Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 575

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Х-д холбогдох

 

Орон сууц чөлөөлөхийг даалгах, 84 654 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

105 434 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х нь “Х” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44а байрны 14 тоот, 66.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 83 125 000 төгрөгөөр худалдан авахаар, мөн байрны 15 тоот 66.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 83 125 000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14/31 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдан авсан. Гэрээний 5.4-т Г.Х нь орон сууцны төлбөрт 166 250 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр заасан боловч хугацаа хэтрүүлэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25 000 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш огт төлбөр төлөөгүй. Ингээд гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон талаар удаа дараа Г.Х, түүний нөхөр А.Энхболд нарт мэдэгдэхэд удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Г.Х нь цаашид орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй нь тодорхой болсон тул уг орон сууц захиалгын гэрээг цуцалж, түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн “Х” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44а байрны 14 тоот орон сууц, мөн байрны 15 тоот орон сууцыг тус тус чөлөөлж өгөхийг Г.Х-д даалгаж өгнө үү. Мөн гэрээний 6.1-т заасны дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Х” ХХК-д төлнө гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 318 446 500 төгрөгийн алданги болсон. Гэвч Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 83 125 000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү. Г.Х дээрх хоёр орон сууцанд амьдарч байх хугацаандаа байрны ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2015-2018 онд 1 529 090 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг төлбөрийг манай компаниас төлсөн тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х нь “Х” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, “Х” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44а байрны 14 тоот, 66.5 м.кв талбай бүхий орон сууцыг нэгж талбайн үнийг 1 250 000 төгрөгөөр тооцон нийт 83 125 000 төгрөгөөр, мөн 44а байрны 15 тоот, 66.5 м.кв талбай бүхий орон сууцыг нэгж талбайн үнийг 1 250 000 төгрөгөөр тооцон нийт 83 125 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Харин гэрээ байгуулснаас хойш хугацаанд эдгээр хоёр байранд иж бүрэн супер засвар хийсэн бөгөөд материалын болон засварын ажлын хөлс нийт 80 434 600 төгрөгийн зардал учирсан. Харин 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Х” ХХК-ийн зүгээс дээрх байгуулсан орон сууц захиалгын хоёр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Г.Х-д бичгээр ирүүлсний дагуу гэрээний харилцаа дуусгавар болсон. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25 000 000 төгрөг болон эдгээр хоёр байранд хийгдсэн засан сайжруулалтын зардал 80 434 600 төгрөг, нийт 105 434 600 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж өгнө үү. Уг орон сууцанд одоог хүртэл хүн амьдраагүй тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Х-с 70 625 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 029 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр, 14 тоот орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр, 15 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Х-д даалгаж,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас 25 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 434 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 651 420 төгрөгийг, хариуцагч Г.Х-с 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 685 123 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 581 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс "...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 5.4-т зааснаар худалдан авагч Г.Х нь хоёр орон сууцны үнэд нийт 166 250 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 141 250 000 төгрөгийг төлөөгүй" талаар зохигчид маргаагүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө" гэж ....заасны дагуу худалдан авагч Г.Х-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 141 250 000 төгрөгийн 50 хувь болох 70 625 000 төгрөгийг хариуцагч Г.Х-с гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно..." гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлт болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц" захиалгын гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд "...уг орон сууц захиалгын гэрээг цуцалж, түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн орон сууцуудыг чөлөөлж өгөхийг даалгах, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги гаргуулах..." гэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагавар болох орон сууцыг өөрийн эзэмшилд авах тухай шаардлага гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрч талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанаас татгалзаж, гэрээний зүйлийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж байгаа үйл баримтыг шийдвэрлээгүй шууд үр дагаварыг даалгаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалгын гэрээ" нь талууд үндсэн үүргээ биелүүмэгц буюу нэг талаас "Х" ХХК байруудыг шилжүүлж, нөгөө талаас Г.Х хариу төлбөрийг төлмөгц гэрээний харилцаа дуусгавар болох үргэлжилсэн бус нэг удаагийн шинжтэй гэрээний төрөлд хамаарах юм. Дээрх төрлийн гэрээний харилцаанд хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа болон талуудын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болж, зөвхөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагавар талуудын хувьд үүснэ. Иймээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хоёр "Орон сууц захиалгын гэрээ" нь анхнаасаа байгаагүй эрх зүйн үр дагавар бий болж "Х" ХХК-ийн орон сууцуудыг Г.Х-ын эзэмшилд шилжүүлэх үүрэг болон Г.Х-ын байрны хариу төлбөр болох 166 250 000 төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болсон. Энэ байдалд нэхэмжлэгч, хариуцагч нар огт маргаагүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 223 дугаар зүйлд заасан журмаар алданги нэхэмжлэх эрхтэй эсэх дээр маргасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилго бүхий гэрээний дагавар үүрэг. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байгаа нөхцөлд гэрээний 6.1 дэх хэсэгт ".. .Захиалагч гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг "Х" ХХК-д төлнө..." гэж тусгасан алдангийн тохиролцоо нь үндсэн үүргийн хамт дуусгавар болсон. Нэхэмжлэгч хариуцагч нар нь "Орон сууц захиалгын гэрээ"-ээс талууд татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсон байхад гэрээний дагавар үүрэг болох алданги 70 625 000 төгрөгийг Г.Х-с гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Х-с 70 625 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Х-д холбогдуулан орон сууц чөлөөлөхийг даалгах, 84 654 090 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч 105 434 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14/31 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид Дархан-Уул аймаг, дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44а байр, 14, 15 тоотод байрлалтай, 66.5 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг шилжүүлэх, хариуцагч Г.Х нь орон сууцны 1 м.кв-ыг 1 250 000 төгрөгөөр тооцон, нийт 166 250 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Х” ХХК-д төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасны дагуу дээрх 2 орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн, хариуцагч нь орон сууцны үнэд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 141 250 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч Г.Х нь орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр,14 тоот орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр, 15 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Х-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч Г.Х нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний гэрээнээс татгалзаж, уг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу авсан, өгсөн зүйлийг буцаан шаардах эрхтэй. Талууд байгуулсан гэрээнээс татгалзсан тул гэрээгээр тохиролцсон орон сууцыг бариулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги гаргуулах зэрэг гэрээний үндсэн болон нэмэлт үүргийг бүхэлд нь шаардах эрхгүй байхад анхан шатны шүүх алданги 70 625 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул алданги 83 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Х дээрх хоёр орон сууцанд амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын зардал буюу цахилгаан,  ус, дулаан, СӨХ-ны төлбөрт 2015-2018 онд 1 529 090 төгрөгийг төлөөгүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх 1 529 090 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул шаардах эрхгүй гэж дүгнэж дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Талууд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу авсан, өгсөн зүйлийг буцаан шаардах эрхтэй тул шүүх хариуцагчийн орон сууцны үнэд төлсөн 25 000 000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан хэдий боловч гэрээний зүйл болох дээрх 2 орон сууцны биет байдлын доголдлыг арилгахтай холбогдуулан хариуцагч Г.Х нь 80 434 600 төгрөгийн засвар хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, талууд гэрээнд дээрх засварыг хийхээр тохиролцоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлд хамаарах хохирлын хүрээг тодорхойлсон байх тул нэг тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон үүссэн хохирлыг арилгахаар хэрэглэгдэх зохицуулалт юм.

 

Иймд нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол хариуцагч хохирол шаардах эрхгүй тул шүүх 80 434 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00171 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр,14 тоот орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр, 15 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Х-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 84 654 090 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК-иас 25 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Х-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 434 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” гэж тус тус дугаарлан, 2 дах заалтын “581 275” гэснийг “70 200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Х-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ