтгэж байгаад Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж 71б байрны тоот хаягт байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг ипотекийн зээлээр худалдаж авсан. Тус байранд миний бие охин П.М, Л.Нийн ээж Г.О, төрсөн дүү Л.Г, Л.Т нартай хамтран амьдарч эхэлсэн. Би, хөдөө ростоор явдаг ажилтай тул 2021 оны 03 дугаар сараас Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах ажилдаа яваад 2021 оны 05 дугаар сард гэртээ ирэхэд Л.Нийн ээж гэрээс хөөгөөд охинтой минь уулзуулахгүй байна. Намайг гэртээ очихоор л над руу дайрч орилоод, охин минь айж цочдог учраас дахиж гэртээ очихоо больсон. Би, удахгүй эвлэрэн гэж итгэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд Г.О нь миний охин П.Мийг надтай уулзахыг хорьж, гэр оронд оруулахгүй байна. Надад өөрийн охины хамт, өөрийнхөө эзэмшлийн орон сууцандаа амьдарч, ашиглаж, эзэмшиж, захиран зарцуулах хүсэл байдаг.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж71б байрны  тоотод байрлах 60.75 м.кв талбайтай байрыг шаардаж байна. Учир нь, нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч бөгөөд “Г” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний шийдвэрээр зээл авч, орон сууц захиалгын гэрээг байгуулсан билээ. Эдгээр үндэслэлийг үндэслээд тус банкнаас зээл олгосон. Гэвч намайг орон сууцандаа амьдрах гэхээр хадам ээжтэйгээ таарч тохирохгүйн улмаас одоог хүртэл өөрийнхөө орон сууцанд амьдарч чадахгүй, охинтойгоо уулзаж чадахгүй байна.

 

Энэ нь миний үндсэн эрхийг маш их зөрчиж байгаа ба өөрийн өмч хөрөнгөндөө амьдарч чадахгүй байна. Хэрэлдэж, муудалцаад явж болох ч гэсэн буцаад хуулийн дагуу хариуцлага хүлээдэг учраас тэгэхийг хүсээгүй. Бид нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Г.Од холбогдуулан гаргасан ба эхнэр Л.Нд холбоогүй. Өнөөдөр хариуцагч нь уг байрны өмчлөгч биш байтал яагаад орон сууцанд амьдраад байдаг юм бэ гэдэг асуудал яригддаг. Нэхэмжлэгч Г.П нь охинтойгоо утсаар ярьж уулзаад, эцгийнхээ үүргийг гүйцэтгэж байна. Гэвч ххамт амьдарч чадахгүй байгаа нь Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна гэдэг нь том асуудал. Тийм учраас хариуцагчийг хууль ёсны өмчлөгч биш учраас түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхийг шаардаж байна. Үүнийг чөлөөлж өгсөн тохиолдолд Л.Н, П.М, Г.П нар хамт амьдрах боломжтой.

 

Мөн Л.Н, Г.П хоёр хоорондоо хамт амьдарна гэж ярилцдаг, гэтэл үүнд хариуцагч Г.О гэх хүн нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд амьдарч байгаагаас уг асуудал үүссэн. Тийм учраас өөрийн өмчлөлийн орон сууцыг шаардаж байна. Мөн зээлийн гэрээ, амь насны даатгал зэрэг нь нэхэмжлэгч Г.Пг орон сууцны өмчлөгч гэдгийг нотолно. “Г банк” ХХК-ийн дансны хуулгыг хавтаст хэрэгт өгсөн ба 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зээлийн төлбөрт 471,199.00 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 469,440.00 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 439,589.00 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 471,138.00 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 474,377.00 төгрөгийг тус тус төлсөн ба цар тахалтай холбоотойгоор зээлийн графикийн хугацааг хойшлуулсан.

 

Бид, хариуцагчтай хуулийн дагуу эвлэрэхийг хүлээсэн боловч эвлэрээгүй, охинтой нь уулзуулахгүй байгаа хадмууд буюу эхнэрийнх нь ээж, ах, дүү нар байранд нь амьдарч байна. Нэхэмжлэгч өөрийнхөө орон сууцандаа охинтойгоо амьдаръя гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа учир бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай талаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Г.Оийн охин Л.Нтэй хамт амьдарч байгаад 2013 онд П.М гэх охинтой болсон. Хариуцагчийн охин нь 2018 оны 02 дугаар сард Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Тэрээр Япон улсад ажиллаж байх хугацаандаа ээж Г.О рүү мөнгө явуулж байсныг хариуцагч нь “Х банк” ХХК дахь өөрийн дансандаа хуримтлуулсан. Орон сууц худадан авахад Япон улсад ажиллаж амьдарч байгаа хүний нэр дээр байрны гэрчилгээ гарахгүй учраас ээжийнхээ нэр дээр байр авахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч Г.О нь нийгмийн даатгал төлдөггүй тул зээл гарах боломжгүй гэсэн. Тиймээс Л.Н нь хамтран амьдрагч Г.Пгийн нэр дээр байр худалдан авсан. Хариуцагч нь охинтойгоо тухайн байрны урьдчилгаа төлбөрт 50,000,000.00 гаруй төгрөгийг төлсөн.

 

Уг мөнгийг төлсөн гэдгийг хариуцагчийн хадгаламжийн дэвтэр, дансны хуулгаар нотолдог. Нэхэмжлэгч нь сүүлд 13,000,000.00 төгрөгийг төлсөн баримт өгч байх шиг байна. Гэтэл тус мөнгийг ч ялгаа байхгүй нэхэмжлэгч Г.Пгийн ах 7,000,000.00 орчим төгрөгийн зээлийг төлөөд дахин 14,000,000.00 төгрөгийн зээл авч, тэрийг нь цувуулаад тусад нь төлсөн байдаг. Нийт 50,000,000.00 төгрөгийг хариуцагч Г.Оийн охин Л.Н 100 хувь төлсөн. Яагаад нэхэмжлэгч Г.Пгийн нэр дээр ордер гарах болсон шалтгаан нь түүний нэр дээр зээл гарах боломжтой байсан гэдгийг нь ашигласан.

 

Урьдчилгаанд мөнгө өгсний дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Г.Пгийн нэр дээр гарсан даруй ипотекийн 8 хувийн зээлд харагдсан. Гэвч энэ үеэс хойш цар тахлын нөхцөл байдлын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Засгийн газраас хойшлуулахаар зогсоосон. Цаашид орон сууцны зээлийг нэхэмжлэгч Г.П төлөх ёстой байсан боловч одоо хэн хэрхэн төлөгдөж байгааг хариуцагч тал мэдэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сард хариуцагчтай маргалдаад гэрээсээ явсан ба гэртээ ирэхгүй байгаа шалтгааныг нь мэдэхгүй, охин П.Мтэй уулзуулахгүй байна гэдэг нь үндэслэлгүй, өнөөдрийг хүртэл утсаар холбогдож, гэрээс нь ирж авсан олон тохиолдол байдаг. 

 

Нэхэмжлэгч Г.П нь Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна гэж хариуцагч нь үзээд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн гаргасан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж71б байр, тоотод байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд охин П.М нь хариуцагчийн асрамжид өсөж байна. Тус орон сууцны ойролцоо сургууль болон бусад байгууллага байдаг, хариуцагч нь охиныг бүрэн асран хамгаалж, байрны ус, дулаан, цахилгааны мөнгийг төлж байна.

 

Ерөнхийдөө Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж71б байр, тоотод байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрийг хариуцагчийн охин Л.Н нь бүрэн төлдөг, мөн тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, тэжээн тэтгэхтэй холбоотой арга хэмжээг авах гэтэл Япон жлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа учраас тухайн харилцааг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байна. Тус байрны өмчлөх эрх нь зөвхөн эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр биш эд хөрөнгийг авахад нөлөөлсөн хүчин зүйлсийг харгалзан үзэх ёстой. Түүнчлэн зээ охин П.Мийг сурч боловсрох, асран хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв”

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  4. Орон сууц захиалгын гэрээ,
  5. Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график,
  6. “Г банк” ХХК-ийн албан бичиг,
  7. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ,
  8. “Г банк” ХХК-ийн дансны хуулга,
  9. Төлбөрийн баримт,
  10. Даатгалын гэрээ.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  3. Төрсний гэрчилгээний хуулбар,
  4. “Х банк” ХХК-ийн дансны хуулга,
  5. Хариу тайлбар,
  6. Хөдөлмөрийн гэрээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад            

     ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Г.Пгээс хариуцагч Г.Од холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулжээ. Ингээд шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.П нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж 71б байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн            дугаартай 60.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна /х.х-ийн 67 хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн хэрэгт авагдсан баримтанд нэхэмжлэгч Г.Пг тус орон сууцыг ганцаараа өмчлөх эрхтэй эсэх талаар үүссэн шүүхийн аливаа маргаан байхгүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж, мөн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Г.Пг тухайн орон сууцыг өмчлөх эрхгүй гэж, түүнтэй хамт өөр нэгэн этгээд хамтран өмчилдөг эсэх талаар маргаантай үйл баримт үүсээгүй байх тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцох учиртай. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Г.П нь Иргэний 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй болно.

 

  1. Гэвч зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Г.Оийн төрсөн охин Л.Нтэй танилцаад тэдгээрийг хамт амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин П.М төржээ. Тодруулбал, хэдийгээр Г.П болон Л.Н нар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хариуцагч Г.О нь зээ охин П.Мийн эмээ нь бөгөөд зохигч нар хамаарал бүхий этгээдүүд байна /х.х-ийн 16, 17 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.О нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ” гэж зааснаар Г.П болон Л.Н, охин П.М нарын төрлийн хүн байна.

 

  1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан. Тайлбарлавал, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцааны объект болох эд юмсыг аливаа этгээд хууль ёсоор эзэмшилдээ авсан тохиолдолд түүний эзэмшлийг хүлээн зөвшөөрдөг.

 

Энэ талаар Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялгийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй болох ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.

  

  1. Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.Пгийн хамтран амьдрагч Л.Н нь Монгол Улсад байдаггүй, харин Япон улсад ажиллаж, амьдардаг байх тул хариуцагч Г.О нь зээ охин П.Мийг нэхэмжлэгч Г.Пгийн хамт асран халамжилдаг ажээ. Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Г.П, хариуцагч Г.О, зээ охин П.М нарыг хариуцагчийн эзэмшлийн хашаа, байшинд хамт амьдарч байгаад хожим буюу 2020 оны 06 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж 71б байр, тоот хаягт нүүж орсон гэсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Тодруулбал, хариуцагч Г.О нь талуудын маргаж буй орон сууцанд нэхэмжлэгч буюу өмчлөгч Г.Пгийн зөвшөөрлөөр тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны /зээ охин П.Мийг асарч халамжлах/ улмаас цуг амьдрах зорилгоор нүүж орсон тэрхүү үйлдэл нь хууль болоод нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй байх тул хариуцагчийг тус орон сууцанд амьдарч эхэлсэн үйлдлийг хууль бус гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, мөн 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хөрөнгийг шаардах эрхтэй бөгөөд өмчийн нэхэмжлэлд тавигдах шаардлагын хувьд нэхэмжлэгч нь маргаж байгаа хөрөнгийн өмчлөгч нь байх, эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль эсхүл гэрээгээр үүсээгүй, аль эсхүл тийнхүү үүссэн боловч хожим дуусгавар болж, өмчлөгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх зэрэг нөхцөл байдлыг шаардана.

  

Энэхүү ойлголтыг тодруулбал, Иргэний хуулийн 90 дүгэр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж, бас 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийн аливаа зүйлийг бодитоор эзэмшиж буй эзэмшлийг хууль ёсны, хууль бус гэж ангилах бөгөөд хууль ёсны шударга эзэмшигчээс тухайн эд хөрөнгийг шаардаж болохгүй, харин хууль бус эзэмшигч нь эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй. Үүнээс хууль бус эзэмшил нь эзэмших эрхгүй ч шударгаар хандсан эзэмшигч /субъектив байдлын хувьд зөв хэдий ч объектив байдлын хувьд буруу байдаг/ гэж, мөн эзэмших эрхгүй шударга бус эзэмшигч /аль аль нь буруу/ гэсэн зарчмын шинжтэй агуулгыг өөртөө багтаадаг бөгөөд хэн аль нь эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэг хүлээдэг.

 

Энэ талаар эзэмших эрхгүй ч шударгаар хандсан эзэмшигч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх бол, харин эзэмших эрхгүй шударга бус эзэмшигч нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Г.О нь зохигчдын маргаж буй орон сууцанд анхнаасаа нэхэмжлэгч Г.Пгийн зөвшөөрлөөр хамт амьдарч байгаа тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй, тэрээр шударга эзэмшигч мөн бөгөөд харин шударга эзэмшигчийн хувиар орон сууцыг буцаан өмчлөгчид нь хүлээлгэн өгөх үүрэг үүссэн эсэхийг шалгах хэрэгтэй болж байна.

 

  1. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байгаа этгээдийн эзэмшлийг дуусгавар болгох зорилгоор түүнд үндэслэл бүхий шаардлага гаргаж, улмаар буцаан авах эрхтэй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Г.Птэй зээ охин П.Мийн хамт амьдарч байгаа нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж байж болзошгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г.П нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар хариуцагч Г.Од өөрийн өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглуулж байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Г.Оээс эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээг дуусгавар болгох буюу цуцлах замаар тус орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй хэдий ч үүнийг гагцхүү хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ, хэлэлцээр нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн нэг төрөл болохын хувьд уг гэрээг цуцлах, дуусгавар болгох тохиолдолд хууль, аль эсхүл гэрээнд заасан журмыг баримтлах үүрэг хүлээнэ.

 

Гэтэл нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Г.Отэй ахуйн шинжтэй асуудлын улмаас зан харилцаа таарахгүй болсон гэсэн шалтгаанаар  хариуцагчийг тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн нь үндэслэл бүхий тайлбар биш байна. Зохигч нарын хоорондын зан харилцаа тааламжтай байх үед хариуцагч Г.О нь шударга эзэмшигч, харин тийнхүү зан харилцаа нь таарамжгүй болох тохиолдолд хууль бус эзэмшигч гэж тооцогдох учиргүй, энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан агуулгатай нийцэхгүй, бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмших гэсэн ойлголт нь иргэний эрх зүйн харилцааны объекттой тодорхой этгээдийн харьцаж буй бодит байдал /эзэмшил/-ыг хууль ёсны эсэх тухай асуудал болохоос субъектуудын зан харилцааны тааламжгүй байдлаар илэрхийлэгдэггүй юм.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж, мөн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Г.П нь охин П.Мийн төрсөн эцгийн хувьд үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид хүүхдийн асрамж, тэжээн тэтгэлгийн талаар маргаантай бол тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлснийг нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Оийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж 71б байр, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 60.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР