Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2020/00327

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 129/ШШ2020/00327

Архангай аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У овогт С.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Т.З-д холбогдох,

 

1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 129/2020/00112/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.З нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр утсаар холбогдож 2 хоногийн хугацаатай зээл хаагаад өгнө гэж 2,800,000 төгрөгийг зээлж дансандаа шилжүүлүүлсэн. Гэвч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөлгүй би аваагүй, өөр хүн авсан гэх шалтгаанаар одоог болтол төлөхгүй хохироож байна. Энэ хугацаанд би Т.З-гээс 1,000,000 төгрөгөнд тооцож бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө авсан. Иймд үлдэгдэл 1,800,000 төгрөгийг Т.З-гээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.З-тэй ажил төрлийн шугамаар харилцдаг байсан. Т.З нь сүлжээний бүтээгдэхүүн зардаг байсан ба би тэр бүтээгдэхүүнээс нь авч хэрэглэдэг байсан. Би Т.З-г нягтлан бодогч хариуцлагатай хүн болохоор маш их итгэдэг байсан. Т.З нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр утсаар холбогдож 2 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэхээр нь би найдвартай юм уу гэсэн найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдөр нь мобайл банкаар дансанд нь 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хугацаа өнгөрөөд зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь асуусан чинь залилан хийдэг А гэх хүнд өгсөн та тэр хүнээс ав гэсэн. Би Т.З-д “би хүнтэй хэл ам хийхгүй, чи тэр хүнтэйгээ өөрөө учраа ол” гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй олон жил болж байна. Сүүлдээ би уурлаад цувуулаад ч болсон өг гэж хэлсэн ба зардаг бүтээгдэхүүнээс нь үсний будаг гэх мэт бараа авч мөнгөндөө суутгадаг байсан. Т.З нь надад 200,000, 100,000, 80,000 төгрөгөөр бэлэн мөнгө цувуулж өгсөн. Бусад тооцоондоо бүтээгдэхүүн авсан ба нийт 1,000,000 төгрөг болсон. Бүтээгдэхүүн өгөөд мөнгөө дуусгах юм болов уу гэсэн чинь сүүлдээ надад өгөхөө больсон. Би дээрх бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2016-2019 оны хооронд авсан. Одоо үлдэгдэл 1,800,000 төгрөгийг Т.З-гээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би С.Э-ын нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэрэг дээр өмгөөлөгч авч байгаа болно. Уг мөнгийг би авч хэрэглээгүй өөр хүнд авч өгсөн бөгөөд би төлөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн. Миний бие хүүхэд харах хүнгүй шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Намайг оролцохгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

    Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Т.З-д холбогдуулж зээл 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь “...Т.З нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгийг зээл хаагаад өгнө гэхээр нь дансанд нь шилжүүлсэн. Гэвч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөлгүй хохироож байна. Энэ хугацаанд би Т.З-гээс 1,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө авсан. Иймд үлдэгдэл 1,800,000 төгрөгийг Т.З-гээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү...” гэж, хариуцагч нь “...Би С.Э-ын нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг би авч хэрэглээгүй өөр хүнд авч өгсөн бөгөөд би төлөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн” гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Э-ын эзэмшлийн Төрийн банкны 1819001**** дугаартай данснаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,800,0000 төгрөгийн зарлага хийгдэж хариуцагч Т.З-гийн эзэмшлийн 18000006*** дугаартай данс руу шилжүүлэгдсэн үйл баримт нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогддог ба энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна. 

Хариуцагч Т.З нь С.Э-ын нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг би өөрөө аваагүй хүнд авч өгсөн хэмээн маргаж байгаа боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчид 2,800,000 төгрөг зээлсэн болох нь нэхэмжлэгч С.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зээлдэгч нь зээлийн мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар зээлдүүлэгч хяналт тавих үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч нь 2,800,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлдүүлсэн гэж тайлбарлах боловч “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2 хоногийн хугацаатай” байсан гэдэг нь зохигчдын хэн алиных нь тайлбараар нотлогдоогүй тул хугацаа тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Т.З нь уг мөнгийг би төлөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн, би өөрөө хэрэглээгүй өөр хүнд авч өгсөн гэж маргаж байгаа хэдий ч хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан ба хариуцагч Т.З нь нэхэмжлэгч С.Э-аас зээлсэн 1,800,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Т.З-д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 2016-2019 оны хооронд 1,000,000 төгрөгөнд тооцож бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө өгсөн гэдгийг нэхэмжлэгч тайлбарладаг ба хариуцагч энэ талаар маргахгүй байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч Т.З нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

              1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.З-гээс 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгосугай.

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З-гээс 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА