Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02028

 

 

 

 

 

 

2022 11 23 210/МА2022/02028

 

Я.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01863 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "Я.К ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,446,757 төгрөг, хохиролд 79,700 төгрөг, нийт 4,526,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

Б.М нь Я.К ББСБ ХХК-тай 2021 оны 02 дугаар дугаар 01-ний өдөр 21/010 дугаар зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Ингэхдээ фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн ** арлын дугаартай, ** УНП улсын дугаартай, Хонда фит загварын болон **арлын дугаартай, *** УБР улсын дугаартай, Хонда фит загварын суудлын автомашинуудыг тус тус барьцаалсан. Б.М нь зээлд 2,339.97 төгрөг, хүүнд 177,696.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 964 төгрөг, нийт 181,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй. Мөн Б.М нь зээлийн гэрээнд бичсэн утсаа сольж, иргэний үнэмлэхийн хаягтаа байхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй алга болсон тул түүнийг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн зардал, нотариатаар баримт бичиг гэрчлүүлэхэд 9,500 төгрөгийн зардал гарсан. Иймд хариуцагч Б.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 4,446,757.42 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 79,700 төгрөг, нийт 4,526,457.42 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлий

н 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Мгаас 4,526,457.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул*** УНП болон *** УБР улсын дугаартай, Хонда фит загварын автомашинуудын өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг Б.М буцаан шилжүүлэхийг Я.К ББСБ ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,373.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 87,373.33 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, зээлдэгчтэй байгуулсан фидуцийн гэрээнд дүгнэлт хийж, 2 автомашиныг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.

4.б. Мөн шүүхээс нэхэмжлэгч нь фидуцийн гэрээгээр автомашинуудыг гаргуулан авахыг хүсээгүй, фидуцийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох эрхэд халдсан, илт үндэслэлгүй дүгнэлт болсон.

4.в. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны шүүхийн шийдвэр сонсгож танилцуулахдаа шүүгч тогтоох хэсгийн 2 дугаар хэсгийн шийдвэрийн талаар дурдаагүй тул оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Я.К ББСБ ХХК нь хариуцагч Б.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 4,526,457 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагчийн зүгээс тайлбар гаргаагүй.

3. Зохигчид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 21/010 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч нь *** УНП болон *** УБР улсын дугаартай, Хонда фит загварын автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна. (хэргийн 1, 7-14 дэх тал)

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ фидуцийн зүйл болох автомашинуудын өмчлөх эрх (шууд бус эзэмшил)-ийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

5. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг буюу фидуцийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгчээс бодитойгоор гаргуулан авснаар тухайн үүрэг хангагддаг.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг, эсвэл фидуцийн зүйлийн эзэмшлийг зээлдэгч буюу үүрэг хүлээгчээс шаардах боломжтой.

 

6. Иймээс фидуцийн гэрээний талаар шүүх дүгнэх нь зөв боловч нэхэмжлэлд фидуцийн гэрээ байгуулсан талаар дурдсанаас өөр зүйл тусгаагүй, хариуцагч үүнд тайлбар гаргаагүй, талууд мэтгэлцээгүй байхад нэхэмжлэгчийг фидуцийн гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, уг эрхээсээ татгалзсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Үүнээс гадна хэрэгт тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ авагдаагүй байх ба Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасан өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдсэн тохиолдолд тухайн бүртгэлийг үндэслэн эрхийн эзэмшлийг тодорхойлсноор эрх шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх учиртайг шүүх анхаараагүй байна.

7. Дээрх асуудлыг анхан шатны шүүх тодруулаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/01863 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЗОЛЗАЯА