Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2019/00198

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: шашны байгууллага, *******д холбогдох

*******ын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ-ын захирал *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрдэнэ зуу музейн үйл ажиллагаа, орчны бүсэд Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, аюулгүй байдал, стандарт хэрхэн хангагдаж байгааг мэргэжлийн хяналт болон төрийн бусад хяналтын байгууллагууд удаа дараа шалган үнэлэлт дүгнэлт өгөн зөвлөмж, шаардлага ирүүлсэн болно. ******* нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хяналт шалгалтаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45.3 /Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, 45.3.3 /гэр, сууц, барилга, байгууламж барих/-т заасны дагуу, мөн Монгол улсын стандарт МNS 5634:2006 Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын 16.3 /Музейн гадна үүд болон барилгын төрх үзэмж, үйлчилгээнд муугаар нөлөөлөх түр байр барих, бус үйлчилгээ явуулахгүй/ гэснийг тус тус зөрчиж байгаа тул гэр барин хурал үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоохыг удаа дараа шаардаж байгаа *******, Дамбаравжаалан сан-ийн үйл ажиллагаа зөвшөөрлийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 65 дугаар тогтоолоор олгосон боловч Эрдэнэ Зуугийн хашаанд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй болно.

Дээрх шаардлагын дагуу *******-н тэргүүн лам *******эд албан бичгээр болон амаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2018 оны 12 сард мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар лам нартай уулзаж 2019 оны 03 сарын 01-ний өдөр гэхэд нүүхээ мэдэгдэж харилцан тохиролцсон билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ нүүлгэхгүй, янз бүрийн шалтаг тооцсон албан бичиг ирүүлсээр байна.

Иймд Монгол Улсын хууль тогтоомж зөрчин төрийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэ зуугийн цогчин хурал-н гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ-ын захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага бол газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх байгаа. Түүнээс Эрдэнэ зуугийн цогчин хурал *******гийн үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого биш. Сангийн үйл ажиллагаагаа явуулах байраар чөлөөтэй хангагдсан байгаа тул хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа гэрийг нүүлгэж, газрыг нь чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Тус гэр нь Эрдэнэ зуу хийдийн хэрэмний голд, алтан суварганы зүүн урд талд үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед *******г *******ыг сэргээх гэдэг утгаар нь үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болохоос яг хажууд нь гэр бариад үйл ажиллагаа явуул гэсэн зөвшөөрлийг би олж харахгүй байна. Шинэ дуган хийдтэй болох хүртэлх хугацаанд зөвшөөрсөн. Гэтэл өчнөөн хугацаа өнгөрч байна. Тиймээс Цогчин хурлын гэрийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж өгнө үү. Тухайн газар нь Эрдэнэ зуу музейн эзэмшилд байдаг газар байгаа юм гэв.

Хариуцагч шашны байгууллага, *******гийн тэргүүн ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Эрдэнэ Зуу музей нь Монголчуудын Их хаадаас бүтээж, Дэлхийн хүн төрөлхтөний соёлд оруулсан Бурхан шашны дахин давтагдашгуй соёлын их өв билээ. Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрч, 3 удаа буурсан түүхтэй. Анхны дэлгэрсэн газар нь Эрдэнэ Зуу билээ. Хүннү нарын үед анх Бурхан багшаа бүтээж, Өгөөдэй хаан бээр, Хархорин хот байгуулалтын ажилтай эн тэнцүүд авч үзэн, Эрдэнэ Зууг сэргээсэн ба Автай хаан өнөөдрийн гол Зуугийн сүмийг барьж эхлүүлсэн нь 3 удаагийн дэлгэрэлтийн анхны шүтээн болохыг Манзуширын хувилгаан Заваа Дамдин ламтны сүмбумд магтан мөргөсөн байдаг. Зуугаад жилийн өмнөх Заваа Дамдин ламтны магтаалд ирээдүй цагт Лалын цэргүүд 10 зүгээс босч ирэхэд цорын ганц аврал танд мөргөе хэмээн Эрдэнэ Зууг магтсан нь одооны террорист халдлагыг аль эрт мэдсэн нь гайхамшигтай байдаг. Эрдэнэ Зууг 1930-аад онд коммунист төр хэлмэгдүүлж 60 гаруй сүм дуганы 40 гаруйг нь туурь болгож, эрдэмтэн доктор лам нарыг шууд буудаж, дунд насны лам нарыг 10 жилийн ялаар шийтгэж, хүүхдүүдийг нь хөөж тараасан нь одоо Эрдэнэ Зуугийн өвөрмөц шашны зан үйл тасарч, 3 үеийн лам наргүй болоод байна. Үүнийг Монголын Төр, хэлмэгдүүлсэн алдаагаа засч Бүгд найрамдах Монгол ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаарр сарын 22-ны 10 тоот тогтоолоор 1990 оноос Эрдэнэ Зуугийн уламжлалт хурлыг сэргээх болсон. Мөн Дэлхийн Өвийн Төв 2004 онд Дэлхийн соёлын өвд бүртгэхдээ Эрдэнэ Зуу бол зөвхөн музей бус, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн, шашин соёлын амьд өв хэмээн бүртгэсэн байдаг. Манай Цогчин хурал Эрдэнэ Зуугийн уламжлалт 6 дацангийн нэг Цогчин дацанг сэргээж, хойч залуу үед уламжлан үлдээхээр ажиллаж байна. Манай дацан Эрдэнэ Зуу Дамбаравжаалин сангаар Эрдэнэ Зуугийн *******ыг улсаас нэг ч төгрөг гаргалгүй сэргээхээр Дэлхийн Өвийн дэмжпэгийг авч, Боловсрол соёл шинжлэх ухааны Сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны 114 тоот тушаал гаргуулж уг ажпыг эхлүүлсэн боловч музейн захиргаа элдэв шалтаг гаргаж бариулаагүй тул арга буюу өөр газар барьсан болно. Тэр ч байтугай шалгалт хийлгэж археологийн малтлага хийлгээгүй хэмээн худлаа дүгнэлт гаргаж байсан. Одоо музейн захиргаанаас Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 06 дугаар сарын 10-ны 04 тоот тогтоолыг хэрэгжүүлж гэрээгээр ажиллаж байсныг зогсоож улмаар түүхэн уламжлалыг хадгалж буй Цогчин дацанг хөөж байгаа нь Бурханы шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учирч байна. Хэрэв Цогчин дацан Эрдэнэ Зуугаас гарвал 3 манаач, 2 бичээч шууд ажилгүй олж, цаашлаад 29 өрх гэрийн амьдрал хөндөгдөх болно.

Музейн шаардлага нь

>    Олон улс ЮНЕСКО Дэлхийн Өвийн суурь зарчимтай зөрчилдөж байна.

>    Их хаадаас уламжилж шүтсэн Бурханы шашны ГОЛОМТ ТӨВ Эрдэнэ Зуугийн язгуур өөрчлөгдөн устаж Европ маягийн музейн стандартыг мөрдөх болж байна,

>    Иргэний хуулийн иргэдийн шүтэх бишрэх эрх зөрчигдөж буйн илрэл нь Эрдэнэ Зуу шүтээнд өргөсөн өргөл нь музейн орлого болж байна.

>    Гадаад орнууд өөрийн уламжлалт шашнаа төрийн бодлогоор санхүү болон бусад дэмжлэгүүдийг үзүүлж олон улсад түгээж байхад манай төр хавчин гадуурхаж мөхөөж байна. Үүний илрэл нь *******ыг сэргээн барих ажлыг гадаад нөхцөл Олон улсын байгууллага ЮНЕСКО Дэлхийн Өв дэмжээд байхад монголчууд өөрсдөө хойш татаж бариулаагүй болно.

>    Сүүлийн үед хуулийг тодорхой хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор засаж шударга заалтыг хасдаг, ёс бус зүйлийг нэмдэг нь тодорхой болж энэхүү хуулийн гажуудлаас Бурханы шашин дахин хэлмэгдэх ёсгүйг анхаарч монгол үндэстний язгуур эрх ашгийг эрхэмлэж баримт нотолгоог судлаж үнэн зөв шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрдэнэ зуугийн цогчин хурал, ******* нь гэрт хурал хурах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Энэ үйл ажиллагааг 2003 оноос эхлэн явуулсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахыг аймаг орон нутаг, боловсрол соёл шинжлэх ухааны яам хүлээн зөвшөөрөөд өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ үйл ажиллагааг явуулж байх хугацаанд аймгийн иргэдийн хурлаас 2 удаа тогтоол гарч *******ыг сэргээн барихаар тохиролцоод энэ ажиллагаагаа шат дараалалтай хийж эхэлсэн. Одоо ч энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ ажил хийгдэж байх хугацаанд гэрт үйл ажиллагаа явуулаад хурлаа хийх зөвшөөрөл авсан. Гэтэл 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын комисс байгуулагдаад дүгнэлт гаргасан. Сөрөг нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн баримтан дээр дуганыг сэргээн босгоход ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь дэс дараалалтай харагдаж байгаа. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад нь гэр барьж болохгүй, гэрийг нүүлгэнэ гэсэн. Сая нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байхдаа миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж би ойлгож байна. Би сөрөг нэхэмжлэл дээрээ *******ыг сэргээн засварлах үйл ажиллагааг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл сая нэхэмжлэгч маань үйл ажиллагаагаа явуулдгаараа явуул манайх ганцхан гэрийг л нүүлгэнэ гэж ярьж байна. Анхнаасаа үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн болохоор гэр барьж үйл ажиллагаа явуулсан. Хууль дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ нь хариуцагч шашны байгууллага, *******д холбогдуулан *******ын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч шашны байгууллага, ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цогчин дацанг хөөж байгаа нь Бурхан шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учруулж байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ нь 2006 оны 04 дүгээр сарын 21-нд музейн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлж, 1070001055 улын бүртгэлийн дугаартай, 9045201 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 0299191 дугаартай 20га газрыг 50 жилийн хугацаатай, музейн соёлын үйлчилгээ эрхлэх зориулалтаар төрийн байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 23-нд олгосон байна.

Эрдэнэ зуу музей нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, улсын хамгаалалттай, соёлын өв, түүхэн дурсгалт газар бөгөөд Засгийн газраас тогтоосон хамгаалалтын бүсэд *******ыг сэргээх Дамбаравжаалин сан гэр дуган барин үйл ажиллагаа явуулдаг болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдож байх ба зохигчид үүнд маргаагүй бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэгч Эрдэнэ зуу музейтэй гэрээ байгуулан гэр дуганы барьж, түрээсийн төлбөр төлж байсан талаар зохигч тайлбар гаргаж байна.

*******ыг сэргээх Дамбаравжаалин сан гэр барин улсын хамгаалалттай түүхэн дурсгал Эрдэнэ зуу музейн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.7 дах заалтыг зөрчиж байгаа талаар 2013 оны 05 дугаар саын 15-ны өдрийн 15/90 дугаартай Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар хяналт шалгалтын танилцуулга гаргасан байна.

Хархорин дахь Эрдэнэ зуу музей нь уг танилцуулгын дагуу *******д 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 25 дугаартай газар чөлөөлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж музейн хашаанд үйл ажиллагаа явуулж буй үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлөхийг мэдэгджээ.

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15109/030/137 дугаартай Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газар, улсын ахлах байцаагчийн зөвлөмжид улсын хамгаалалтын бүсэд орсон Эрдэнэ зуу музейн хашаанд байрлах гэрийг нүүлгэж хамгаалалтын бүсээс гаргуулах эрсдэл бууруулах тухай зөвлөмж гаргаж, Эрдэнэ зуу музей цогчин хурал, Дамбаравжаалин санд шаардлагыг 2018 оны 07 дугаар сарын 31, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ.

Хариуцагч шашны байгууллага 2014 оны 03 дугаар сарын 25-нд 8133514 регистрийн дугаартай, 1080001004 улсын бүртгэлийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2015 оны 10 дугаар сарын 14-нд 1002554 регистрийн дугаартай, 1081001006 улсын бүртгэлийн дугаартай *******гийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна.

Хариуцагч шашны байгууллага, ******* нь Эрдэнэ зуу музейн улсын хамгаалалтын бүсэд гэр дуган барин үйл ажиллагааг явуулж байгаа нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т зааснаар түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд гэр барьж үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн байна.

Хариуцагчийн цогчин дуган барих, сэргээн босгох, шашны үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон асуудал биш бөгөөд гагцхүү улсын хамгаалалтанд байдаг түүх соёлын дурсгалт газар Эрдэнэ зуу музейн хашаанд гэр дуган барьсан нь хууль зөрчсөн, хариуцагч уг газарт гэр барих газар эзэмших эрх үүсээгүй байна гэж шүүхээс дүгнэж байна.

Хариуцагч шашны байгууллага, ******* нь улсын хамгаалалтанд байх түүх соёлын дурсгалт газар Эрдэнэ зуу музейн хашаанд газар эзэмших эрхтэй эсэх талаар баримтыг гаргаж ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч шашны байгууллага, *******гийн улсын хамгаалалтанд байх, түүх соёлын дурсгалт газар Эрдэнэ зуу музейн хашаанд барьсан гэр дуганыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу музей ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, шашны байгууллага, *******д холбогдох улсын хамгаалалттай түүхэн дурсгалт газар Эрдэнэ зуу музейн хашаанд байрлах шашны үйл ажиллагаа явуулж буй гэр дуганыг албадан нүүлгэж, хууль бус эзэмшилээс газрыг чөлөөлсүгэй.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА