Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2019/00308

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, ************* тоотод оршин суух Магсаржав овогтой Төмөрбаатарын Ганхуягын /РД:*******************/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж, *******ийн хажууд, өөрийн байранд байрлах, ******* ХХК-д холбогдох,

 

******* ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Г.Гандөш, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Г.Цагаан, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* би 2001 оноос эхлэн одоог хүртэл "*******" ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа юм. Мөн 2011 оны Компанийн тухай шинэ хуульд нийцүүлэн компанийн дүрмийг шинэчлэн баталж 50 хувийн хувьцааг эзэмшсээр өдийг хүрсэн. Манай компани нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 02-ны өдрийн 63 тоот захирамжаар гол хувьцааны зүйл болох эд хөрөнгийн эрхээр нотлогдох Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлалтай нэгж талбарын ********* дугаартай эзэмших эрх бүхий 14 847 м.кв газрыг авсан бөгөөд 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан эзэмшиж байсан юм. Миний бие компанийн дотоод үйл ажиллагаанд төдийлөн сайн оролцож амжихгүй явсаар 2016-2018 онд газрын гэрээний хугацаа дуусч байгаа тул сунгуулахаар хувьцаа эзэмшигч *******д мэдэгдсэн боловч ******* "... манай компани 14 847 м.кв газар эзэмших эрхгүй болсон. Харин би өөрөө хувийн өмчлөлд тус газрын 7000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар хувь иргэний хувьд өмчлөх эрхтэй болсон. "*******" ХХК-ийн эзэмшилд 7847 м.кв газар нь байгаа..." гэж тайлбар хэлсэн. Ингээд би Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, компанийн холбогдох бичиг баримтууд болон тайлантай танилцахаар шаардахад захирал ******* тодорхой мэдээлэл өгөлгүйгээр, тайлбар хийлгүйгээр миний эрхийг хааж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй, энэ талаар надтай уулзаагүй. Мөн компанийн өмчийн болон санхүүгийн тайлан, тушаал шийдвэрүүдтэй танилцуулаагүй. Ингээд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын Газрын албанаас мэдээлэл авахаар хандахад хувьцаа эзэмшигч ******* нь бусад хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, ганцаараа дур мэдэн, бусад хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр зөвшөөрлийг авалгүйгээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад компаниа төлөөлөн хандаж, хүсэлт гарган Засаг даргын 2012 оны 11 сарын 06-ны өдрийн 205 тоот захирамжаар эзэмших эрхийг өөрийн хувьдаа шилжүүлж, Засаг даргын 2012 оны 11 сарын 07-ны өдрийн 207 тоот захирамжаар хувьдаа аж ахуйн зориулалтаар өмчлөн авсан байсныг мэдсэн. Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ы энэхүү үйлдэл нь компанийн эрх ашигт нийцүүлэн зохистой ажиллах гол үүргээ умартан өөрийн хувийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж Компанийн дүрэм болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин компанид хохирол учруулж, бусад хувьцаа эзэмшигчийн хувьцаагаар гэрчлэгдэх эрхэд халдан сонирхлын зөрчилтэй хэлцэл буюу компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн мэтээр компаниас шийдвэр гаргасан буюу эрх зүйн онолын олон улсын нэршлээр танеллинг буюу /компанийн захирал, эрх бүхий этгээд хариуцсан ажлынхаа дагуу хэлцэл хийхдээ өөрөө оролцож компанийг ашиглан хувьдаа ашиг олох зорилгоор/ шийдвэр гаргасан болох нь харагдаж байна. Мөн энэхүү шийдвэрийг гаргахдаа ямар бичиг баримт, шийдвэр, албан бичиг баримт гаргаснаа нэхэмжлэгчид танилцуулаагүй байдаг. Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь 1998 онд байгуулагдсан. 2001 оноос эхлэн ******* буюу *******тай 50:50 хувийн хувьцаа эзэмшиж эхэлсэн. Тухайн үед манай компанийн хөрөнгө /Арван нэг аравны хоёр сая төгрөгийн/ үндсэн хөрөнгөтэй байсан. 3 381мв газартай байсан. Одоо манай компанийн газар 11 000 м.кв болсон. Би газраа өөрийнхөө хөрөнгөөр нэмэгдүүлж авсан. Энэ газрыг нэмэгдүүлж авахад ******* компаниас хөрөнгө зарж нэмэр болсон зүйл байхгүй. Тийм учраас тухайн газрыг би өөрийн хөрөнгө оруулалттай миний газар гэж ойлгож байгаа. Сая тайлбартаа хэлж байна. ******* нь компанийн бичиг баримт үзүүлдэггүй. Мөн компанийн тайлан мэдээг танилцуулдаггүй. Өөрөө бие даан шийдвэр гаргадаг гэж хэлж байна. Үүн дээр хэлэхэд би *******ийг байнга дууддаг байсан боловч харин өөрөө огт ирдэггүй байсан. Би уулзаж зохион байгуулалтын талаар хуралдъя гэхээр та өөрөө компаниа удирдаж байгаа учраас та мэдээд хийчих гэх байдлаар компанийн дотоод ажилд оролцдоггүй. Тэр утгаараа ч энэ компанийг би хөл дээр нь босгоод авч явж байгаа. ******* ХХК-д 11 874 м.кв газрыг авахад ******* оролцоогүйгээр барахгүй түүний талаар юу ч мэдээгүй байсан. Та хувьцаа эзэмшигчийн саналыг сонсохгүйгээр яагаад компанид газар авчихдаг юм гэж надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Манай компанийн мэдээлэл ил тод байдаг. Компани дээр юу болж байгаа талаар хувьцаа эзэмшигч өөрөө олж мэдэх үүрэг нь байдаг. Манай компанийн санхүүгийн тайлан жил бүр гардагтаа гараад түүнийгээ татварын албанд тайлагнадаг. Тухайн шийдвэрүүдийг үзэхээр манай компани дээр ил байдаг. Манай компанийн дотоод дүрэмд ******* гэж явдаг боловч ******* бид хоёр ******* ХХК-ийн 50:50 хувийг эзэмшиж явдаг. Тухайн газрыг авахад хувьцаа эзэмшигч *******ийн оролцоо байхгүй. Нэхэмжлэгч Төмөрбаатарын Ганхуягийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад ******* ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай гэсэн үндэслэлээр ******* ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх шийдвэрийг буюу Өвөрхангай аймгийн Хархорин суманд байршилтай нэгж талбайн 141500145 дугаартай эзэмших эрх бүхий 14 847 м.кв газрын 7 000 м.кв газрыг бусдад /эрх бүхий албан тушаалтан өөрийн хувийн эзэмшил, өмчлөлд/ шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь маш ойлгомжгүй байгааг юуны өмнө дурдъя. Нэхэмжлэлийн агуулга нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.6.1, 14 дүгээр зүйлийн 1.3.21 дүгээр зүйлийг үндэслэн Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт ******* тоотод Базарготовын Энхсайхан надад үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа газраас 7 000 м.кв газрыг анхны үнэ 5 600 000 төгрөгөөр үнэлж аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн нь үнэн болно. Өмчлүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хууль зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй болно. 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3388 м.кв газрыг анх 2 хувьцаа эзэмшигчтэй газрын гэрчилгээг авч байсан бөгөөд Хархорин сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 63 тоот захирамжаар ************ дугаар бүхий 14 847 м.кв газрын гэрчилгээг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэмэгдүүлж газрын гэрчилгээг авсан нь үнэн болно. Энэ үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан болно. ******* нь 7837 м.кв газрын 50 хувь буюу 3 923 м.кв газрыг эзэмшиж байгаа учраас түүнд ямар ч хохирол байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан шиг Компанийн тухай хууль тогтоомж зөрчсөн, түүний хувьцаа эзэмших эрхэнд халдсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар "... хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй "...тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-д нэхэмжлэлийн бүрдүүлбэр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэдэггүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг судлан үзэхэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207-р захирамжийг хууль бус гэж үзэж байгаа бололтой. Энэ захирамж бол захиргааны акт мөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заажээ. Энэ нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан харьяалал зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ" гэх заалтыг зөрчсөн байна. Хариуцагч ******* тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой хэлчихлээ. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд өөрийнхөө эрх зүйн дүгнэлтийг хийе гэж бодож байна. Анх нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргаж, тухайн нэхэмжлэлийг шүүх шүүгчийн захирамж гаргасан хүлээн авахаас татгалзсан байдаг. Яагаад шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бэ гэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байсан учраас шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улсын тэмдэгтийн хураамжийг хүчингүйд тооцуулахдаа хэлцлийн дүнгээр тушаах ёстой байсан. Нэхэмжлэгч талаас хоёр дахь нэхэмжлэлээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тухайн нэхэмжлэлээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэсэн үг л хасагдсан болохоос яг анхны нэхэмжлэл нь байсан. Компанийн тухай хуульд хувьцааг худалдах, хувьцааг бэлэглэх гэсэн ойлголтууд байдаг. Харин хувьцааг шилжүүлэх гэсэн ойлголт байхгүй. Анхны нотлох баримт өөрөө хуулийн шаардлага хангахгүй нотлох баримт байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хурлын протокол дээр Чимэддуламыг төлөөлж ******* оролцож байгаа хэдий ч Чимэддуламаас ямар нэгэн итгэмжлэл хийлгэж аваагүй. Мөн тухайн хурлын протоколд талууд гарын үсэг зураагүй. Ийм гарын үсэггүй нотлох баримтыг нотариат үнэлэхэд хэцүү. Энэ бүхнээс үзэхэд хамгийн гол зүйл нь компанийн үндсэн хөрөнгө 45 000 000 төгрөг байдаг. Үүний 50 хувь болох 22 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн хувьцааны эрх зөрчигдсөн гэж яриад байна. Тэр нь юу вэ гэхээр тухайн газрыг хэлээд байх шиг байна. Тухайн газар өөрөө компанийн үнэлгээнд ороогүй байдаг. Тухайн компани дүрмээ 10 жилийн дараа улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Компанийн тухай хуулийг зөрчиж байна. Тухайн нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан учраас би шүүгчийн захирамжийн хүрээнд асуудлыг ярьж байна. Би анхнаасаа тухайН нэхэмжлэлийг иргэний хэрэг биш. Харин захиргааны хэрэг гэж ярьж байсан. Хариуцагч *******ы гаргасан албан бичиг бол шийдвэр мөн. Засаг даргын шийдвэр дээр ямар нэгэн маргаан байхгүй гэж хурал болгон дээр хэлж байсан. Ингээд нэхэмжлэгч талын гаргаад байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 14 847 м.кв газрын зарим болох 7 000 м.кв газрыг хариуцагч ******* нь компанийн захирал байхдаа хувьцаа эзэмшигч болох надад мэдэгдэлгүй өөрийн нэр дээр өмчлөн авсан байна. Иймд уг хууль бус шийдвэр нь хүчингүй гэж тайлбарлав.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан 3 388м.кв газрыг 2012 онд 7 837м.кв болгон ихэсгэсэн нь компанийн тухай хууль тогтоомж зөрчсөн, *******ийн хувьцаа эзэмших эрхэд халдсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

******* ХХК нь хүнс барааны зах ажиллуулах, хүнсний жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1998 онд байгуулагдсан, 2 гишүүнтэй, нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь компанийн 50,50 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Тус компанийн нийт үндсэн хөрөнгө нь 45 000 000 төгрөг ба 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 3 388м.кв газрыг компанийн нэр дээр эзэмшиж байсан, энэ нь үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй гэх тайлбарыг хариуцагч талаас гаргав.

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 63 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ******* дугаар бүхий 14 847 м.кв газрыг 15 жилийн хугацаатай ******* ХХК-д эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох байгууллагаас 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгожээ.

Дээрх нэгж талбарын дугаартай 14 847 м.кв газрын зарим болох 7 847м.кв газрыг 50 жилийн хугацаатай ******* ХХК-д эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон болох нь 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ баримтаар, үлдэх 7 000 м.кв газрыг иргэн *******д аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай Хархорин сумын Засаг даргын захирамжаар тус тус тогтоогдож байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж, ******* ХХК-ийн дүрмийн 9.4-т ...Компани нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч цөөхөн бол заавал төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд эдгээр эрх, үүргийг хувь нийлүүлэгчдийн хурал, түүнээс томилогдсон захирал хариуцна. гэж заасан ба 2005 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ******* нь компанийн захирал байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж, компанийн дүрмийн 10.3-т захирал нь компанийн үйл ажиллагааны үр дүн гэрээний биелэлтийг жилд нэгээс доошгүй удаа хувь нийлүүлэгчдийн хуралд тайлагнан дүгнүүлж байна гэж тус тус заажээ. Гэтэл ******* ХХК-ийн захирал байсан ******* нь дүрэм болон хуульд заасан дээрх үүргээ биелүүлдэггүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч *******ы ...компанийн 1998 онд 3 388м.кв байсан газар бол компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан газар, харин 2003 онд эзэмших эрхийн гэрчилгээ олгосон 14 847 м.кв газрыг компани эзэмшдэггүй байсан ба үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй, уг 14 847м.кв газрыг өөрийн хувийн хөрөнгөөр авч компанийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан байсан тул 7 000 м.кв газрыг өөрийн нэр дээр өмчилж авсан нь хууль зөрчөөгүй... гэх тайлбар нь ойлгомжгүй, нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба тэрээр уг газрыг өөрийн нэр дээр авч өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа нэхэмжлэгч *******т мэдэгдээгүй гэдгээ мөн тайлбараараа хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч ******* ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг тодорхойлсон бөгөөд мөн компанийн тухай хуульд Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, түүний зах зээлийн үнэлгээ зэргийг шийдвэрлэхээр зохицуулжээ.

******* ХХК нь 2003 онд өөрийн эзэмшиж байсан 14 847м.кв газрын зарим болох 7 000м.кв газрыг ******* гэх иргэнд өмчлүүлэхийн тулд 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хархорин сумын Газрын албанд албан бичиг хүргүүлсэн байна.

Уг маргааны зүйл болж байгаа 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай Хархорин сумын газрын албанд гаргасан газар шилжүүлэх тухай албан бичиг нь ******* ХХК-ийн албан бланк дээр хэвлэгдэн компанийн тамга, тэмдэг дарагдсан байх тул компаниас гарсан шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх шийдвэрийг гаргахдаа тухайн үед ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ******* нь хууль болон компанийнн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлалгүй, эрх мэдлээ хэтрүүлэн, компанийн эд хөрөнгийг хувьдаа авсан нь тогтоогдож байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дээрхийг нэгтгэхэд ******* ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагаан нь шүүх хуралдаанд уг маргаан нь иргэний шүүхийн харьяаллын маргаан биш Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан харьяалал зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчээс Хархорин сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаартай Аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжид гомдол гаргаагүй. Харин ******* компанийн үүсгэн байгуулагч ******* нь команийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байх хугацаандаа хууль болон дүрэмд заасан эрх хэмжээгээ ашиглан компанийн эд хөрөнгө болох газрыг хувьдаа өмчлөх хүсэлтийг төрийн байгууллагад гаргахдаа хувь нийлүүлэгчийн саналыг авалгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй бие даан шийдвэр гаргасан байгааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй гэж үзсэн тул хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир компанийн хүчин төгөлдөр бус шийдвэр. Тийм учраас ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш гэж маргасан боловч ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтын үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт: ...бүртгэсэн 2009.05.28, регистр йр69122311, Төмөрбаатарын Ганхуяг, оруулсан хөрөнгө-22500, хувь 50 гэж бүртгэгдсэн байх бөгөөд мөн хариуцагчийн төлөөлөгч нь *******ийг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч биш эсэх талаар маргадаггүй тул ******* нь ******* ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн талаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА