Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01801

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01801

 

 

Г.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02686 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.П-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О-д холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Л.Н-тэй 2011 онд танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болон хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас 2013 онд охин П.М- төрсөн. Анх Л.Н-ийн эцэг, эхийн хашаанд тусдаа гэр барьж амьдарч байгаад хоорондоо ярилцаж тохироод амьдралаа сайжруулах зорилгоор эхнэрийгээ Япон улс руу явуулахаар болсон, нэхэмжлэгч тэр үед П ХХК-д тэсэлгээчнээр ажиллаж байсан болохоор охиноо асарч, халамжлахаар үлдсэн.

Ийнхүү нэхэмжлэгч нь эхнэртэйгээ Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж 71б байрны 89 тоот хаягт байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг ипотекийн зээлээр худалдаж авсан. Тус байранд миний бие охин П.М-, Л.Н-ийн ээж Г.О-, төрсөн дүү Л.Г-, Л.Т- нартай хамтран амьдарч эхэлсэн. Би хөдөө ростоор явдаг ажилтай тул 2021 оны 03 дугаар сараас Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах ажилдаа яваад 2021 оны 05 дугаар сард гэртээ ирэхэд Л.Н-ийн ээж гэрээс хөөгөөд охинтой минь уулзуулахгүй байна.

Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч бөгөөд Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний шийдвэрээр зээл авч, орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Бид нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Г.О-д холбогдуулан гаргасан ба эхнэр Л.Н-д холбоогүй. Мөн Л.Н-, Г.П- хоёр хоорондоо хамт амьдарна гэж ярилцдаг, гэтэл үүнд хариуцагч Г.О- гэх хүн нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд амьдарч байгаагаас уг асуудал үүссэн. Тийм учраас өөрийн өмчлөлийн орон сууцыг шаардаж байна. Мөн зээлийн гэрээ, амь насны даатгал зэрэг нь нэхэмжлэгч Г.П-г орон сууцны өмчлөгч гэдгийг нотолно. Г ХХК-ийн дансны хуулгыг хэргийн материалд өгсөн ба 2020 оны 07 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл тус тус төлсөн. Цар тахалтай холбоотойгоор зээлийн графикийн хугацааг хойшлуулсан.

Бид, хариуцагчтай хуулийн дагуу эвлэрэхийг хүлээсэн боловч эвлэрээгүй, охинтой нь уулзуулахгүй байгаа хадмууд буюу эхнэрийнх нь ээж, ах, дүү нар байранд нь амьдарч байна. Нэхэмжлэгч өөрийнхөө орон сууцандаа охинтойгоо амьдаръя гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа учир бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай талаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн охин нь 2018 оны 02 дугаар сард Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Тэрээр Япон улсад ажиллаж байх хугацаандаа ээж Г.О- рүү мөнгө явуулж байсныг хариуцагч нь Х ХХК дахь өөрийн дансандаа хуримтлуулсан. Орон сууц худалдан авахад Япон улсад ажиллаж амьдарч байгаа хүний нэр дээр байрны гэрчилгээ гарахгүй учраас ээжийнхээ нэр дээр байр авахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч Г.О- нь нийгмийн даатгал төлдөггүй тул зээл гарах боломжгүй гэсэн учраас хамтран амьдрагч Г.П-гийн нэр дээр байр худалдан авсан. Хариуцагч нь охинтойгоо тухайн байрны урьдчилгаа төлбөрт 50,000,000 гаруй төгрөгийг төлсөн.

Уг мөнгийг төлсөн гэдгийг хариуцагчийн хадгаламжийн дэвтэр, дансны хуулгаар нотолдог. Нэхэмжлэгч нь сүүлд 13,000,000.00 төгрөгийг төлсөн баримт өгч байх шиг байна. Гэтэл тус мөнгийг ч ялгаа байхгүй нэхэмжлэгч Г.П-гийн ах 7,000,000.00 орчим төгрөгийн зээлийг төлөөд дахин 14,000,000.00 төгрөгийн зээл авч, тэрийг нь цувуулаад тусад нь төлсөн байдаг. Нийт 50,000,000.00 төгрөгийг хариуцагч Г.О-ийн охин Л.Н- 100 хувь төлсөн. Яагаад нэхэмжлэгч Г.П-гийн нэр дээр ордер гарах болсон шалтгаан нь түүний нэр дээр зээл гарах боломжтой байсан гэдгийг нь ашигласан.

Урьдчилгаанд мөнгө өгсний дараа байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Г.П-гийн нэр дээр гарсан даруй ипотекийн 8 хувийн зээлд харагдсан. Гэвч энэ үеэс хойш цар тахлын нөхцөл байдлын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Засгийн газраас хойшлуулахаар зогсоосон. Цаашид орон сууцны зээлийг нэхэмжлэгч Г.П- төлөх ёстой байсан боловч одоо хэн хэрхэн төлөгдөж байгааг хариуцагч тал мэдэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сард хариуцагчтай маргалдаад гэрээсээ явсан ба гэртээ ирэхгүй байгаа шалтгааныг нь мэдэхгүй, охин П.М-тэй уулзуулахгүй байна гэдэг нь үндэслэлгүй, өнөөдрийг хүртэл утсаар холбогдож, гэрээс нь ирж авсан олон тохиолдол байдаг.

Нэхэмжлэгч Г.П- нь Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна гэж хариуцагч нь үзээд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн гаргасан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж71б байр, 89 тоотод байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд охин П.М- нь хариуцагчийн асрамжид өсөж байна. Тус орон сууцны ойролцоо сургууль болон бусад байгууллага байдаг, хариуцагч нь охиныг бүрэн асран хамгаалж, байрны ус, дулаан, цахилгааны мөнгийг төлж байна.

Ерөнхийдөө орон сууцны төлбөрийг хариуцагчийн охин Л.Н- нь бүрэн төлдөг, мөн тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, тэжээн тэтгэхтэй холбоотой арга хэмжээг авах гэтэл Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа учраас тухайн харилцааг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байна. Тус байрны өмчлөх эрх нь зөвхөн эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр биш эд хөрөнгийг авахад нөлөөлсөн хүчин зүйлсийг харгалзан үзэх ёстой. Түүнчлэн зээ охин П.М-ийг сурч боловсрох, асран хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.О-ийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж 71б байр, 89 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204108589 тоот дугаартай 60.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Г.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэгч Г.П- нь тус байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ талаар хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Мөн Г.О- нь Г.П- болон Л.Н-, охин П.М- нарын төрлийн хүн байна хэмээн үндэслэх хэсэгт дүгнэсэн. Г.П- болон Л.Н- нар нь хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад шүүхээс Г.О- болон Г.П- нарыг хамаарал бүхий этгээд, төрлийн хүн мэтээр дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Г.О- нь охин П.М-ийг асран халамжилдаг гэж дүгнэсэн. Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд Асран хамгаалалтад байх хүнийг тоочин дурьдсан байдаг. Үүнд нэхэмжлэгч Г.П- болон Л.Н-, охин П.М- нарт холбогдол бүхий үйл явдал тодорхойлогдоогүй бөгөөд шүүхэд эдгээр үйл явдлыг гэрчлэх нотлох баримтыг зохигчдоос гаргаагүй юм. Хариуцагч Г.О-ийг хууль ёсны асран хамгаалагчаар томилмон хууль зүйн үйл явдал болж байгаагүй.

Нэхэмжлэгч Г.П- нь хариуцагч Г.О-д сайн санааны үүднээс туслан гэртээ байлгаж байсан ба цаашид нэг гэрт зэрэгцэн амьдрах нь Г.П-гийн гэр бүлийн амьдралд ч таатай бус уур амьсгал үүсгэсэн тул хариуцагч Г.О-ийг байрнаас гар гэсэн шаардлагыг тавьсан. Хариуцагч нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан шударга бус эзэмшигч болох хэдий ч шүүхээс түүнийг шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгч Г.П- нь өөрийн өмчлөлийн байраа сайн дураараа хариуцагч Г.О-ийн ашиглалтад шилжүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг сайн санааны үүднээс туслан гэртээ байлгаж байсан үйлдлийг гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэсэн нь тухайн маргааныг нягтлан шалгалгүйгээр хийсвэр дүгнэлт өгөн хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

П.М- нь 44 дүгээр сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Одоогоор П.М-ийн асран хамгаалагч нь Г.О- юм. Анх тухайн орон сууцанд хариуцагч, хариуцагчийн охин, Г.О- нар бүгдээрээ оршин суудаг байсан. Г.П- нь ажил байдлын шалтгаанаас хөдөө орон нутаг руу явсан. Ирэхгүй байгаа шалтгааныг хариуцагч Г.О- нь мэдэхгүй байдаг. Хууль бусаар тухайн орон сууцыг эзэмшил ашиглалтдаа байлгаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч Г.П- нь хариуцагч Г.О-д холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь уг орон сууцны төлбөрийн зарим хэсгийг өөрийн охин Л.Н-ийн хамт төлсөн, зээ охин П.М-ийг асрамжилж, орон сууцны холбогдох ашиглалтын зардлыг төлдөг учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь Л.Н-тэй 2011 оноос эхлэн хамтран амьдарч, 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр охин П.М-ийг төрүүлсэн, эхнэр Л.Н- 2018 онд Япон улсад очиж хөдөлмөр эрхлэхээр явсан байх ба, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээгээр МК ХХК-аас Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 71б байрны 89 тоот хаягт байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 116,640,000 төгрөгөөр авах тухай гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг төлж, үлдэх 76,640,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа, түлхүүр гардаж авахаас өмнө төлөхөөр тохиролцсон байна. /хх 17, 37-43, 51-52/

 

3. Нэхэмжлэгч, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 62,000,000 төгрөгийн зээл авч, дээрх орон сууцны төлбөрт шилжүүлэн, уг орон сууцыг энэхүү зээлийн гэрээнд барьцаалах тухай гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204108589 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 71б байрны 89 тоот хаягт байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх 53-69/

 

4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байдаг ба хариуцагчтай таарамжгүй харилцааны улмаас өмчлөлийн орон сууцаа өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болсон байна гэж үзэхээр байна.

 

4.а. Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийг хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд гэж үзэж, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

5. Мөн анхан шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож төлүүлэн хуваарилсан алдааг засах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д үл хөдлөх хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан байдаг ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэж 70,200 төгрөг төлүүлснийг буруу гэж үзэж, улсын тэмдэгтийн хураамжийг орон сууцны үнэ 116,640,000 төгрөгөөс тооцоход 741,150 төгрөг байх тул зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.П-гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204108589 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 71б байрны 89 тоот хаягт байрлах 60.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.О-д даалгасугай. гэж өөрчилж,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, төлбөл зохих дутуу 670,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн 100200300941 тоот дансанд оруулж, хариуцагчаас 741,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ