Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 628

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч С.Солонго,

          шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28,

          хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт А.Аад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0140 90643 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Б овогт А.А

            Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

            А.А нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах вокзалаас Баянзүрх дүүргийн10 дугаар хороо, “Амгалан” вокзал хүртэл вагонд зорчин явахдаа Д.Өлзийтулгын халааснаас иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хулгайлж, улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны “ХААН” банкны АТМ-д уншуулан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                        

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ: Учирсан хохирол 800.000 төгрөгийг төлөөгүй тул хохирлоо нэхэмжилж байна гэв.

           Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах  ажиллагаанд  хохирогч Б.Эрдэнэтуяагийн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гадагшаа гарахдаа нөхөр Өлзийтулгад “ХААН” банкны картаа үлдээгээд явсан. Өлзийтулга 17 цаг 20 минутанд Замын-Үүд явах вагонд суух байсан ба явахынхаа өмнө халамцуу байж байхдаа вокзалын орчимд “ХААН” банкны АТМ-с миний картаар 400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн гэсэн. Тэгээд 18 цаг 07 минутанд миний гар утсанд 800.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн ба би шууд нөхөр рүүгээ залгахад гар утас нь холбогдох боломжгүй байсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өглөө нөхөр рүүгээ залгаад “ямар их мөнгө аваа вэ” гэхэд   би 400.000 төгрөг л авсан, чиний карт алга болсон байна, тухайн үед би АТМ-ээс  мөнгө авчихаад картаа яасан гэдгээ санахгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.1.629.000 төгрөг байснаас нөхөр 400.000 төгрөг авсан, 800.000 төгрөг алга болсон. Үлдэгдэл 428.000 төгрөг үлдсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Өлзийтулгын: Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд явах вагонд 17 цаг 20 минутанд суух байсан ба тэрнээс өмнө өглөө эхнэр Б.Эрдэнэтуяагаас “Хаан” банкны картыг нь мөнгө аваарай гэхээр нь авч үлдсэн. Манай найз болох А.А гэх эрэгтэй урьд шөнө нь манай гэрт хоносон ба өдөр 12 цагийн үед вокзал орж билет авчихаад гэрт нэг шил архитай  ирээд хамт уусан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад вокзал дээр ирсэн ба валют сольдог газарт карт уншуулж мөнгө солих гэсэн чинь карт уншдаггүй гэхээр нь гараад явж байтал А.Атай Бямбаа гэх нэг газарт ойролцоо амьдардаг эмэгтэй утсаар яриад хүрч ирсэн. Тэгээд бид гурав урагшаа вокзалын урд байрлах АТМ-ээс орж би 400.000 төгрөг карт уншуулж авсан. Тэгээд буцаад валют цэг дээр очоод мөнгөө солиулаад дэлгүүрээс 1 “Соёрхол” 1 ундаа худалдаж аваад мөнгө хүрэхгүй болохоор нь картаа уншуулах гэтэл карт алга болчихсон байсан. Тэгээд вагон хөдлөх гэж яараад бид гурав хамт суугаад архиа уугаад тэр хоёр Амгалан Өртөөн дээр буугаад би цаашаа явсан. Гар утасны цэнэг дуусчихсан байсан учир маргааш нь асаагаад байж байтал эхнэр залгаад “чи ямар их мөнгө авдаг юм бэ, 800.000 төгрөг авчихсан байна” гэхэд нь би 400.000 төгрөг л авсан, 800.000 төгрөг ахиж аваагүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-н 11-12-р тал/

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбадолгорын: ... Би тухайн өдөр 12 цагийн үед гэртээ байж байтал Өлийтулгын утсаар А.А залгаад вокзал дээр хүрээд ир, Өлзийтулга явах гэж байна гаргаж өгье гэсний дараа Өлзийтулга өөрөө над руу залгаад би урагшаа явлаа, такси бариад ир би мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би такси бариад ирэхэд Өлзийтулга таксины мөнгө төлөөд бид гурав дэлгүүр ороод Өлзийтулга А.Аад халааснаасаа 10.000 төгрөг гаргаж өгөөд 0.5 граммын архи авсан. Тэр хооронд бүх халаасаа ухаад картаа яалаа гээд хайгаад байсан. Дэлгүүрээс гараад вагон нь хөдлөх гэж байтал Өлзийтулга та хоёр ороод суучих энийг уучихаад жаахан явж байгаад буучих гэсэн. Вагонд ороод нэг тасалгаанд бид гурав архиа хувааж ууж дуусгаад 18 цагийн орчимд Амгалан дээр буугаад таксинд суугаад харьсан. Вагон дотор явж байхдаа Өлзийтулга байр майрныхаа түрээсийг төлсөн юм уу? Байр түрээслэх юм уу гэхэд нь би “хавар болтол ямар ч гэсэн энэ гэртээ байна” гэж хэлсэн. Миний гар дээр бол май гээд картаа өгөөгүй. Картаа хайгаад А.Ааас асуугаад байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, вагоноос Амгалан өөртөөн дээр буугаад Офицер дээр ирчихсэн байж байсан чинь А.А дахиад “чи ганц юм уух уу, нэг тийшээ оръё” гэчихээд нэг дэлгүүр ороод юу ч аваагүй гараад “ХААН” банкны АТМ орсон байх. Би согтуу байсан учир дагаад л яваад байсан...гэх мэдүүлэг /хх-н 18 -р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн А.Аын: ...Өлзийтулга Бямбадолгорт картаа өгөхийг нь би харчихаад Бямбадолгорын халааснаас нь би авчихсан. Би АТМ-с Эрдэнэтуяагийн картнаас 800.000 төгрөг авсан. Түүнийгээ аваад ганцаараа бааранд орж, буудалд 3 хоног архи ууж хэрэглэсэн. Миний найз Өлзийтулга Бямбадолгорт мөнгө өгнө, хамт байр түрээсэлнэ гээд байхаар нь намайг мөнгө асуухад байхгүй гэсэн байж эмэгтэй хүнд өгөх гэлээ гээд уурандаа хулгайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,

            -Шүүгдэгч А.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 19, 33, 36-39 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.А нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын вокзалаас Баянзүрх дүүргийн10 дугаар хороо, “Амгалан” вокзал хүртэл вагонд зорчин явахдаа Д.Өлзийтулгын халааснаас иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хулгайлж, улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны “ХААН” банкны АТМ-д уншуулан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт    заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул А.Аад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  үндэстэй байна.

Шүүгдэгч А.А нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын вокзалаас Баянзүрх дүүргийн10 дугаар хороо, “Амгалан” вокзал хүртэл вагонд зорчин явахдаа Д.Өлзийтулгын халааснаас иргэн Б.Эрдэнэтуяагийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хулгайлж, улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны “ХААН” банкны АТМ-д уншуулан 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Шүүгдэгч А.А нь хохирол төлбөр төлөөгүй байх тул түүнээс 800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Болормаагийн Эрдэнэтуяад олгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч А.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна.

            Шүүгдэгч А.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх  болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б овогт А.Аыг бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Аад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Ааас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Болормаагийн Эрдэнэтуяад /РД:ЧЗ77030964/ олгосугай.

           6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ