Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 129/ШШ2020/00454

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 129/ШШ2020/00454

Архангай аймаг

 

 

 

                       

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, ­­ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ... дүгээр багт байрлах “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д овогт Б.Б-т холбогдох  

Гэм хорын хохирол 2,203,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч В.У, хариуцагч Б.Б, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов. 

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дугаартай захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн магадлал, “А” орон нутгийн өмчит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай албан бичгийн дагуу захирлаар ажиллаж байсан Б.Б-т 2017 оны 05 сараас 2019 оны 01 сар хүртэл хүртэлх хугацааны цалин болох 23,957,311 төгрөг, үүнээс хувь хүний орлогын албан татварын суутгалд 2,203,065 төгрөгийг суутгаж гарт 21,754,264 төгрөг олгох байсан боловч туайн үед тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б нь байгууллагын нягтлан бодогчид үүрэг өгч хувь хүний орлогын албан татвар хийлгэхгүй өөрөө татварыг төлнө гэж Х банкны ........ тоот дансаар цалинг, хувь хүний орлогын албан татварын 2,203,065 төгрөгийн хамт шилжүүлэн авч байгууллагад хохирол учруулсан байна. Манай компанид Татварын хэлтсээс хувь хүний орлогын албан татварын 2,203,065 төгрөгийн актыг тавьсан. Иймд хувь хүний орлогын албан татвар болох 2,203,065 төгрөгийг Б.Б-ээс гаргуулж компанийн эзэмшлийн Х банкны .......... тоот дансанд шилжүүлүүлж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-иас Б.Б надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б.Б миний нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дүгээр магадлал, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар тогтоол биелэгдээгүй цалин хөлсөө бүрэн гаргуулаагүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Захиргааны хэргийн шүүхээс албадан гүйцэтгэх захирамж гаргаж, удаа дараа бүрэн биелүүлэхийг шаардсан албан тоотуудыг хариуцагч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсээр байгаа билээ. Захиргааны хэргийн шүүхээс өмнөх шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад захирамж гаргаж ажлаас халсан нь хууль бус байгааг тогтоосон шийдвэр гарсан байна. Түүнчлэн хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй цалин хөлс бүрэн олгохгүй байгаатай холбогдуулсан эрүүгийн хэрэг үүсч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа талаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна гэжээ.    

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б нь 2017 оны 05 сараас 2019 оны 01 сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 23,957,313 төгрөг, үүнээс хувь хүний орлогын албан татварын суутгалд 2,203,065 төгрөгийг суутгаж гарт 21,754,246 төгрөг олгох байсан боловч Б.Б нь нягтлан бодогчид үүрэг өгч хувь хүний орлогын албан татварт 2,203,065 төгрөгийн суутгал хийлгэхгүйгээр өөрөө татварыг төлнө гэж 23,957,313 төгрөгийг 2019 оны 03 дугаар 28-ны өдөр  өөрийн данс руугаа хийлгэсэн. Үүнээс болж байгууллагад 2,203,065 төгрөгийн хохирол учирсан байна. Хувь хүний орлогын албан татварыг суутгаж аваагүй үндэслэлээр Татварын хэлтсээс 2019 оны 10 сард акт тавьж манай байгууллага хувь хүний орлогын албан татварын суутгалыг татварт тайлагнаж төлөлтийг хийж дуусгасан. Энэ 2,203,065 төгрөг Б.Б-ийн дансанд гүйлгээ хийгдэж байгууллагад хохирол учирсан тул уг мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

          Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт: “А” ХХК нь энэ маргааны нэхэмжлэгч огт биш. “А” компани нь орон нутгийн өмчит ХХК, орон нутгийн өмчийн бүрэн эрх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өөр субъектэд байдаггүй. Тийм учраас төлөөлөн удирдах биш байгууллага нэхэмжлэл гаргаж байгааг нэгдүгээрт нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Хоёрдугаарт: Б.Б гэдэг хүн хариуцагч биш. Б.Б гэдэг хүн цалин хөлсний тооцоолол хийдэггүй. Цалин хөлсний тооцооллыг тооцооны нягтлан бодогч хийж ерөнхий нягтлан бодогч хянадаг. Гуравдугаарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цалин хөлсөө бүрэн олгоогүй байгааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, мөн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд нотолж байгаа. Өөрөөр хэлбэл цалин хөлснөөс татвар шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцож яаж олгосон талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргаж  байгааг гайхаж байна. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар шийтгэлийн хуудсанд “А” компани ямар нэгэн гомдол гаргаагүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Үүнийг харахад хаана татварын суутгал хийгдэх ёстой байсан бэ? гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн асуудал гэж үзэж байна. Миний бие цалин хөлс орох хугацаанд У хотод томилолттой явж байсан. Цалин хөлс миний дансанд дутуу орсон. Энэ талаар тухайн өдөр нь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Тухайн өдөр мэдэгдсэн албан тоотуудыг А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгөөд одоог хүртэл цалин хөлсөө нэхэмжилж аваагүй хохирч байна. Шинээр А аймгийн “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б нягтлан бодогчид үүрэг даалгавар өгсөн 1 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ нотлох баримт 01 сарын 31-ний өдөр гарсан байгаа. Энэ баримт маргаад байгаа хэрэг маргаантай огт холбогдолгүй. Тухайн 01 сарын 31-ний өдөр гарсан баримт нь санхүүгийн гүйлгээ 3 хоногтоо багтаж хийгдэхгүй байсан учир санхүүгийн гүйлгээг хугацаанд нь хийх талаар үүрэг өгч байсан баримт. Миний ажиллаж байсантай холбоотой маргаантай асуудлаар “А” ХХК, төлөөлөн удирдах зөвлөл ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр биелүүлэх эсхүл шүүхийн шийдвэрт оролцох эрхгүй этгээд. Энэхүү маргааны гол хариуцагч нь А аймгийн Засаг дарга, А аймгийн Засаг даргаас ямар нэгэн байдлаар “А” ХХК-д шийдвэр ирээгүй. Бусад надтай холбоотой хохирол гомдлыг А аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан байгаа гэж үзэж байна. Цалинг яагаад эндээс гаргасан гэдгийг ойлгохгүй байна. “А” ХХК-ийг энэ хохирлоо барагдуулсан байх гэж ойлгож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.      

 

            Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:    

 

ҮНДЭСЛЭХ нь:

           “А” ХХК нь Б.Б-т холбогдуулан  хохирол 2,203,065 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0409 дугаартай захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн магадлал, “А” орон нутгийн өмчит ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай албан бичгийн дагуу захирлаар ажиллаж байсан Б.Б-т 2017 оны 05 сараас 2019 оны 01 сар хүртэл хүртэлх хугацааны цалин болох 23,957,311 төгрөг, үүнээс хувь хүний орлогын албан татварын суутгалд 2,203,065 төгрөгийг суутгаж гарт 21,754,264 төгрөг олгох байсан боловч туайн үед тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б нь байгууллагын нягтлан бодогчид үүрэг өгч хувь хүний орлогын албан татвар хийлгэхгүй өөрөө татварыг төлнө гэж Х банкны 5154***** тоот дансаар цалинг, хувь хүний орлогын албан татварын 2,203,065 төгрөгийн хамт шилжүүлэн авч байгууллагад хохирол учруулсан байна. Манай компанид Татварын хэлтсээс хувь хүний орлогын албан татварын 2,203,065 төгрөгийн актыг тавьж манай байгууллага хувь хүний орлогын албан татварын суутгалыг татварт тайлагнаж төлөлтийг хийж дуусгасан. Иймд 2,203,065 төгрөгийг Б.Б-ээс гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргасан байна.

          Хариуцагч Б.Б нь “А” ХХК нь энэ маргааны нэхэмжлэгч, Б.Б гэдэг хүн хариуцагч биш. Б.Б гэдэг хүн цалин хөлсний тооцоолол хийдэггүй. Цалин хөлсний тооцооллыг тооцооны нягтлан бодогч хийж ерөнхий нягтлан бодогч хянадаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цалин хөлсөө бүрэн олгоогүй байгааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, мөн А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд нотолж байгаа. Энэхүү маргааны гол хариуцагч нь А аймгийн Засаг дарга юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

           

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

          “А” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.11-д зааснаар татварыг суутган төлөгч,  татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээд учраас хариуцагч Б.Б-ээс байгууллагад учруулсан хохирол 2,203,065 төгрөг нэхэмжлэх эрхтэй байна.

            “А” ХХК нь Б.Б-т ажилгүй байсан хугацааны цалин олгохдоо 23,957,311 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт 2,182,399 төгрөгийн суутгал хийж, нийт 21,774,912 төгрөгийг гарт олгох байсан нь “А” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчийн тооцооллоор нотлогддог. /хх-н 5/

            Нэхэмжлэгч “А” ХХК нь 23,957,311 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ийн эзэмшлийн Х банкны 5154***** тоот дансанд /гүйлгээний утга 2017-2019 оны цалин/ шилжүүлсэн болох нь Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогддог ба  23,957,311 төгрөг өөрийн дансанд шилжин орсон гэдэгтэй хариуцагч маргаагүй байна. /хх-н 4/

Нэхэмжлэгч “А” ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулж, холбогдох төсөлт шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч хариуцагч Б.Б-т олгосон ажилгүй байх хугацааны олговроос хувь хүний орлогын албан татвар 2,182,399 төгрөгийн суутгаагүй, төсөвт шилжүүлээгүй нь 23,957,311 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-ийн эзэмшлийн Х банкны .......... тоот дансанд “А” ХХК-иас шилжүүлсэн Х банкны мөнгөн шилжүүлэг, “А” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0291985 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

Б.Б-ийн орлогоос суутгаагүй хувь хүний орлогын албар татвар  2,182,399 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1738 тоот “Төлбөрийн даалгавар”-аар “А” ХХК нөхөн төлжээ. /хх-н 6/

          Иймд нэхэмжлэгч “А” ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол  гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Б-ээс суутгаагүй татвар 2.182.399 төгрөгийг шаардах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нийт 2.203.065 төгрөгийн татварыг хариуцагчаас нэхэмжилж, 20.666 төгрөгийн татварыг “Татварын шалгалтаар хөнгөлөлтөн дээр нь зөрүү гарч ирээд 2,203,065 төгрөг болж өссөн. 2019 оны 10 сарын 17-ны өдөр шийдвэрлэгдэж энэ татварыг төлөх болсон” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар Татварын байгууллагын хяналт шалгалтын дүнд үндэслэж тогтоосон татварын байцаагчийн акт хэрэгт байхгүй учир нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж 20,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.          

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,199 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 49,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Б.Бээс 2,182,399  /хоёр сая нэг зуун наян хоёр мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,666 /хорин мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,199 /тавин мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 49,868 /дөчин есөн мянга найман жаран найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЭЛБЭГЗАЯА

 

                                               ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ч.ЖАРГАЛАН