Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0237

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0237

         Улаанбаатар хот

 

 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Норжмаа, Б.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Б.Болдбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0943 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Ч.Сугар, Н.Туул нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0943 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2, 14.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210201507 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү давж заалдах гомдолдоо: “...Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.Сугар, Н.Туул нар татвар төлөгчийн 2009.01.01-2014.09.30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг шалгаж, 2015 оны 03 сарын 18-ны өдөр 210201507 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актаар 184.602.161.024.0 төгрөгийн зөрчил илрүүлсэн 18.480.216.102.4 төгрөгийн албан татварыг ногдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг 0.00 төгрөг болгож баталсан.

Шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч компанийн шинээр баригдах зам, бусад инженерийн байгууламж, суурь бүтэц нь худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа үндсэн хөрөнгө мөн боловч төмөр зам суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулж худалдан авсан ажил, үйлчилгээ нь үндсэн хөрөнгө биш юм” гэж дүгнэж Татварын улсын байцаагч Н.Туул, Ч.Сугар нарын үйлдсэн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасан нь анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарал бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйлт заалт, буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэл муутай, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадаагүй байна гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3, НББОУС-16 стандартад Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ. Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд дараахь зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ.

“Худалдан авсан үнэ, гаалийн татвар буцаан олгохгүй худалдааны татварын дүн. Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно” гэж заасны дагуу үндсэн зориулсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй үг үндсэн хөрөнгийн өртөгт оруулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.5-д заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаар дамжуулан татвар ногдох орлогоос хий зардал тооцох замаар хасалт хийж, өртгөө нөхөхөөр хуулийн зохицуулалт хэрэгжиж байна. НББОУС-ын 2-т “Бараа материал” стандартын нэр томъёонд Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсхүл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Бараа материалд дараахь хөрөнгө орно.

Үүнд: Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлчилгээг үзүүлэх эд хуваарилагдах эсхүл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс”-ийг хамааруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэж заасан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.7-д тус тус заасан. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-д “Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал уур ус цахилгаан болон дулааны эрчим хүч холбооны үйлчилгээ бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж тухайн үйлдвэрлэлд үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зориулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ гэж заасан.

Гэтэл худалдан борлуулах зорилгогүй өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа үндсэн хөрөнгө нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ биш бөгөөд өөртөө бэлтгэж байгаа үндсэн хөрөнгө юм.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалган баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Ч.Сугар, Н.Туул нар уг аж ахуйн нэгжийн санхүүгийн баримтад татварын хяналт шалгалтыг явуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 210201507 дугаар актаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн улсын төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 866.053.650.73 төгрөгөөр баталгаажуулж, 184.802.161.024.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 18.480.216.102.40 төгрөгийн албан татварыг ногдуулж, уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг 0.00 төгрөгөөр баталсан байна.

Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоог үйлдсэн болох нь дээрх татварын байцаагчийн актын хавсралтаас нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК нь энэхүү татварын улсын байцаагчийн  актыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэлээ гаргажээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Даланзадгад-Сайншанд-Баруун-Урт-Чойлбалсангийн чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, туслах үйл ажиллагаа явуулах эрхийг, мөн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх туслах үйл ажиллагаа явуулах” эрхийн үйл ажиллагааны чиглэлийг бүртгүүлснээс үзэхэд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн аж, ахуйн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэл нь төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын тээврийн үйл ажиллагаа явуулах зэрэг байна.

Тиймээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төмөр замын суурь бүтэц, талбай, гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж бүхий төмөр зам барих үйлдвэрлэлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж гэж үзэх юм.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “төмөр замын объект” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг” гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.3.3-д “бараанд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу албан татварын хасалт хийх”, 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх , үйлчилгээ үзүүлэх” 7.4.11-д “ажил, үйлчилгээнд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу татварын хасалт хийх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх үндэслэлийг заажээ.

Хэрэгт нотлох баримтаар татварын улсын байцаагчийн хяналт шалгалт явуулсан санхүүгийн баримтууд болон нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох баримтууд авагдсан бөгөөд уг баримтуудаар нэхэмжлэгч компани нь “Ухаа худаг болон Гашуун сухайт хоорондын төмөр замын барилгын зураг төсөл худалдан авах ажиллагаа, барилгын ажил гүйцэтгэх” гэрээг БНСУ-ын “Самсунг Си Энд Ти Корпораци”-тай байгуулж, мөн “Либерти Партнерс” ХХК, “Экогидро гео” ХХК гэх мэт аж ахуйн нэгжтэй “шинээр төмөр зам барих, төмөр замын суурь бүтэц барих”-аар үйлдвэрлэлийн зориулалтаар 16 аж ахуйн нэгжийн 13 төрлийн ажил, үйлчилгээ буюу санхүүгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ, барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлын үйлчилгээ” зэрэг  худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байсан болох нь тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дээрх худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор байна.

Мөн “Жи Пи Эс” ХХК-иас албан ажлын хэрэгцээнд зориулан компанийн ажилчдын хөдөлмөр хамгааллын тусгай хувцас, хэрэглэл, ажлын гутал зэргийг, мөн албан хэрэгцээний зориулалтаар “зурагт” худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэгч компани төсөвт төлсөн байна.

Дээрх албан хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэдэгт хамаарахаар байна.

Нэгэнт дээрх дүгнэлт болон нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь нотлогдсон.

Тиймээс нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцолгүйгээр татварын улсын байцаагч нар 184.802.161.024.0 төгрөгийн зөрчил илрүүлэн, 18.480.216.102.4 төгрөгийн албан татварыг ногдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг “0.00” төгрөгөөр тооцон баталгаажуулсан 210201507 дугаартай татварын улсын байцаагчийн акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.3.3, 7.4.9, 7.4.11, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэсгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР