Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00233

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            18                                          001/ХТ2021/00233

 

 

 

...........УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00198 дугаар шийдвэр,

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 204/МА2019/00019 дүгээр магадлалтай,

 

...........УТҮГ-ын нэхэмжлэлтэй

..........., ...........санд холбогдох

 

...........гийн Цогчин хурлын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Хишигт гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ...........ТБАГУТҮГ нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..............н үйл ажиллагаа, орчны бүсэд Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, аюулгүй байдал, стандарт хэрхэн хангагдаж байгааг мэргэжлийн хяналт болон төрийн бусад хяналтын байгууллагуудыг удаа дараа шалган үнэлэлт дүгнэлт өгөн зөвлөмж, шаардлага ирүүлсэн болно. ...........гийн цогчин хурал нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хяналт шалгалтаар "Соёлын өвийг хамгаалах тухай" хуулийн 45.3 /Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, 45.3.3 /гэр, сууц, барилга, байгууламж барих/-т заасны дагуу, мөн Монгол улсын стандарт MNS 5634:2006 Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын 16.3 /Музейн гадна үүд болон барилгын төрх үзэмж, үйлчилгээнд муугаар нөлөөлөх түр байр барих, бүс үйлчилгээ явуулахгүй/ гэснийг тус тус зөрчиж байгаа тул гэр барин, хурал үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоохыг удаа дараа шаардаж ...........гийн цогчин хурал", "Дамбаравжаалан сан"-ийн үйл ажиллагаа зөвшөөрлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 65 дугаар тогтоолоор олгосон боловч ...........гийн хашаанд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй болно. Дээрх шаардлагын дагуу ...........гийн цогчин хурлын тэргүүн лам Д.Хишигтэд албан бичгээр болон амаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2018 оны 12 сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар лам нартай уулзаж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нүүхээр мэдэгдэж харилцан тохиролцсон билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ нүүлгэхгүй, янз бүрийн шалтаг тооцсон албан бичиг ирүүлсээр байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомж зөрчин төрийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа ...........гийн цогчин хурлын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү ...гэжээ.

 

Нэхэмжлэгч ...........ТБАГУТҮГ-ын захирал Н.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх байгаа. Түүнээс ...........гийн цогчин хурал ...........сангийн үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого биш. Сангийн үйл ажиллагаагаа явуулах байраар чөлөөтэй хангагдсан байгаа тул хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа гэрийг нүүлгэж, газрыг нь чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Тус гэр нь ........... хийдийн хэрэмний голд, алтан суварганы зүүн урд талд үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед ...........санг Цогчин дуганыг сэргээх гэдэг утгаар нь үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болохоос яг хажууд нь гэр бариад үйл ажиллагаа явуул гэсэн зөвшөөр гэж би харахгүй байна. Шинэ дуган хийдтэй болох хүртэлх хугацаанд зөвшөөрсөн. Гэтэл өчнөөн хугацаа өнгөрч байна. Тиймээс Цогчин хурлын гэрийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж өгнө үү. Тухайн газар нь ...........н эзэмшилд байдаг газар байгаа юм ...гэжээ.

 

Хариуцагч ..........., ...........гийн тэргүүн Д.Хишигт шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ........... нь Монголчуудын Их хаадаас бүтээж, Дэлхийн хүн төрөлхтөний соёлд оруулсан Бурхан шашны дахин давтагдашгүй соёлын их өв билээ. Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрч, 3 удаа буурсан түүхтэй. Анхны дэлгэрсэн газар нь ........... билээ. Хүннү нарын үед анх Бурхан багшаа бүтээж, Өгөөдэй хаан бээр, Хархорин хот байгуулалтын ажилтай эн тэнцүүд авч үзэн, ...........г сэргээсэн ба Автай хаан өнөөдрийн гол Зуугийн сүмийг барьж эхлүүлсэн нь 3 удаагийн дэлгэрэлтийн анхны шүтээн болохыг Манзуширын хувилгаан Заваа Дамдин ламтны сүмбумд магтан мөргөсөн байдаг. Зуугаад жилийн өмнөх Заваа Дамдин ламтны магтаалд ирээдүй цагт Лалын цэргүүд 10 зүгээс босч ирэхэд цорын ганц аврал танд мөргөе хэмээн ...........г магтсан нь одооны террорист халдлагыг аль эрт мэдсэн нь гайхамшигтай байдаг. ...........г 1930-аад онд коммунист төр хэлмэгдүүлж 60 гаруй сүм дуганы 40 гаруйг нь туурь болгож, эрдэмтэн доктор лам нарыг шууд буудаж, дунд насны лам нарыг 10 жилийн ялаар шийтгэж, хүүхдүүдийг нь хөөж тараасан нь одоо ...........гийн өвөрмөц шашны зан үйл тасарч, 3 үеийн лам наргүй болоод байна. Үүнийг Монголын төр, хэлмэгдүүлсэн алдаагаа засч БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны 10 тоот тогтоолоор 1990 оноос ...........гийн уламжлалт хурлыг сэргээх болсон. Мөн Дэлхийн өвийн төв 2004 онд, Дэлхийн соёлын өвд бүртгэхдээ ........... бол зөвхөн музей бус, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн, шашин соёлын амьд өв хэмээн бүртгэсэн байдаг. Манай Цогчин хурал ...........гийн уламжлалт 6 дацангийн нэг Цогчин дацанг сэргээж, хойч залуу үед уламжлан үлдээхээр ажиллаж байна. Манай дацан "...........сангаар" ...........гийн Цогчин дуганыг улсаас нэг ч төгрөг гаргалгүй сэргээхээр Дэлхийн өвийн дэмжлэгийг авч, Боловсрол соёл шинжлэх ухааны Сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны 114 тоот тушаал гаргуулж уг ажлыг эхлүүлсэн боловч музейн захиргаа элдэв шалтаг гаргаж бариулаагүй тул арга буюу өөр газар барьсан болно. Тэр ч байтугай шалгалт хийлгэж археологийн малтлага хийлгээгүй хэмээн худлаа дүгнэлт гаргаж байсан. Одоо музейн захиргаанаас Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 06 дугаар сарын 10-ны 04 тоот тогтоолыг хэрэгжүүлж гэрээгээр ажиллаж байсныг зогсоож улмаар түүхэн уламжлалыг хадгалж буй Цогчин дацанг хөөж байгаа нь Бурханы шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учирч байна. Хэрэв Цогчин дацан ...........гаас гарвал 3 манаач, 2 бичээч шууд ажилгүй болж, цаашлаад 29 өрх гэрийн амьдрал хөндөгдөх болно. Музейн шаардлага нь Олон улс ЮНЕСКО Дэлхийн өвийн суурь зарчимтай зөрчилдөж байна. Их хаадаас уламжилж шүтсэн Бурханы шашны Голомт төв" ...........гийн язгуур өөрчлөгдөн устаж Европ маягийн музейн стандартыг мөрдөх болж байна. Иргэний хуулийн иргэдийн шүтэх бишрэх эрх зөрчигдөж буйн илрэл нь ........... шүтээнд өргөсөн өргөл нь музейн орлого болж байна. Гадаад орнууд өөрийн уламжлалт шашнаа төрийн бодлогоор санхүү болон бусад дэмжлэгүүдийг үзүүлж олон улсад түгээж байхад манай төр хавчин гадуурхаж хөөж байна. Үүний илрэл нь Цогчин дуганыг сэргээн барих ажлыг гадаад нөхцөл олон улсын байгууллага ЮНЕСКО Дэлхийн өв дэмжээд байхад монголчууд өөрсдөө хойш татаж бариулаагүй болно. Сүүлийн үед хуулийг тодорхой хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор засаж шударга заалтыг хасдаг, ёс бус зүйлийг нэмдэг нь тодорхой болж энэхүү хуулийн гажуудлаас бурханы шашин дахин хэлмэгдэх ёсгүйг анхаарч монгол үндэстний язгуур эрх ашгийг эрхэмлэж баримт нотолгоог судлаж үнэн зөв шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...........гийн цогчин хурал, ...........сан нь гэрт хурал хурах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Энэ үйл ажиллагааг 2003 оноос эхлэн явуулсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахыг аймаг орон нутаг, Боловсрол соёл шинжлэх ухааны яам хүлээн зөвшөөрөөд өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ үйл ажиллагааг явуулж байх хугацаанд аймгийн иргэдийн хурлаас 2 удаа тогтоол гарч Цогчин дуганыг сэргээн барихаар тохиролцоод энэ ажиллагаагаа шат дараалалтай хийж эхэлсэн. Одоо ч энэ үйл ажиллагаа явагдаж байна. Энэ ажил хийгдэж байх хугацаанд гэрт үйл ажиллагаа явуулаад хурлаа хийх зөвшөөрөл авсан. Гэтэл 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын комисс байгуулагдаад дүгнэлт гаргасан. Сөрөг нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн баримтан дээр дуганыг сэргээн босгоход ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь дэс дараалалтай харагдаж байгаа. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад нь гэр барьж болохгүй, гэрийг нүүлгэнэ гэсэн. Сая нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байхдаа миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж би ойлгож байна. Би сөрөг нэхэмжлэл дээрээ Цогчин дуганыг сэргээн засварлах үйл ажиллагааг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл сая нэхэмжлэгч маань үйл ажиллагаагаа явуулдгаараа явуул манайх ганцхан гэрийг л нүүлгэнэ гэж ярьж байна. Анхнаасаа үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн болохоор гэр барьж үйл ажиллагаа явуулсан. Хууль дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ..гэжээ.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00198 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т зааснаар нэхэмжлэгч ...........ТБАГУТҮГ-ын 141801364 нэгж талбарын дугаар бүхий 20 га газарт барьсан хашаанд хариуцагч ..........., ...........сангийн шашны үйл ажиллагаа явуулж буй гэр дуганыг албадан нүүлгэж, хууль бус ззэмшлээс газрыг чөлөөлөн,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 204/МА2019/00019 дүгээр магадлалаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаагаа явуулдаг ...........сан, ...........ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...........сан, ...........ын төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Хишигт хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. ...........нь Монголчуудын Их хаадаас бүтээж дэлхийн хүн төрөлхтөний соёлд оруулсан Бурхан шашны дахин давтагдашгүй соёлын их өв билээ. Монгол оронд бурхны шашин гурвантаа дэлгэрч 3 удаа буурсан түүхтэй. Анхны дэлгэрсэн газар нь Эрдэнэзуу билээ. Хүннү нарын үед анх бурхан багшаа бүтээж, Өгөөдэй хаан билээ. Хархорин хот байгуулалтын ажилтай эн тэнцүү авч үзэн, Эрдэнэзууг сэргээсэн ба Автай хаан өнөөдрийн гол Зуугийн сүмийг барьж эхлүүлсэн нь 3 удаагийн дэлгэрэлтийн анхны шүтээн болохыг Манзуширын хувилгаан Заваа Дамдин ламтны сүмбумд магтан мөргөсөн байдаг. Зуугаад жилийн өмнөх Заваа Дамдин ламтны магтаалд ирээдүй цагт Лалын цэргүүд 10 зүгээс босч ирэхэд цорын ганц аврал танд мөргөе хэмээн Эрдэнэзууг магтсан нь одооны террорист халдлагыг аль эрт мэдсэн нь гайхамшигтай байдаг. Эрдэнэзууг 1930-аад онд коммунист төр хэлмэгдүүлж 60 гаруй сүм дуганы 40 гаруйг нь туурь болгож, эрдэмтэн доктор лам нарыг шууд буудаж, дунд насны лам нарыг 10 жилийн ялаар шийтгэж, хүүхдүүдийг нь хөөж тараасан нь одоо Эрдэнэзуугийн өвөрмөц шашны зан үйл тасарч, 3 үеийн лам наргүй болоод байна. Үүнийг Монголын төр хэлмэгдүүлсэн алдаагаа засч Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны 10 тоот тогтоолоор 1990 оноос Эрдэнэзуугийн уламжлалт хурлыг сэргээх болсон Мөн Дэлхийн Өвийн Төв 2004 онд Дэлхийн соёлын өвд бүртгэхдээ Эрдэнэзуу бол зөвхөн музей бус Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн, шашин соёлын амьд өв хэмээн бүртгэсэн байдаг. Манай Цогчин хурал Эрдэнэзуугийн уламжлалт 6 дацангийн нэг Цогчин дацанг сэргээж хойч залуу үед уламжлан үлдээхээр ажиллаж байна. ...........сан нь гэрт хурал хурах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Цогчин дуганы үйл ажиллагааг 2003 оноос эхлэн явуулсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахыг аймаг, орон нутаг Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам хүлээн зөвшөөрөөд өнөөдрийг хүргэсэн. Энэ үйл ажиллагааг явуулж байх хугацаанд Аймгийн Иргэдийн хурлаас 2 удаа тогтоол гарч, Цогчин дуганыг сэргээн барихаар тохиролцоод энэ ажиллагаагаа шат дараалалтай хийж эхэлсэн, одоо ч энэ үйл ажиллагаа явагдаж байгаа энэ ажил хийгдэж байх хугацаанд гэрт үйл ажиллагаа явуулаад хурлаа хийх зөвшөөрөл авсан. Цогчин дуганыг сэргээн босгох ажлыг хийж байгаа тохиолдолд Эрдэнэзуу музейн хашаанд байгаа гэр дуганыг нүүлгэн гаргах боломжгүй юм. Учир нь гэр байж үйл ажиллагаа явж байгааг шүүх ойлгохгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ...........УТҮГ нь хариуцагч ...........гийн Цогчин хурлын тэргүүн хамба лам Д.Хишигтэд холбогдуулан гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хуульд заасан журмыг зөрчсөн, хуульд нийцээгүй ажиллагаанд үндэслэгдсэн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 

1. Хоёр шатны шүүх хариуцагчийг ..........., ...........сан гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг ...........гийн Цогчин хурлын тэргүүн хамба лам Д.Хишигт гэж заасан, нэхэмжлэлд ...........ын хамба Д.Хишигт хариу тайлбар баримт гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

Хариуцагч нь хуулийн этгээд эсхүл иргэн аль нь болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд шашны байгууллагаа төлөөлж байгаа, эсхүл иргэний хувьд тайлбар, баримт гаргаж буйг зааглан ялгахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулаагүй, хариуцагчийг ........... гэж үзснээс гадна ...........санг хариуцагч гэж үзсэн үндэслэлээ шийдвэр, магадлалд тусгаагүй байна.

Иймд хэргийн оролцогчийг тодорхой болгож, нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

2. Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох учиртай. Шүүх хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсхүл хууль бус гэж үзэх, улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтад хамаарах эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

 

...........нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу түүх соёлын дурсгалт газрыг хамарсан 20 га газрыг эзэмших эрхтэй болохоо нотлохоор 1070001055 дугаартай, 9045201 регистртэй, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 25/, 0299191 дугаартай Төрийн байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 81/-г шүүхэд гарган өгчээ.

 

Засгийн газраас тогтоосон хамгаалалтын бүсэд буюу Эрдэнэзуу музейн эзэмшил газар дээр гэр дуган барьсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг улсын хамгаалалттай түүхэн дурсгалт бүсэд үйл ажиллагаа явуулж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 05 сарын 15-ны өдрийн 15/90 дугаар хяналт шалгалтын танилцуулга, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын, улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 15109/030/137 дугаартай зөвлөмжийг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа боловч хариуцагч нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 6 сарын 10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан гэр дуганыг барьж, түрээсийн төлбөр төлж байсан талаар буюу хууль бусаар эзэмшээгүй гэх агуулгаар мэтгэлцсэн байхад шүүх тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, энэ талаар хяналтын шатны шүүх залруулах боломжгүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 6 сарын 10-ны өдрийн 04 дугаар тогтоол, талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээ хэрэгт байхгүй байв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00198 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 204/МА2019/00019 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                    

                                                                                               Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Б.УНДРАХ

 

                                                                                               Д.ЦОЛМОН