Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

/          /

 

Хариуцагч: Г.Х-д холбогдох,

/ /

 

Орон сууц чөлөөлөхийг даалгах, 84.654.090 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 105.434.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр, Ш.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Х нь “Х” ХХК ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, .... 2 өрөө орон сууцыг 83.125.000 төгрөгөөр худалдан авахаар, мөн байрны 15 тоот 66.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 83.125.000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14/31 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан худалдан авсан. Гэрээний 5.4-т Г.Х нь орон сууцны төлбөрт 166.250.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр заасан боловч хугацаа хэтрүүлэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөг төлсөн ба үүнээс хойш огт төлбөр төлөөгүй. Ингээд гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон талаар удаа дараа Г.Х, түүний нөхөр А.Э нарт мэдэгдэхэд удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Г.Хнь цаашид орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй нь тодорхой болсон тул уг орон сууц захиалгын гэрээг цуцалж, түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн “Х” ХХК ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44а байрны 14 тоот орон сууц, мөн байрны 15 тоот орон сууцыг тус тус чөлөөлж өгөхийг Г.Х-д даалгаж өгнө үү. Мөн гэрээний 6.1-т заасны дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Х” ХХК ХХК-д төлнө гэж заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 318.446.500 төгрөгийн алданги болсон. Гэвч Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 83.125.000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү. Г.Х дээрх хоёр орон сууцанд амьдарч байх хугацаандаа байрны ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулаан, СӨХ-ны төлбөрт 2015-2018 онд 1.529.090 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг төлбөрийг манай компаниас төлсөн тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Г.Х нь “Х” ХХК ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, “Х” ХХК ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44а байрны 14 тоот, 66.5 м.кв талбай бүхий орон сууцыг нэгж талбайн үнийг 1.250.000 төгрөгөөр тооцон нийт 83.125.000 төгрөгөөр, мөн 44а байрны 15 тоот, 66.5 м.кв талбай бүхий орон сууцыг нэгж талбайн үнийг 1.250.000 төгрөгөөр тооцон нийт 83.125.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин  гэрээ байгуулснаас хойш хугацаанд эдгээр хоёр байранд иж бүрэн супер засвар хийсэн бөгөөд материалын болон засварын ажлын хөлс нийт 80.434.600 төгрөгийн зардал учирсан. Харин 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Х” ХХК ХХК-ийн зүгээс дээрх байгуулсан орон сууц захиалгын хоёр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Г.Х-д бичгээр ирүүлсний дагуу гэрээний харилцаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д ”аль нэг тал  гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ“ 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй“ гэж тус тус заасан байдаг. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25.000.000 төгрөг болон эдгээр хоёр байранд хийгдсэн засан сайжруулалтын зардал 80.434.600 төгрөг, нийт 105.434.600 төгрөгийг “Х” ХХК ХХК-иас гаргуулж өгнө үү. Уг орон сууцанд одоог хүртэл хүн амьдраагүй тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй, Г.Х-д холбогдох, орон сууц чөлөөлөхийг даалгах, 84.654.090 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон 105.434.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Г.Х, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14/31 дүгээр “Орон сууцны захиалгын гэрээ”-ээр “Х” ХХК ХХК нь Дархан-Уул аймаг, 66.5 м.кв талбайтай орон сууц, Дархан-Уул аймаг, орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр Г.Х-ын өмчлөлд шилжүүлэх, Г.Х нь дээрх хоёр орон сууцны нэгж м.кв талбайн үнэд 1.250.000 төгрөг, нийт 166.250.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор “Х” ХХК ХХК-д төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

 

            Дээрх хоёр гэрээний дагуу худалдагч “Х” ХХК ХХК нь өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, орон сууцыг худалдан авагч Г.Х-ын эзэмшил, ашиглалтад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн, худалдан авагч Г.Хнь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор хоёр орон сууцны үнэд нийт 166.250.000 төгрөг төлөхөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөг төлсөн, үлдэх 141.250.000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй болно.

 

1. Хариуцагч талын “...гэрээний дагуу 141.250.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд уг хоёр орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбар гаргасныг үндэслэн Дархан-Уул аймаг, орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Х-д даалгах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 5.4-т зааснаар худалдан авагч Г.Хнь “хоёр орон сууцны үнэд нийт 166.250.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 141.250.000 төгрөгийг төлөөгүй” талаар зохигчид маргаагүй тул гэрээний 6.1-д “гэрээнд заасан нөхцөл, хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд алдангид 83.125.000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй хэдий боловч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу худалдан авагч Г.Х-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 141.250.000 төгрөгийн 50 хувь болох 70.625.000 төгрөгийг хариуцагч Г.Х-с гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

            Нэхэмжлэгчийн “...байрны ашиглалтын зардалд буюу цахилгаан, ус, СӨХ, дулааны төлбөрт 1.529.090 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Х” ХХК ХХК-иас Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 44А дугаар байр,14 тоот орон сууц, мөн байрны 15 тоот орон сууцны цахилгаан, ус, СӨХ, дулааны төлбөрт 1.529.090 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Х” ХХК ХХК-ийн ашиглалтын тооцооны баримтаар нотлогдохгүй байх бөгөөд уг орон сууцны цахилгаан, ус, СӨХ, дулааны төлбөрийг шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

            2. Хариуцагч Г.Х-ын “...орон сууцны төлбөрт төлсөн 25.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14/31 дүгээр “Орон сууцны захиалгын гэрээ”-ний дагуу худалдан авагч Г.Х-с хоёр орон сууцны төлбөрт нийт 166.250.000 төгрөг төлөхөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөг төлсөн” болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-иас 25.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгох нь зүйтэй юм.

 

            Харин хариуцагчийн “...дээрх орон сууцанд хийгдсэн иж бүрэн супер засварын материал болон засварын ажлын хөлс 80.434.600 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлмйн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар гэрээний дагуу худалдан авагч Г.Хнь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор хоёр орон сууцны үнэд нийт 166.250.000 төгрөг төлөхөөс 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 25.000.000 төгрөгийг төлж, үлдэх 141.250.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд худалдагч “Х” ХХК ХХК нь гэрээний дагуу Г.Х-д орон сууцны эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн, гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлөөгүй тул өмчлөлд шилжүүлээгүй болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол хохирол шаардах эрхгүй гэж зааснаар 80.434.600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Мөн Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээний зүйл болох Дархан-Уул аймаг, .... орон сууцны биет байдлын доголдлыг арилгахтай холбогдуулан худалдан авагч Г.Х-с “уг супер засвар”-т 80.434.600 төгрөгийн зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдоогүй бөгөөд гэрээнд дээрх засварыг хийх талаар тохиролцоогүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Дархан-Уул аймаг, ... тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Х-д даалгаж, хариуцагч Г.Х-аас 70.625.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.029.090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-иас 25.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.434.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Х-с 70.625.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.029.090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг, .... тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Г.Х-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-иас 25.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80.434.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 651.420 төгрөгийг, хариуцагч Г.Х-с 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 685.123 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 581.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХХК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг гаргуулан хариуцагч Г.Х-д олгосугай.  

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.СЭМЖИД