Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01367

 

 

     

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00308 дугаар шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 204/МА2020/00006 дугаар магадлалтай

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

 

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, би 2001 оноос эхлэн одоог хүртэл  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа юм. Мөн 2011 оны Компанийн тухай шинэ хуульд нийцүүлэн компанийн дүрмийг шинэчлэн баталж 50 хувийн хувьцааг эзэмшсээр өдийг хүрсэн. Манай компани нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2003.10.02-ны өдрийн 63 тоот захирамжаар гол хувьцааны зүйл болох эд хөрөнгийн эрхээр нотлогдох Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлалтай нэгж талбарын 141800145 дугаартай эзэмших эрх бүхий 14847 м.кв газрыг авсан бөгөөд 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан эзэмшиж байсан. 2016-2018 онд газрын гэрээний хугацаа дуусч байгаа тул сунгуулахаар хувьцаа эзэмшигч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдсэн боловч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, “... манай компани 14847 м.кв газар эзэмших эрхгүй болсон. Харин би өөрөө хувийн өмчлөлд тус газрын 7000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар хувь иргэний хувьд өмчлөх эрхтэй болсон.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн эзэмшилд 7847 м.кв газар нь байгаа...” гэж хэлсэн. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, компанийн холбогдох бичиг баримтууд болон тайлантай танилцахаар шаардахад захирал  ,,,,,,,,,,,,,,,,,,,, тодорхой мэдээлэл өгөлгүй, тайлбар хийлгүйгээр миний эрхийг хааж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй, энэ талаар надтай уулзаагүй. Мөн компанийн өмчийн болон санхүүгийн тайлан, тушаал шийдвэрүүдтэй танилцуулаагүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын Газрын албанаас мэдээлэл авахаар хандахад хувьцаа эзэмшигч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь бусад хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, ганцаараа дур мэдэн, бусад хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр зөвшөөрлийг авалгүйгээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргад компаниа төлөөлөн хүсэлт гарган Засаг даргын 2012.11.06-ны өдрийн 205 тоот захирамжаар эзэмших эрхийг өөрийн хувьдаа шилжүүлж, Засаг даргын 2012.11.07-ны өдрийн 207 тоот захирамжаар хувьдаа аж ахуйн зориулалтаар өмчлөн авсан байсныг мэдсэн.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы энэхүү үйлдэл нь компанийн эрх ашигт нийцүүлэн зохистой ажиллах гол үүргээ умартан өөрийн хувийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж Компанийн дүрэм болон Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин компанид хохирол учруулж, бусад хувьцаа эзэмшигчийн хувьцаагаар гэрчлэгдэх эрхэд халдан сонирхлын зөрчилтэй хэлцэл буюу компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн мэтээр компаниас шийдвэр гаргасан буюу эрх зүйн онолын олон улсын нэршлээр танеллинг буюу (компанийн захирал, эрх бүхий этгээд хариуцсан ажлынхаа дагуу хэлцэл хийхдээ өөрөө оролцож компанийг ашиглан хувьдаа ашиг олох зорилгоор) шийдвэр гаргасан болох нь харагдаж байна. Мөн энэхүү шийдвэрийг гаргахдаа ямар шийдвэр, албан бичиг, баримт гаргаснаа танилцуулаагүй. Иймд  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2012.11.06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь 1998 онд байгуулагдсан. 2001 оноос эхлэн  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, буюу ,,,,,,,,,,,,,,,,тай 50:50 хувийн хувьцаа эзэмшиж эхэлсэн. Тухайн үед манай компанийн хөрөнгө (Арван нэг аравны хоёр сая төгрөгийн) үндсэн хөрөнгөтэй байсан. 3381мв газартай байсан. Одоо манай компанийн газар 11000 м.кв болсон. Би газраа өөрийнхөө хөрөнгөөр нэмэгдүүлж авсан. Энэ газрыг нэмэгдүүлж авахад  ,,,,,,,,,,,,,,,,,,,, компаниас хөрөнгө зарж нэмэр болсон зүйл байхгүй. Тухайн газрыг би өөрийн хөрөнгө оруулалттай миний газар гэж ойлгож байгаа. Би ,,,,,,,,,,,,,,,,,ийг байнга дууддаг байсан боловч өөрөө огт ирдэггүй байсан.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д 11874 м.кв газрыг авахад  ,,,,,,,,,,,,,,,,,,,, оролцоогүйгээр барахгүй түүний талаар юу ч мэдээгүй байсан. Манай компанийн санхүүгийн тайлан жил бүр гардагтаа гараад түүнийгээ татварын албанд тайлагнадаг. Тухайн газрыг авахад хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,ийн оролцоо байхгүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь ойлгомжгүй байна. Газар өмчлүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 1998.01.03-ны өдөр 3388 м.кв газрыг анх 2 хувьцаа эзэмшигчтэй газрын гэрчилгээг авч байсан бөгөөд Хархорин сумын Засаг даргын 2003.10.02-ны өдрийн 63 тоот захирамжаар 14180045 дугаар бүхий 14847 м.кв газрын гэрчилгээг 2003.11.20-ны өдөр нэмэгдүүлж авсан нь үнэн.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 7837 м.кв газрын 50 хувь буюу 3923 м.кв газрыг эзэмшиж байгаа учраас түүнд ямар ч хохирол байхгүй. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012.11.07-ны өдрийн 207 дугаар захирамж нь захиргааны акт мөн. Нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргах ёстой байтал нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан харьяаллыг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасныг зөрчсөн. Анхны нотлох баримт өөрөө хуулийн шаардлага хангахгүй нотлох баримт байдаг. Хурлын протокол дээр ,,,,,,,,,,,,,,,,,,,ыг төлөөлж  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, оролцож байгаа хэдий ч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас ямар нэгэн итгэмжлэл хийлгэж аваагүй. Мөн тухайн хурлын протоколд талууд гарын үсэг зураагүй. Компанийн үндсэн хөрөнгө 45,000,000 төгрөг, үүний 50 хувь болох 22,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн хувьцааны эрх зөрчигдсөн гэж байна. Гэтэл тухайн газар өөрөө компанийн үнэлгээнд ороогүй. Тухайн компани дүрмээ 10 жилийн дараа улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Компанийн тухай хуулийг зөрчсөн. Хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,ы гаргасан албан бичиг бол шийдвэр мөн. Засаг даргын шийдвэр дээр ямар нэгэн маргаан байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00308 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 204/МА2020/00006 дугаар магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00308 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 204/МА2020/00006 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2012.11.07-ны өдрийн 207 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх тухай” захирамжийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй. Энэ нь дээрх захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Харин  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хувьцаа эзэмшигч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд заасан эрх мэдлээ хэтрүүлэн компанийн эд хөрөнгө болох газрыг хувьдаа өмчлөх зорилгоор захиргааны байгууллагад компанийг төлөөлөн гаргасан  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар иргэний журмаар хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2001 оноос эхлэн одоог хүртэл  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа. Мөн 2011 оны Компанийн тухай шинэ хуульд нийцүүлэн компанийн дүрмийг шинэчлэн баталж 50 хувийн хувьцааг эзэмшсээр өдийг хүрсэн. Энэ нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч талаас  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч мөн гэж хүлээн зөвшөөрч тайлбар өгч байгаа. Компани байгуулагдсанаас хойш ногдол ашгийг өгч ажиллаж байсан зэргээс харагддаг. Иймд  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн талаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм. Тус компани нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2003.10.02-ны өдрийн 63 дугаар захирамжаар гол хувьцааны зүйл болох эд хөрөнгийн эрхээр нотлогдох Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлалтай нэгж талбарын 141800145 дугаартай эзэмших эрх бүхий 14847 м.кв газрыг эзэмшиж эхэлсэн байдаг бөгөөд 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан эзэмшиж байсан юм. Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотолдог бөгөөд дээрх газар нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,  ХХК-ийн үндсэн хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх мөн.  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу компанийн дотоод үйл ажиллагаанд оролцож, холбогдох баримттай танилцахаар 2012-2017 он хүртэл удаа дараа хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлага  ,,,,,,,,,,,,,,,,,,,,д хандсан боловч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, “ ... манай компани 14847 м.кв газар эзэмших эрхгүй болсон, харин би өөрөө хувийн өмчлөлд тус газрын 7000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар хувь иргэний хувьд өмчлөх эрхтэй болсон,  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн эзэмшилд 7847 м.кв газар нь байгаа ...” гэж хууль бусаар тайлбар хэлсэн, холбогдох баримтуудтай танилцуулаагүй байдаг. Мөн хувьцаа эзэмшигч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хуульд заасан эрхийг хааж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй, энэ талаар уулзаагүй, санал өгөх хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, компанийн өмчийн болон, санхүүгийн тайлан, тушаал шийдвэрүүдтэй танилцуулаагүй байдаг. Энэ тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Төрийн захиргааны байгууллагад эзэмших эрхийн гэрчилгээг солиулах, газрын зарим хэсгийг  ,,,,,,,,,,,,,,,,,,,,д буюу өөртөө шилжүүлэхдээ компаниа бие даан төлөөлөн хүсэлт гаргаж, Компанийн тухай хууль, Компанийн дүрмийн заалтуудыг зөрчин гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэтрүүлэн дур мэдэн шийдвэр гаргаж материал бүрдүүлсэн байдаг. Эдгээр байдлуудыг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, гэтэл Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “... Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т “компанийн эрх бүхий албан тушаалтны үүргийг тодорхойлсон байхад үүний аль хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй болохыг шүүхийн шийдвэрт тодорхой заагаагүй, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралтай) байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна”, 83 дугаар зүйлийн 83.7-д “Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга) гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна” гэж заасан бөгөөд хуульд зааснаар гэрээ байгуулсан эсэх, тус компанийн дүрмийн 10.2-т “хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй” гэсэн боловч гүйцэтгэх захирал нь ямар хэмжээнд, ямар өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа, шүүх талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий бус гэж үзнэ...” гэжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан тус компанийн 2012.11.06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн гүйцэтгэх удирдлага бөгөөд 50 хувийн хувьцаа эзэмшигч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь (2005-2016 он хүртэл компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан) нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр компанийн эзэмшлийн 14847 м.кв газрын зарим хэсэг болох 7000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар өөрийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн (нэхэмжлэгчийн) эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар маргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7.-д заасан “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхээс эрх зүйн хамгаалалт хүссэн байна.  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн байна. Тодруулбал, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2003.10.02-ны өдрийн 63 дугаар шийдвэрийн дагуу нэгж талбарын 141800145 дугаар бүхий 14847 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр зах, худалдааны төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан, гэтэл мөн сумын Засаг даргын 2012.11.06-ны өдрийн 205 дугаар захирамжаар дээрх газраас 7000 м.кв газрыг  ,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэн, улмаар 2012.11.07-ны өдрийн 207 дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэх болсон үндэслэл нь  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2012.11.06-ны өдрийн 16 дугаартай “...Тус компанийн эзэмшилд байгаа 14847 м.кв газраас хэсэгчлэн 7000 м.кв газрыг ,,,,,,,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,,,,,нд шилжүүлж өгнө үү. Захирал ( ,,,,,,,,,,,,,,,,,,,,)...” гэсэн “Газар шилжүүлэх тухай” албан бичиг байна (хавтаст хэргийн 20, 52 дахь тал). Уг албан бичгийг компанийн эд хөрөнгийг шилжүүлэх тухай  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэр гэж үзнэ.  

 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх удирдлага  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь компанийн эзэмшлийн газрыг (тал хэсгийг) өөрийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан нь тус компанийн дүрмийн Тав.-ын 2-5 дахь хэсэгт заасан хувь нийлүүлэгчийн эрх, Зургаа.-ын 5-д заасан хувь нийлүүлэгчийн үүрэг, Долоо.-ын 1-д заасан хувь нийлүүлэгчид хориглох зүйл, Арав.-ын 2-т заасан захирлын эрх, хариуцлага, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1.“хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх”; 84.4.4.“шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” гэж заасныг зөрчсөн байна.

Учир нь, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой тэнцүү хэмжээний санал өгөх, тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах гэсэн үндсэн хоёр эрхийг эдэлдэг. Гэтэл зах, худалдааны төвийн зориулалттай газар нь тус компанийн үндсэн үйл ажиллагаанд хамаарах (хүнсний жижиглэн худалдаа, хүнс, барааны зах ажиллуулах) ашиг орлого олох гол үл хөдлөх эд хөрөнгө байхад түүнийг бусад хувьцаа эзэмшигчийн саналыг авалгүйгээр, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгүйгээр гүйцэтгэх удирдлагын эрх мэдлээ ашиглан өөртөө шилжүүлж авсан нь бусад хувьцаа эзэмшигчийн (санал гаргах, ногдол ашиг авах/ эрхийг зөрчсөн, сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа (шийдвэр) гэж үзнэ.

Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлага нь хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн буюу бусад хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь нотлогдож байхад давж заалдах шатны шүүх   “... тус компанийн дүрмийн 10.2-т “хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй” гэсэн боловч гүйцэтгэх захирал нь ямар хэмжээнд, ямар өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нөхцөл байдлууд тогтоогдохгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй, шүүх талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, компанийн гүйцэтгэх удирдлагын шийдвэр нь Компанийн тухай хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг илэрхий зөрчсөн байхад “ямар хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйг компанийн дүрмээр заагаагүй” гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвтгөх боломжгүй.

Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэгдэх Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг дутуу дүгнэсэн, компанийн эрх бүхий албан тушаалтан уг хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-ийн аль хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй талаар шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой заагаагүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 204/МА2020/00006 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 84 дүгээр зүйлийн 84.4.1., 84.4.4.-т заасныг тус тус баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ЗОЛЗАЯА

                                 ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                     Х.СОНИНБАЯР

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД