Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2020/00406

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Засгийн газрын *************** тоотод байрлах, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 5 дугаар баг, ************* тоотод оршин суух, ******* ХХК-д холбогдох 12,327,800 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-н захирал *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус захиргаа нь ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Тоног төхөөрөмж-ийн түрээсийн гэрээ байгуулж Булган аймгийн Рашаант сум дахь Чилэнгийн отрын бэлчээрт 100 га тариалангийн талбайг малын тэжээлийн ургамал тариалах зориулалтаар хагалах, Чилэнгийн отрын бэлчээр нутагт хадлан бэлдэхэд ашиглуулахаар нийт 72,893,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн байдаг. ******* ХХК-н захирал ******* нь тариа хураалт дуусаад дээрх үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөлгүйгээр, эвдэж, хаяж явсан байдаг. Улмаар тус захиргаанаас ******* ХХК-ийн захирал *******д техник тоног төхөөрөмжийг хэвийн байдалд оруулж хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй байна. Улмаар тус захиргаанаас ******* ХХК-д холбогдуулан Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, улмаар хэрэг бүртгэлтийн 181500176 дугаартай хэрэг үүссэн. Хэрэг бүртгэлийн хэрэг шалгагдах явцад Булган аймгийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/24 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг тогтоолд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан улсад болон тус байгууллагад учирсан хохирлоо шүүхэд иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэх талаар дурдсаны дагуу нэхэмжлэл гаргаж байна. ******* ХХК-ийн захирал ******* нь дээрх тоот гэрээний дагуу түрээсэлсэн техник, тоног төхөөрөмжүүдийг өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Аймаг дундын отрын бүс нутагт малын тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор *******тай 2014 онд байгуулсан №2014/ТТ04 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу Rostselmash Tukan-1600 маркийн, 24,875,000 төгрөгийн үнэ бүхий өвс хаман боогчийг хүлээн авсан. Энэхүү өвс хаман боогчийг ******* ХХК-д 2015 онд хүлээлгэн өгсөн байх бөгөөд *******тай 2014 онд байгуулсан №2014/ТТ04 тоот гэрээний дагуу 2015 оны түрээсийн төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй болно. ******* ХХК-нь тоног төхөөрөмж түрээслэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс дагуу улсын төсөвт болон манай байгууллагад нийтдээ 11,744,000 төгрөгийн хохирол учраад байна.

Үүнд: ******* ХХК-н захирал *******тай 2015 оны 05 дугаар

сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр 6,800,000 төгрөг, Хэрэг бүртгэлтийн 181500176 дугаартай хэрэгт шалгагдах явцад тус захиргааны эзэмшлийн Беларус 82.1 маркийн тракторын эд анги эвдэрч 1,390,000 төгрөг, *******д хүлээлгэн өгсөн Rostselmash Tukan-1600 маркийн, 24,875,000 төгрөгийн үнэ бүхий өвс хаман боогчийг тус захиргаа нь *******тай 2014 онд №2014/ТТ04 тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан авсан байдаг. *******тай байгуулсан №2014/ТТ04 тоот гэрээний дагуу 2015 оны түрээсийн төлбөр болох 3,550,000 төгрөг тус тус болно.

Иймд ******* ХХК-н захирал *******аас 11,744,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* ХХК-н захирал *******аас хохирол барагдуулахтай холбоотойгоор шүүхийн шатан дахь томилолтын зардалд 587800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Баярсайханы хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Намхай гэх залуутай отрын бүсэд ажилтанаар орж 200 га газар тариа тариалсан. Тухайн үед О.Баярсайхан дарга надад хэлэхдээ хажуу талын хүмүүс хэл ам хийгээд байна. Чи энэ газрыг түрээслэж ногоо тариалж байгаа гэж хэлээрэй гэж хүртэл хэлж байсан. Тэр жил О.Баярсайхан дарга 7, 8, 9 саруудад бид нар дээр ирээд явахдаа энэ жил тариа ногоо ургахгүй нь чи малаа оруулж болно гэж хэлээд тариагаа орхиод явсан. Тэр жил тариа их хамхуултай гараад байсан. Би тариалсан тариагаа хамхуултай нь хамж боогоод 700-800 боодол болсон. Би намар 10 сард ажлаас буухдаа хамхуултай нь хамж боосон өвс, трактор бүх зүйлийг нь отрын бүсийн манаачид нь хүлээлгэж өгөөд явсан. Тухайн зүйлсийг манаачид нь хүлээлгэж өгөхөд надтай хамт ажиллаж байсан тракторын жолооч нар хамт байсан. Өвөл 12 сард О.Баярсайхан дарга над руу ярихдаа манайх энэ жил өр зээлтэй гарах гээд байна чамд компанийн тамга тэмдэг байна уу гэж хэлсэн. Би 2016 он гараад О.Баярсайхан даргад тамга тэмдэгтэй хоёр цаас өгсөн. Одоо болохоор миний өгсөн тамга тэмдэгтэй цаасан дээр гэрээ хийсэн гэж хэлээд надаас мөнгө төгрөг нэхэмжлээд байна. ******* ХХК нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд байдаг. Уг компани нь 2015 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Миний нэр дээр байдаг компани байгаа. 2015 онд тухайн тракторыг барьж байсан жолоочийг би шүүхэд гэрчээр асуулгасан. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй иргэний хуралд оролцож байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас гаргасан ******* ХХК-н захирал *******аас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгэлийн 6,800,000 төгрөг захиргааны эзэмшлийн Беларус 82.1 маркийн тракторын эд анги эвдэрсэн зардал болох 1,390,000 төгрөг, *******тай байгуулсан 2014 оны №2014/ТТ04 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний гүйцэтгэлийн 3 550 000 төгрөг нийт 11 744 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Мөн иргэний хэргийн маргаанд улсын төсвөөс томилолтын зардалд нийт 587,800 төгрөг мөн нэмж нэхэмжилсэн байна. ******* ХХК-н гүйцэтгэх захирал ******* нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд учраас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түрээсэлсэн тоног төхөөрөмжид учирсан хохиролд 1,390,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн дэмжиж оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ******* нь хариуцагч ******* ХХК-с түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,800,000 төгрөг, беларус 82.1 маркийн тракторын эд анги эвдэрсэн хохиролд 1,390,000 төгрөг, өвс хаман боогчийн түрээсийн төлбөр 3,550,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажллагаанд оролцсон томилолтын зардал 587800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч ******* ХХК нь түрээсийн гэрээ байгуулаагүй надаас компаний тамгатай цаас 2-ыг нэхэмжлэгч тал авсан түүн дээрээ хуурамчаар гэрээ байгуулсан байна, тракторын эвдэрэлд толь, хаалганы шил 80000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэг. ******* ХХК нь Булган аймгийн Рашаант сум дахь Чилэнгийн отрын бэлчээрт тариалангийн талбайд тариа тарихаар тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 25-нд *******ны дарга О.Баярсайхантай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна.

2015 оны 05 дугаар сарын 25-нд трактор, өвс хаман боогч, вагончик, үрлэгч, хөх тариаг аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн Ч.Нэргүй, Ичинхорол, Намхай нар байлцаж надад хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан.

Харин хариуцагч би аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд ажилтнаар орсон гэх боловч үүнийг нотолсон баримтыг гаргаж ирүүлээгүй болно.

Хариуцагч талбайд тариаг тарьсан боловч ургац гараагүй, О.Баярсайхан дарга 3 удаа ирж үзээд ургац гараагүй байна, малаа талбайд оруулж болно гэж надад хэлсэн. Би 700-800 боодол ногоон тэжээл талбайгаас авсан. Бараг л ихэнхи нь хамхуул байсан. Талбайгаас 5тн ногоон тэжээл хураан авсан. Гэрээний дагуу хүлээн авсан тоног төхөөрөмжийг намар 10 сард аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн болон манаач Жамбалдоржид хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй гэж хариуцагч тайлбар гаргаж байна. Сүүлд эрүүгийн журмаар шалгаж тракторт үзлэг хийхэд би байлцсан. Тракторын цонхны шил, гэрэл хагарсан байсан. Би үүнийг зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ ХХААХҮЯ аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, ******* ХХК-ний хооронд бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээнд заасан тоног төхөөрөмжийг ******* ХХК хүлээн авсан байна.

Түрээсийн төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул гэрээнд зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр 6,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул ******* ХХК-с гаргуулах нь зүйтэй.

Түрээсийн гэрээг 2015 оны 05 дугаар сарын 25-нд 365 хоногийн хугацаатай байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан.

Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 25-нд дуусах ёстой байсан боловч түрээслэгч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.

******* ХХК-г түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан тоног төхөөрөмжөө албан ёсоор хүлээлгэн өгөхийг 2017 оны 08 дугаар сарын 07-нд нэхэмжлэгчээс албан бичгээр мэдэгдэж байсан байна. Албан бичгийг 9 дүгээр сарын 13-нд хүлээлгэн өгөв, хүлээн авсан ******* гэж гарын үсэг зурсан байна.

Мөн хариуцагчаас би Улаанбаатар хотод очиж аймаг дундын отрын бэлчээрийн захиргаатай уулзаж тоног төхөөрөмжид учирсан хохирол 1,390,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч бэлэн авах боломжгүй эвдрэл гэмтлийг засаж өг гээд мөнгийг аваагүй талаар шүүх хуралдаанд зохигч тайлбар гаргасан.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 07-нд тасалдсан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход 3 жилийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй, түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

Гэрээний дагуу тоног төхөөрөмжид учирсан гэмтлийн хувьд эрүүгийн журмаар шалгаж беларус 82.1 маркийн тракторт үзлэг хийж үнэлгээ гаргуулсан байна.

******* ХХК-ний үнэлгээний тайлангаар уг тракторт баруун урд гэрэл 40,000 төгрөг, хаалганы шил 40,000 төгрөг, хөдөлгүүрийн блок 960000 төгрөгний нийт шууд зардал 1040000 төгрөг, өнгө гаргах будаг, лак болон будах зардалд 350000 төгрөгний шууд бус зардал, нийт 1390000 төгрөгийн хохиролын үнэлгээ гаргасан байна.

Түрээсийн гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийг түрээслэгчид актаар хүлээлгэн өгөхөөр заасан байх бөгөөд ******* ХХК-нд гэрээний дагуу тоног төхөөрөмжийг актаар хүлээлцсэн баримт байхгүй байна.

Хариуцагч хэдийгээр уг тоног төхөөрөмжийг хүлээн авснаа маргахгүй байгаа боловч уг тракторыг хүлээн авах үед бүрэн бүтэн байсан эсвэл гэмтэлтэй байсан эсэх нь нотлогдохгүй байна.

Гэрч *******, ******* нар шүүхэд ... Уг тракторын блок 2013 онд хагарсан тул цавуугаар наасан талаар... мэдүүлдэг. Иймд уг тракторын блок ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөс өмнө хагарч наасан байна гэж үзэж блок хагарсан хохирол 960000 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч гэрээний дагуу тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн түрээслэгчид хүлээлгэн өгч акт үйлдснээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтаар нотлоогүй болно.

Мөн тракторыг будах, лак түрхэх шууд бус зардал 350,000 төгрөгийг хариуцагчийн тоног төхөөрөмжийг ашиглаж учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан тул тракторын өнгө үзэмж муудсан нь ердийн элэгдэл хорогдол учраас хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзлээ.

Хариуцагч тракторын гэрэл, хаалганы шил чулуу үсрээд хагарсан нь үнэн, төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргаж байх тул ******* ХХК-ний үнэлгээгээр үнэлсэн гэрэл, цонхны шилний үнэ 80000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Гурав. ******* ХХК-иас гэрээний үүрэг, хохирол шаардахтай холбоотой шүүхийн шатан дахь томилолтын зардал 587000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон томилолтын зардал нь түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дөрөв. Өвс хаман боогчийг тус захиргаа *******тай түрээсийн гэрээ байгуулан авсан. Гэрээний дагуу 2015 оны түрээсийн төлбөр болох 3,550,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул түрээсийн төлбөр 3,550,000 төгрөгийг ******* ХХК-иас нэхэмжилж байна гэжээ .

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймаг дундын отрын бэлчээрийн захиргаа нь 2015 оны 05 дугаар сарын 25-нд ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж трактор, өвс хаман боогч, вагончик, үрлэгчийг түрээслэгч ******* ХХК-нд хүлээлгэн өгч тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөр 6,800,000 төгрөгийг авахаар тохиролцсон.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймаг дундын отрын бэлчээрийн захиргаа *******тай байгуулсан түрээсийн гэрээний төлбөрт 3550000 төгрөгийг төлөх үүргээ ******* ХХК-д шилжүүлсэн нь нотлогдохгүй байх ба уг захиргаа ******* ХХК-иас өвс хаман боогчийн түрээсийн төлбөрийг 6,800,000 төгрөг тооцож нэхэмжилсэн.

*******д төлөх төлбөрөө ******* ХХК-с нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд ******* ХХК-иас түрээсийн төлбөр 6,800,000 төгрөг, тракторт учирсан хохирол 80,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,447,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ******* нь хариуцагч ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 6,800,000 төгрөг, беларус 82.1 маркийн тракторын эд анги эвдэрсэн хохиролд 1,390,000 төгрөг, өвс хаман боогчийн түрээсийн төлбөр 3,550,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон томилолтын зардал 587800 төгрөг гаргуулах нийт 12,327,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэмэгдүүлэх шаардлагадаа нийт нэхэмжлэлийн шаардлагаа 12,331,800 гэж нэхэмжлэгч буруу тооцож бичсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 6,880,000 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,447,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ДУЛМАА