Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Илжгэн овогт Б-ийн Бд холбогдох 2117000000032 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Илжгэн овогт Б-ийн Б /РД:............/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, Г аймгийн С сумын  дугаар баг, З-............. тоотод оршин суух, хувиараа авто угаалгын газар ажиллуулдаг, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг,

урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 129 тоотод байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 00 цагийн орчим Г.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, нүүрэн тус газар нь хумсаараа маажих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн 129 тоотод байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 00 цагийн орчим Г.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс зулгаах, нүүрэн тус газар нь хумсаараа маажих зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эгч Б эгчийндээ буузны мах хэрчиж өгсөн юм. Тэгээд орой 22 цагийн үед махаа татаж дуусаад байж байтал манай нөхөр М ажлаа тараад ирээд бид 2 гэрлүүгээ явсан. Тэгээд Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 129 тоотод байх гэртээ ирээд байж байтал Т миний гар утасруу залгаад “ би танай яваад очьё” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл 22 цаг өнгөрч байхад Т манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво авчирсан. Тэгээд Т бид 2 түүний авчирсан пивоны нэгийг нь хувааж уусан. Манай нөхөр гаднаас хүн дуудлаа гээд уурлаад байсан болохоор пивоноос уугаагүй. Тэгээд Т бие заслаа гэж гараад манай хашаан дотор гэрийн гадаа зогсчихоод манай эгч Бтэй утсаар яриад “ Би чамайг Чойр дээр алхуулахгүй, би том хүн, гичий, янхан” гэх зэргээр орилж хашгираад байсан. Тэгээд Тийг ороод ирэхээр нь “чи яах гэж эмэгтэй хүн байж хүүхдүүдийнх хажууд хүнийг доромжлоод байгаа юм бэ гэтэл миний өөдөөс хэрэлдээд бид 2 маргалдсан. Тэгээд бид 2 хоорондоо зууралдаад, бие биенийхээ үснээс зулгаасан, тэгтэл Т миний гэдэсний зүүн хэсгээр хөлөөрөө 2 удаа өшиглсөн. Тэр үед би Тийн үснээс зулгаасан байсан болохоор түүний нүүрийг самардчихсан. Тэгтэл М бидний дундуур орж салгасан. Т гэрч яваад буцаад 10-аад минутын дараа ирэхдээ цагдаа дагуулаад ороод ирсэн...Би Тийн нүүрийг самардсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан алдаан дээр дүгнэлт хийж байгаа бөгөөд дахин ийм алдаа дутагдал гаргахгүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-42/

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр...Андууд дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй 2 ширхэг шар айраг аваад Сүмбэр сумын 2 дугаар баг Зараагийн 129 тоотод Мийн гэрт орсон. Намайг ороход М, Б хоёр 2 хүүхэдтэйгээ байсан бөгөөд 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй шар айраг дөнгөж задалчихсан ууж байсан ба Б өөрөө нэлээд согтуу сууж байсан. Намайг гэрт орсноос хойш Б над руу “Биеэ үнэлэгч, янхан, танай хамаатан садан чинь чамайг тоодоггүй биз дээ, гэр орноосоо хөөгөөд гаргадаг гэсэн биз дээ, золбинтож явдаг гэсэн” гэх мэт зүйл яриад агсраад байсан. Бгийн задалсан байсан шар айргийг Б, М бид 3 хувааж уусан. Б тэр хооронд намайг болон нөхрийгөө янз бүрийн үгээр доромжлоод нөхөртөө хандан чи Тийг янхан байсан гэж мэддэг мөртлөө тэрэнтэй явалдаад байхдаа яадаг юм бэ, гээд агсраад байсан. Тэгээд би 00 цагийн орчим явах гэсэн чинь Б намайг явуулахгүй, та хоёрыг өнөөдөр ална, тална гээд байсан бөгөөд миний цэнэглэж байсан гар утсыг аваад нөхөр лүүгээ  шидсэн. Би гэр лүүгээ явах санаатай гэрийн баруун талд газар сууж байтал Б гэрийнхээ хоймор газар сууж байгаад над дээр хүрч ирээд миний үснээс зулгаахаар нь бостол миний үснээс зулгаасан чигээрээ босч ирсэн. Тэгээд миний үсийг зулгаасан чигээрээ намайг хойшоо түлхэх үед нь би гэрийн баруун талын орон дээр ойчсон. Б миний үснээс зулгаасан гараа тавихгүй улам өөрийнхөө гарыг ороож татаад дайраад байсан. М бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд салгасан. Тэгтэл Б нөхөр Мийгээ Түмээг өмөөрлөө гээд уурлаад хажууд нь байсан шар айраг аягалж байсан шар өнгийн шаазан аягыг аваад над руу шидсэн. Тэр нь миний баруун хөлийн гуяны гадна талд оносон. Тэгэхээр нь би аягыг нь аваад орон дээр нь тавьчхаад гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. Би Бгийн гэдэс рүү өшиглөсөн асуудал байхгүй. Би тухайн өдөр огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Б миний утас руу байн байн залгаад хүрээд ир гээд байхаар нь би гэрт нь ирсэн. Бд гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 6-8 хуудас/,

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр...22 цаг өнгөрч байхад ажлаа тараад хадам эгч Бийнд очиход цагаан сарын буузаа хийж байсан. Эхнэр эгч Бийн бууз хийх зүйлийг нь бэлдээд өгчихсөн гэж байсан бөгөөд бид 2 гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд би галаа түлэх гээд түлшээ бэлдээд гадуур явж байгаад гэртээ ороод иртэл манай эхнэр гар утсаараа Ттэй ярьж байсан. Т манай эхнэрийг ууя гээд байгаа бололтой байсан бөгөөд манай эхнэр хүрээд ир гэж хэлж байсан. Тэгээд удаагүй байж байтал Т гаднаас 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй 2 ширхэг шар айраг барьж орж ирсэн. Тэгээд Б Т нар нэг шар айргийг нь хувааж уусан. Тэгж байгаад Т 00 орлоо гэж хэлж гараад манай хашаан дотор гэрийн гадаа манай хадам эгч Бтэй утсаар яриад хэрэлдээд байгаа бололтой байсан бөгөөд түүний ярьж байгаа нь манай гэрт сонсогдоод байсан. Тэгээд Т буцаж гэрт орж ирээд Б, Т хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэж байснаа тэр хоёрын дуу нь чангараад манай эхнэр шар айраг ууж байсан сэнжтэй шар алаг өнгийн шаазан аяга аваад Т рүү шидтэл Түмэндэмбэрлийг оноогүй. Тэгсэн чинь Т чи яахаараа аяга шиддэг юм бэ гэж босч ирээд тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаагаад зууралдаад авсан. Тэгэхээр нь би тэд нарыг салгах гээд очих хооронд Б Т нар баруун талын орон дээр давхралдаад унасан. Тэр үедээ Т манай эхнэрийн гэдэс орчим  нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэгтэл Т босч ирээд үс нь сэгсийсэн байсныг өөрөө боогоод гэрээс гараад явсан. Удалгүй цагдаа дагуулаад орж ирсэн. Түүний баруун талын хацар нь шалбарсан шархтай цус болчихсон орж ирсэн.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 15-17 хуудас/,

 

 Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн дүү Бгийн хамт цагаан сарын юм бэлдээд гадуур явж байтал Т гэдэг эмэгтэй 11 цагийн орчим манай дүү Б руу байн байн залгаад байсан. Т манай дүүд “Хоёулаа ганц нэг шар айраг ууя гээд байсан.Б би завгүй байна, Б эгчийн цагаан сарын буузыг хийх гээд явж байна” гэж хэлтэл Т “Наадхаа хаяач” гээд байсан. Тэгээд Б бид хоёр манайд очиж буузны мах татчихаад хоол унд хийж идээд байж байтал 22 цаг өнгөрч байхад Бгийн нөхөр М ажлаа тарж ирээд Бг аваад явсан. Тэр хоёр манай гэрээс явахдаа Мт хоолыг нь идүүлчхээд буцаад ирнэ гэж хэлээд явсан боловч ирээгүй. Тэгтэл шөнийн 23 цаг өнгөрч байхад миний 88641081 дугаарын утас руу Түмэндэмбэрлийн 96800096 дугаарын утаснаас над руу залгаад “Гичий минь, янхан минь би чамайг Чойр дээр алхуулахгүй шүү, миний ар тал том шүү” гэх мэт зүйл хэлээд хашхичаад байсан. Т орилж хашхираад байхаар нь би утсаа салгачихсан. Тэгээд байж байтал 10-20 минутын дараа манай гэрт 2 цагдаа орж ирсэн. Маргааш нь Т манай дүү Бгийн гэрт очиж шар айраг уугаад хоорондоо муудалцаж маргалдсан талаар сонссон. Манайд М, Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 18-20 хуудас/,

 

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтэд:

- Г.Тийн биед баруун хацарт зулгаралт, духны үстэй хэсэгт, зүүн бугуйнд, баруун гуянд цус хуралт гэмтэл учирчээ.  

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 02 дугаар сарын 02-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун хацрын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Духны үстэй хэсгийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн бугуйн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун гуяны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 23-24 хуудас/ зэрэг болно.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т, гэрч Ц.М, Б.Б нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №64 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Б.Бд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2117000000032 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Илжгэн овогт Б-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ