Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 399

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 670 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 661 дүгээр магадлалтай, Б.Н-д холбогдох 1806005620214 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хийн гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Б-н Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын газраас Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокурорын газраас Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-ыг цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн ба шүүхийн энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгдэгч Б.Н яллагдагчаар татагдсан үеэс шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл хэргийн бодит байдлыг мэдүүлэхдээ “...унтаж байтал А миний хоолойг шахаж... багалзуурдахаар нь халаасанд байсан ... хутгаа А-г айлгахаар гаргаж ирэхэд дахин багалзуурдахаар дайрахаар нь хойш унасан, А дээрээс унахад нь гарт байсан хутга цээж рүү нь дүрэгдсэн...” хэмээн шударгаар, тогтвортой хүлээн мэдүүлж байсан ба мөрдөх ажиллагааны явцад хохирогч А, гэрч М.Б нар хэргийн нөхцөл байдлыг шууд бусаар буюу дам байдлаар мэдүүлсэн байтал шүүх энэхүү нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Ч.А хохирогчоор мэдүүлэг өгч, гарын үсэг зурах үедээ согтуу байснаас гадна анхан шатны шүүх хуралдаанд дуудахад оршин суух хаяггүй учир шүүх хуралдаанд ирэхгүй байсан зэргээс түүний хувийн байдал харагдаж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч гэх этгээдийн өмнө нь өгч байсан мэдүүлгээ өөрчлөн мэдүүлсэн, баримтаар нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэрэг болсон. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдал болох “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр", “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг эргэлзээгүй нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хууль зүйн шаардлага хангагдаагүй байхад Б.Н-г санаатай гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан хэрэг болсон.

Тодруулбал, дээр дурдсанчлан хэргийн бодит байдлыг буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан байдлыг эргэлзээгүй нотлоогүй байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүгдэгч талаас хохирогчийг буруутгахгүй, буруутгахыг хүсэхгүй байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримт, хэргийн нотлогдсон байдлаас үзэхэд хохирогч байнга согтууруулах ундаа хэрэглэдэг, хэд хэдэн удаа мэдүүлэг өгөх чадваргүй согтуу байсан. Гэтэл шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байдал болох хохирогчийн хувийн байдлыг тогтоох нэг ч ажиллагаа хийгээгүй. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд “мөрдөн байцаалтын шатанд хохирогч тодорхой хаяггүй, олдохгүй, дуудсан цагт ирэхгүй байдлаас шалтгаалан түүний хувийн байдал тогтоогдоогүй” хэмээн тайлбарласан. Ийнхүү хэргийн нотлогдсон байдлын хүрээнд авч үзэхэд, шүүгдэгч хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас түүний биед хохирол учруулсан нөхцөл байдал эргэлзээтэй тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу хохирогчийн “шүүгдэгчийг багалзуурдан” хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн шаардлага байтал шүүх энэхүү шаардлагыг үл харгалзан, хэргийн бодит байдалд нийцээгүй “...эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх дээр дурдсан байдлаар шүүгдэгчийн гэм буруутай байдлыг хэргийн бодит байдалд нийцүүлэн үнэлэлгүйгээр буруу тогтоосны улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед 3 этгээд (шүүгдэгч, хохирогч, гэрч) байсан бөгөөд тэдний хоёр нь болсон асуудлыг мэдэхгүй, санахгүй, харин шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж харвал аргагүй хамгаалалт хийсэн. Харин дордуулж харвал санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Мөн шүүгдэгч Б.Н хохирогчийн өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус, зүй бус үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ын эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх ба шүүх энэ тохиолдолд шүүгдэгч Б.Н-гийн үйлдлийн шинж чанарт тохируулан Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт", 11.2 дугаар зүйл “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэх мэт зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтой атал Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих тус зүйл заалтыг хэрэглээгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчин шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд авч үзэхэд, Б.Н нь хохирогч Ч.А-ын өөрийг нь багалзуурдахад халаасанд байсан хутгаа гаргасан ба дахин багалзуурдахаар дайрахад нь шүүхийн дүгнэсэнчлэн Ч.А-ын цээжин тус газар хутгаар хатгасан үйлдэл хийжээ. Б.Н-гийн энэхүү үйлдэл бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэдий ч энэхүү үйлдийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба өөрийг нь багалзуурдсан, багалзуурдахаар дайрсан довтолгооны эсрэг үйлдэл байсан атал шүүх Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийг хэрэглэлгүйгээр, шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Н-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн явагдаж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоосон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Н-ийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Найдан нь гэм буруугийн талаар маргаж байна. Анхан шатны шүүх гэм буруугийн талаар маргаж байгаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан хуульд зааснаас доогуур буюу 3 жил 4 сарын хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 153б тоотод хохирогч Ч.А-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Хохирогч Ч.А-ын зүгээс Б.Н-гийн амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул, хохирол учруулахаар довтолсон нөхцөл байдал үгүйсгэгдэж байхаас гадна түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх, гутаасан, эрхшээл дарамтад оруулсан, хүндээр доромжилсон үйл баримт тогтоогдохгүй байх тул цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин айлын орон дээр хэвтсэн асуудлаас болж хоорондоо маргалдан Б.Н- өөрт байсан хутгаар Ч.А-ын цээжин тус газар хутгалж хүнд гэмтээсэн нь зэвсэг хэрэглэн бусдын биед хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 670 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 661 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН