Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 643

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00409 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 897 472 төгрөг, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалд 538 483 төгрөг, нийт 1 435 955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Н  нь Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр жижүүрийн орон тоон дээр ажилд орсон. Ажлаа хийж байх хугацаанд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жаргалмаа нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ийнхүү ажлаас халагдсан талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн. Нэхэмжлэлийг шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр Д.Н-г 80 дугаар цэцэрлэгийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 265 813 төгрөгийг гаргуулан олгож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 184/ШШ2018/02386 дугаар шийдвэр гарснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 тушаалаар ажилд орох хүртэл хугацааны цалин 897 472 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх шаардлагаа нэмэгдүүлж 2018 оны 10,11,12 дугаар сарын ур чадварын нэмэгдэл 336 552 төгрөг, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал 201 931 төгрөг, нийт 538 483 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг ажлаас халагдсан хэрэг маргаан анх шүүхэд нэхэмжлэл гарснаар эхэлсэн. Болсон үйл явдлаас харахад ажил олгогч, ажилтны хооронд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай гэрээ байгуулагдаад ажил олгогчийн зүгээс 6 дугаар сарын 01-ээс амралтын мөнгийг нь олгож, бүх ажилчид Боловсролын тухай хуульд заасны дагуу 9 дүгээр сарын 01-ний хүртэл цалин хөлсгүй амардаг тийм хуулийн зохицуулалттай. Амраад эргэн ажилд орж ирэхэд нь ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг өгсөн. Үүний дараа шүүхэд хандсан. Шүүхээр мэдэгдлийг 6 сарын сарын 01-нээс өмнө олгох ёстой байсан, хуульд заасны дагуу мэдэгдлийг хугацаанд нь олгоогүйгээр үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн зүгээс тушаал гаргасан хугацаа нь 6 дугаар сарын 01-нээс хойш амралттай байсан хугацаанд нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг талаас ажлаас үндэслэлгүй халагдсан, нөгөө талаас амралтаа дуусгаад ирэхэд нь ажлаас халсан гэж хоёр тал маргалдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд Улсын дээд шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзээд гомдол гаргах энэ хугацааны явцад Д.Н  нь хариуцагч талтай уулзаж ярилцаад 10, 11 дүгээр сарын цалин хөлсөө авахгүй, ажилд эргүүлэн аваач гэдэг хүсэлт тавьсан. Тэгээд шүүхэд гомдол гаргах эрхийг нь эдлүүлэлгүйгээр асуудлыг шийдүүлсэн. Ажилд орсныхоо дараа 12 дугаар сарын 07-нд хүсэлт өгсөн. Уг хүсэлтэд 12 сарынхаа цалинг бүтнээр нь авах тухай хүсэлт ирүүлсэн байдаг. Үүний дагуу ажил олгогч 12 сарынх нь цалинг бүтнээр нь олгосон. Бодит байдал дээр 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ийг хүртэлх ажилласан хөлсийг олгох ёстой. Гэтэл нэхэмжлэгч 12 дугаар сарын 07-нд хүсэлт өгч ажиллаад, 12 дугаар сарын 25-аас ажил явдал гарсан гээд ажилдаа ирээгүй. Ингээд нийтдээ хуанлийн 18 хоног ажлаа хийсэн. Мөн 12 сард гаргасан хүсэлтэд би өөр ажилд орох гэж байгаа, энэ ажил бүтэхээр бол тэр ажилд орох тухай дурдсан байсан. Хариуцагчийн зүгээс 12 сарынх нь цалинг бүтэн олгохын тулд ажилд орсон тушаалыг нь 12 дугаар сарын 03-н болгоод 12 дугаар сарын 25-аас хойш ажилдаа ирээгүй хүнийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ыг хүртэл ажилласнаар тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн 10,11 дүгээр сарын цалингаа авахгүй гэсэн хүсэлтэд нь итгээд дээр нь хяналтын шатанд гомдол гаргах эрхээ алдсан. Гэтэл Д.Н  нь хүсэлтээсээ няцаад хариуцагчийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийн мөнгийг нэхэмжилсэн байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг үнийн дүнгээс хасаж тооцож шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан байгаа Засгийн газрын тогтоол, журмаар хийсэн ажлыг үнэлж дүгнэж байж олгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Н  нь 10,11 дүгээр сард ажиллаагүй, тиймээс үнэлж дүгнэх боломжгүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг хангах боломжгүй. Хуулиар ажилгүй байсан хугацааны олговорт цалин л хамаардаг, нэмэгдэл, урамшуулал ордоггүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгээс 1 039 783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396 172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 29 505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Н-ийн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой хэрэг маргааныг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2278 тоот магадлалаар тус тус шийдвэрлэн, "ажлаас үндэслэлгүйгээр халагдсан" гэж үзсэн боловч хариуцагч талаас Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхийн дагуу гомдлоо гаргах шатанд Д.Н  нь 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Жаргалмаатай уулзан 2018 оны 10, 11 дүгээр сарын мөнгөө шүүхээр нэхэмжлэхгүй тул ажилд буцаан эгүүлэн авч өгнө үү гэсэн хүсэлт гарган, улмаар харилцан тохиролцож 12 сарын мөнгийг бүтэн олгохоор болж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тушаал шийдвэр гарган ажилд буцаан авсан байна. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэн тохирч байна гэж ойлгон Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзаж, шүүхэд гомдол гаргаагүй байхад нэхэмжлэгч нь хэлсэн тохирсноосоо буцаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу ажилд эгүүлэн томилогдсоныхоо дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж, хууран мэхэлсэн гэж үзэхээр байна. Уг тохирсоны дагуу 2018 оны 12 дугаар сарын 07-нд гаргасан ажилд орох өргөдлийг үндэслэн 12 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллуулахаар тушаал гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...хүсэлтийн дагуу 12 сарын цалинг бүтэн олгосон.... гэсэн нь өөрөө 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд орсон болохоо хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байгаа юм. Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 2018 оны 10, 11 дүгээр сарын цалин буюу 48 хоногийн цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 10, 11 сард ажлын 45 хоног болох нь хуанли дээрээс тодорхой харагдаж байтал ямар үндэслэлээр 10, 11 сард ажлын 48 хоногоор тооцон цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 тогтоол, 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгчид 2018 оны 12 сард ажилласан тул үр дүн болон ур чадварын урамшуулалд тооцон 112 183 төгрөгийн нэмэгдэл хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. Засгын газрын 1996 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63/104 тушаалаар Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журмыг баталсан байх бөгөөд уг журмын 2-рт "...эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд тогтмол сайн гүйцэтгэдэг буюу бусдаас илүү идэвхи санаачилга, өндөр үр дүнтэй ажиллаж байгаа түгээмэл мэргэжлийн албан хаагчдад дараахь үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгоно...". гээд мөн журмын 4-рт "...ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хүгацаанд тооцно).. ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдэл олгохгүй..." гэжээ. Мөн Засгийн газрын 346 дугаар тогтоолын 2.5-д "...энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан.... албан хаагчид ... мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг ... байгууллагын эрхлэгч олгоно..." гэжээ. Д.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 07-нд ажилд ороод тухайн сард 18 хоногийн ажил буюу бүрэн гүйцэд ажиллаагүй, мөн оны сүүлийн сард хагас дутуу ажилласан тул улиралд олгох ёстой мөнгөн урамшууллыг тооцож олгох үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан тайлбар, гомдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н  нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 897 472 төгрөг, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалд 538 483 төгрөг, нийт 1 435 955 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2278 дугаар магадлалаар Д.Н-г Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн жижүүрийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 1 265 813 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлээс үлдэх нэмэгдэл хөлс, урамшуулал 228 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.       /хх-6-11 дэх тал/

 

            Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар Д.Н-г ажилд нь эгүүлэн томилсон ба 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны цалин хөлс авах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн  тул тэрээр 10, 11 сарын цалин хөлсийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Н-г 2018 оны  12 дугаар сарын 03-ны өдрөөс жижүүрийн ажилд эгүүлэн томилж, хариуцагч байгууллага нь түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн боловч нэхэмжлэгч Д.Н  өөрийн хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэргийн 11, 44 дэх талд авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус тус тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10, 11 дүгээр сарын ажилгүй байсан хугацааг цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо нэг өдрийн цалин 19 325 төгрөг, ажилгүй байсан хугацааны ажлын 48 хоногоор тооцож 927 600 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр анхан шатны шүүх хариуцагчаас 927 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Харин анхан шатны шүүх Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны 6 сарын сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дундаж цалин хөлс, нэмэгдэл, урамшууллын талаарх тайлбар зэргийг үндэслэн Д.Н-ийн ажилласан 12 сард тооцогдох ур чадварын нэмэгдэл 10 хувь, үр дүнгийн урамшуулал 15 хувийг хөдөлмөрийн гэрээ болон ажилд авсан тушаалд заасан үндсэн цалин 448 736 төгрөгт харьцуулж ур чадварын нэмэгдэл 44 873 төгрөг, үр дүнгийн урамшуулал 67 310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Учир нь нэхэмжлэгч биечлэн ажиллаагүй нөхцөлд уг нэмэгдэл урамшууллыг гаргуулах үндэслэлгүй, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Засгийн газрын 1995 оны 6 сарын сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолууд тус тус хүчингүй болсон тул анхан шатны шүүх хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэн ур чадварын нэмэгдэл 44 873 төгрөг, үр дүнгийн урамшуулал 67 310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас ур чадварын нэмэгдэл 44 873 төгрөг, үр дүнгийн урамшуулал 67 310 төгрөг, нийт 112 183 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00409 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 039 783” гэснийг “927 600”, “396 172” гэснийг “112 183” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “29 505” гэснийг “26 812” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ     

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ