Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 577

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00279 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69а тоотод оршин байрлах хувийн сууцны зориулалт бүхий барилгын эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэгдсэн 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэгдсэн барилгын 707 м.кв талбайтай 1 дүгээр давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044355 дугаарт бүртгэгдсэн 834 м.кв талбайтай 2 дугаар давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэгдсэн 834 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002386 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1226 дугаар захирамжаар “Мандах газар” ХХК-иас 849 606 295 төгрөгийг гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Миний бие уг компанийн 100 хувь үүсгэн байгуулагч захирал нь юм. Шүүхийн шийдвэр гарч уг хэрэг НШШГГ-т шилжиж 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18300956/4 дугаартай тогтоолоор хураасан. НШШГГ-аас  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гарч үнэлгээг тогтооно гэхээр нь төрийн байгууллага хууль ёсны дагуу үнэн зөв бодитой үнэлгээ гарах болов уу гэж бодтол 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК 2 106 125 100 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу төлбөр төлөгч миний эрх зүйн байдлыг дордуулахаар нөхцөл байдал үүсээд байна. Учир нь би өөрийн өмчлөгч өмчлөлийн хөрөнгийг худалдан борлуулах болон зээлийн барьцаа зэрэгт ашиглах үеийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний дүнг 3 961 335 000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Миний бие энэхүү үнэлгээг үнэн зөв үнэлгээ гэж үзэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тогтоосон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээ нь илтэд зөрүүтэй буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээнээс 1 800 000 000 төгрөгөөр дутуу илтэд зөрүүтэй үнэлсэнд нь гомдолтой байна. Энэхүү үнэлгээг өмчлөгч А.Агиймаа миний бие үнэн зөв үнэлгээ гэж үзэж байгаа. Иймд миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, зориулалттай барилгын 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай барилгын 1 давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай 2 давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 3 давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1226 дугаар захирамжаар “Мандах газар” ХХК-иас 851 844 386 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 2 238 091 төгрөг, нийт 851 844 386 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Мандах газар” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус компанийн захирал А.А-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 2 дугаар гудамж, 69а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай барилгын 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай хувийн сууц, зориулалттай барилгын нэг давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044355, дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай хоёр давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834.м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай гурван давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Г-2201222386 дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 18638310356959 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газрыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18300956/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18300956/04 тоот хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч “Мандах газар” ХХК-ийн захирал А.А нь 3 960 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн боловч төлбөр авагч Капитрон банк ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 тоот шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 2 106 125 100 төгрөг төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19000 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч “Мандах газар” ХХК-ийн захирал А.А-д мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 2 106 125 100 төгрөгийн 70 хувиар тооцон 1 474 287 570 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хөндлөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнээр дуудлага худалдааг зарласан, төлбөр төлөгч "Мандах газар” ХХК-ийн захирал А.А-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бууруулан тогтоогоогүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул А.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хөрөнгө үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тухайн газрыг үнэлээгүй гэж ярьж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд болон нэхэмжлэлээс харахад газрыг нэхэмжлэгч өөрөө үнэлсэн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь сонин байна. Тухайн хоёр сарын эвлэрэх хугацаанд нэхэмжлэгч тухайн барьцааны зүйлийг худалдан борлуулах арга хэмжээ авч байсан нь үнэн. Ингэхдээ Үнэгүй.mn дээр тухайн байшинг 1 800 000 000 төгрөгөөр зарна гэсэн зар оруулж байсан. Өнөөдөр яагаад “Итгэлт-Эстимэйт” ХХК ийм их үнийн дүнтэй үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй байна. Харин “Хөрөнгө-Эстимэйт” ХХК хуулийн дагуу үнэлгээ гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 182/ШЗ2018/11275 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч би өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр "Итгэлт-Эстимэйт" ХХК-аар бизнесийн болон даатгалын зориулалтаар хийлгэхэд 3 961 335 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үнэлгээгээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх саналаа хэлэхэд төлбөр авагч Капитрон банк нь үл зөвшөөрч тэдний хүсэлтээр дахин үнэлгээг "Хөрөнгө-Эстимэйт" ХХК хийлгэсэн бөгөөд уг үнэлгээг хийлгэхэд миний бие "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчинтэй огт уулзаагүй, харин Капитрон банкны ажилтан уулзаж холбоотой байсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн тайлбараас мэдсэн. Үүнийг нэхэмжлэгч миний бие тус банкнаас үнэлгээг зориудаар бага үнээр гаргуулахад нөлөөлсөн байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь үнийн дүн маш их зөрүүтэй хийгдсэн 2 үнэлгээнээс ямар үндэслэлээр, ямар шалтгаанаар, ямар учраас зөвхөн "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн хэмээн дүгнээд байгааг ойлгохгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчин "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн хэмээн дүгнэсэн нь хуулийн үндэслэлийг хангаагүй байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Шинжээч томилох тухай" 240 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 2 дугаар гудамж, 69а тоотод байрлах хувийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай 1 дүгээр давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай 2 дугаар давхрын хэсэг, Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газарт зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгож үнэлгээ хийлгэхээр "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийг шинжээчээр тогтоосон атал шинжээч нь зөвхөн 4 барилгын үнэлгээг хийж, газарт үнэлгээ хийлгүй орхисонд их гомдолтой байна. Анхан шатны шүүх газрыг тусад нь үнэлэх шаардлагагүй, хамтатган үнэлсэн байна гэж тайлбарлаж, дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие газрыг үнэ төлбөргүй худалдаж аваагүй, тодорхой үнэ, өртөг төлж худалдаж авсан. Гэтэл миний хөрөнгийг үнэгүйдүүлж иргэн намайг хохироож байна. "Хөрөнгө-Эстимэйт" ХХК нь тогтоолын дагуу 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийгээгүй гэж үзэж байна. Мөн үнэлгээний 2 дүгнэлтэд үнэлэгдэж буй барилга, үл хөдлөхийн байршил нь сайн гэж ижил түвшинд үнэлсэнийг анхан шатны шүүх дүгнээгүй байж 2 дахин багаар үнэлэгдсэн дүгнэлтийг дангаар үнэлж, нэхэмжлэгчээс гарган өгсөн нотлох баримтыг үл үнэлэн, хэргийг шийдвэрлэхдээ нэг талын байр суурийг илтэд харгалзан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгүүдийг 2 106 125 100 төгрөгөөр үнэлсэн "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээтэй 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцсан. Тус үнэлгээг нэхэмжлэгч нь хүчингүй болгуулахаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А.А нь НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69а тоотод хаягт байрлах хувийн сууцны зориулалт бүхий барилгын эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэгдсэн 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэгдсэн барилгын 707 м.кв талбайтай 1 дүгээр давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044355 дугаарт бүртгэгдсэн 834 м.кв талбайтай 2 дугаар давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэгдсэн 834 м.кв талбайтай 3 дугаар давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002386 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01226 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, хариуцагч “Мандах газар” ХХК-ийн төлөөлөгч А.А нар нь 849 606 295,17 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч “Мандах газар” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох А.А-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай барилгын 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилгын 1 давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай 2 давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 3 давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн байна.

        /хх-7-8, 60-62 дахь тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 182/ГХ2018/00674 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18300956/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор А.А-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай барилгын 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилгын 1 давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай 2 давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 3 давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18300956/04 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.                                                                                                                               /хх-64-69, 71-75 дах тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч А.А нь Ү-2201033175, Ү-2201044355, Ү-2201044356, Ү-2201044357, Г-2201002386 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 3 960 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд төлбөр авагч Капитрон банк үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй байна.                                                                                                                           /хх-76-77 дах тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69а тоот хаягт байрлах 3 давхар хувийн сууц, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг              2 106 125 100 төгрөгөөр үнэлсэн нь холбогдох журмыг зөрчөөгүй болно. Иймд үнэлгээний талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.                                                                                                                                                /хх-18-32 дах тал/

 

Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Сонгинохайрхан дүүрэг дотор харьцуулалт хийж зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаагаас гадна Нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй обьектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас багаар үнэлж, миний хөрөнгийг үнэгүйдүүлж иргэн намайг хохироосон гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч НШШГГ-аас  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийн үнэлгээ хийсэн талаарх мэдэгдлийг А.А-д 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасны дараа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх НШШГГ-т холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасантай нийцсэн, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ