Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

Д.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  

Прокурор Ш.Б, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/182 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Д.Б холбогдох 2017001380096 дугаартай 1 хавтас 189 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ш.Б эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цайдам гэх газар нутаглах иргэн Б.Б гэрт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.А хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өмнөх эхнэртэйгээ утсаар ярилаа гэж маргалдан улмаар түүний гар луу өшиглөж хугалах, толгой, баруун мөр, бугалга, зүүн мөр, бугалга, баруун гуя, зүүн гуя гэх мэт газар 56 удаа хутгалж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           

            Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Б холбогдох эрүүгийн 2017001380096 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 8.5 сантиметр, бариул хэсэг 9.9 сантиметр урттай хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг хэргийн хамт прокурорт буцааж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн

 

анхан шатны шүүх шүүхийн санаачилгаар Д.Б холбогдох эрүүгийн хэрэгт  урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаад 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 182 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай гэж 4 заалтаар хэргийг прокурорт буцаасан. Прокурорын зүгээс хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой байсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлийг бичсэн. Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Цайдам гэх газар нутаглах иргэн Б.Б гэрт 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.А хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өмнөх эхнэртэйгээ утсаар ярилаа гэж маргалдан улмаар түүний зүүн гар луу өшиглөж хугалах, толгой, баруун мөр, бугалга, зүүн мөр, бугалга, баруун гуя, зүүн гуя гэх мэт газар нь хутгаар 56 удаа хутгалж олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоон алахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон гэж прокуророос үзсэн. Аймгийн прокурорын газраас Д.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 89 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэлэлцээд Д.Б холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Үүнд:

1. Яллагдагч Д.Б биедээ учирсан гэмтлийн талаар шууд заасан байтал шүүгч үүнийг шалгаж тогтоосонгүй гэж үзсэн. Үүнийг прокурор хэргийг хянах явцад яллагдагч Д.Б мэдүүлэгт “...А намайг хутгалж байсан...” гэсэн мэдүүлгийн үндсэн дээр прокурор даалгавар бичиж гэмтлийн зэрэг тогтоолгосон бөгөөд гэмтлийн зэрэг гарсан гэх үүднээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзээд эмнэлгээс яаралтай тусламж авсныг шалгахад Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тусламж авсан ба тухайн тусламж үзүүлсэн эмчээс нь мэдүүлэг авсан бөгөөд эмнэлгийн хуудас болон эмчийн мэдүүлэгт Д.Б нь төмөр дээр унаад уг гэмтлийг авсан нь тодорхой байдаг. Тэгэхэд Д.Б нь төмөр дээр унасан энэ асуудлаа шалгуулах шаардлагагүй гэсэн байдаг. Мөн хохирогч Г.А хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...тухайн орой Д.Б манай гэрт гаднаас орж ирэхдээ төмөр дээр уначихлаа. Тухайн үед нэг талынх нь ар хэсгээс цус гарч байсан. Эмнэлэг дээр ирээд оёдол тавиулсан...” гэж мэдүүлсэн. Энэ утгаар прокуророос Г.А яллагдагч Д.Б хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй байна.

2. Хэргийн газраас хураан авсан хутга дээрх ул мөрийг илрүүлж цус хэнийх болохыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан. Тухайн хутга дээрх ул мөр хэний цус болохыг тогтоосноор энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Энэ хөл хорионы үед шинжээчийн дүгнэлт гаргуулах хүндрэлтэй. Тухайн хутгаар хутгалсан гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Учир нь хохирогч Г.А мэдүүлэгт “...Б хар өнгийн иштэй жижиг хутга гаргаж ирээд үзүүрээр нь дүрээд хутгалаад...” байсан гэж мэдүүлдэг мөн яллагдагч Д.Б “...нэг мэдсэн гартаа хутга барьсан А чичлээд дүрээд байсан. Би хаанаас хутга авснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь хохирогч Г.А “...тухайн хутгыг би булааж аваад орны ардуур шидсэн...” гэсэн мэдүүлэгтэй таардаг бөгөөд хэргийн газраас олдсон хутгаар хутгалсан гэдэг нь бүрэн нотлогдож байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзсэн. Үүн дээр хохирогч Г.А гар хугарсан асуудалд яригддаг. Тухайн гар хугарсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Д.Б учруулсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Б.Б 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...А, Б хоёроос хонины ноос хяргах уу гэж асуусан юм. Тэгээд А, Б хоёр хонины ноос хяргахаар болоод миний машинд суусан. Тухайн үед А биед ил харагдах шарх байхгүй байсан...” гэх мэдүүлэг. Шүүгчийн зүгээс  энэ хэргийн эргэлзээтэй зүйл нь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ тухайн үйл явдлыг бүрэн санахгүй ерөнхий байдлаар “...байгаа юм, санаад байгаа юм...” гэх мэдүүлэг гэдэг бөгөөд хохирогч Г.А 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “...миний зүүн гарын шуу хэсэг Б гэрт очиход зүгээр байсан. ...Б намайг өшиглөсөн гэж санаад байгаа юм. Түүнээс гараа хугалахаар өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэгт А, Б хоёр Б гэрт үлдсэн гэдэг мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Б хохирогчийн гарыг хугалсан гэдэг нь бүрэн тогтоогдсон гэж үзсэн. 

4. Шүүгдэгч Д.Б хохирогч Г.А алах санаа зорилго байсан эсэх асуудал бүрэн тогтоогдоогүй гэж үзсэн. Энэ асуудал нь хохирогч Г.А, гэрч   Б.Б, шүүгдэгч Д.Б мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Учир гэвэл тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Г.А нь өмнө нь хамт амьдарч байсан албан ёсны эхнэртэйгээ утсаар ярьсан асуудалд Д.Б нь уурлан айлын саарал өнгийн шүүгээнд байсан хутгыг авч хутгалсан. Хэдийгээр маргалдсан асуудал байгаа ч зүгээр ширээ нь дээр ил байсан хутгыг аваад хутгалаагүй тухайн хутгыг эрж, хайгаад хохирогчийг 56 удаа хутгалсан нь хүнийг алахыг завдсан гэж үзэж байгаа. Үүнийг гэрч Б.Н “...гэр лүүгээ ороод очсон чинь манай гэр нил цус болчихсон байсан. Тэгээд яаж байгаа юм бэ? юу болж байна аа гээд Б асуусан чинь энэ муу гээд А заагаад өмнөх авгайтайгаа яриад байхаар нь ингэчихлээ гээд байж байсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хардалтаас болж хохирогч Г.А алахыг завдсан гэж тогтоогдсон гэж үзэн эсэргүүцэл бичиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар Д.Б холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай  гэсэн үндэслэлээр хэргийг прокурор буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Уг шүүгчийн захирамжид 4 үндэслэлээр тухайн хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт дүгнэлтээр Д.Б биед хөнгөн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан бөгөөд дээрх гэмтэл нь юунаас болж учирсныг тогтоохтой холбоотой прокуророос тогтоосон зүйл байхгүй. Прокурорын хэлсэнчлэн зөвхөн Д.Б хохирогч Г.А өмгөөлж “...би хашаа давж байгаад унасан...” зэрэг мэдүүлгээр энэ асуудлыг шалгалгүй орхигдуулсан байна. Харин Д.Б биед гэмтэл учирсан асуудлыг  мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Г.А нь  2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр миний зүүн гуянд хутгалсан юм...” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Ийм учраас уг асуудлыг зайлшгүй шалгах шаардлагатай байна. Г.А хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байвал  үүнийг шалган тухайн хүний гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Хоёрдугаарт хэргийн газарт байсан хутга дээрээс олдсон цус Г.А цустай тохирох эсэхийг шалгахаар харьцуулсан шинжилгээ хийгээгүй гэх үндэслэлээр шүүгч хэргийг прокурорт буцаасан.  Үүнийг мөн шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэгэнт хэргийн ул мөр илэрсэн нөхцөлд харьцуулсан шинжилгээ хийх эсхүл өөр аргаар тогтоож байж хэргийн нөхцөл байдал тогтоогдоно. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мөн  прокурорын тайлбараар энэ асуудлыг тогтоох шаардлагагүй, тогтоогдсон гэж ярьж байгаа нь бодит байдал дээр Г.А биед гэмтэл учирсан учраас түүний цус байх магадлалтай гэж таамаглах байдлаар энэ асуудлыг шалгахгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулинд энэ асуудлыг зайлшгүй тогтоон, нотолж байж бодит нотлох баримт болно. Шүүгчийн захирамжаар уг асуудлуудыг шалгах шаардлагатай гэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гуравдугаарт Г.А биед хүндэвтэр гэмтэл учруулсан асуудалд өмгөөлөгчийн хувьд тайлбар хийх шаардлагагүй байх. Уг шүүгчийн захирамжийн дөрөвдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар Д.Б нь хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилго нь тодорхойгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан боловч мөрдөгчийн зүгээс татгалзсан байдаг. Үүнийг яагаад алах санаа зорилго байхгүй өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хэлж байгаа нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 227 дугаарт шинжээчийн дүгнэлт тухайн гэмтлийг учруулсан 56 удаагийн үйлдлээр нь хүнийг алахыг завдсан гэж үнэлэлт дүгнэлт өгсөн болохоос биш гэм буруугийн сэдэлт, санаа зорилго байсныг шалгаж, тогтоосон зүйл байхгүй. Харин гэмтлийн зэргээр нь хүнийг алахыг завдсан гэж хүндрүүлэн авч үзэж байна. Уг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 227 дугаартай шинжээч эмчийн дүгнэлттэй холбогдуулах шинжээч эмч С авсан мэдүүлэгт “...56 удаагийн учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй, шарх нь өнгөц, булчин шөрмөс нь тасраагүй...” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 18-20 дугаар хуудаст авагдсан гэрэл зургийн үзүүлэлт дээр хохирогч Г.А биед учирсан гэмтлийн шинж байдлыг харахад зөвхөн хатгах байдлаар гэмтэл учруулсан. Иймд 56 удаагийн үйлдлийн шинж байдлаар нь хүнийг алахыг завдсан гэж үзэж байгаа нь нэг талдаа өрөөсгөл ойлголт гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж тухайн гэмт хэргийн зүйлчилж ирүүлсэн, мөн шүүгчийн захирамжаар буцаахаар заасан заалтууд нь үндэслэлтэй байна гэж үзэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Надад Г.А алах санаа зорилго байгаагүй. Би энэ хүнтэй амьдраад жил гаруй болсон. Г.А хувьд өөрөө зан харилцаа муутай, өөрөө адилхан зовлон үзчихээд хүний муу үзээд яах вэ гэж би бодоод өөрөө төмөр дээр унасан гэж мэдүүлж байсан. Одоо харин миний гар хуруу, толгой гэмтэлтэй. Би энэ дээр зарга мэдүүлж байгаагүй. Өөр хэлж ярих зүйл алга гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 ба 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд  дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Яллагдагч Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр болох Цайдам гэх газар нутаглах иргэн Б.Б гэрт согтуугаар хамтран амьдрагч Г.А хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний гарыг өшиглөн хугалах, толгой, баруун зүүн мөр, бугалга, гуя зэрэг газарт нийт 56 удаа хутгалж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн дөрвөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Хэргийг прокурорт буцаасан үндэслэл болох шүүгдэгч Д.Б нь бусдад хутгалуулсан гэх, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шинжлээгүй гэх, хохирогч Г.А гарыг хэн хугалсан болох, шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдэх болсон санаа сэдэлтийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй гэсэн нь бүгд  үндэслэлтэй  байна гэж үзлээ.

            Учир нь шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед гэрчээр асуугдахдаа  хохирогч нь түүнийг хутгалж байсан гэж мэдүүлснийг шалгасан хэдий  боловч  чухам хэн, хэзээ, хаана,

яаж учруулав гэдгийг бүрэн шалгаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байх боломжтой эсэх асуудлаар огт шинжээч томилоогүй, шүүгдэгчийг бусдыг алахыг завдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн мөртлөө энэхүү гэмт хэргийн санаа зорилгыг тогтоох  ямарч ажиллагаа  явуулаагүй байна.

           Мөн прокурорын яллах дүгнэлт бичихдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч”   гэсэн мөртлөө тухайн хүний үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа эсэхийг шалган гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зүйлчлэлээр зүйлчлэгдэх эсэх, шүүгдэгчийн урьд нь ял шийтгүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, ял шийтгэлүүдийн хоорондын хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон зэрэг  асуудлыг тус тус нарийвчлан шалгаж тодруулаагүй байна гэж үзэхээр байна.    

         Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарласан байна.

          Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой, мөрдөн байцаалтыг бүрэн хийгдсэн гэх үндэслэлээр бичигдсэн прокурорын эсэргүүлийг хангах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Эрүүгийг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/182 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай

 

 2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОДНЯМАА

                ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                   Г.ТЭГШСУУРЬ