Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01690

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01690

 

П.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03067 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.Э-

Хариуцагч: Т.М, Ц.С нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э-, өмгөөлөгч Х.О, хариуцагч Т.М, түүний өмгөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ц.С нь 2020 оны 05 дугаар сард ТОСК-ийн орон сууцанд оруулж өгөөд 8,000,000 төгрөг авдаг гэж хэлсэн. Бид үүнд нь итгээд 3 орон сууц захиалсан. Т.Мд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нийт 20,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 8,000,000 төгрөгийг буцааж авсан. Анх нэхэмжлэлд 13,500,000 төгрөг нэхэмжлэхдээ дээрх 1,000,000 төгрөгийг оруулаагүй байсан тул хасч 12,500,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд Т.М, Ц.С нараас 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би ТОСК-ийн орон сууцны квотыг Ц.Баярмаагаас сонсоод нөхөр Ц.Сэд хэлсэн. П.Э-ээс миний дансанд 20,500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр миний дансанд Ц.Б-аас 6,800,000 төгрөг орж ирснийг бэлнээр гарган, 1,500,000 төгрөг бэлнээр аваад, 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр П.Э-т 8,300,000 төгрөг, Ц.Б-д 200,000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 2021 оны 03 дугаар сард П.Э-т 7,000,000 төгрөг буцааж өгөн, нягтлан бодогчийнх нь дансанд 3,500,000 төгрөгөөр 2 удаа, Ц.Б 1,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Иймд үлдэгдэл 4,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Маас 12,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ц.Сэд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 211,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-т олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Т.Мын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь хариуцагч Т.М миний бие 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 8,300,000 төгрөгийг АТМ-с бэлнээр авч нэхэмжлэгч П.Э-т өгсөн. Үүнийг тогтоох зорилгоор гэрч Ц.Б, Скайтел ХХК-ийн орсон гарсан дуудлагын хуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох үлдэгдэл 4,000,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Надад 8,300,000 төгрөгийг бэлэн өгсөн гэх боловч би хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч П.Э- нь хариуцагч Ц.С, Т.М нарт холбогдуулан 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 8,500,000 төгрөгийг төлсөн гэж эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 39/

4. Нэхэмжлэгч нь Ц.С, Т.М нарт ТОСК-оос хэрэгжүүлж байгаа орон сууцанд оруулахад нэг байр 8,000,000 төгрөг гэж тохиролцож, улмаар 20,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсээгүй гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр мөнгө шилжүүлсэн хэдий ч талуудын хоорондын тохиролцоо нь хуульд нийцэхгүй тул хуульд зааснаар үүсэх үүрэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

6. Хариуцагч нар нь нийт 8,000,000 төгрөгийг дансаар, мөн гэрч Ч.Б-гийн мэдүүлэгт 200,000 төгрөг бэлнээр төлсөн гэж дүгнэж, хариуцагч нараас 12,300,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь бэлнээр мөнгөн хөрөнгө өгсөн болохыг нотлох үүрэгтэй.

Хариуцагч Т.М нь П.Э-т 8,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР