Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00059

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00279 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 577 дугаар магадлалтай,

А.А-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Галбадрах, өмгөөлөгч Р.Булган, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч А.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1226 дугаар захирамжаар М Г ХХК-иас 849.606.295 төгрөг гаргуулан КБ-инд олгохоор шийдвэрлэсэн. Миний бие уг компанийн 100 хувь үүсгэн байгуулагч захирал нь юм. Шүүхийн шийдвэр гарч уг хэрэг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжиж 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гарч үнэлгээг тогтооно гэхээр нь төрийн байгууллага хууль ёсны дагуу үнэн зөв бодитой үнэлгээ гарах болов уу гэж бодтол 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК 2.106.125.100 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу төлбөр төлөгч миний эрх зүйн байдлыг дордуулахаар нөхцөл байдал үүсээд байна. Учир нь би өөрийн өмчлөгч өмчлөлийн хөрөнгийг худалдан борлуулах болон зээлийн барьцаа зэрэгт ашиглах үеийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө үнэлгээний Итгэлт-Эстимэйт ХХК-иар үнэлгээг тогтоолгоход тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний дүнг 3.961.335.000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Миний бие энэхүү үнэлгээг үнэн зөв үнэлгээ гэж үзэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тогтоосон Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үнэлгээ нь илтэд зөрүүтэй буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Итгэлт-Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээнээс 1.800.000.000 төгрөгөөр дутуу илтэд зөрүүтэй үнэлсэнд нь гомдолтой байна. Иймд миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 31 хороо, Дунд Наран 2 дугаар гудамж, 69 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, зориулалттай барилгын 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай барилгын 1 давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай 2 давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 3 давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Хөрөнгө-Эстимэйт ХХК нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М Г ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус компанийн захирал А.А-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 2 дугаар гудамж, 69а тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай барилгын 642 м.кв талбайтай зоорийн давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м.кв талбайтай хувийн сууц, зориулалттай барилгын нэг давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044355, дугаарт бүртгэлтэй 834 м.кв талбайтай хоёр давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834.м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай гурван давхрын хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Г-2201222386 дугаарт бүртгэлтэй нэгж талбарын 18638310356959 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газрыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18300956/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18300956/04 тоот хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр төлөгч М Г ХХК-ийн захирал А.А- нь 3.960.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн боловч төлбөр авагч КБ- ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 тоот шинжээч томилох тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилон үнэлүүлэхэд 2.106.125.100 төгрөг төгрөгөөр үнэлгээ тогтоосон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19000 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч М Г ХХК-ийн захирал А.А-д мэдэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 2.106.125.100 төгрөгийн 70 хувиар тооцон 1.474.287.570 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хөндлөнгийн шинжээчийн тогтоосон зах зээлийн үнээр дуудлага худалдааг зарласан, төлбөр төлөгч М Г ХХК-ийн захирал А.А-гийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бууруулан тогтоогоогүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул А.А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хөрөнгө үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тухайн газрыг үнэлээгүй гэж ярьж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд болон нэхэмжлэлээс харахад газрыг нэхэмжлэгч өөрөө үнэлсэн гэж нэхэмжлэлд дурдсан байна. Өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь сонин байна. Тухайн хоёр сарын эвлэрэх хугацаанд нэхэмжлэгч тухайн барьцааны зүйлийг худалдан борлуулах арга хэмжээ авч байсан нь үнэн. Ингэхдээ Үнэгүй.mn дээр тухайн байшинг 1.800.000.000 төгрөгөөр зарна гэсэн зар оруулж байсан. Өнөөдөр яагаад Итгэлт-Эстимэйт ХХК ийм их үнийн дүнтэй үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй байна. Харин Хөрөнгө-Эстимэйт ХХК хуулийн дагуу үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00279 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 182/ШЗ2018/11275 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 577 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Булганы хяналтын журмаар гаргасан гомдолд ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж нэхэмжлэгчийн өмчлөлийн СХД-ийн 31-р хороо, Дунд наран 2-р гудамж, 69а тоотод байрлах хувийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй 642 м2 талбайтай зоорийн давхрын хэсэг, Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м2 талбайтай 1-р давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м2 талбайтай 2-р давхрын хэсэг, Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м2 талбайтай 3-р давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газарт “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 сарын 12-ны өдөр хийгдсэн 2.106.125.100 төгрөгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн хэмээн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 3 сарын 01-ний өдөр “Итгэлт эстимэйт” ХХК-иар хийлгэхэд 3.961.335.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх саналаа хэлэхэд төлбөр авагч КБ- нь үл зөвшөөрч тэдний хүсэлтээр дахин үнэлгээг “Хөрөнгө Эстимэйт” ХХК хийлгэсэн бөгөөд уг үнэлгээг хийлгэхэд нэхэмжлэгчийн зүгээс “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчинтэй огт уулзаагүй, харин КБ-ны ажилтан уулзаж холбоотой байсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн тайлбараас мэдэж авсан. Үүнийг нэхэмжлэгчийн талаас тус банкнаас үнэлгээг зориудаар бага үнээр гаргуулахад нөлөөлсөн гэж хардаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь үнийн дүн асар их зөрүүтэй хийгдсэн 2 үнэлгээнээс ямар үндэслэлээр, ямар шалтгаанаар, ямар учраас зөвхөн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн хэмээн дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр “Итгэлт эстимэйт” ХХК-ийн “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ээс хамаагүй өмнө хийгдсэн үнэлгээ нь хуульд нийцээгүй байсан учраас анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийсэн харагдаж байгаа боловч шүүх энэ талаар энэ нотлох баримтыг огт үнэлж дүгнэхгүйгээр ганцхан “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн хэмээн 2 өөр үнийн үнэтэй үнэлгээний зөвхөн нэгийг нь үнэн зөв гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 240 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн өмчлөлийн СХД-ийн 31-р хороо, Дунд наран 2-р гудамж, 69а тоотод байрлах хувийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201044357 дугаарт бүртгэлтэй 642 м2 талбайтай зоорийн давхрын хэсэг, Ү-2201044356 дугаарт бүртгэлтэй 707 м2 талбайтай 1-р давхрын хэсэг, Ү-2201044355 дугаарт бүртгэлтэй 834 м2 талбайтай 2-р давхрын хэсэг, Ү-2201033175 дугаарт бүртгэлтэй 834 м2 талбайтай 3-р давхрын хэсэг, Г-2201222386 дугаарт бүртгэлтэй 700 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газарт зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгож үнэлгээ хийлгэхээр “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ииг шинжээчээр тогтоосон атал шинжээч нь зөвхөн 4 барилгын үнэлгээг хийж, газарт үнэлгээ хийлгүй орхисонд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд газрыг тусад нь үнэлэх шаардлагагүй, хамтатган үнэлсэн байна гэж тайлбарлаж, дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь газрыг үнэ төлбөргүй худалдаж аваагүй, тодорхой үнэ, өртөг төлж худалдаж авсан, тэгээд ч газрыг үнэгүйдүүлж байгаа нь иргэний өмчлөх эрхийг хохироож байна. Түүнчлэн “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь тогтоолын дагуу 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийгээгүй гэж үзэж байна. Бодит байдал байхад анхан шатны шүүх “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд КБ- ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ”, 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан байна. Эд хөрөнгийн үнэлгээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч М Г ХХК эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй бөгөөд харин эд хөрөнгүүдийн өмчлөгч иргэн А.А- шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал бус этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг 2018 оныы 11 дүгээр сарын 12-ны өдөр төблөр төлөгч мэдсэн бөгөөд тус үнэлгээнд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдлын шаардлага гаргах 7 хоногийн хугацааг зөрчсөн байна. Хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийн дагуу нэхэмжлэлийг биш хэргийг хэрэгсэхгүй болгож ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.А-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны хянаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дүгээр сарын 11-ний өдрийн 01226 дугаар захирамжаар “М Г” ХХК 849.606.295 төгрөгийг КБ- ХХК-д төлөхөөр, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тус компанийн захирал А.А-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.

“М Г” ХХК нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч КБ- ХХК-ийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг битүүмжлэн хураажээ. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй тул анхны албадан дуудлага худалдааны үнийг шинжээч томилж тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болсон, газрыг үнэлээгүй гэх үндэслэлгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19000 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч “М Г” ХХК-ийн захирал А.А-д мэдэгдсэн, тэрээр шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан ...үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдснээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж магадлалд дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “үнэлгээ хэт багаар тогтоогдсон” гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана” гэж заасан байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ”, 32.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа тохиолдолд тэдгээр нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгч А.А- “М Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал байна. Үүнээс гадна төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь А.А- бөгөөд КБ- ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан, шүүгчийн захирамжид төлбөр төлөгч “Мандах нар” ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй бол А.А-гийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийг гүйцэтгүүлэхийг заажээ. “М Г” ХХК нь төлбөрөө төлөөгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу А.А-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах зорилгоор үнэлгээ тогтоосон бөгөөд тэрээр  өмчлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, тухайлбал, эд хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох ажиллагаанд оролцох эрхтэйн адил тухайн хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд КБ- ХХК-ийн “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00279 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 577 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 70.200 төгрөг, гуравдагч этгээд 70.200 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                Г.АЛТАНЧИМЭГ