Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01051

 

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайн

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 146/ШШ2020/00406 дугаар шийдвэр,

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2020/00029 дүгээр магадлалтай,

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй

Шандас зээрд ХХК-д холбогдох

 

12,327,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: төрийг төлөөлж прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Шандас зээрд ХХК-д холбогдуулан 12,327,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 146/ШШ2020/00406 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар Шандас зээрд ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 6,880,000 төгрөгийг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,447,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,030 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2020/00029 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 146/ШШ2020/00406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа дараах үндэслэлүүдийг дурдсан байна. Үүнд:

4.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т ...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ төрийн байгууллагын хүсэлтээр... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон гэснийг зөрчсөн гэж үзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ...Төрийн байгууллага... гэсэн хуульчилсан нэр томьёоны тодорхойлолт тайлбар байхгүй тул ИХШХШтХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.4 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны байгууллага бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ... заасны дагуу 2007.09.18-ны өдрийн улсын бүртгэлийн 9070001118 дугаартай гэрчилгээтэй хуулийн этгээд болно. Тус захиргаа нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн иргэний эрх зүйн харилцааны объект нь төрийн мэдлийнх бөгөөд төрийн эдийн болон эдийн бус баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдсөний дагуу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж Шандас зээрд ХХК-ийн учруулсан хохирлыг төлүүлэхээр шүүхэд хандсан. Төрийн захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө... гэж заасны дагуу тус захиргааны дарга нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох эрхтэй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч надад ИХШХШтХ-ийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Иймд надад олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр Прокурорыг төрийн нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт гаргасан. Хэрэг маргаан хянагдаж байхад прокурорыг оролцуулах хүсэлтийг 2 удаа гаргасан бөгөөд эхний удаа Шандас зээрд ХХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн 181500176 дугаартай хэрэгт хяналт тавьж байсан Булган аймгийн Прокурорын газрыг оролцуулах хүсэлт гаргасан тул үндэслэлгүй байна.

4.2. ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлд нотлох баримтын тухай хуульчилсан бөгөөд Шандас зээрд ХХК-д холбогдох хэрэг бүртгэлтийн 181500176 дугаартай хэрэгт хяналт тавьж байсан Булган аймгийн Прокурорын газрын хяналтад байсан хэргийн материалаас гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт зэргийг хуульд заасан шаардлага хангахуйц байдлаар хуулбарлан авч хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох баримтаар гаргаж өгсөн байхад прокурорыг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Шандас зээрд ХХК-тай 2015.05.25-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, 72,893,000 төгрөгийн тоног төхөөрөмж түрээсэлсэн, тариа хураалт дуусахад хариуцагч нь түрээсэлсэн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөлгүй, эвдэж, хаяж явсан. Иймд түрээсийн төлбөр 6,800,000 төгрөг, эвдэрсэн Беларус 82.1 маркийн тракторын эд ангийн хохирол 1,390,000 төгрөг, мөн түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгчийн түрээсэлсэн өвс хаман боогчийн түрээсийн төлбөр 3,550,000 төгрөг, шүүхийн томилолтын зардал 587,800, нийт 12,331,800 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 

Хариуцагч: ...нэхэмжлэгчийн хүсэлтээр отрын бүсэд ажилтнаар орж 200 га талбайд тариа тариалсан, тэр жил ган болж ургац аваагүй, Баярсайхан захирал энэ жил тариа ургахгүй нь чи малаа оруулж болно гэж хэлээд тариагаа орхиод явсан, ...тариа их хамхуултай гарсан тул тариалсан тариагаа хамхуултай хамж боогоод 10 сард ажлаас буухдаа хамж боосон өвс, трактор бүх зүйлийг манаачид нь хүлээлгэж өгөөд явсан. ...2016 он гараад Баярсайхан захирлын хүссэнээр тамга, тэмдэгтэй 2 цаас өгсөн, энэ цаасан дээр гэрээ хийсэн гэж хэлээд мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Төрийг төлөөлж прокурор дүгнэлтдээ: ...Шандас зээрд ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Мөнхсайхан нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд учраас талуудын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түрээсэлсэн тоног төхөөрөмжид учирсан хохиролд 1,390,000 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхсайханаас гаргуулах саналтай байна, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн дэмжиж байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 6,880,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр Прокурорын байгууллага оролцсон, түүнчлэн гуравдагч этгээдэд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өмнө эрх, үүрэг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх заалтыг зөрчсөн, эдгээр нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн гэжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1-д ...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж, 67 дугаар зүйлийн 67.1.1-д шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсний дараа зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгнө гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа болох төрийн байгууллагаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр Прокурорын байгууллагыг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр прокурор бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэгт оролцсоныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хүсэлтээ Прокурорын байгууллагад гаргаж, прокурор хамт оролцох эсвэл гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь агуулгын хувьд нэг ашиг сонирхолтой тул ноцтой зөрчил болохгүй юм.

 

10. Анхан шатны шүүхийн хэргийн оролцогчид эрх үүрэг танилцуулсан баримтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өмнө эрх үүргийг танилцуулснаар огноо бичигдсэн байх боловч энэ нь техникийн алдааны шинжтэй, тэрээр анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон, шүүгчээс шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдод тэдгээрийн эрх, үүргийг танилцуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-106/, түүнчлэн эрх зөрчигдсөн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гомдол гаргаагүй тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцээгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 

11. Зохигч 2015.05.25-ны өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

12. Гэрээний дагуу түрээслүүлэгч эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэн өгсөн, гэрээний 4.1-д түрээсийн төлбөрийг 6,800,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон нь тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн, хариуцагчаас түрээсийн төлбөрт 6,800,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2020/00029 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 146/ШШ2020/00406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                             Н.БАЯРМАА

                                                Б.МӨНХТУЯА

                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                     Х.ЭРДЭНЭСУВД