Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 435

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “МТЗ” ТӨХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ч.С  

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай актын “В.Тухай хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 5,6,7,8 дугаар мөрний нийлбэр 18,470,484,953,75 мөнгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, Ц.Т, иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МТЗ” ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: “МТЗ" ТӨХК (цаашид Татвар төлөгч гэх) нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан эрх бүхий төрийн байгууллагаас олгосон "Төмөр замын суурь бүтэц барих" тусгай зөвшөөрөл, "Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх" тусгай зөвшөөрлийн хүрээнд үндсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд юм.

Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Ч.С , Н.Туул нар татвар төлөгчийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг шалгаж, 2015 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг үйлдсэн. Татвар төлөгч актыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу гаргасан гомдлыг Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоол үйлдэж ******* дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хэвээр үлдээсэн байна.

1. Татварын улсын байцаагч нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалын 5.1 дэх хэсэг, 5.1.1 дэх заалтыг үндэслэл болгон татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцох худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 18,467,788,783.62 (арван найман тэрбум дөрвөн зуун жаран долоон сая долоон зуун наян найман мянга долоон зуун наян гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгөөр бууруулан тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд дараах худалдан авалтыг оруулан тооцсон:

- Шинээр барих төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, геологи, геодези, суурь бүтэц барих барилга угсралтын ажилд татвар төлөгчийн төлсөн 18,309,250,399.23 төгрөгийн НӨАТ;

- Төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагааны хүрээнд үзүүлсэн үйлчилгээнд татвар төлөгчийн төлсөн 158,538,384.39 төгрөгийн НӨАТ юм.

НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт татвар төлөгч энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн НӨАТ-ыг түүний төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан ба мөн хэсгийн 14.1.1 дэх заалтад "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцно" хэмээн нарийвчлан заасан нь бидний маргаж буй ажил, үйлчилгээнд шууд хамаарах заалт юм.

Ийнхүү маргаж буй ажил, үйлчилгээг татвар төлөгч үндсэн үйл ажиллагааны зориулалтаар худалдан авсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байдаг тул НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад заасны дагуу НӨАТ ногдох, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасны дагуу төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцох ажил, үйлчилгээнд хамаарна.

НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д "үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно" гэж заасан. Хуулийн энэхүү заалтаас " ... уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол ..." төсөвт төлөх НӨАТ-аас хасахгүй гэдгийг хоёрдмол утгагүй, аливаа маргаангүйгээр ойлгож болохоор байна. 

Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын тухай хуулийн 12-р зүйлд заасан "0" хувьтай, 13-р зүйлд заасан НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг улсын төсөвт төлөх НӨАТ-аас хасахгүй гэсэн үг. Татвар төлөгч нь НӨАТ-ын тухай хуулийн 12, 13-р зүйлд хамаарах ажил, үйлчилгээг худалдан аваагүй. Татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцох худалдан авалтын НӨАТ-ыг хуульд зааснаас өөр үндэслэлээр хасахгүй байх эрх татварын улсын байцаагчид хуулиар олгогдоогүй юм. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр нь "зөвшөөрснөөс бусдыг хориглох" нийтийн эрх зүйн салбарын суурь зарчимд нийцсэн байх учиртай.

2. НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь заалтыг үндэслэн 2,696,170.35 (хоёр сая зургаан зуун ерэн зургаан мянга нэг зуун далан төгрөг гучин таван мөнгө) төгрөгийн НӨАТ төлсөн худалдан авалтын холбогдох баримтыг нягтлан шалгахгүйгээр ажилчдын хувийн хэрэгцээнд зориулсан худалдан авалт хэмээн хийсвэр дүгнэж, худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг мөн дүнгээр бууруулан тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

"НӨАТ-ын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Дээд шүүхийн 2007 оны №11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасан "хувийн хэрэгцээ.." гэж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ, "ажиллагчдын хэрэгцээ ..." гэж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоогүй, гэрээгээр ажиллагчдад хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тус тус хамаарна" хэмээн тайлбарласан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй" гэж, 15.2 дахь хэсэгт "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна" гэж тус тус заасан.

Ийнхүү ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын хэрэгцээнд зориулан худалдан авсан ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсанд төлсөн 2,612,533.0 төгрөгийн НӨАТ-ыг татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцсонгүй. Улмаар байгууллагын албаны зориулалттай үндсэн хөрөнгө болох телевизорын худалдан авалтад төлсөн 83,636.0 төгрөгийн НӨАТ-ыг татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасаж тооцоогүй байна.

Татварын улсын байцаагч нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4.2, 14.7 дахь хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн болон хуулийг буцаан хэрэглэсэн алдаа гаргаж, татвар төлөгчийн НӨАТ төлсөн худалдан авалтыг үндэслэлгүйгээр бууруулан тооцсон нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүх нийтээр дагаж мөрдсөн. Тус хуулиар үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг төсөвт төлөх НӨАТ-аас хасахгүй байхаар шинэ зохицуулалт оруулсан юм.

Гэтэл Татварын улсын байцаагч 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн үйлчлэлд хамаарах татварын харилцаанд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа НӨАТ-ын тухай хуулийг буцаан хэрэглэсэн байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд “Төрийн үйл ажиллагаа нь шударга ёс, тэгш байдал, хуулийг дээдлэх зарчмыг баримтална” гэж тунхагласан.

Татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4.2, 14.7 дах хэсэг, заалтыг буруу, ялгавартай хэрэглэсэн, 2006 оны хуульд байхгүй буюу 2016 оны шинэ хуульд заасан үндэслэлээр 2014 оны ажил, үйлчилгээнд зөрчил тогтоосон Татварын улсын байцаагч /ТУБ/-ийн ******* дугаартай захиргааны актыг эс зөвшөөрч актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/372 тоот нэхэмжлэл гаргасан.

Татварын улсын байцаагч анхан шатны шүүх хурлын үеэр үндсэн акт, хавсралтын дүнд гарсан тоон зөрүүг техник алдаа болохыг, татвар төлөгчийн төсөвт төлөх НӨАТ-аас хасагдах худалдан авалтыг бууруулан тооцсон дүн нь үндсэн акт дахь 18,484,761,556.90 төгрөг мөн болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн. Татвар төлөгчийн эс зөвшөөрч байгаа худалдан авалтын дүн 18,484,761,556.90 төгрөг дээр талууд ижил ойлголттой байгаа болно.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.7-д үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой НӨАТ-ын харилцааг зохицуулдаггүй. Харин татвар төлөгч өөрийн худалдан авалтын зарим хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан бол, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан бол энэ тохиолдлуудад төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг  хэрхэн тооцох талаар салаа утгагүйгээр, ойлгомжтой зохицуулсан байдаг. 

Татварын төлөгчийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасахгүй байх худалдан авалтыг 2006 оны НӨАТТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т нэрлэн заасанд үндсэн хөрөнгө олж бэлтгэхтэй холбоотой худалдын авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах тухай зохицуулалт байхгүй.

Төмөр замын тээврийн үйл ажиллагааг тусгай зам, тусгай хөдлөх бүрэлдэхүүнгүйгээр эрхлэн явуулах боломжгүй. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй хэрэглээ, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх аливаа үйлдвэрлэл үйлчилгээ байхгүй.

Нийтийн эрх зүйд “зөвшөөрснөөс бусдыг хориглох” суурь зарчим үйлчилдэг.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т: “...татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 7.1-д: “Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 6-д: Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй” гэдэг хамааруулж үзнэ.” гэж тус тус заасан.

Иймд ******* дугаартай актын “В.Тухайн хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсэг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7-г үндэслэн 18,467,788,783.4 төгрөгөөр, 14.4.2-ыг үндэслэн 2,696,170.35 төгрөгөөр тус тус бууруулан тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн, хуульд байхгүй үндэслэлээр зөрчил тогтоосон, ижил зориулалттай буюу ижил ажил, үйлчилгээнүүдэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг ялгавартай хэрэглэсэн, үүний улмаас татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх,  илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хууль бус захиргааны актын хүчингүй болгож өгнө үү.

Энэхүү захиргааны хэргийг Татварын маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэх явцад татвар төлөгчийн нийт борлуулалт болон худалдан авалтын дүнг актад алдаатай тооцоолсон болох нь тогтоогдож, хоёр талаас дахин нягталж тэмдэглэл үйлдэн Татварын улсын байцаагч, нягтлан бодогч нар гарын үсэг зурсан. Уг алдаа татвар төлөгчийн маргаж буй 18,470.484,953.75 төгрөгийн дүнд нөлөөлөөгүй боловч акт утга, агуулгын илэрхий алдаатай болохыг нотолдог. Татварын маргаан таслах зөвлөл энэхүү алдааг авч үзээгүй актыг хэвээр үлдээсэн.

Иймд татвар төлөгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, Н.Т нар татвар төлөгчийн 2009.01.01-2014.09.30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг шалгаж, 2015.03.18-ны өдөр ******* дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар 184,802,161,024.0 төгрөгийн зөрчил илрүүлэн 18,480,216,102.4 төгрөгийн албан татварыг ногдуулж уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг 0.00 төгрөг болгож баталсан. 

Дээрх актыг татвар төлөгч эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хянан хэлэлцээд 2016.03.11-ны өдрийн 13 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан. Татвар төлөгчийн нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарын хүргэж байна. Үүнд:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, НББОУС-16 стандартад Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ. Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ: а/ “Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгохгүй худалдааны татварын дүн. Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно” гэж заасны дагуу үндсэн хөрөнгөнд зориулсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй уг үндсэн хөрөнгийн өртөгт оруулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.5-д заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаар дамжуулан татвар ногдох орлогоос хий зардал тооцох замаар хасалт хийж, өртгөө нөхөхөөр хуулийн зохицуулалт хэрэгжиж байна. НББОУС-ын 2-т “Бараа материал” стандартын нэр томьёонд Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Бараа материалд дараах хөрөнгө орно.

Үүнд: “Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс”-ийг хамааруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэж заасан. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, мөн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөг шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасан.

Гэтэл худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа үндсэн хөрөнгө нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ биш бөгөөд өөртөө бэлтгэж байгаа үндсэн хөрөнгө юм. 

Түүнчлэн Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсан.

 Татвар төлөгчийн гомдолд 181,0 тэрбум төгрөгийн худалдан авалтыг 187.2 тэрбум төгрөгөөр баталгаажуулж алдаа гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

а.“Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын шалгалтад хамаарах хугацааны нийт худалдан авалт 187.2 тэрбум төгрөг болох нь татвар төлөгчийн тайлангаар ногтлогдож байна. Мөн татвар төлөгчийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-д тусгасан борлуулалт болон худалдан авалтын падаан бүрийг актад бүрэн оруулсан, 6.2 тэрбум төгрөгийн худалдан авалтын падааныг давхардуулан тооцсон алдаа байхгүй болох нь Актын 1 дүгээр хавсралт “Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо” хүснэгтээр нотлогдож байна.

 б. Татвар төлөгчийн 2014 оны 9 дүгээр сарын нийт худалдан авалтыг 254.5 сая төгрөгөөр актад тусгасан гэсэн нь буруу буюу 13.9 тэрбум төгрөгөөр актад тусгасан нь Актын 1 дүгээр хавсралт “Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо” хүснэгтээр нотлогдож байна.

в. Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан заалтын дагуу хасагдахгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 184,7 тэрбум төгрөг болох нь актын 1 дүгээр хавсралт “Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо” хүснэгтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож актыг хэвээр баталж өгнө үү...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...төмөр замын ажил үйлчилгээ үндсэн хөрөнгөнд орох нь зүйтэй гэж үзэж байна...” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МТЗ“ ТӨХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай актын “В.Тухай хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 5,6,7,8 дугаар мөрний нийлбэр 18,470,484,953,75 мөнгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага эцсийн байдлаар тодруулжээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Ч.С, Н.Т нар “МТЗ“ ТӨХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай  “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар 184,802,161,024,0 төгрөгийн зөрчил илрүүлэн 18,480,216,102.4 төгрөгийн албан татварыг ногдуулж, уг татварын дүнгээр төсвөөс буцаан авах татварын дүнг 0,00 төгрөгөөр баталсан байна .

Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий актын “В.Тухай хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ ”хэсгийн 5 дугаар мөрний /суудлын автомашин түүний эд анги, сэлбэгт төлсөн НӨАТ-ний 13,837,946,8 төгрөг, 6 дугаар мөрний /хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ний 3,134,826,7 төгрөгийн НӨАТ-өөс 438,656,35 төгрөгийг, нийт 14,276,603,15 төгрөгийн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасахгүй гэснийг хүлээн зөвшөөрч, 6 дугаар мөрнөөс 2,696,170,35 төгрөгийг, 8 дугаар мөрний 18,467,788,783,4 төгрөгийг буюу нийт 18,470,484,953,75 төгрөгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч  “МТЗ“ ТӨХК-д “ ...Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.2, 3.2.4-т заасан 1.2 дахь үе шатны төмөр замын “Суурь бүтэц барих” тусгай зөвшөөрлийн дагуу 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Даланзадгад-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд төмөр замын суурь бүтэц барих, туслах үйл ажиллагаа явуулах эрхийг  мөн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх туслах үйл ажиллагааны явуулах” эрхийг олгосон байна . 

Өөрөөр хэлбэл “МТЗ“ ТӨХК-ийг төмөр замын суурь бүтэц, талбай, гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж бүхий төмөр зам барих үйлдвэрлэлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж гэж үзэхээр байна.

Тус компани нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Ухаа худаг болон Гашуун сухайт хоорондын төмөр замын барилгын зураг төсөл худалдан авах ажиллагаа, барилгын ажил гүйцэтгэх” гэрээг БНСУ-ын “ССдТК”-тай байгуулж, мөн “ЛП” ХХК, “ЭК” ХХК гэх мэт аж ахуйн нэгжтэй шинээр төмөр зам барих, төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагааны болон үйлдвэрлэлийн зориулалтаар 16 аж ахуйн нэгжийн 13 төрлийн ажил, үйлчилгээ болох санхүүгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ, барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажил зэргийг худалдан авч тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан болох нь хавтас хэрэгт цугларсан гэрээнүүд , шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 209 дугаар шинжээчийн дүгнэлт , депозит дансны харилцагчийн хуулга , нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, НӨАТ-ын падаан, гэрээ зэрэг архивын нэгжид байгаа баримтуудаар тогтоогдож байна. 

Иймээс нэхэмжлэгч “МТЗ“ ТӨХК-ийн дээрх худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны /хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “... “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” тус тус заасан байна.

Нэхэмжлэгч компанийн барьж байгуулж буй төмөр зам, түүний бий болгохын тулд хийгдсэн судалгаа, тооцоолол, зөвлөгөө, инженерийн байгууламжийн суурь бүтэц барих үйл ажиллагаанд зориулж худалдан авалтын ажил, үйлчилгээ нь өнгөц талдаа үндсэн хөрөнгө бий болгоход чиглэсэн мэт харагдах боловч бодит байдал дээр тэдгээр нь үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, худалдан борлуулах зорилгогүй зөвхөн компанийн үндсэн үйл ажиллагааг бий болгохын тулд бэлтгэж  буй үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаа болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч “...үндсэн хөрөнгө бий болгоход зориулан авсан  худалдан авалт...” мөн эсэхийг тогтоолгүйгээр ирээдүйд үндсэн хөрөнгөөр бүртгэгдэн гэж үзэж акт ногдуулсан нь буруу байна.

Түүнчлэн “МТЗ“ ТӨХК-иас албан хэрэгцээндээ зориулан худалдан авсан хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, ажлын гутал, зурагт зэрэгт төлсөн 4 удаагийн худалдан авалтын НӨАТ-ыг 2.696.170.35 /архивын нэгж №35 х-163, 189 хуудас, компанийн ажилтнуудын хөдөлмөр хамгаалллын тусгай хувцас, хэрэглэл, архивын нэгж №78 х-298, архивын нэгж №53 х-228-232, ажлын гутал архивын нэгж №246 х-221, №228в х-440-449, албан хэрэгцээнд худалдан авсан зурагт архивын нэгж №538 х-436/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-д хамааруулан нэхэмжлэгч компанийн төсөвт төлөх НӨАТ-ын нийт дүнгээс хасч тооцоогүй хариуцагчийн үйлдэл нь  хуульд нийцээгүй байна. 

Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоолоор  “хувийн ... хэрэгцээ” гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэн зөвхөн өөртөө болон гэр бүлдээ;”...ажиллагчдын хэрэгцээ” гэдэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээтэй шууд холбоогүй, гэрээгээр ажиллагчдад хувьд нь зориулан худалдан авсан бараа, үйлчилгээ тус тус хамаарахаар заажээ. 

Иймд дээрх дурьдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Мөн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2018/******* дугаар захирамжийг биелүүлж гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 046 дугаар шинжээчийн дүгнэлтийн шинжээчийн ажлын хөлсийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр тогтлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас маргаан бүхий захиргааны актад байх тооцооллын алдаа нь техникийн шинжтэй болохыг аль аль зөвшөөрсөн бөгөөд тайлбараар зөвтгөн залруулсан болохыг дурьдах нь зүйтэй. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4.2, 14.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МТЗ“ ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай актын “В.Тухай хугацаанд худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ” хэсгийн 5,6,7,8 дугаар мөрний нийлбэр 18,470,484,953,75 /арван найман тэрбум, дөрвөн зуун далан сая, дөрвөн зуун наян дөрвөн мянга, есөн зуун тавин гурван төгрөг, далан таван мөнгө/ төгрөгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200/ далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 046 дугаар шинжээчийн дүгнэлтийн гаргасан шинжээчийн ажлын хөлс 4.800.000/ дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 тоот харилцах дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.БАТБААТАР  

                                ШҮҮГЧ                  Н.ДАМДИНСҮРЭН

                               ШҮҮГЧ                  А.НАСАНДЭЛГЭР