Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 607

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00400 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 86 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М  миний бие Г.Б-д 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Бид 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн. Энэхүү тооцоогоор зээлийн үндсэн төлбөрт 50 000 000 төгрөг, хүүд 40 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Тооцоо нийлснээс хойш Г.Б  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 800 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 87 200 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. 2014 оны 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүний өмнө 2014 оны 4 дүгээр сард хүнд 4 000 000 төгрөг өгсөн байсныг нэмж тооцохоор тохирсон тул 10 000 000 төгрөг гэж тооцсон. Нэхэмжлэгч эхний 33 000 000 төгрөгийн зээлийн хувьд хүүд 3 960 000 төгрөг, үндсэн зээл 33 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан тул энэ зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Дараагийн хоёр зээлийн хувьд нэг ч хүү аваагүй тул үндсэн зээл 40 000 000 төгрөг, түүний 2014 оны 01 дүгээр сарын 28-наас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны хоорондох хүү 28 800 000 төгрөг, дараагийн үндсэн зээл 10 000 000 төгрөг түүний хүү 2014 оны 7 дугаар сарын 12-наас 2015 оны 12 дугаар сарын 12-нийг хүртэлх хугацаанд 7 600 000 төгрөг, нийт 86 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Талууд сарын хүү 4 хувь байхаар амаар харилцан тохиролцож хүү төлж байсан. Мөн уг гурван удаагийн зээлээс гадна 2012 онд мөн 2 удаа 20 сая төгрөг, 8 сая төгрөг тус тус зээлж байсан. Уг зээлүүд бүрэн төлөгдөж дууссан. Хариуцагч нэг машины мотор сольж өгсөн нь үнэн. Машины мотор солих, дагалдах засварыг хийхэд нийт 6 000 000 төгрөг байхаар тохирч засуулан уг мөнгийг өмнөх 2012 оны зээлийн хүүд тооцож авсан. Мөн 3 автомашинд нэг нэг удаагийн тос масло, шүүр солих ажлыг хийж өгсөн нь үнэн. Нийтдээ уг ажил 120 000 төгрөг тул энэ мөнгийг хасч тооцоход татгалзахгүй. Нэхэмжлэгч нийтдээ хариуцагчаас 42 000 000 төгрөг дансаар хүлээн авсан бөгөөд энэ нь 33 000 000 төгрөгийн зээл болон өмнөх зээлийн хүүд тооцогдсон. Харин бэлнээр мөнгө хүлээн авч байгаагүй болно. Хамгийн сүүлийн 2 удаагийн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагчаас 86 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 1 дүгээр сараас Б.М ыг таньж мэдэх болсон. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөг зээлэхээр тохиролцож бичгээр гэрээ хийж байсан. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 40 000 000 төгрөгийг зээлсэн. Харин сүүлд 10 000 000 төгрөг биш 6 000 000 төгрөг зээлсэн болно. Миний зүгээс дансаар болон бэлнээр их хэмжээний мөнгийг нэхэмжлэгчид төлсөн. Би Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамжийн 6-3-т Автоундрал авто засварын газрыг ажиллуулдаг. Нэхэмжлэгч надаар 2014 онд 4 ширхэг автомашин засуулж засвар үйлчилгээ хийлгэсэн. Нэг ширхэг Хаммер машины моторыг 6 000 000 төгрөг, мотор солихтой холбоотой засварын ажлын хөлс 1 000 000 төгрөг болсон. Мөн Ланд 200 болон бусад 2 автомашины тос масло, шүүр солих ажлыг нэг удаа бус удаа дараа үйлчилгээг хийлгэсэн. Үүнд 5 000 000 төгрөг болно. Мөн манай дэлгүүрээс бага, багаар нийт 20 000 000 гаруй төгрөг авсан. Би түүнд бэлнээр 30 000 000 гаруй сая төгрөг өгсөн. Дансаар 60 000 000 орчим сая төгрөг шилжүүлсэн. Нийтдээ түүнд 100 000 000 гаруй сая төгрөг энэ хугацаанд өгсөн. Мөн бэлнээр мөнгө хүлээж авч байгаагүй гэдэг худлаа. 2014 онд түүнд барьцаанд өгсөн байсан 2 өрөө байрныхаа ордерыг буцааж аваад өөр банк бус санхүүгийн байгууллагаас 20 000 000 төгрөг зээлж, үүнийхээ 15 000 000 төгрөгийг би түүнд өөрт нь бэлнээр өгсөн. Дараа нь 5 000 000 төгрөг нэг удаа мөн бэлнээр өгсөн болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй. Иймд бидний хоорондын зээлийн төлбөр тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Г.Б өөс 40 480 000 төгрөг гаргуулж, Б.М д олгож, нэхэмжлэлээс үлдэх 45 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 593 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 360 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр суурьнаас шийдвэрлэж хариуцагчийн эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчид 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай хүүг 4 хувиар тохиролцож байгуулсан. Мөн 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Сүүлийн хоёр гэрээний тухайд тухайн мөнгийг хэдэн сарын хугацаатайгаар өгч байгаа, мөн хүүний талаарх тохиролцоог бичгээр хийгээгүй байдаг. Хэрэгт авагдсан дансны хуулга болон орлогын баримтаас харвал хариуцагч Г.Б  нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 300 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 44 600 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь харагдаж байна. Мөн хэрэгт нэхэмжлэгчийн өөрийнх нь гар бичмэлийг нэхэмжлэгч талаас өгсөн байдаг ба тус гар бичмэлээс харвал 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж байсан нь нотлогддог. Нэхэмжлэгч талаас тус төлбөрийг төлөгдсөн эсэхэд маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гар бичмэлээр нотлогдож буй мөнгөн төлбөрийг төлөлтөд тооцоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 33 000 000 төгрөгийн төлөлтөд 2013 оны 8 дугаар сард 1 360 000 төгрөгийг авсан талаар хэлсэн байхад анхан шатны шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах тухай хариуцагчаас гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн хангахаас татгалзаж шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид хуулиар олгогдсон өөрсдөө цуглуулах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний маргаанд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэх эсэх, хариуцагч гэрээний үүргээ биелүүлж буцаан төлөлт хийсэн эсэх нь чухал ач холбогдолтой байдаг. Иймээс нэхэмжлэгчийн дансны хуулгыг авснаар хариуцагчийн бүх мөнгөн төлөлт нотлогдох боломжтой байсан. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн дансны хуулгыг банкинд хандаж авах боломжгүй юм. Нөгөөтэйгүүр хариуцагчийн өөрийн данснаас нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөн гүйлгээ нь хариуцагчийн дансны хуулгаас харагдана. Гэтэл хариуцагч нь өөрөө банкинд очоод нэхэмжлэгчийн дансанд хийсэн гүйлгээ нь нотлогдох боломжгүй байсан. Учир нь маргаан бүхий нөхцөл байдлаас хойш нилээдгүй хугацаа /2-3 жил/ өнгөрсөн байгаа тул тухайн хугацааг нэг бүрчлэн зааж нэрлэж, баримтыг гаргаж өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн гар бичмэлээс харвал нэхэмжлэгч моторын засвараас гадна их хэмжээний засвар үйлчилгээ хийсэн харагддаг. Мөн нэхэмжлэгч нь өөрийн гар бичмэлд хариуцагч өөрийн хийсэн ажлыг зах зээлийн үнэлгээгээр тооцон хасах талаар нь бичсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэж 6 000 000 төгрөгийн засвараас гадна 120 000 төгрөгийн засвар хийсэн гэх үндэслэлгүй бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийгээгүй. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу зээлдүүлэгч нь хүү шаардах эрхээ алдсан байдаг. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн гэх баримт үйлдсэн байдаг. Тус баримтаараа өнгөрсөн бүх хугацаанд буюу 3 жилийн хугацаанд хүү шаардах эрхтэй мэт хүү тооцож бичиж, төлөлтүүдийг хүүд тооцох гэх мэт бичилтүүдийг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл хуулиар алдсан эрхээ гэрээ байгуулах замаар сэргээсэн үйлдлийг хийсэн байна. Хуулиар алдсан эрхийг гэрээ байгуулах замаар сэргээх эрх иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид байхгүй. Нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрт хариуцагчийн зүгээс 71 760 000 төгрөг /хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа нь 71 760 000 төгрөг байгаа бөгөөд дансны хуулга авсан тохиолдолд 10-15 төгрөг нь нотлогдоно гэж бодож байна/ төгрөгийг төлсөн байхад ахиад дөч гаруй сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж хариуцагчийн илэрхий хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87 200 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 86 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 33 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 6-7 дах талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 33 000 000 төгрөг, зээлийн хүү 3 960 000 төгрөгийг хүлээн авсан тул дээрх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүү 28 800 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү            7 600 000 төгрөгийг тус тус шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Зохигчид хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зохицуулсан тул зээлийн хүү 36 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 44 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 31-36 дах талд авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх зөрүү 2 600 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг буруу хийж хариуцагчаас 40 480 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

            Хэргийн 16-18 дах талд авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтаас үзвэл 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн төлсөн 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг анхан шатны шүүх тооцсон тул үлдсэн 5 000 000 төгрөг, мөн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлсөн 8 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хаан банкаар шилжүүлсэн гэх 4 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийг хариуцагчийн төлөх зээлийн төлбөр 40 480 000 төгрөгөөс хасч тооцох тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ болох 40 480 000 төгрөгөөс 17 000 000 төгрөгийг хасч 23 480 000 төгрөгийг хариуцагч Г.Б өөс гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 920 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “40 480 000” гэснийг “23 480 000” гэж, “45 920 000” гэснийг “62 920 000” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “360 350” гэснийг “275 350” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч У.Т-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ            

 

                                                                       

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ