Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00064

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00400 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалтай,

Б.Мын нэхэмжлэлтэй

Г.Бөд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 86 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М миний бие Г.Бөд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 83 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Бид 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн. Энэхүү тооцоогоор зээлийн үндсэн төлбөрт 50 000 000 төгрөг, хүүд 40 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Тооцоо нийлснээс хойш Г.Б 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 800 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 87 200 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. 2014 оны 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүний өмнө 2014 оны 4 дүгээр сард хүнд 4 000 000 төгрөг өгсөн байсныг нэмж тооцохоор тохирсон тул 10 000 000 төгрөг гэж тооцсон. Нэхэмжлэгч эхний 33 000 000 төгрөгийн зээлийн хувьд хүүд 3 960 000 төгрөг, үндсэн зээл 33 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан тул энэ зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Дараагийн хоёр зээлийн хувьд нэг ч хүү аваагүй тул үндсэн зээл 40 000 000 төгрөг, түүний 2014 оны 01 дүгээр сарын 28-наас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны хоорондох хүү 28 800 000 төгрөг, дараагийн үндсэн зээл 10 000 000 төгрөг түүний хүү 2014 оны 7 дугаар сарын 12-наас 2015 оны 12 дугаар сарын 12-нийг хүртэлх хугацаанд 7 600 000 төгрөг, нийт 86 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Талууд сарын хүү 4 хувь байхаар амаар харилцан тохиролцож хүү төлж байсан. Мөн уг гурван удаагийн зээлээс гадна 2012 онд мөн 2 удаа 20 сая төгрөг, 8 сая төгрөг тус тус зээлж байсан. Уг зээлүүд бүрэн төлөгдөж дууссан. Хариуцагч нэг машины мотор сольж өгсөн нь үнэн. Машины мотор солих, дагалдах засварыг хийхэд нийт 6 000 000 төгрөг байхаар тохирч засуулан уг мөнгийг өмнөх 2012 оны зээлийн хүүд тооцож авсан. Мөн 3 автомашинд нэг нэг удаагийн тос масло, шүүр солих ажлыг хийж өгсөн нь үнэн. Нийтдээ уг ажил 120 000 төгрөг тул энэ мөнгийг хасч тооцоход татгалзахгүй. Нэхэмжлэгч нийтдээ хариуцагчаас 42 000 000 төгрөг дансаар хүлээн авсан бөгөөд энэ нь 33 000 000 төгрөгийн зээл болон өмнөх зээлийн хүүд тооцогдсон. Харин бэлнээр мөнгө хүлээн авч байгаагүй болно. Хамгийн сүүлийн 2 удаагийн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагчаас 86 400 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 1 дүгээр сараас Б.Мыг таньж мэдэх болсон. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөг зээлэхээр тохиролцож бичгээр гэрээ хийж байсан. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 40 000 000 төгрөгийг зээлсэн. Харин сүүлд 10 000 000 төгрөг биш 6 000 000 төгрөг зээлсэн болно. Миний зүгээс дансаар болон бэлнээр их хэмжээний мөнгийг нэхэмжлэгчид төлсөн. Би Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамжийн 6-3-т Автоундрал авто засварын газрыг ажиллуулдаг. Нэхэмжлэгч надаар 2014 онд 4 ширхэг автомашин засуулж засвар үйлчилгээ хийлгэсэн. Нэг ширхэг Хаммер машины моторыг 6 000 000 төгрөг, мотор солихтой холбоотой засварын ажлын хөлс 1 000 000 төгрөг болсон. Мөн Ланд 200 болон бусад 2 автомашины тос масло, шүүр солих ажлыг нэг удаа бус удаа дараа үйлчилгээг хийлгэсэн. Үүнд 5 000 000 төгрөг болно. Мөн манай дэлгүүрээс бага, багаар нийт 20 000 000 гаруй төгрөг авсан. Би түүнд бэлнээр 30 000 000 гаруй сая төгрөг өгсөн. Дансаар 60 000 000 орчим сая төгрөг шилжүүлсэн. Нийтдээ түүнд 100 000 000 гаруй сая төгрөг энэ хугацаанд өгсөн. Мөн бэлнээр мөнгө хүлээж авч байгаагүй гэдэг худлаа. 2014 онд түүнд барьцаанд өгсөн байсан 2 өрөө байрныхаа ордерыг буцааж аваад өөр банк бус санхүүгийн байгууллагаас 20 000 000 төгрөг зээлж, үүнийхээ 15 000 000 төгрөгийг би түүнд өөрт нь бэлнээр өгсөн. Дараа нь 5 000 000 төгрөг нэг удаа мөн бэлнээр өгсөн болно. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй. Иймд бидний хоорондын зээлийн төлбөр тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00400 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Г.Бөөс 40 480 000 төгрөг гаргуулж, Б.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 45 920 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 593 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 360 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 40 480 000 гэснийг 23 480 000 гэж, 45 920 000 гэснийг 62 920 000 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 360 350 гэснийг 275 350 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч У.Тгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М хяналтын гомдолдоо: 2012 онд надаас анх 25 000 000, 20 000 000 төгрөгийн 4 % ийн хүүтэй 1 сар цаашлаад 2.3 сарын хугацаатай зээлэн авч эргэн төлөлтийг бүрэн хийж бидний дунд чадах зүйлээрээ бие биендээ туслах итгэлцлийн харилцаа үүссэн. Г.Б 2013 оноос БЗД-ийн Цайз-72 гэдэг газарт 10 давхар орон сууц барьж эхэлсэн үеэс эхлэн одоо миний нэхэмжилж буй 2013 оны 7 сарын 22 нд 33 000 000 төгрөг, 2013 оны 12 сарын 28 нд 40 000 000 төгрөг, 2014 оны 6 сарын 12 ны нийлүүлж бичсэн 10 000 000 төгрөгийг тус бүр 4%-ийн хүүтэй зээлэе гэж зээлсэн. Тухайн үед би 50 000-н 3 өрөө байраа 100 сая төгрөгөөр зарсан байсан ба зээлдэгч намайг мөнгөтэй гэдгийг мэдэж байсан. Бас энэ үед би бие давхар болсон байсанд хариуцагчийн зүгээс та одоо мөд юм хийхгүй юм чинь надад мөнгөний хэрэгцээ шаардлага тун их байна тэгээд ч танд хүүний 5.3 төгрөг нь хэрэгтэй ш дээ гэж ярилцаад эхний 33 сая төгрөгийг авахдаа гараар бичсэн гэрээ хийж авсан ба дараагийн 40сая төгрөгийг зээлэхдээ утсаар ярьж, яаралтай хэрэг болоод байна эгч шилжүүлчээч би маргааш нөгөөдрөөс заваараа очоод гэрээ хийчий гэж алга болоод би ч түүнийг байшингаа хурдан босгох гэж завгүй явдаг хүн, би өөрөө эмнэлэг гэж их завгүй байсаар гол нь цаашид ингэж авсан өгсөн дээрээ ийм маргаантай асуудал үүснэ гэдгийг бодоочгүй байсан нь миний алдаа юм. Дараагийн 10 000 000 төгрөгийг авахдаа 4 саяыг нь нэлээн өмнө өөрийнхөө Хас банкны данс руу хийлгэсэн санаж байна, хэсэг хугацааны дараа нэмж 6 саяыг авахдаа Сансарын байрны ордер зүгээр л барьцаа болгож тавьсан. Энэ хоёрыг нийлүүлээд бид тооцоо нийлэхдээ 10 саяар тооцоод ямар ч өгсөн өгөөгүй маргаан байхгүй явж ирсэн. Тухайн үед би сар бүр хүү нэхэж авах ямарч боломжгүй үе байлаа. Хааяа ажил дээр нь очиход байшингийнхаа хир явцтай ямар үе шатанд байгааг үзүүлж яг одоо ус дулаан, урдах ТҮЦ, хажуу хашаагаа нэмж авсан гээд бүх л хийж байгаа ажлаа тайлагнаж явсан. Жил дамжиж явсаар 2016 онд барилга бүрэн дуусаж борлуулалтын албаар зарагдаж эхэлсэн үеэс бид тооцоо нийлж 1% ийг хариуцагч өөрөө хувилж авдаг байсан. Барилга дууссан үеэс нь би мөнгөө авах гэж эрчимтэй хөөцөлдөж эхэлж утсаар ярихаар завгүй ажил дээр нь очхоор ийм ч алтны орд зарах гэж байна, урагшаа 3 вагон гуалин ачуулцан тэрний мөнгө орхоор, эсвэл ийм ч 570, 200 зарчаад өгнө эсвэл та зөрүү өгөөд ав гэдэг байсан надад зөрүүний мөнгө байхгүй тэгээд л өнгөрдөг. Ингэж цаг хугацааг аргацааж өнгөрөөсөөр би хууль шүүхэд нь хандъя гэхээр эгч хоёулаа тийм юмандаа тулахгүй би таны хүү мөнгийг чинь ямарч алдагдалгүй бодож өгнө та ёстой санаа зоволтгуй энэ 1 ийм ажлын бүтэхийг л хүлээчих гэсээр байдаг байлаа, Ингэсээр 2017 онд байрны борлуулалтын газар нь очиж ямар явцтай зарагдаж байгааг лавлахад борлуулалтын хүн захиалагч Г.Бийн байрнууд дууссан гүйцэтгэгч хятадуудынх нь үлдсэн гэлээ. Өмнө нь намайг оронд нь байр бодоод өгчих гэхээр Хятадуудтайгаа маргаантай байгаа бүх юмаа барьцаанд нь өгчихсөн гэж хэлээд өгөхгүй байсан. Энэ үеэс л түүнд би итгэхээ больж миний мөнгийг өгөхгүйг ойлгосон. Ингээд шүүхэд хандахад бүртгэлтэй хаяган дээрээ байдгүй гэж 1 удаа буцсан. Энэ бүхнээс харахад хариуцагч нь миний итгэлийг дасгаж байгаад авч залилан ашиглах бодолтой байсан нь илт байгаа юм. Шүүхийн материалд би өөрийн хөтөлж байсан данс тооцоогоо өгсөн тайлбар өгсөн. Хариуцагчийн Н-3 машины мотор зэрэг нь 2012 оны тооцооноос хасагдсан, мөн надад ямарч Ланд-200 байхгүй байтал ийм машинуудын засвар гэж 5 сая нэхсэн /манай гэр бүлд нийт 3 приус бий. 2016 онд 2, 2018 онд 1 нийт 3 удаа тос масло солиулсан үүний төлбөрт 120 000-г тооцуулсан/ болсон үйл явдлуудыг хооронд нь хольж хутган үймүүлж мөн надад тавьсан байрны ордероо бас л нэг сандарч манай гадаа ирж уулзаад аваад явахдаа 8%-ийн зээлэнд оруулж 1 ажилчиндаа өгөх гэсэн юм зээл нь гарахаар таны сүүлийн 10 саяыг л хүүтэй нь төлж дуусганаа гэж хэлээд алга болсон байтал ББСБ-аас 20 саяыг зээлж 15-ыг нь бэлнээр өгсөн ч гэх шиг илт худал тайлбар өгч байна. Би хөтөлж байсан тооцоон дээрээ зээлдэгчид ашигтай байдлаар апданги энэ тэр тооцохгүй аль аль талын эрх ашгийг бодож байснаар гадна нийлүүлж базаж бичих давхцал байх зэргийг үгүйсгэхгүй. Хохирлоо барагдуулахаар шүүхэд хандтал шат дараалан гомдол мэдүүлж миний зүгээс анх өгсөн 83 000 000 төгрөгөө ч авч чадахгүй байдлаар шийдэж зальтай мэхтэй хүмүүсийг өөгшүүлэн хүмүүсийн хоорондын итгэлцлийн харилцааг үл тоон хар цагаан, үнэн худлыг ялгаж салгадаг шүүхийн байгууллагад итгэл алдрах сэтгэлийг төрүүлж байгаад иргэн миний зүгээс маш их гомдолтой байна. Шийдвэрээр Г.Бөөс 40 480 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.03-ны өдөр гарсан 607 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас 17 000 000 төгрөгийг хасан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх зохигчдийн тайлбар, түүний үндэслэлийн талаарх нотлох үүргийн хуваарилалтад зөв дүгнэлт хийлгүй зөвхөн хариуцагчийн гаргасан гомдолд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас 17 000 000 төгрөгийг хасаж тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах заалтуудтай нийцээгүй. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчид дансаар 60 000 000 орчим төгрөг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргадаг боловч 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 44 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь баримтаар нотлогддог. Түүнчлэн хариуцагч түүний өмгөөлөгч нараас 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбарын нотолгоогоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзсан /хх51/ нэхэмжлэгчийн гар бичмэлийг иш татаж тайлбарлаад байгаа хэдий ч хариуцагч өөрөө уг баримтыг үгүйсгэж маргасан байдаг. /хх57/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д “Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй” гэж заасан боловч хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д өөрийн татгалзал түүний үндэс болж байгаа байдлыг өөрөө баримтаар нотлох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Нөгөө талаас төлсөн гэх банкны дансны хуулгуудыг хариуцагч өөрөө бүрдүүлэх боломжгүй тиймээс шүүхээр гаргуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой байсан гэх тайлбарыг хариуцагч, түүний өмгөөлөгч гаргадаг хэдий ч анхан шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан дээрх хугацааны банкны дансны хуулгуудыг шүүхийн журмаар гаргуулах эрх нь нээлттэй байсан атал дахин хүсэлт гаргаагүй нь эргэлзээтэй байдаг. Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг хийхдээ хариуцагчаас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид дансаар 15 000 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулгыг үндэслэж баримтаар нотлогдсон хүрээнд хэргийг шүүх зөв шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн 16-18 дах талд авагдсан, өөр бичмэл баримтаар давхар нотлогдоогүй баримтыг үндэслэж 2014 оны 04 дүгээр сарын 30- ны өдөр хариуцагчийн төлсөн 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг анхан шатны шүүх тооцсон гэж дүгнэн, үлдсэн 5 000 000 төгрөг / жич: Хариуцагч 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэг дор 5 000 000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэдэг нь харагддаггүй /хх16/, мөн 2014 оны 19 дугаар сарын 08-ны өдрийн 8 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хаан банкаар шилжүүлсэн гэх 4 000 000 төгрөг /эдгээр нь баримтгүй/ нийт 17 000 000 төгрөгийг 40 480 000 төгрөгийн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь шүүх шүүхийн шийдвэр гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаар хуульчлагдсан байх шаардлагыг хангаж чадсангүй гэж миний зүгээс гомдол гаргаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Т хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул шаардах эрхийг бий болгохгүй. Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 33 000 0000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэйгээр зээлүүлэх тохиролцоо /нэг сарын хугацаатай талаар бичгээр хийсэн л 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөг /гэрээ бичгээр хийгээгүй/, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөгийн /гэрээ бичгээр хийгээгүй/ зээлүүлэх тохиролцоог хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул зээлдүүлэгч нь үндсэн зээл дээр 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 33 000 0000 төгрөгийн 4 хувийн хүүтэй хүүг шаардах эрхтэй. Нэмж хүү тооцох авах эргүй байна. Өөрөөр хэлбэл хүү шаардах эрхээ хуульд заасны дагуу алдсан байдаг. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн гэх баримт үйлдсэн байдаг. Тус баримтаараа өнгөрсөн бүх хугацаанд буюу 3 жилийн хугацаанд хүү шаардах эрхтэй мэт хүү тооцож бичиж, төлөлтүүдийг хүүнд тооцох гэх мэт бичилтүүдийг хийсэн нь хуулиар алдсан эрхээ гэрээ байгуулах замаар сэргээсэн үйлдлийг хийсэн гэж үзнэ. Хуулиар алдсан эрхийг гэрээ байгуулах замаар сэргээх эрх иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид байхгүй. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 55.1.1-д “хууль зөрчсөн” буюу хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар заасан. Иймээс 3 жилийн хугацаанд шаардах эрхийг бий болгож хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зохигчийн гаргасан тайлбарыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн бол түүнийг үнэлж шийдвэр гаргаж болохоор заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 33 000 000 төгрөгийн төлөлтөд гэх 2013 оны 08, 09, 10 дугаар саруудад 3 900 000 төгрөгийг авсан талаар хэлсэн ба тус 3 900 000 төгрөгийн 2013 оны 09, 10 сарын 1 300 000 төгрөг, 1 300 000 төгрөг нийт 2 600 000 төгрөг нь хаан банкны дансны хуулгаар үлдэх 1 300 000 төгрөг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж, хариуцагчийн төлөлтөд тооцож хасаагүй. Хариуцагчийг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч талаас нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байсан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид хуулиар олгогдсон өөрсдөө цуглуулах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний маргаанд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэх эсэх, хариуцагч гэрээний үүргээ биелүүлж буцаан төлөлт хийсэн эсэх нь чухал ач холбогдолтой байдаг. Иймээс нэхэмжлэгчийн дансны хуулгыг авснаар хариуцагчийн бүх мөнгөн төлөлт нотлогдох боломжтой байсан. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн дансны хуулгыг банкинд хандаж авах боломжгүй юм. Мөн хариуцагчийн өөрийн данснаас нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн мөнгөн гүйлгээ нь хариуцагчийн данс хуулгаас харагдах боловч хариуцагч нь өөрөө банкинд очоод нэхэмжлэгчийн дансанд хийсэн гүйлгээ нь нотлогдох боломжгүй байсан. Учир нь маргаан бүхий нөхцөл байдлаас хойш нилээдгүй хугацаа /2-3 жил/ өнгөрсөн байгаа тул тухайн хугацааг юг бүрчлэн зааж нэрлэж, баримтыг гаргаж өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн гар бичмэлээс харвал нэхэмжлэгч моторын засвараас гадна их хэмжээний засвар үйлчилгээ хийсэн харагддаг. Мөн нэхэмжлэгч нь өөрийн гар бичмэлд хариуцагч өөрийн хийсэн ажлыг зах зээлийн үнэлгээгээр тооцон хасах талаар нь бичсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх нь зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэж 6 000 000 төгрөгийн засвараас гадна 120 000 төгрөгийн засвар хийсэн гэх үндэслэлгүй бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрт хариуцагчийн зүгээс 71 760 000 /хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа нь 71 760 000 төгрөг байгаа бөгөөд дансны хуулга авсан тохиолдолд 10-15 сая төгрөг нь нотлогдоно гэж бодож байна/ төгрөгийг төлсөн байхад их хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэж хариуцагчийн илэрхий хохироож байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Бөд холбогдуулан зээлийн үүрэгт 87 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ багасгаж 86 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ “2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 33 000 000 төгрөг, зээлийн хүү 3 960 000 төгрөгийг төлсөн байсан тул гэрээ дуусгавар болсон, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 28 800 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 7 600 000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнээс бусад гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөхгүй, бэлнээр 30 сая, дансаар 60 сая, машины засварын хөлс 10 гаруй сая нийт 100 гаруй сая төгрөгийг буцааж төлсөн...” гэсэн үндэслэлээр маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 40 480 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 23 480 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Зохигч талууд хяналтын журмаар гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч гомдолдоо “...байраа зараад мөнгөтэй байсан, ...2013-2014 онд Г.Б нь 83 сая төгрөгийг зээлж буцааж 44 сая төгрөгийг авсан..., гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр 17 сая төгрөгийг хасч, өгсөн мөнгөө ч буцааж авч чадахгүй хохирч байна... магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “...шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж чадаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн гомдлыг тус тус гаргажээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх “...талуудын тооцоо нийлсэн баримтаар хариуцагч 17 000 000 төгрөг төлснийг хасч тооцох үндэслэлтэй...” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Магадлалын үндэслэл болсон “Тооцоо нийлсэн” гэх баримтад “...2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, ...2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкаар 4 000 000 төгрөг, нийт 17 000 000 төгрөгийг хариуцагч төлсөн, энэ нь нэхэмжлэлээс хасагдаагүй...” гэх агуулга тогтоогдоогүй байхад ийм дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэж, хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Уг баримтад “олгосон зээл, буцаан төлөлт, зээлийн хүүг тооцсон  бичиглэл” байгаа боловч тооцоо ойлгомжгүй, сүүлийн хуудсанд талууд “үндсэн зээл 50 сая, хүү 43 сая төгрөгийгтөлөх...” гэж дүгнэн, гарын үсэг зурсан байна.

Хариуцагч Г.Б нь буцааж 44 600 000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд тооцоо нийлсэн баримтад 44 600 000 төгрөгийн тооцоо ч тодорхой бус байгаа юм. Мөн тус баримтад 3 зээлийн гэрээний тооцоо тусгагдаж байгаа ба нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үлдэх хоёр гэрээний үүргийг шаардсан тул тооцоог гэрээ бүрээр салгаж, ялгаж дүгнэх боломжгүй байв. Үйл баримтын талаарх нэг баримтыг бүхэлд нь дүгнэх байтал давж заалдах шатны шүүх зарим тооцоог салгаж, дүгнэх замаар зээлийн үүргийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Зохигч нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 33 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэх гэрээг бичгээр, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 6 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус амаар байгуулсан, эдгээр гэрээний дагуу Б.М нь нийт 83 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, Г.Б нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 44 600 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, зээлдэгч нь үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон, шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй тодорхойлжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Зээлийн гэрээний хэлбэр, гэрээний хүчин төгөлдөр байдал, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хариуцагчаас 40 480 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр  сарын 03-ны өдрийн 607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 242 950 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн  57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА