Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/01863

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 22 181/ШШ2022/01863

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Я ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,446,757.42 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 79,700 төгрөг, нийт 4,526,457.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я ХХК нь Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,446,757.42 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 79,700 төгрөг, нийт 4,526,457.42 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.М нь манай компанитай 2021 оны 2 дугаар дугаар 1-ний өдрийн №21/010 дугаар зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. Ингэхдээ фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн GD11533783 арлын дугаартай, 9460 УНП улсын дугаартай, Honda Fit загварын болон GD11236872 арлын дугаартай, 8702 УБР улсын дугаартай, Honda Fit загварын суудлын автомашинуудыг тус тус барьцаалсан.

Гэтэл Б.М нь 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №21/010 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс 2,339.97 төгрөг, хүүгээс 177,696.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 964 төгрөгийг төлсөн буюу нийт 181,000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй.

Манай компанийн зүгээс Б.М д зээлээ төлөх тухай удаа дараа мэдэгдэл өгч, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж байсан.

Иймд 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №21/010 дугаар зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2,997,660.03 төгрөг, хүү 1,353,726.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,370.55 төгрөг, нийтдээ 4,446,757.42 төгрөгийг Б.М гаас гаргуулж өгнө үү.

Мөн Б.М нь зээлийн гэрээнд бичсэн утсаа сольж, цахим иргэний үнэмлэх дээрх хаягтаа байхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй алга болсонд холбогдох нотлох баримтуудыг цуглуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 181/ШШ2022/00036 дугаар шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан ба уг шийдвэрт нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн. Түүнчлэн шүүхэд зээлийн гэрээтэй холбогдох материалуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргахын тулд нотариатаар гэрчлүүлэн 9,500 төгрөгийн зардал гарсан. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 79,700 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбар өгөөгүй.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 87,373.33 төгрөг тушаасан баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000190331 дугар бүхий гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн ТЗ101/484 дугаар бүхий гэрчилгээ, хавсралт, 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 21/010 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, зээлийн хорооны хурлын шийдвэр, цахим гүйлгээний баримт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 21/010 дугаар фидуцийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00036 дугаар шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/2314 дугаартай хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоосон талаарх албан бичиг, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, нотариатын үйлчилгээний хөлс, зардалд 9,500 төгрөг тушаасан баримт /хх 2-19/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт үгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- хариуцагч Б.М г зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №21/010 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 2,997,660.03 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 1,353,726.85 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 95,370.55 төгрөг буюу нийт 4,446,757.42 төгрөг,

- гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, мөн шүүхэд холбогдох материалуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргахын тулд нотариатын зардалд төлсөн 9,500 төгрөг буюу 79,700 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар өгөөгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч Б.М тай 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр №21/010 дугаар зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг, сарын 3,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг дуустал зээлж, ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр №21/010 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 94-60 УНП улсын дугаартай, цэнхэр өнгийн Honda Fit загварын автомашин болон 87-02 УБР улсын дугаартай, улаан өнгийн Honda Fit загварын автомашинуудыг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваариар тогтоогдож байна. /хх 7-11, 13-14, 18/

 

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар өгөөгүй тул зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан, зээлийг ашигласан хугацааны хүү буюу зээлийн гэрээний үүргийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн хүү, хохирлын талаар маргаагүй гэж үзэв.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2 дахь хэсэгт зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч Я ХХК нь 3,000,000 төгрөгийг Голомт банк дахь Б.М гийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан №21/010 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,997,660.03 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 1,353,726.85 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 95,370.55 төгрөг буюу нийт 4,446,757.42 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

 

Зохигч талуудын хооронд 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээг 18 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа нь 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.10, 2.11-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,997,660.03 төгрөг, зээлийг ашигласан хугацааны болон хугацаандаа төлөөгүй хүү 1,449,097.4 төгрөг, нийт 4,446,757.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, мөн шүүхэд зээлийн гэрээтэй холбогдох материалуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргахын тулд нотариатын зардалд төлсөн 9,500 төгрөгийг түүнээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00036 дугаар шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/2314 дугаартай хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоосон талаарх албан бичиг, нотариатын үйлчилгээний хөлс, зардалд 9,500 төгрөг тушаасан баримт зэргээр нотлогдож байх тул эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олох нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр /4,446,757.42 + 79,700/ нийт 4,526,457.42 төгрөгийг хариуцагч Б.М гаас гаргуулж, нэхэмжлэгч Я ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

8. Фидуцийн гэрээний тухайд дүгнэхэд, фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа болохыг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заажээ.

 

Нэхэмжлэгч Я ХХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, шууд бус эзэмшилдээ авсан 94-60 УНП улсын дугаартай, Honda Fit загварын автомашин болон 87-02 УБР улсын дугаартай, Honda Fit загварын автомашинуудыг хариуцагчийн шууд эзэмшлээс буюу бодитоор гаргуулан авч үүргийг хангуулах эрхтэй атлаа уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар хангах боломжтой байдгаараа барьцааны гэрээнээс ялгаатай тул фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авахыг хүсээгүй нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 94-60 УНП улсын дугаартай, Honda Fit загварын автомашин болон 87-02 УБР улсын дугаартай, Honda Fit загварын автомашинуудын өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг хариуцагч Б.М д буцаан шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,373.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87,373.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М гаас 4,526,457.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 94-60 УНП улсын дугаартай, Honda Fit загварын автомашин болон 87-02 УБР улсын дугаартай, Honda Fit загварын автомашинуудын өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг Б.М д буцаан шилжүүлэхийг Я ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,373.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М гаас улсын тэмдэгтийн хураамжид 87,373.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН