Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03067

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 28

101/ШШ2022/03067

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Э-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.М,

 

Хариуцагч: Ц.С нарт холбогдох,

 

13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э, өмгөөлөгч Х.О, хариуцагч бөгөөд хариуцагч Ц.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, өмгөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Анх Ц.С 2020 оны 05 дугаар сард ТОСК-ийн орон сууцанд оруулж өгнө, 8,000,000 төгрөг ёндоо авдаг, манай эхнэр Т.М-ын эгч Ц.Баярмаа гэдэг найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Ц.С-тэй найз учраас найздаа итгээд охин Онон, нөхөр Тамир, охины найз Ундралын аав Доржийн нэр дээр 3 орон сууц захиалсан. Т.М-д 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 8,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлдээ энэ асуудал луйвар болж таарсан, би хэл ам болж байж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг, 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 26-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг буцааж авсан. Анх нэхэмжлэлд 13,500,000 төгрөг нэхэмжлэхдээ дээрх 1,000,000 төгрөгийг оруулаагүй байсан. Одоо 12,500,000 төгрөг нэхэмжилж байна. Надад гэрч Ц.Баярмаа 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 200,000 төгрөг бэлнээр, хариуцагч Т.М 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,300,000 төгрөг бэлнээр өгсөн гэж шүүхэд тайлбарлаж байгаа ч би бэлнээр мөнгө огт аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Т.М, Ц.С нараас 12,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарт: ... Би ТОСК-ийн орон сууцны квотыг Ц.Баярмаагаас сонсоод нөхөр Ц.С-эд хэлсэн. Боломжийн санал байна, таньдаг мэддэг хүн, ах, дүү нартаа хэлээд үз, байранд орох нь орог гэж хэлсэн, залилан гэдгийг мэдээгүй. Манай нөхөр өөрийн 2, 3 найздаа нэг л удаа санал тавьсан, дахиж оролцоогүй, ямар ч мөнгө аваагүй. Ийм учраас Ц.Сэд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Эээс миний дансанд 20,500,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлдээ байр орон сууц нь худал болоод шүүх, цагдаагаар явж байгаа, олон хохирогч байгаа, бид өөрсдөө ч хохироод мөнгө төгрөгөө авч чадахгүй явж байна. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний дансанд Ц.Баярмаагаас 6,800,000 төгрөг орж ирснийг бэлнээр гаргаж аваад, Ц.Баярмаагаас 1,500,000 төгрөг бэлнээр аваад, 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр П.Э-т 8,300,000 төгрөг бэлнээр өгсөн, Ц.Баярмаа 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 2021 оны 03 дугаар сард П.Э-т 7,000,000 төгрөг буцааж өгсөн, нягтлан бодогчийнх нь дансанд 3,500,000 төгрөгөөр 2 удаа хийсэн, Ц.Баярмаа 1,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгч чадаагүй байгаа, үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин нэхэмжлэлийн бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

  

3.Хэргийн нотлох баримт:

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот дансны хуулга, Голомт банкин дахь  тоот дансны хуулга, Т.М-н Хаан банкин дахь  тоот дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2022.03.16 №182/ШШ2022/0, Б.Э-н нэхэмжлэл.

   

б.Хариуцагчийн нотлхох баримт: хариуцагч Т.Мын Хаан банкин дахь тоот дансны хуулга,

 

в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Ц.Баярмаагийн мэдүүлэг, Ц.Баярмаагийн Хаан банкин дахь  тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн Хаан банкин дахь  тоот дансны хуулна, Голомт банкин дахь тоот дансны хуулга, Т.Минжбадгарын Хаан банкин дахь  тоот дансны хуулга, Скайтел ХХК-ийн лавлагаа.

  

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Т.Мд холбогдох зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба гэрч Ц.Баярмаагаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй орхигдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 12,500,000 төгрөг болгож багасгасан.

 

3.Хариуцагч Ц.С нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Т.М гэрч Ц.Баярмаагийн хамт нэхэмжлэгчид нийт 8,500,000 төгрөг бэлнээр өгсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үлдэх 4,000,000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Ц.С-н санал болгосны дагуу ТОСК-ийн орон сууцанд 3 орон сууц захиалахаар тохиролцож, хариуцагч Т.Мд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, мөн 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 8,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан ба уг төлбөр тооцоо нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот, Голомт банкин дахь тоот, Т.Минжбадгарын Хаан банкин дахь  тоот дансны хуулгуудаар тогтоогдож байна.

  

5.Нэхэмжлэлд охин Ононгийн найз Ундралын аав Доржийн нэр дээр орон сууц захиалсан гэж дурдсан ба шүүхээс даалгасны дагуу тодруулсан нэхэмжлэгчийн тайлбар, Б.Энхмөнхийн нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/ дугаар захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн орон сууцны захиалгад 15,000,000 төгрөг шилжүүлэн авснаа Б.Энхмөнхөд буцаан төлөхөөр эвлэрсэн байна. Иймээс нэхэмжлэгч нь Дорж гэх нэрээр орон сууцны захиалгад шилжүүлсэн 8,500,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

  

6.Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс ТОСК-ийн орон сууцанд 3 орон сууц захиалахаар харилцан тохиролцсон үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, хариуцагч Т.М нэхэмжлэгчээс 20,500,000 төгрөг хүлээн авсан талаар мөн маргаагүй.

 

7.Түүнчлэн хариуцагч нь дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгчид ТОСК-ийн орон сууц шилжүүлээгүй байх ба улмаар 20,500,000 төгрөгөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөг, 25-ны өдөр 3,500,000 төгрөг, 26-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь Хаан банкин дахь Т.Минжбадгарын  тоот, гэрч Ц.Баярмаагийн  тоот дансны хуулгууд, талуудын тайлбараар тогтоогдсон.

  

8.Дээрх үйл баримтын талаар талууд шүүхэд маргаагүй. Харин нэхэмжлэгч 12,500,000 төгрөгийг буцаан гаргуулна гэснийг хариуцагч Ц.С мөнгө аваагүй гэж, хариуцагч Т.М 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, 8,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн учир төлөхгүй гэж тус тус маргасан.

 

9.Нэхэмжлэгч нь ТОСК-ийн орон сууцанд 3 орон сууц авахаар хариуцагч нартай харилцан тохиролцсон гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч гэрээний гол нөхцөлийн талаарх талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн байх учиртай.

  

Гэвч талуудын тайлбараас үзэхэд ТОСК-ийн орон сууц нь ямар болзол, нөхцөлөөр, хэрхэн олгогддог, мөн хариуцагч нар тухайн орон сууцыг ямар журмаар нэхэмжлэгчид шилжүүлэхээр үүрэг хүлээсэн болох нь тодорхой бус байх ба гэрч Ц.Баярмаа орон сууц захиалгын нэрээр мөнгө авсан асуудлыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж мэдүүлсэн.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба нэхэмжлэгч нь мөнгө олж авсан этгээд болох хариуцагч Т.М-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.

 

Харин хариуцагч Ц.С-н хувьд, анх орон сууц захиалах талаар нэхэмжлэгчид хэлсэн этгээд боловч тухайн тохиролцоонд тодорхой эрх, үүрэг хүлээж оролцсон гэх байдал баримтаар тогтоогдоогүйн дээр талуудын мөнгө өгөх, авах асуудалд оролцоогүй байна. Иймээс түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

11.Хариуцагч Т.М 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэж маргасан ба шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, мөн тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж дор дурдсанаар үнэлэв:

 

а.Хариуцагч Т.М-аас 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,300,000 төгрөг бэлнээр нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар бичгийн баримт үйлдээгүй байна.

  

б.Хариуцагч Т.М-д 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорж гэсэн гүйлгээний утгаар 6,800,000 төгрөгийн орлого Ц.Баярмаагаас хийгдсэн, түүнчлэн уг орлогыг 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15:43 цагт 3,000,000 төгрөг, 15:44 цагт 3,800,000 төгрөг тус тус бэлнээр авсан болох нь гэрч Ц.Баярмаагийн мэдүүлэг, хариуцагч Т.Мын дансны хуулгаар нотлогдож байна. 

 

в.Мөн хариуцагч Т.Мын  дугаар болон нэхэмжлэгчийн  дугаар хоорондын хэрэглээний лавлагаагаар 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10:29 цагаас 18:12 цагийн хооронд нийт 18 дуудлага хийгдсэн болох нь тогтоогдож байх боловч эдгээр дуудлагаар юу ярьсан нь тодорхойгүй байх тул талуудын бэлнээр мөнгө хүлээлцсэн гэх асуудлыг нотолсон баримт гэж дүгнэх боломжгүй.

 

г.Үүнээс гадна гэрч Ц.Баярмаа 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг бэлнээр хариуцагч Т.М-д өгсөн талаар шүүхэд мэдүүлсэн хэдий ч энэ талаар өөр баримт хэрэгт авагдаагүйн дээр нэхэмжлэгчид бэлэн 8,300,000 төгрөг хариуцагч Т.М өгч байгааг хараагүй гэж мэдүүлсэн.

  

д.Түүнчлэн шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн болон Т.Минжбадгарын дансны хуулгыг 2020 оны 09 дүгээр сарын 18-28-ны өдрийн хугацаагаар нэмж гаргуулсан боловч хариуцагчийн татгалзалтай холбоотой гэж үзэх тодорхой гүйлгээ илрээгүй. Харин 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч өөрийн дансанд 4,000,000 төгрөгийн орлого хийснийг хариуцагч миний бэлнээр өгсөн мөнгө гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар бусад нотлох баримтаар нотлогдоогүйн дээр тухайн данс нэхэмжлэгчийн бүх л төлбөр тооцооны хэрэгсэл тул зөвхөн хариуцагчийн гүйлгээ гэж үзэхэд учир дутагдалтай.

 

12.Дээрх үндэслэлээр хариуцагч Т.М-аас 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,300,000 төгрөг бэлнээр нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар тогтоогдохгүй байна. 

 

13.Гэрч Ц.Баярмаа 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид 200,000 төгрөг бэлнээр өгсөн, хариуцагч Т.М байлцсан гэж мэдүүлснийг хариуцагч Т.М баталсан, нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул шүүх уг төлбөрийг гүйцэтгэсэнд тооцох нь зүйтэй.

 

14.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны баримтлан хариуцагч Т.М-аас 12,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.С-эд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол түүнд тооцогдох хэсгийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 211,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-аас 12,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.С-эд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 211,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Эт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА